СЭТГЭЛ АРИУСГАЖ, АМЬДРАЛ ИВЭЭН, ҮЙЛС ТЭТГЭХ
Тарни-шившлэг, мөргөл-уншлага, залбирал-бясалгал


ТАРНИ БЯСАЛГАЛ

Тарни (санскрит: дхарани, мантра, төвд: сүн, аг) гэдэг нь “тогтоон барих” гэсэн үг. Галт шилний тусламжтайгаар нарны гэрлээс гал асаах адил оюун санааны сарнимал эрчим хүчийг тарнийн зэмсгээр нэгэн чигт хурааж, билгүүн галыг бадрааснаар сөрөг эрчмийн талсжлыг хайлуулан бие, сэтгэлийн ариуслыг хүртдэг.

Тарни бясалгалыг хэдийд ч, хаана ч үйлдэж болно. Хамгийн түгээмэл агаад дөхөм аргыг дурдвал: Бясалгах үедээ тухайн тарнийг эрхшээгч Бурханыг өмнийн агаарт залран буйгаар ургуулан бясалгаж, магтаал залбирал өргөнө. Энэхүү орон зайг номын агаар гэж санана. Номын агаар гэдэг нь гадаад, дотоод зааг арилсан үнэмлэхүй орон зай юм. Тэр утгаараа Бурхан бидний сүнслэг мөн чанараас тусдаа биш. Дотоод бурхан чанараа нээж амжаагүй бидэнд туслахын тулд гэрлэн биеэр тодорч байна гэж ухаарах учиртай.

Зүрхэн тарнийг унших тоолон Бурханы зүрхнээс рашаан гэрлийн урсгал асгаран бууж, өөрийг тань ариусгаж буйг мэдэр. Зүрхэн тарнийг нэг эрхи (108) болон түүнээс дээш бие, сэтгэлийн хайланг мэдэртлээ унших хэрэгтэй. Тарни унших аязын удаан түргэн, чанга, намууныг дотоод айзамдаа тааруулж үйлдээрэй. Тарни уншилгын эцэст Бурхан сахиус гэрэл болон хайлж, хөмсгөн завсар буюу билгийн нүдээр нэвтэрч, бие сэтгэлд шингэлээ гэж бясалга. Улмаар гэгээн гэрэл - хоосон чанарын агаарт бодлоос ангижран уус. Энэ бол аниргүйн тарни буюу үнэмлэхүй бясалгал юм.

Бясалгалаа өндөрлөх үед өөрт хурсан эерэг эрчим, буян бүхнээ хамаг амьтны тусын тулд төгс гэгээрэлд ерөөн зориулаарай.

Бясалгал завсарласан үедээ ч энэхүү ариун дурдлыг марталгүй, хаа ч явсан, юу ч хийсэн Бурханы адистидийг түгээж байна гэж санах учиртай. Эрчим хүч дундарсан үедээ эргэж бясалгалаар сэлбээрэй. Өдөрт хичнээн ч удаа ийнхүү бясалгаж болно. Ялангуяа шинэ өдрийг угтах өглөө хийгээд нэгэн өдрийг үдэх орой бүр бие, сэтгэлээ ариусгах нь чухал.

Энэхүү цоморлигт тарни уншилгыг уламжлалт монгол дуудлагаар буулгав. Магтаал, залбирлын орчуулгыг хавсаргасан тул та аль ч хэлээр уншиж болно. Тарнийг буруу хазгай дуудах вий гэж санаа зоволтгүй. Гол нь таны чин сүсэг, гэгээн тэмүүлэлд харгалзаж тарнийн хүч биелнэ.


ИТГЭЛИЙН ТАРНИ

Үнэнийг таньж гэгээрсэн бүхэн Бурхан. Үнэний ухаарал хийгээд ухаарлыг төрүүлэгч бүхэн Ном. Ухаарал, гэгээрлийн замаар замнаж, хутагтын замд орсон бүхэн Хувраг эрдэнэ юм. Гэгээрлийн замч багш бол гурван эрдэнийн хураангуй. Итгэлийн дуудлага залбирлаар гурван эрдэнийн авралд багтана.

Намо гүрү виэ
Намо буддаяа
Намо дармаяа
Намо сангаяа

Багшдаа итгэмү.
Бурханд итгэмү.
Номд итгэмү.
Номын садан (хуврагийн чуулган)-д итгэмү.



