Засаг захиргааны нэгжүүд төс­вөөс гадна "Сум хөгжүүлэх сан"-тай болоод байгаа. Түүгээр орон нутгийнхан хоорондоо ярилцаж байгаад юу дуртайгаа хийх эрхтэй. Сайнаар яривал сумаа хөгжүүлэх, саараар хэлбэл айл гэр болж тоглоцгоо гэсэн үг юм уу даа. Цаад зорилго ач холбогдол нь иргэний идэвхийг сэргээх, засаглалд ард­чилсан байдлаар оролцдог болгох гээд байна. Дээрээс хуваарилж байгаа энэ мөнгө нь 100 метр хар зам тавьж ч хүрэхгүй өчүүхэн. Гэхдээ илүүдээ гарсан хөрөнгө биш. Баг, хороон даргыг мөнгөтэй болгохын ялдамд эрх мэдлийг нь хазаарлаж, "дангаараа шийдвэр гаргахгүй шүү" гэж чангалахаа мартсангүй. Тэгмэгц багийн даргын  ажил унацгүй болчихлоо гэсэн яриа гарсан байна.

Нөгөө талд манай ард түмэн гэдэг маань сүүлийн хорин жил засаг захиргаа, албан байгуул­лага, тухайлсан ажилгүй атар онгон болчихжээ. Чингэс хааны үед тал нутгийнхан ганц дохио өгөхөд дэрхийн цуглардаг байсан уламжлалтай. Одоо хүрээд ирээч ярих юм байна гэхэд дуртай дургүй цугларцгаана.  Ирсэн хэд нь хоо­рон­доо алдуул малаа сураглахаас биш засаг төрийн бодлого, сумын ажлыг тоож байгаа янз алга. Тэдэнд төрийн хэрэгцээ байхгүй болсон бол төр нь хааяа нэг сонгуульд л ард олныг ашиглах төдий явсаар хоорондоо холдоцгоожээ. Хүн ам цөөн бага буурай улсын хувьд ард иргэд нь ийнхүү хэт биеэ даасан байдалтай пээдгэр явцгаах нь осолтой санагдах юм. Дээр нь нэмж хэлэхэд манай орны газар нутаг бүрд хөрсөн дороос янз бүрийн  ашигт малтмал олдоод байх боллоо. Энэ нь нутагтаа аж төрж буй  иргэдийн хувьд зүйр­лэвээс нялх хүүхдэд түрийвч дүү­рэн мөнгө атгуулаад их хөлийн газар орхичихсон мэт түгшүүр төрүүлнэ. Хувийн ба нийтийн эзэмшил нь тодорхойгүй нутаг дэвсгэр дээр засаг захиргаагүй хэсэг нөхөд дур дурандаа жиргэж байх хоорондуур сүүхэйтэй зарим нь гадаад дотоо­дынхонтой хавс­ран янз бүрийн ажиллагаа явуул­даг болсон. Чихэр өгч хуураад түрийвчтэй мөнгийг нь аваад яв­чихаж байна.

Засаглалын нударга, атгадаг гар өнөөдөр үгүйлэгдэж байгаа ч үүгээр далимдуулан хуучин тогтол­цоог сэргээх нь нэгэнт өнгөрсөн. Харин түүнийг яаж юугаар орлуулж эх орноо эзэнжүүлэх вэ гэсэн асуулт гарч ирж байна. Иргэдийн хамгийн балайг нь сонгож очоод "яахуу?" гэлтэй биш. Өөрийгөө асар ухаантайд тооцоод удирдаад явдаг ардчилал гэж байдаггүй. Үлдсэн хувилбар болох бөөрөнхий үзэл бүр дэмий.

Давын өмнө хийгдэх зорилт бол "хувьд гарсан" ардуудыг хамтлаг болгох, ардууд өөрсдөө хамт олон­той болох хоёр талын эрх ашиг байна. Хүмүүс ганцаардаж зал­хаад ургийн баяр хүртэл хийх боллоо. Энэ тал дээр   хүй нэгд­лийн үедээ очихдоо тулсан. "Ёолк" хийчих хамт олонгүй байна гэдэг гунигтай байлгүй яахав.  Малчдын дунд нөхөрлөл, хоршоо, биржийн брокер, жижиг дунд үйлдвэрлэл гээд янз бүрийн л оролдлого хийж байна. Өмнөх гашуун туршлага, одоогийн хэт эрх чөлөө, болоод байгаа мэт амьдрал зэрэг нь дахиж нэгдэл, САА-тай төстэй  байгуул­лага байгуулахад маш хэцүү, бараг бүтэхгүй байх.

