Б.Цэнддоогийн яруу найргийн бүтээл "Манай гудамжийг уруудаж явсаар" нэртэйгээр хэвлэгдлээ. Тэрээр шүлгийн түүвэр нь "Амь халуун" нэртэйгээр 1980-аад оны дундуур хэвлэгдэн гарч байсан юм.

Тэнэж төөрсөн тэр нэгэн шөнө
Тэвчээрээ баран цурхирч байхад
Нулимсаа арчихад хоёр гар минь цөөдөж
Нуугдан тайтгарахад орчлон багадаж явахад
Тэнэж төөрсөн минь худлаа байгаадаа гэтэл
Тэнгэрийн хаяанд зулын гэрэл сүүмэлзэн байлаа
Тийм зул угаас байгаагүй билээ
Тийм зул бий л гэж бодсон юм
Тэгээд л хартал
Тэнгэрийн хаяанд зулын гэрэл сүүмэлзэн байлаа

*    *    *

Чулуунаас чулуу төрлөө “Амар амгалан болтугай”
Чулуун цээжинд нь чулуун зүрх цохилно
Чулуун судсаар нь чулуун цус гүйнэ
Чулуу болон төрөөд чулуунаасаа арилжин үхнэ
Нэгэн цагт мод байсан
Нэгэн цагт хүн байсан
Нэгэн цагт могой болох
Нэгэн цагт цэцэг болох
Чулууд
Нэлэнхүйдээ хөглөрнө
Эр эм чулууд хуримлаж
Чулуун дуугаа дуулна
Элдэв төлөвийн суулга савандаа
Чулуун дарсаа ууж халамцана
Нутгаа санамтгай нэгний
Өвөртөлж одсон чулууны ээж
Чулуун хүүгээ санаж гасалсаар
Чулуун нулимсандаа дэвтэж үйрнэ

Чулуунд өшсөн хүмүүс түүнийг
Нохойгоор цохино
Хэн нэгнийхээ толгойгоор цохино
Гурилаар тээрэмдэж элээнэ
Гутлынхаа улаар элээнэ
Хөх чулуудаар шорон барьж
Хүний үрийг дотор нь хорьжээ
Хоригдол хүн чулуун ханыг
Өстөн мэт заналтай харна
Чулуу л түүнийг хорьсон юм шиг
Заналт харцаар мэрнэ
Цагаа ирэхээр ялтан гарна
Үгүйдээ үхэж зайлна
Цагийн цагт гэмгүй чулууд
Шорон хэвээрээ хоригдож үлдэнэ

Хөлийн дорхи чулууд
Хөдөлгөөнгүй хөдөлж
Хөсөр нэгийг нь хаяхад
Өрх сарних шиг хагацна
-Хөөрхий, чулуу болоогүй минь яамай даа гэж
Хөндлөнгийн юмыг өрөвдөжээ зогстол
-Хойт насандаа чи хүн болно доо гэж
Хорсон зүхэх нь дуулддаг байна шүү.
1992

*    *    *

Шүлгэндээ эх орноо магтчих санаатай
Шүд нь өвдсөн мэт баахан тарчлав
...Гэнэтэд хэн нэгэн мөрөн дээр гараа тавилаа
Гэм хийсэн мэт дальдчин эргэж харвал
Нэгэн өчүүхэн ам цагаан оготно байж
Нэгэн өчүүхэн үг хэллээ
Харин тэр өчүүхэн үгний хажууд
“Хайртай” гэсэн үг “хорлоно” гэсэнтэй
Хачин адилхан сонсогдоод байлаа
1992

*    *    *

Урсан урсан гол мөрөн хаашаа одно
Урьдах нь хаа хүрч, удаах нь хаанаас ирнэ
Хорвоогийн бүх юм шингэн биеийг олоод
Хоёрхон эргийг давж чадахгүй мэлтэлзэнэ