ИТГЭЛ, БОДЬ СЭТГЭЛИЙН ХУРААНГУЙ

Тарни бясалгалын өмнө оюун санаагаа итгэл, бодь сэтгэлээр цэнэглэх учиртай. Хамаг амьтны тусын тулд гэгээрэх сэтгэлийг үүсгэсэн агшинд адгийн муу заяатан ч бай Бурханы хүү буюу бодьсадва хэмээх алдрыг хүртэж, хотол ертөнцийн сүр жавхлан болно гэж судар шастирт өгүүлжээ.

Сан-жай чой-дан цог-жи чог-нам ла
Жан-чүв бар-дү даг-ни жав-су чи
Даг-ги жин-сог гэ-ва дэ-даг гий
До-ла пан-чир сан-жай дүв-бар шог

Бурхан, ном хийгээд хутагтын чуулганд
Бодь хутгийг олтлоо би бээр залбирму.
Өглөг тэргүүтэн ариун буяныг үйлдсэнээр
Хамаг амьтны тусын тулд гэгээрэх болтугай!



ДӨРВӨН ЦАГЛАШГҮЙ

Сэм-жан там-жад дэ-ва-дан дэ-ви жү-дан
дан-бар жүр-жиг.
Сэм-жан там-жад ду-нал-дан ду-нал-жи жү-дан врал-бар жүр-жиг.
Сэм-жан там-жад ду-нал мэд-ви дэ-ва-дан
ми-врал-бар жүр-жиг.
Сэм-жан там-жад нэ-рин чаг-дан ни-дан врал-би дан-нём-ла най-вар жүр-жиг.

Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан төгөлдөр болтугай!
Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас ангижрах болтугай!
Хамаг амьтан зовлонгүй амар амгалангаас
үл хагацах болтугай!
Хамаг амьтан ойр, хол, тачаах, уурлахаас ангид
тэгш чанарт орших болтугай!



ЗҮРХЭН СУДАР

Зүрхэн судар (са: Хридаяа сутра, тө: Ширнин) бол Бурхан багшийн билгийн чанадад хүрэх зуун мянган шүлэгт судрын хураангуй юм. Энэхүү судрын тарни: Дадъята, ум гадэ гадэ бара гадэ барасам гадэ боди суха. Яван явсаар улам цааш, чанадын чанадад хүрч гэгээрэх гэсэн утгатай. Оршихуйн хоосон чанарыг бясалгах аваас үйл, түйтгэр бүхэн ариусдаг ажээ.

Мра-сам жод-мэд шэй-рав па-рол чин    
Ма-жэй ми-гаг нам-хай о-ву нид
Со-со ран-риг и-шэй жод-юл ва    
Дүй-сүм жал-ви юм-ла чан-цал дод.


Өгүүлшгүй, төсөөлшгүй төгс чанадын билиг
Үүсэхгүй, эвдрэхгүй огторгуйн мөн чанарт
Өөрөө өөрийгөө таних бэлгэ билгийн утга
Өнгөрсөн, одоо, ирээдүйн гэгээрэгч бүхний эх танаа мөргөе.


Би вээр ийнхүү сонсох нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан багш Хаан ордын Хажир цогцын уулнаа  дээд сахилтан, бодь сэтгэлтэн шавь нарын хамтаар заларч байлаа. Бурхан багш тэр цагт Гүн гэгээ хэмээх номын бясалгалд оршив.

Энэ үед агуу их бодьсадва Аръяабал төгс билгийн гүн мөрөөр таван цогцсын мөн чанар хоосон болохыг илт тольдов. Бурхан багшийн адистидаар эрхэм Шарибудра агуу их бодьсадва Арьяабалаас ийнхүү асуулаа: “Төгс билгийн гүн мөрөөр явахыг хүсэгч хувь ерөөлт (язгуурт)  хөвгүүд, охид хэрхэн суралцах вэ?”
Тийн асуухад агуу их бодьсадва Арьяабал эрхэм Шарибудрад өгүүлсэн нь: “Шарибудра, төгс билгийн гүн мөрөөр явахыг хүсэгч хувь ерөөлт хөвгүүд, охид ийнхүү үзэгтүн! Таван цогцсын мөн чанар хоосон болохыг даган ажигласугай!

Дүрс бол хоосон. Хоосон бол дүрс. Дүрсээс ангид хоосон үгүй. Хоосноос ангид дүрс үгүй. Түүнчлэн сэрэл, мэдэл, үйлдэл, сэтгэл цөм хоосон чанартай.

Шарибудра, тэр мэтчилэн юм бүхэн тэмдэгт чанаргүй хоосон бөгөөд үүсэх ч үгүй, устах ч үгүй, хиртэх ч үгүй, цэвэрших ч үгүй, дундрах ч үгүй, дүүрэх ч үгүй бөлгөө.

