Шилдэг тэргүүний хэн бэ гэсэн номинаци бүх салбар дээр бий. Урлаг спорт зэрэг олон сал­ба­рынханд “Шилдэг” болох нь нэр төр, эдийн засгийн  ач холбог­долтой байдаг. Чухам шилдгийн шилдэг болохын төлөө л ажиллаж амьдардаг гэхэд хэлсдүүлсэн гэх­гүй. Хамгийн шилдэг дуучин болох­гүй л юм бол урлагаар явахын утга юусан билээ.

Шинэ жилийн “Сүлд мод”-ны наадмаа хийгээд дөрөв таван сар өнгөрсөн хойно саяхан “Аж ахуйн нэгж”-үүдийн шилдгүүдийг шалга­руулсан дүн гарлаа. Энэхүү “Со­циа­лист уралдаан”-д магнайлсан хамт олонд Засгийн газар баяр хүргэж, баярын бичиг, “150” гэсэн тоо бүхий сувенирийг ёслол төгөл­дөр гардуулж гар бариад л гүйцээ. Иймхэн юм авахын төлөө жилийн турш уралдацгаасан юм шиг. Да­раа нь “ТОП-150” компанийн тоонд багтсан гээд зэрэг дэв нэмэгдэхгүй, тендерээр шагнуулахгүй, татва­раас чөлөөлөгдөхгүй. Гэхдээ шинэ оны үй олон номинациудаас зуг­таал­гаж өдийд дүнгээ гаргаж буй нь онцгойлсон хүндэтгэл биз ээ. Зах зээлд шилжсэн өнөө үед улс орны ихэнх ачаа хувийн хэвшил дээр тогтоод хэвшлээ. Эдэн дундаа байнгын илүү ачаа үүрэгчид ч бий болоод уджээ. Тэд бол өнөө л элдэвлүүлдэг хэд. Шалгарлаа гээд  “Улсын сайн малчин”-д өгдөг шиг бэлэг сэлт байхгүй болохоор дахин дахин тэргүүний болоод байна гэсэн хэл ам гардаггүй юм билээ.  Угаасаа үзүүлэлтүүд нь ойл­гомж­той. Өнгөрсөн жил нэмсэн  ажлын байр, татвар төлсөн хэмжээ, юу барьж босгов гэсэн хэдэн үзүү­лэлтийг Худалдаа аж үйлдвэрийн танхим, Засгийн газраас гадна олон нийт ч хараад дүн тавьчих боломжтой.

Жишээ нь хувийн компаниудын магнайд яваа  “М-Си-Эс” групп гэхэд татварт ноднин 290 000 000 000 төгрөг улсдаа тушаажээ. Энэ зоо­сыг дүйцүүлбээс боловсролын салбарт ажиллаж буй 44000 баг­шийн цалинг  жилийн турш дахиад дээр нь нэмээд саяын дөрвөн сар хүртэл зөвхөн энэ компани даасан болж таарч байна. Өнгөрсөн жи­лийн татварыг л хэлж байгаа хэрэг шүү дээ. “М-Си-Эс” ганц өнөө жил ийм амжилтад хүрээд байгаа биш. Сүүлийн хэдэн жилийн турш ху­вийн хэвшлийнхний түүчээ тогоруу явсаар ирснийг бүгд мэдэж байгаа. Ноднин ажилтай болсон мянган хүн, ноднин шинэ байранд орсон 1614 айл, ноднин ашиглалтад орсон цахилгаан станцынх нь  буянаар тогтой болсон говийн аймаг, сумд үүнийг нотлоод өгнө.

“ТОП-150”-ын эхний 15-д ор­сон компаниуд Монголын нийт орлогын 90 хувийг бүрдүүлдэг гэнэ. Үүнд “Эрдэнэт” 600 тэрбум, “МАК” 145 тэрбум, “Петровис” 100 тэр­бум, “Номин” 35 тэрбум, “Шунхлай” 30 тэрбум, “Моннис” 27 тэрбум, “Сод Монгол” 25 тэрбум, “Витафит” 24 тэрбум, “Алтан Дорнод Монгол” 20 тэрбум...Эдгээр компаниуд төр засагт хандан “Татвар төлөгч бидний мөнгийг юунд зарцуулав” гэж хамгийн чанга дуугарах эрхтэй юм даа. Гэвч ихэнх нь өгдөг тушаа­даг юмаа өгчихөөд өмнөх ажилдаа анхаараад тэгж явах зав гардаггүй. Мөнгө олдог, босгодог, ажил бүтээ­дэг, нийгмийн баялаг үйлдвэрлэдэг энэ хэдхээн байгууллагыг монгол­чууд бид элдвээр хэлэн хэлэн тал талаас зулгааж амьдардаг юм. Хувийн өмч хөрөнгийг хэдэн үеэрээ мэдрээгүй өссөн болоод ч тэр үү одоо болтол олон хүн социалист хүмүүжлээ гээж чадахгүй байгаа. Баян хүнд хорсох, баялагт хайх­рамжгүй хандах, зүгээр ашиг олох, боломж гарвал хулгай хийх зэрэг ад мөрийн явдлыг одоо ч ид хав болгон ил цагаан ярьцгаадаг нь өмнөх нийгмийн үлдээсэн эмгэнэл­тэй өв уламжлал билээ.