Шингэн уул ус, шингэн хүмүүс, шингэн араатан
Шил шилээ даран мяралзаж одном
Шингэн янагууд дурлалцаад тэврэлдэн байтал
Шилийг нь зүсэн зүсэн онгоц өнгөрөхөд тэд хагацаад
Шингэн матар, шингэн нохой болоод бие биесээ үл танинам
Гувчуурт минь сураг алдсан ах дүүс оржээ
Гунигтай нүдээрээ ширтэн ширтэн байснаа гэнэт намайг хараад өнгө орж
-Өө энэ чинь манай хэн байна шүү дээ
Өнгөрлөө л гэж бодсон чинь арай....гэлцэнэ
Цадахыг мэдэхгүй хүслийн тогоонд дотор тэд
-Чамд би сайн л байсан шүү дээ гэж гомдоллон гомдоллоно
Хөл минь гэнэт өмдний шулхнагаар гоожлоо
Хөөрхий би чинь шингэрч эхэлжээ
Гар, хөл, сүүлд нь толгой минь
Гайхалтай цэнхэр шингэн болоод
Газрын хэвгийг даган мэлтэгнэхэд
-Гавшгай сайн хөвүүн байвдаа гэж намайг дурсах хоёр өвгөн
Гар нүүрээ надаар угааж бузраасаа саллаа
Гол усан бус хоёр эрэг нь урсана
Голоос хайртай ах дүүс минь
Гох дэгээгээ надруу шидээд үхтлээ баярлан гүйлдэнэ
1992

*    *    *

Шувуунд хайртай хүү

Хүрээ хороогоор будаа цацаж
Хөх тагтаа алгандаа хооллож
Хүнээс илүү шувууг хайрласан
Хүү байжээ
Ай хөөрхий дайн
Алаггүй хөнөөгч дайн
Жигүүртэнд хайртай хүүг
Жирийн хүн шиг л дууджээ
Шунгинах сум тэнгэрээс иржээ
Шугуйн захад намгийн дэргэд
Шувуунд хайртай түүний цогцсыг
Шувууд иджээ
Шувуунд хайртай хүү байжээ.
1991

*    *    *

Оддын дунд хүн байна
Очоогүй болгон түүнийг мэднэ
Оддын дунд хүн байна
Эс бөгөөс ад чөтгөр муугийн үрийг тариад
    түйтгэр үүсэхийг хүлээх мэт
Эс бөгөөс  аврагч бурхан биднийг болгоож
    эвийлж энхрийлэн өнгийх мэт
Оддын дунд хүн байна
Хаа холоос тэр ширтэнэ
Харсаар байтал нь өдөр болж
Харсаар байтал нь харанхуй нөмөрнө
Оддын дундах хүнийг таних гэж
Агаар гишгэлэн өгслөө
Оддын дундах хүнийг таних гэж
Аниргүйг дөрөөлөн баахан мацлаа
Өгсөн өгссөөр сая хүрвэл
Өнөөх хүн чинь БИ байлаа
-Энэ чинь тэгэхээр хэн билээ гэж
Эргээд өөрийгээ танихаа байлаа
1992.

*    *    *

Сэрүүн ууланд цасан бударна, манан татна
Сиймхий гармагц дурандъюу гэтэл ахиад л будрана
Уул байгаа нь мэдэгдэнэ, манан байгаа нь мэдэгдэнэ
Уйтгарт энэ хөшигний цаанаас хэн намайг даллана

Хамгаас тунгалаг наран дээрээс минь гэрэлтэнэ
Хамгаас тунгалаг тэнгэр дээрээс минь өнгийнэ
Хамгаас тунгалаг салхи нүүрийг минь элбэнэ
Харин тиин байтал манан руу юунд тэмүүлнэ

Сэрүүн ууланд цасан бударна, ахиад л будрана
Сиймхий гармагц дурандлаа, харлаа, танилаа
Хамгаас тунгалаг тэнгэр дор
Хамгаас тунгалаг наран дор
Хачин гунигтай хүн
Харцаа буруулан зогсоно
1992

*    *    *

Эзгүй хайр

Бүрэг шөнийн гүнд дуу эгшиг сонсогдоно
Бүүр түүрхэн санавал хэн дуулсныг мартжээ
Бүрэнхий харанхуй өнгөнд л шингэж үлдсэн тэр дууг
Бүгээн цагаан өдрөөр бол тэнгэр бурхан ч санахааргүй мэт

Богино богино өвснөөс унаж үлдэх харанхуйд
Борог цэмбэн дээлний минь өвөр дүүрэн харанхуйд
Босовч суувч гэнгэнэх шаналгаат ялдам тэр дууг
Бодоод бодоод олохгүй нь, хэн надад дуулсныг...