Шарибудра, тийм учир хоосон чанарын агаарт дүрс үгүй, сэрэл үгүй, мэдэл үгүй, үйлдэл үгүй, сэтгэл үгүй. Нүд үгүй, чих үгүй, хамар үгүй, хэл үгүй, бие үгүй, оюун үгүй. Дүрс үгүй, дуу үгүй, үнэр үгүй, амт үгүй, хүртэхүүн үгүй, юмс үгүй болой. Нүдний орноос эхлээд сэтгэлийн орон, сэтгэлийг тийн мэдэх орон хүртэл бүгд үгүй.

Мунхаг үгүй. Мунхгаас ангижрах нь үгүй. Үүнээс эхлээд өтлөх, үхэх үгүй. Өтлөх, үхэхээс ангижрах нь хүртэл цөм үгүй. Түүнчлэн зовлон үгүй, зовлонгийн шалтгаан үгүй, зовлонг хорьсон нь үгүй, хорих зам нь ч үгүй. Бэлгэ билиг үгүйн учир түүнийг алдах ба олохын тохиол  аль нь ч үгүй.

Шарибудра, энэ мэтчилэн бодь сэтгэлтэн бээр юу ч олохгүй тул билгийн чанадад шүтэн оршвоос сэтгэлд түйтгэр үгүй болсноор айдас үгүй болно. Тэрээр хуурамч тусгалын ертөнцөөс салж, төгс амгаланд хүрнэ. Гурван цагийн бүх гэгээрэгсэд энэ гүн чанадын билигт шүтэж үнэмлэхүй бодь хутаг дор нойроос сэрдэг бөлгөө.
Тийм учир чанадад хүрэх тарни, үлэмж ухааны тарни, дээдийн дээд тарни, тэнцэшгүй лүгээ тэнцэх тарни, зовлон бүхнийг амарлиулагч тарни,  хуурмаггүй үнэн хэмээн ухагдахуй төгс билгийн тарнийг өгүүлье:

Дадъята, ум гадэ гадэ бара гадэ барасам гадэ боди суха.

Шарибудра, гэгээрэхийг хүсэгчид гүн чанадын билигт ийнхүү суралцагтун!” Энэ үед Бурхан багш бясалгалаа өндөрлөөд, агуу их бодисадва Арьяабалыг сайшаав: “Зүйтэй, зүйтэй. Хувь ерөөлт хүү минь, тэр түүнчлэн болой. Тэр түүнчлэн гэдгийн учир нь чиний хэлсэн дагуу төгс билгийн гүн замналаар явбал бурхад (түүнчлэн ирэгсэд) даган баясах болно.”

Бурхан багшийг ийнхүү айлдахад эрхэм Шарибудра, агуу их бодьсадва Арьяабал болоод хамаг шавь нар, тэнгэр, хүмүүн, асур, гандирын ертөнц даяар баясч, Бурхан багшийн сургаалыг бишрэн магтвай.


АРЪЯАБАЛЫН ТАРНИ

Аръяабал (тө: Жанрайсиг, са: Авалокитишвара, мон: Мэлмийгээр болгоогч) бол хамаг бурхадын энэрэл нигүүлслийн бэлгэ тэмдэг юм. Зүрхэн тарнийн утга: Ум – Аръяабалын оршихуй. Мани – Хүслийг хангагч чандмань эрдэнэ. Бадмэ – Хиргүй ариун лянхуа цэцэг. Мани бадмэ хэмээн хосолсноороо лянхуа доторх эрдэнэ буюу бидний дотоод бурхан чанарын дохио болно. Арга, билгийн шүтэн барилдлага утгаар энэрэл хайр, билгүүн ухаан хийгээд янагуух баяр баясгалан, үнэмлэхүй гэгээн гэрлийг илэрхийлдэг. Хум – Аръяабалын зүрхэнд нэгдэхүйн утга. Түүнчлэн зургаан үе нь зургаан зүйлийн орчлоос гэтэлж, эх болсон зургаан зүйл хамаг амьтныг чөлөөлөх Аръяабалын тангаргийг бэлгэднэ.

Жон-жи ма-гой гүм-дог гар
Зог-сан жай-жи ү-ла жан
Түг-жэ жан-жи до-ла сиг
Жан-рай сиг-ла чан-цал-ло.

Ариун цагаан лагшинд нь хир халдашгүй,
Авид бурханаар тэргүүн юүгээ чимсэн,
Амьтан бүхнийг нигүүлсэхүйн мэлмийгээр болгоогч
Аръяабал таны өлмийн лянхуад мөргөе.
Ум мани бадмэ хум.


