Ерөнхий сайдыг Бурхан халдунд төөрүүлсэн буруутны эрэлд гарчээ. Н.Алтанхуяг арай ч өөрөө үүрэгдээгүй байх. Наагуур нь, намынхан нь, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төвшинд “юмыг яаж мэдэхэв, хэрэг болбол” гэж буруутныг бэлэн байлгах нөөц төлөвлөгөөнд шилжсэн сурагтай. Зөвлөх нь ярилцлага өгч. Тэрээр, Бурхан халдунд өдийд гарна гэдгийг аль эрт УИХ-ын сонгуулийн үеэр төлөвлөсөн байсан, ард түмнэ эдаатгах гэж л явсан, зугаалаагүй, дулаахан байснаа орой дээр нь гарангуут гэнэт шуурчихсан, хүн бүр л бэрхшээлийг давж кайф авдаг, харин ч Ерөнхий сайд ууланд төөрч байж сая нэг кайф авлаа гэх ухааны юм ярьжээ. Ван хаанд хөөгдсөн Тэмүүжин тахийн мах идэж, Балжун нуурын уснаас ууж явсан гэдэг ши шуурганд төөрсөн Ерөнхий сайд маань туулай агнаж идэхийг бусаддаа уриалсан, ер нь тэдний баг нэг толгойтой явсан нь давуу тал байсныг ярихаа ч зөвлөх мартсангүй. Цээжээр татсан цасыг цээжээрээ хагалж явсан гэх арай хэтрүүлэгтэй баатарлаг үйлсийнхээ тухай уран сайхны кино, уран зохиолын ном шиг ярьсан түүний ярилцлага эцсийн дүндээ Ерөнхий сайдыг төөрүүлсэн буруутан нь цаг агаар гэж нэрлэжээ. “Цаг агаар” гээчийг халж сольж болохгүй, хариуцлага тооцлоо гэхэд нөгөө нам нь Цэцэд өгөх боломжгүй. Сайн л гарц юм.

Өөр нэгэн нөөц төлөвлөгөө нь арай бодитой. Цаг агаарын мэдээлэл гаргаж өгөөгүй Цаг уурын, цаг алдалгүй аварч чадаагүй Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагад хариуцлага тооцох сураг.

Логикийн хувьд цаг агаарын мэдээ гаргаж өгөөгүй нь биш, ийм мэдээ аваагүй нь илүү буруудмаар. Төрийн тусгай хамгаалалттай улсын Ерөнхий сайдыг тэнд энд авирах гэж байгааг тэр бүр зарлах боломжгүй. Төөрч магадгүй нь гэж хэлж бүр болохгүй. Тийм учраас цаг агаарын мэдээг өгөх биш, Ерөнхий сайдын багийнхан болон Төрийн тусгай хамгаалалтынхан өөрсдөө цаг агаарын мэдээг авах ёстой. Тэр дагуу мэдээ авчээ. Авахад нь “цасаар шуурна” гэдгийг хэлсэн гэж Цаг уур, орчны шинжилгээний газрын секторын эрхлэгч Ж.Цогт ярилцлага өгсөн байна. Харин Төрийн тусгай хамгаалалтынхан энэ мэдээгээ Ерөнхий сайдад уламжилсан уу, үгүй юү мэдэхгүй. Уламжилсан бол эднийх Засгийн газрын тэргүүнийг богино хугацаанд олж аварч чадаагүй ур чадварынхаа хувьд буруудна. Гэвч байгаль, тэрхүү хүчтэй цасан шуургын өмнө хүчин мөхөстөх, хүний хүчин зүйлээс үл шалтгаалах, техник технологийн хоцрогдол гээд зовлон бэрхшээл байсан нь тодорхой. Харин цаг агаарын мэдээг цааш нь дамжуулаагүй бол хариуцлага алдсан, өө хайсан нэгэнд нь гол буруутан болж харагдах л байх.