Саяханаас Шавцаарийн (Швейцарь) туршлага гэж ярих болж. Европын хүчирхэг гүрнүү­дийн дунд төвийг сахисан уг бичил орон бүр дайны үед ч тусгаар байдлаа алдалгүй явсаар ирснийг үе үеийн Монгол төр шохоорхон харж байсан биз ээ. Хөвсгөл айм­гаас  жижигхэн нутагтай энэ улсын "сум аймаг" нь манайхаас олон. Аймаг сум болгон нь их зантай тусгаар тогтнол ярьцгаана. Тийм ч учраас ЗХУ гэдэг шиг Шавцаарийн холбооны улс гэдэг юм. Женев хот нь гэхэд л БНЖУ гэж ч байх шиг. Эндхийн хүмүүсийн онцлог нь иргэний идэвх дээд зэргийн. Төвийг сахисан орон гэх боловч ачир дээрээ эх орон, эрх ашгийн­хаа төлөө яахаас ч буцахгүй. Айл болгон буу сэлэм, гранатаа базаа­чихсан дээрээс зөвшөөрөл өгөх юм бол хүүхэд хүүхэнгүй гараад тулал­дахад бэв бэлэн тийм сонин ард түмэн юм билээ. Эд цөмөөрөө айхтар хэл амтай, төрийн хэрэгт болон оролцохгүй юм байхгүй. Аливаа сэжиг бүхий үйлдэл хийвэл тал талаас нь шаагилдаад шулуу­хан бариад идчихнэ. Тийм боло­хоор нь хөрш франц, германчууд тэднийг эрхшээлдээ оруулах нь бүү хэл  холхон байхын түүс бол­дог. Магадгүй тэр аашныхаа хүчинд л өдий хүртэл тусгаар тогтнолоо хадгалсан болов уу гэж харагд­даг. Улсын хүн амын олон цөөн байх нь гол биш байгаа хэд нь цөмөөр цөмөөрөө нийгмийн идэв­хтэй амьдрах нь цэрэг армитай байхаас илүү баталгаа болдгийг эндхийн туршлага хэлээд байна.  Шавцаар очиж үзсэн хүмүүс энэ тухай маш сайхан тайлбарлаж өгөхгүй юм даа. 

Манайд болохоор хөдөөгийн бодь эрийн өвөлжөөг  хятад уур­хайчин ирээд ухаж байхад тэрээр хэл ам татлахгүй, мөн учрыг нь ч ойлгохгүй өнгөрдөг. Бүр хөдөөдөө бол жил ирэх тусам хүн ам улам сийрэгшиж  байгаа өрхүүд нь өвөлдөө ганц хоёулхнаа малаа сахиад үлдэж хоцорчээ. Тэглээ ч гэсэн энд орон нутгийн бие даасан эрх, ухамсарт, ухаалаг хандлагууд үгүйлэгдсээр байгаа юм.

 Хэсэг сураг алдарсан тэнэмэл хүү хотоос хүн дагуулж ирээд ойр хавийн тарвагыг агнаад байхад хэн ч юу ч хэлэхгүй. Яагаад гэвэл бүгд л тус тусдаа энэ хавьдаа дайсагнасан үйлдэл хийдэг юм чинь. Хэлбэл зохих этгээд нь өөрөө хойд уулынхаа хамаг ойг гадны­хан­тай нийлж хөрөөдөөд завгүй яваа. Хууль хяналтаас зайгаа барьж, нутагтаа буг болсон өөр нэг этгээд болохоор хэдэн хөгшчүү­лийн чөдрийн унаа саалийн үнээг нь малын хулгайч нарт заадаг ажилтай. Тэрнийг нь гол усаараа мэддэг ч хэл амны дараа гээд дараад давраачихсан. Саяхны нэг мэдээгээр баахан баавгай алж шудсан бололтой байхад түүнийг өдий болтол хэн ч хаана ч мэдээгүй байсан байна. Уг нь тэр баав­гайтай нутгийнхан бүгд л мэдэж байгаа шүү дээ.

Архагшсан энэ орчинд хууль, цагдаа, төмөрлөг төр маш үгүй­лэгдэж буй ч төдийлөн амжилт олохгүй. Баахан амьтан л шоронд сууж "мэргэжил"-ээ дээшлүүлнэ биз.

Төр ба иргэдийн хувийн эрх ашгийг зөв хосолсон засаглал тогтоох, шаардлагатай гэж үзвэл төвөөс удирдлага томилох, ус нутгийн хишиг буяныг ганцаараа буюу хэдүүлхнээ үгсэн шамшиг­дуулахыг зогсоох, яг тохирсон гэсгээлийг бодож олцгоох хэрэг гарлаа. Чухам эндээс  авто жолоо­ных лугаа амьдралд тулгуурласан  "Сумын дүрэм" төрүүлэх шаард­лага гарч байна. Энд тэндхийн хотууд ба орон нутгийн өөрийн дотоод хуулинд заримдаа хачир­халтай, гажиг заалт байдаг ч цаана нь учир шалтгаан бий. Мэдээж сумын дүрэм нь Үндсэн хууль болон бусад хуультай харш биш байж таарна. Гэхдээ  албархуу, тунхаг төдий болчихвол  үгэнд ордог иргэн олдохгүй. Ерөнхийдөө нутгийн ёс заншил, ёс суртахуун дээр тулгуурлавал урт настай болж магадгүй юм. Эцсийн зорилго нь аливаа хохирлыг этгээдээс яаж ийгээд салгаж чаддаг байх хэрэг­тэй. Энэ нь ярихад амархан ч хэцүү ажиллагаа.