*    *    *

Өвөг дээдсийнхээ гээж орхисон зүүг
Өнөө би өвсөн дундаас эрж явнам
Үзэгдэхгүй мөртлөө
Үгүй болохгүй өргөс
Нүцгэн хөлийг минь шивэхэд
Нүгэлтэй ихээр өвдөнө

*    *    *

Намрын лоозон

“Хүнсний ногоо тариалъя” гэсэн бичиг
Хөсрий даавуун дээр арилахгүй дэрвэнэ
Хүнийх л болохоос алгадчихмаар хижиг
Аанай л цонхыг минь хагалаад зугтаана

Уул нь энэ даавуу өнгөлөгөөр дэрвэж
Уул нь тэр бичиг гоёмсгоор намирч
Уул нь тэр цонх эгшиглэнтэй хагарч
Уул нь тэр жаал өхөөрдмөөр дэгддэгсэн

Юугаа ч юм бэ хайгуулдах хүмүүс
Юундаа ч юм бэ баясах улс
Хэндээ ч юм бэ очих охид
Хэзээ ч юм бэ тосох найдвар

Үүл нүүх мэт хамаагүй өнгөрч
Үнэндээ надад юу л үлдээв

Энэ шувууд нь буцсан эзгүй нуурт
Энэ цэцэг нь үхсэн хээр талд
Уран сайхнаар дуулсан хүний
Улаан нүүр лүү нулимаар болно

Цоо шинэ олон агаар
Цоорхой салхивчаар урсан ирлээ ч
Цовоо цолгин зан минь
Эрлэгт одсон мэт эзгүй хэвээр

Харин тэгэхээс тэгэх гэсэн шиг
“Хүнсний ногоо тариалъя” гэсэн бичиг
Ханзрах ч үгүй, арилах ч үгүй дэрвэсээр...

*    *    *

Хөөрхөн бүхнээ багтаан нууж
Хөнжил нөмрөх шиг шөнө болно
Хөмхий зуусан нэгэн ирж
Хөнжил хуу татах шиг өдөр болно

Хамгийн нууцгай юм бүхэн
Харанхуйг нөмөрсөн юм бүхэн
Халуун хэвтшинд болсон бүхэн
Харин түүний нүднээ илхэн

*    *    *

Гүн шөнөөр ноход хуцна
Гүйдэлтэй газар юмсанж
Гүүгчин хаагих чөтгөрүүд
Нэгийг маань аваад одож

Нохойд барьдаг
Нохойдоо цохиулаад гаслана
Ноднин өвлийн айдас
Гэсэх л янзтай

*    *    *

Дээр үеийн хөх торгон дээлтэй хүн
Дэнлүү барин гудамж хэсүүчлэнэ
Булан тохой руу өнгийж
Буцаж хурган тэнүүчлэнэ

Нүдээ аньж өдрөөр хайгаад
Нүглээ гэрэлтүүлж шөнөөр хайгаад
Эрээд эрээд олохгүйн учир нь
Эрчихмаар юм олдохгүй д л байнаа

*    *    *

Өчигдрийн нар дахиад гарчээ
Өглөө болгон шинэ гэж хэзээ сонслоо
Өвсний үзүүрт ойсон гэрэлтэй
Өчигдрийн нар мөн л дөө, мөн

Багаасаа харж нүдэнд дассан
Багадсан бариувч шиг энэ нар
Шинээр амьдрах хичнээн хүслийг
Шингээж хуучинд нь уусгасан бол доо

Дахиад л чамруу би очиж
Дахиад л өнөөх гунигт үгийг сонсож
Дахиад л гунигт үгийн дундаас горьдлого олж
Дахиад л шинэ нар тусна гэж итгээд цурам хийлгүй хонох болж.