Ер нь бол төөрсөн нь биш, анхнаасаа ууланд авирсан нь буруу байсан байгаа юм. Цасаар шуурна гэдгийг мэргэжлийн байгууллага нь хэлсээр байхад “бороо орохоор бол миний нуруугаар хатгадаг юм” гэдэг шиг өглөөний цэлмэг нарыг луужин болгоод явчихснаараа Ерөнхий сайд ба түүний баг л буруутай. “Би чамд хайртай” кинон дээр гардаг шиг, залуусын хэллэгээр ер нь “Баяраа өөрөө л уначихсан юм биш үү”. Яаж ч бодсон тэгж таараад байгаа юм. Шуурахыг нь мэдсээр байж явсан. Үүнээс гадна УИХ Н.Алтанхуягийг сонгуульд хамгийн олон суудал авсан намын дарга гэдгээр нь Ерөнхий сайдаар нь томилсон. Түүнээс бус, ууланд аялах хоббийг нь шалгуур болгоогүй. АН-ын сонгуулийн болон Засгийн газрын мөрийн хөтөлбөр, засагт багтсан намуудын гэрээнд “заавал Бурхан халдунд гарна” гэсэн амлалт байхгүй. Иргэдийн санал авах Засгийн газрын 1111 утсанд “Ерөнхий сайдыг Бурхан халдунд гаргаж биднийг даатгуулаач” гэж нэг ч иргэнээс хүсэлт ирээгүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын багийнхан үүрэг хүлээж бэрхийг туулаагүй, өөрсдөө л зөрж бусдыг сандаргачихаад одоо буруутан хайх шаардлагагүй байх аа. Уулнаас эсэн мэнд бууж ирсэн улсын Ерөнхий сайдаа огцруулах бичгээр угтсан МАН-ын бүлгийн шийдвэрээс ч айж сандрах шаардлагагүй санагдана. Тэдний огцруулах үндэслэл болгосон шалтгаан нь ууланд төөрснөөс арай өөр байлгүй. Хэрвээ алх барьсан Н.Алтанхуягт бусад нь, бүлэг нь хадаас шиг харагддаг нь үнэн л юм бол цохиод цохиод явахад аюулгүй. Цохилтон дунд далийсан, тахийсныг нь барьж тэгшлээд өгөх улстөрийн шалтгаан, дэмжлэг Ерөнхийлөгчөөс ирнэ. Тэгээд ч өнгөрсөн хугацааны улстөрийг харахад АН-ыг, Н.Алтанхуягийн Засгийн газрыг 25 кноптой МАН биш, түүнээс хоёр дахин цөөн суудалтай МАХН нь илүү айлгаад байгаа нь үнэн билээ. 

Тэгэхээр ууланд төөрсөндөө биш, урдахь ажилдаа илүү санаа тавья, Ерөнхий сайд аа. Өөрөө унасан н ьүнэн л юм чинь үүнийхээ төлөө харин ард түмнээсээ уучлал гуйгаад урагшаа явах нь буруутан хайснаас илүү дээр гарц. Ойрмогхон өөрөө унасан нь ганц та ч биш ээ. Мэдлэггүйгээсээ банкны хаяг андуурч, мэдэхгүйгээсээ махны үнэ эндүүрч өөрөө унасан, өөрөөс чинь дутахгүй туршлагатай улстөрчид байж л байна.

С.Баяр Ерөнхий сайд байхдаа мориноос унаад бэртсэн. Тэгэхэд морь, хамгаалалтын алба хоёр буруутан болоод өнгөрч байлаа. Харин тэр үйл явдал нь хэвлэлийнхий сэдэв болсноос бус, улстөрчдөд сургамж болж үлдээгүй юм байна. Албан тушаал хашиж байгаа цагтаа төр, засгийн удирдлагууд хувь иргэн, намын дарга, хобби, хор, ер нь л нэлээд юм саахойгуур эрэмбэлэх ёстой нь энэ үйл явдлын сургамж. Н.Алтанхуяг бол хувь хүн, намын дарга боловч Монгол Улсын Ерөнхий сайд учраас биеэрээ, бүтнээрээ “төрийн өмч”. Ерөнхий сайдын хобби бол Засгийн газрын тэргүүний ажил ерөөсөө биш. Төрийн тусгай хамгаалалтын алба бол тэр чигээрээ төрийн өндөрлөгүүдийн амьд “амь даатгал”. Тийм учраас хийх ажил, хэзээ хаана, явж суухаас нь эхлээд төр “өмч”-өө мэдэж,  “амь даатгал”-ынхан нь даатгаж баталгаа өгч чадах газраа л дагуулж явах ёстойг Бурхан халдуны төөрөлт харууллаа. Төр, засгийн өндөр албан тушаалтнууд хувь хүнийхээ хувьд өвдөх эрхтэй. Харин хоббигоо дарж яваад өвдөж, чөлөө авах эрх бараг үгүй. Энэ эрхийг нь хашиж байгаа албан тушаалынх нь үүрэг хязгаарлаж байдаг юм.