Амьдралын хүнд бэрх байд­лаас шалтаглан маш олон хүн татвараас бултаж аж ахуйн нэгж байгуулахгүй, орлогоо нуух, хуу­рамч бараа бүтээгдэхүүн хийх, тэр бүү хэл хуурамч мөнгөн дэвсгэрт хүртэл хийж аж төрж байна. Улаан цагаан хүний хармай руу гараа шургуулаагүй ч түүнээс ер дутахгүй хулгайн сэдэлт үйлчилгээ, үйлд­вэрлэл Монголоор дүүрэн байдаг. Ховор амьтан ургамлын, алтны, ойн, махны “нинжа”, “Ченж” нэр алдартнууд үлэмж ашиг хонжоо олох боловч улсад татвар түрээс төлдөггүй. Төрийн сан хөмрөгт орж ирсэн хуримтлалыг тарааж хуваа­рилах хөнгөн шингэн ажил дээр хэтэрхий олуулаа шавсан тогтол­цоотой. Энэ нь төрийн албан хаагчдыг хэлж байгаа юм. Компа­нийн Тооп 150 босс энд тэндээс мөнгө зууж ирэхэд өмнөөс нь 150 мянган төрийн албан хаагч ангаа­хайнууд  шаагилдан угтдаг. Нэг шувуу мянган дэгдээхэй тэжээнэ. Улсын үйлдвэрийн “Эрдэнэт”, хувийн хэвшлийн “Эм-Си” энэ тэр бол бүр хэдэн арван мянган тө­рийн албатнуудыг хооллож, хув­цаслах нөхцөлийг бүрдүүлж өгч байна. Тэднээс зарим нь  татварыг  өөртөө гувчуулж, арван хэдэн тэрбумаар нь авгай хүүхэд ах дүүгийнхээ дансанд хийчихсэн байна шүү. Ер нь бохир мөнгө, далд эдийн засаг гадуур замба­раагүй байгаа бололтой. Гаднаас нь харахад гэмгүй царайлсан, гоц гойд юу ч хийдэггүй мөртлөө цаа­наа аймаар их бэлэн мөнгөтэй, үл хөдлөх хөрөнгөтэй хүмүүс зөндөө тааралддаг. Тийм хүмүүс хэвлэл мэдээллээс буутай анчин харсан чоно шиг огло харайн зугтана. Өөрсдийгөө олноос бүх хэлбэрээр нууж хар шил зүүн цувныхаа захыг босгон доош харж явцгаадаг.

Угж соосог хэрэглэгчдийн да­раа­гийн эгнээнийхэн гэвэл манай яруу алдарт тамирчдын, урлаг соёлынхны сүрт жагсаал орж ирнэ дээ. Манай 150 тооп бас тэднийг “Тооп” болгохын тулд нэмэлт зар­дал гарлагдана. “Буян” Жагаа мэтийн шударга ааш муутай ганц нэгхэн бизнесмэнүүд хандив гуйгч­дыг хөөгөөд гаргадаг байх. Түүнээс ихэнх нь үгүй гэж чадахгүй шулуу­хан дээрэмдүүлж байгаа харагд­даг. 

Энэ мэтчилэнгийн нийт гурван сая шахам хүн амын 90 хувийнх нь янз бүрийн проблемийг 150 “муу­сайн баячуул”-аас татвардан гар­гуул­даг.

Засгийн газар, МҮХАҮТ-ын хамтран зохион байгуулдаг энэхүү шалгаруулалт энэ жил 12 дахь удаагаа боллоо. Шалгаруулалтад багтсан компаниуд тун баяр хөөр­тэй байна.  Зарим нь хүүхэд шиг онгироод хойтон бүр их татвар өгч, сургууль эмнэлэг, цэцэрлэг барина гэх юм. Энэ топ компаниудыг ха­раад байхад мөрөөрөө ажлаа хийгээд нийгэмдээ болж өгвөл шударга хандчихдаг арга барилд шилжижээ. Гэнэт их ашиг олохдоо биш тогтвортой тасралтгүй хөгжих замаар байгууллагынхаа насжил­тыг уртасгахад ухаанаа зарцуулж байна. Улс төр, засаглал байн байн дотоод ажилд нь оролцож хорьж, зөвшөөрөөд байхгүй бол хамгийн нийгмийн ухамсартай, хариуцлагтай орчин хувийн хэв­шил дээр л бий болдогийг харлаа.  Сонин юм шүү. Уг нь намын бай­гууллага, цэргийн анги дээр л илүү эх оронсог, хэнээтэй баймаар юм.

Тэгэхэд бор зүрхээрээ зүтгээд жаахан орлог олсон компанийн эзэн капиталист зарчмаа зөрчөөд бусдад тус хүргэх гээд хадуураад явчих юм. Бүгдээрээ ч тийм биш л дээ. Гэхдээ ямар ч байсан нийг­мийн сайн сайхны төлөө хөрөнгө оруу­лалт хийсэн аль ч газар тэр­нээ­сээ болоод учиргүй хоосроод дам­пуур­чихсан явдал одоогоор л лав сонсогдсонгүй.

“ТОП-150” компанидаа нэг удаа ч гэсэн баярлалаа гэж хэлцгээе.