*    *    *

Мянган он алгасарч одоход юу үлдэнэ
Магад чамд хайртай явснаас минь юу үлдэнэ
Чи бидэн гишгээгүй юм шиг хээр тал цэлийж
Чи бидэн гэтлээгүй юм шиг ус мөрөн мяралзана

Нэгэн цагт найр тасраагүй довон дээр
Гуниж суухад сэтгэл үл хөнгөрнө
Нэвчих нулимсанд дэвтэж байсан товцог дээр
Наргиж суухад сэжиг үл төрнө

Мянган он алгасарч одоход юу үлдэнэ
Магад чамд хайртай явснаас минь юу үлдэнэ
Чи бидэн гишгээгүй юм шиг хээр тал цэлийж
Чи бидэн гэтлээгүй юм шиг ус мөрөн мяралзана

*    *    *

Амьд насан туршдаа чамайг би хайрлана
Амьд насан туршдаа чамайг би
Амьд насан туршдаа
Амьд нас
Амь

*    *    *

Хүрэн толгойн сүүдэр
Хөндийгөө дүүргээд
Хөх үдшийн харанхуйд шингэж
Ертөнцийг дүүргээд
Хүүшилнэ

Сүүдэр буусан талаар
Гишгэлсэн мөр
Сүүлд нь танигдахаар
Гэрэлтэж үлдэнэ

Нарны цацраг дэлхийг нэвчиж
Өлмий дороос тусахад
Өнгө туяа дээш харваж
Огторгуйн биетүүд харагджээ

Эгц дээшээ нисэн одъё гэвч
Энгүй олон оддын цаана ч одод бий
Толгодын бэлээс орчлонгийн зах орох зай ч хязгааргүй
Толгойноос хөл хүрэх зай ч хязгааргүй

Тоймлох хэмжээсгүй төрсөн бид
Түүхийн эхний өдөр л бие биеэ хайж гарсан...
Ертөнцийн бүтэн шөнө
Өнчин толгойн сүүдэрт багтахад
Өчнөөн хүлээсэн шөнийн чимээний оронд
Өглөө мандах нарны тухай
Өнчин нулимс шиг дэнлүүний тухай
Өөр дуу сонсогдоно.

*    *    *

Чингис хааны хээр талд

Чимээгээ барсан мэт дүнсийх
Чингис хааны хээр талд
Өчүүхэн навчин дээр
Өчүүхэн хорхой суужээ.
Үйрүүлээд хаясан ч үгүйлэгдэхгүй
Үржиж өслөө ч илүүдэхгүй
Навч хорхой хоёрыг
Намрын хөгшин нар
Яг л Чингис хааныг гийгүүлснээсээ
Ялгал үгүй гийгүүлнээ...

*    *    *

ЭЭЖЭЭ ДУРСАНА

Тотгоороо шагайхад морьтой хүн айсуй
Тог хийх чинь, ээж намайг тоншоод авчээ
Ингэж харах нүгэл юм гэнэ, базарваань
Ингэхэд ер нь нүгэлгүй юм байна уу, ахиад л тог...

Үүдээ нээхэд тийм морьтон үгүй
Үлгэрт гараад мартагдсан юм шиг мөргүй
Үнэн хайртай эжий минь ч үгүй
Үнэхээр тийм хүн байгаагүй юм шиг үгүй

Оршоож үлдээсэн ээвэр энгэр эзгүй
Очоод эрлээ ч олдох юм гэж үгүй
Одоо намайг хэн л хангинах билээ
Онгойх бүгдээр шагайвч онхийн хоосон нэлийнэ

*    *    *

Бүтэн өвгөнийг үүрсэн таяг
Бүрэнхийг тогшин алхаж явна
Бүрэнхийг тогших тэр таяг
Бүрэн гоё тоног хээтэй

Аглаг дайдын онгон шугуйгаас
Алах ял шиг огтолсон занданг
Алтан хадаасаар нэвтгэлзэн хээлсэн нь
Аврагч Христийн цовдон мэт ээ