Орон нутгуудад хуваарилагдаж байгаа сангийн мөнгийг юунд зарцуулбал ухаалаг вэ гэсэн санал асуулгатай хурлууд  явагдаад дуусч байгаа байх. Үүнд хоорондоо хэлцсэн юм шиг хоёрхон үйлдэлд ихэнх сумдын иргэдийн санал төвлөрсөн харагдана. Сумын төвд амьдардгууд нь аль нэг харанхуй гудамжиндаа чийдэн асаах, хөдөө­нийхөн нь ганц худаг нэмээд ухчихъя гэцгээж. Цаад өгч байгаа мөнгө нь ч тиймэрхүү юманд л чүү ай хүрэх аж. Хувь хүнд төдийлөн хамаагүй иймхэн асуудлын төлөө хаа байсан холоос давхиж ирээд цаг алдан хуралдаад суух сонир­хол юусан билээ. Нөгөө талд ба­гийн дарга ноён зангаа мөд тавих­гүй хүнд суртал гаргана. Иргэдээ заавал нэг газарт ирж цугларах лүндэн буулгаж, түүн дээр үг хэлж, зарим ядууст боодол өвс, шуудай гурил өгч байгаагаа ёслол төгөл­дөр гардуулж "пиар"-аа хийх нэн сонирхолтой. Тэгэх нь бас гоё л байдаг байх.

Уг нь санаагаар болдог тэр сангийн хөрөнгөөр хохирол бараг­дуулагч алба байгуулж, сумын дүрэм зөрчигчидтэй тэмцэх, тэн­дээ­сээ торгуулийн хуримтлал бос­гож дотоод хууль ёсоо бэхжүүлэх, сум багийн хурал явуулах зардалд зарцуулах, сумын хэтийн мөрөө­дөл том бүтээн байгуулалтын эх­ний ТЭЗҮ, зураг план гаргах зэрэгт цацчихмаар байгаа юм. Сумын төв дээр одоо дахиад адил төстэй дэлгүүр нээж, байгаа хэдийнхээ орлогыг багасгаж яах юм. Хэдүүлээ хоорондоо ингэж барьцаж өрсөл­дөхгүйгээр өөр арга зам хайцгаая. Дэлгүүрийнхэн иргэддээ арай үнэтэй наймаа хийхээ боль л доо гэхчилэн хамтарч суугаад яриад байвал шийдэх юм их бий.

  Мал тооллогоор төчнөөн ямаа тоологдсон. Нийт иргэд ноолуу­раас хавар дунджаар ...төгрөгийн орлого олсон нь тодорхой. Үүний зохих хувийг орон нутгаа хөгжүү­лэхэд зориулна. Бүх мөнгөө хүүх­дэдээ явуулаад өөрсдөө хоосон суух юм бол танайхыг дахиж энд мал маллуулахгүй шүү. Орон нут­гаа хөгжүүлнэ гэдэг нь танаас татвар авах биш. Та харин өөрийн­хөө орлогын зохих хувийг өвөл­жөөндөө шинээр саравч барих, өвлийн байшин барих, хаваржаан­даа явж очих зам дээр модон гүүр барих, хадлан хадах талбайгаа төмөр тороор хашихад зарцуулах зэргийг чинь хэлээд байгаа юм. Үл хөдлөх байгууламжаа  дагаад тогтвор суурьшилд тух сууна. Ул­маар эд хөрөнгөө хамгаалахын тул нийгмийн хамааралд татагдана. Шавцаарчууд шиг нэгэндээ ба төрдөө өндөр шаардлага тавиад эхлэх ч юм билүү.

Өнөөдөр нүүдэлчид газрыг хүн малтайгаа хэсэг хугацаанд тал­халж орхиод жаахан онцгүй бо­лоод эхэлбэл хаяад явчихаж бай­на. Хөдөө ирсэн мөнгө буцаад хот орж нэг өрөө байр, хуучин машин, хувийн сургуулийн төлбөрт яваад өгчихдөг. Улсын төсвөөс гадна хувь иргэний хармайнд байгаа орлогоос өгөөжөө өгсөн нутаг дээр ганц  ширхэг мод ч болохноо таригдан үлддэггүй. Тэгэхээр яаж орон нутаг хөгжих юм. Сумын дүрэм л хэрэгтэй.

Ерөнхийлөгчийн зүгээс  аль дээрээс энэ сэдвээр "Шууд ард­чилал", "Иргэний танхим"... гээд байгааг хэлэнгүүт нь шүүрч аваад хөдөлгөөнд оруулчих сайхан бо­ломж гарсан. Даанч сонгууль энэ тэртэй хольж хутгаад, хажуугаар нь бас нэг муу жижигхэн эрх ашгууд орж ирээд том саадыг бий болгоод байна.