Дэлгэр тарни:

Намо радна драяа яа, нама аръяа зана сагара бэрузана буха разаяа, дата гадаяа, архадэ самъяаг сам буддаяа, нама сарва дата гадэ вэ, архадэ вэ, самъяаг сам буддэ вэ, нама аръяа ава логиди шураяа, боди садва яа, маха садва яа, маха гаруни гаяа, дадъята, ум дара дара, дири дири, дүрү дүрү, идэ видэ, залэ залэ, бра залэ бра залэ, гүсүмэ гүсүма варэ, или мили зиди зула мабана еэ суха.

Тарнийн утга:

Гурван эрдэнэд мөргөмү. Хутагт билгийн далай, машид гийгүүлэгч гэрлийн хаан, түүнчлэн заларсан, дайснаа дарсан, үнэхээр туулсан бурхан дор мөргөмү. Түүнчлэн заларсан, дайснаа дарсан төгс туулсан хамаг бурхдад мөргөмү. Хутагт мэлмийгээр болгоогч ертөнцийн эрх баялаг (Аръяабал) бодьсадва, агуу их бодьсадва, агуу их нигүүлсэгч дор мөргөмү. Түүнчлэн буюу: Ум эрдэнэ минь, барьж хайрла, дэмжиж хайрла, ивээж хайрла! Сүр жавхлан дор сүрдэн биширмү. Цацран бадрах гэрэл туяагаар гэгээн гэрлийн эх сурвалжид хөтөлж хайрла!


САМАНДАБАДРЫН ТАРНИ

Хотол сайн (тө: Гүндүсанбу, са: Самантабадра) бодьсадва бол Аръяабал, Манзушри, Очирваань, Майдар, Огторгуйн зүрхэн, Газрын зүрхэн, Түйтгэр арилгагч (Дивнамсэл) лугаа их хөлгөний найман агуу бодьсадын нэг. Түүнчлэн Базарсад, Очирдарын адил хамаг бурхадын нэгдмэл чанар – номын биеийг бэлгэддэг. Тарнийн утга нь: Хотол сайн буюу угаас төгс төгөлдөр оршихуйн эх сурвалжид нэгдэх.

Нам-ха тар-түг жүр-ва жи-зам ба
Сэм-жан ма-лүй та-ян дэ-шин дэ
Жи-зам лай-дан нён-мон тар-жүр ва
Да-ги мон-лам та-ян дэ-зам мо.

Огторгуйн хязгаар хаа хүрнэ,
Амьдралын хязгаар тэнд хүрнэ.
Зовлонгийн хязгаар хаа хүрнэ,
Залбирлын минь хүч тэнд хүрнэ.

Ум саманда бадра ум



ҮЙЛС ДААТГАХ ЗАЛБИРАЛ

Даатгал үйлдэхийн тулд Бурхан, сахиусанд идээ, ундны дээж, усан тахил, сүүн цацал зэргийг өргөнө. Аливаа өргөл өргөхдөө Ум аа хум тарнийг гурван удаан уншиж адисладаг. Эхний уншилтаар тахилын гэм буртаг ариусч, удаах уншилтаар мөнхийн рашаанд хувирч, гуравдах уншилтаар хязгааргүй далай болон хувирлаа гэж бясалгана.

Ум аа хум (3)
Гон-чог сум-жи дэн-ба дан, сан-жай дан жан-чүв сэм-ба там-жад-жи жин-лав дан, цог-ни ён-су зог-ви аа-тан чэн-бу дан, чой-ен нам-бар даг-шин сам-жи ми-чав-би дов-жи дэ-шин нид-дү жүр-жиг.

Чэд-ла чо-жин сол-ба дэв-би тү
Даг-сог ган-дү най-ви са-чог дэр
Над-дон вүл-пон тав-зад ши-ва дан
Чой-дан да-ши пэл-бар зад-дү сол.


Гурван эрдэнийн үнэн ба, бурхан бодьсадва бүгдийн адистид ба, буян билгийн хотол чуулганы сүр хүчин ба, оршихуйн төв (номын агаар) онгон дагшин бөгөөд сэтгэшгүйн хүчээр түүнчлэн чанарт болтугай!

Танд тахил өргөж, залбирснаар    
Бид бүхний хаа байгаа газар зүгт
Өвчин зовлон, үгүйрэл гаслан, хэрүүл тэмцэл амарлиж,
Өлзий хутаг, ном буян арвижих үйлсийг зохион соёрх!