Өрөөсөн нүд шиг гунигт саран
Өшсөн аятай тэнгэрээс хялайна
Өнөөх таяг тэгэхээс тэгэх мэт
Өрлөх аятай газар зурна

*    *    *

Зорьж очсон айл үүдээ тайлахгүй байх шиг
Золигийн харанхуй шөнийн  бүрэнхий тэр гудам
Цонх бүрийн цаана юм юм болоод
Цохолж ганцхан намайг гаднаа орхисон ч байх шиг

Саалийн ганц үнээгээ салхидуулж алдсан авгай
Савхан хувингаа шидчихээд бор цайгаа чанах шиг
Сартай саргүй нь нэмэргүй найдлага алдсан тэр шөнө
Салаад алга болчихож, өнөө дамшгийн сүүдэр чинь

Өөрийн ганцхан сүүдрийг минь харанхуй надаас булаагаад
Өвдөг тохой доогуур дэвсэх юмгүй болгочихож
Түнэр энэ шөнөөс сүүдрээ л эргүүлээд авчихвал
Түрүүний айл үүдээ, одоо ч нээгээд өгнө л дөө

*    *    *

Галуун цуваа хөвөрсөөр харийн уул руу одлоо
Гал хөсгүй намарт хоргосон жавар сэнгэнэлээ
Гаднаа гараад дурандавч торойх бараа тасарчээ
Гарын алгаа л дэлгэж хувь заяагаа төлөгдлөө

Хувь заяаны зурлага  шувууны замаас зөржээ
Хуучин амрагийн санаа ч салхинд дэрвэх нь больжээ
Хаврын ногоо амсуутаа л хулжиж гүйсэн хүлэг минь
Харин энэ өглөө уяан дээр ирээд үүрсвээ

Уяан дээр ирээд үүрсэх алдуул хонгор морь
Урих, гуйхын засвар хөнгөн шилгээж дуудна
Унаад давхилаа гэхэд салхийг гүйцэх болно
Уралдаад гарлаа гэхэд унасан сүүдэр л зэрэгцэнэ

Унасан сүүдэр л зэрэгцэх тийм ажнай хүлгийг
Уншиж тайлвал харагдах заяа зургийн бичгийг
Усны шувууд л харин юманд бодсонгүй орхилоо
Уулын цаана тэгэхээр нэг л юм байх нь дээ.

*    *    *

Унадаг дугуй

Д.Н
Найзын минь унадаг дугуй
Надаас харамлалгүй унуулдаг дугуй
Өөрөө суугаад түрүүлдэг дугуй
Өөрөө ч намайг түрдэг дугуй

Өвөр хөндлөнг өгсөж уруудаж
Өргөн ширгийг хөндөлж, дагаж    
Хэнз багын  мөрөө гаргаж
Хээр талд зам нэмсэн

Хигээсэн дундуур нь туссан нар
Хэрчигдээд унахаар нь түүж үлдсэн
Тэнд нь хаялгүй дээш нь цацсан
Тэнгэрийн од тэгж үүссэн.

*    *    *

Алдууль морины дууль

Алдуул морин бус
Алдуул морины зүг нутаг ус нь гүйнэ
Анир чагнан бараа саравчилж,
Тэнгэрийн доогуур цэнхэр уулс гүйнэ
Алслан алсалсаар
Алдуул болж уусна
Аргамаг хүлэг хаа нэгтэй
Газар нутагтайгаа зөрнө

*    *    *

Хайр

Чамд би хайртай гэж хэлэхгүй
Чиний төлөө үхэхгүй
Чин хайрын төлөө  үг ч багадна
Чиний төлөө үхэх ч багадна
Гагцхүү би чамд
Гарцаагүй надад олдсон
Ганцхан хувь тавилангаа л өгнө
Тэгээд
Тэнхлэг бүхнээрээ хайраа тулж
Тэнгэрийг өргөн, нарыг аргамжиж
Чиний төлөө амьд явна.

*    *    *