Бутан хэмээх амар амгалангийн орон гэлтэй улс төдийлөн олны анхааралд өртөөд байдаггүй байлаа. Гэтэл хөрш Хятад улсынх нь  Ардын чөлөөлөх арми хил залгаа  Бутан руу цэргээ оруулж, гурван газарт байршуулж, тугаа хатгасан юм байх.  Энэтхэгийн хэвлэлүүд анх энэ тухай мэдээлсэн.   Харин дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд  огт дуугарахгүй байгаа ч Монголын хэвлэлийнхэн энэ тухай мэдээллийг түгээгээд эхэллээ. Манайхан үүнд ингэтлээ анхаарал хандуулж байгаа нь бас учиртай. Бутан хойд талаараа БНХАУ-тай, өмнөд хэсгээрээ Энэтхэгтэй хил залгадаг, далайд гарцгүй орон.   Манайх ч  Бутантай адил газар нутгийн хувьд  хойд талаараа ОХУ, өмнөд хэсгээрээ  Хятадтай хил залгадаг,  далайд гарцгүй.  Тиймээс л манайхны анхаарлыг энэ мэдээлэл өөрийн эрхгүй татаад байгаа бололтой.  Юуны түрүүнд Бутаны тухай товч өгүүлье.  Түвдэд хавчигдсан лам Агваан Намжил 1616 онд  салангид жижиг улсуудыг нэгтгэн улс болгосноор Бутан улсын үндэс суурь тавигдсан гэдэг. 1910 онд Британид хүлээн зөвшөөрөгдөж, холбоотон болсноор тусгаар улс болсон гэх юм билээ.  Улсын нийслэл нь Тхимпху  хот. Олон хэлээр ярьдаг ч албан ёсны хэл нь жонха. Хүн амын ихэнх хувь нь хөдөө аж ахуй эрхэлдэг. Үндсэн хуультай, хаант улс. Их л амар амгалан улс байдаг учраас аз жаргалын индексээрээ дэлхийд тэргүүн эгнээнд жагссан байсан.  Гэхдээ туйлын ядуу. Газар тариалан, гар урлал зэргээсээ орлого олдог гэхээр ойлгомжтой биз.   Гэхдээ хадан завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг л хоёр хөршийнхөө ая эвийг олох гэж иржээ. Харин 1971 онд НҮБ-д элссэн байна. Тиймээс ч одоо үүсээд байгаа байдалд анхаарал хандуулахыг  хүсч, НҮБ-д захидал илгээгээд байгаа юм.  Манай улстай газарзүйн байрлалын хувьд   ижил энэ улс руу хойд хөрш нь  буюу манай урд хөрш БНХАУ довтолсон гэх мэдээлэл мэдээж манайхны анхаарлыг өөрийн эрхгүй татаж байгаа.     

Хятадын тал тус улсад хэд хэдэн газар цэргийн баазаа байрлуулахаас гадна  түлш тээвэрлэж явсан гэх мэдээлэл бий. Бутан,  Хятад хоёр 470 км үргэлжлэх хилээр зааглагддаг аж. Мөн зарим газар нь аль улсынх нь тодорхойгүй маргаантай явсаар ирж. Энэ байдал нь хөрш хүчирхэг гүрэнд нь олз болсон биз. Мөн Бутаны газар нутгийнх нь хэмжээ ч өмнөхөөсөө хамаагүй багассан байна.  Хил тогтоох сунжирсан байдлыг  хөрш улс нь ашиглаж,  тус улс руу цэрэг армиа нэвтрүүлж,  байршуулсан аж. Хамгийн хачирхалтай нь өнгөрсөн онд тус улсын нутагт  цэргүүдээ  байршуулж байгаад тэр газар нутгийг нь өөрийн эзэмшлийн газар гэж зарласан байна.    Бараг л цэрэггүй гэж хэлэгдэхээр Бутан улс батлан хамгаалах салбар нь төдийлөн бэхжээгүй, бөгөөд хэдэн сая цэрэгтэй Хятадын армийн өөдөөс юу хийж чадах билээ. Харин Хятадын тал Бутанд цэрэг оруулснаа тус улсад байгаа хятад ажилчдын эрхэнд халдсан учраас тэднийгээ  хамгаалах гэж оруулсан гэсэн хачирхалтай тайлбар хийж байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Харин Хятадын тал бол үүнийг үгүйсгэж байгаа.

Угтаа бол харилцаа тааруу байсан хоёр улс сүүлийн үед  их л найрсаг харилцах болж, дипломат харилцаагаа өргөтгөхийг хичээж эхэлжээ. Тэр байтугай Хятад улс элчин сайдын яамаа тус улсад байгуулжээ. Гэвч энэ гэнэтийн саймшрал Бутаны хувьд аюулын харанга байсныг тэд мэдсэнгүй.   Бутаны талаас одоо үүсээд байгаа байдалд нөгөө хөрш нь болох Энэтхэгийг буруутай гэж үзэж байгаагаа илэрхийлээд байгаа.

Нэг хөрштэйгөө найрсаг харилцаа тогтооход нөгөө хөрш нь зээл тусламжаа багасгана хэмээн айлгаж байсан үе ч бий. Тиймээс  Бутаны хувьд ганцхан Энэтхэгээс эдийн засгийн хараат байдлаасаа  ангижиръя гэж Хятадтай найрсаг харилцаагаа бэхжүүлэх сонирхолтой байсан болов уу. Харин найдаж байсан хөрш нь ярьсан хэлсэндээ байгаагүй нь Бутанд болоод байгаа үйл явдлаас харагдаж байна.

Манай зарим хэвлэл “Бутаны одоогийн байдал Монголд нүүрлэж ч болох байж. Манай улс төмөр замд төрөөс баримтлах бодлогоо батлахдаа өргөн царигаар тавихаар баталсан нь зөв зүйтэй болсон”-ыг илэрхийлж байгаа бол зарим нэг нь “Бутантай харьцуулахад манай улс ардчилсан орон, тэдэн шиг ядуу буурай биш, адилтгах юм биш” гэж тайлбарлах нь ч байна.   Бутаны байдал манайхад шууд тохиолдох гээд байна гэж муу амлах нь хаашаа юм. Гэхдээ нэгэнт өргөн царигаар тавих гээд 2010 онд батлагдчихсан бодлогын шийдвэр нь яагаад дахин дахин сөхөгдөж, улстөрч гэгдэх зарим нөхөр төмөр замаа тавиулахгүй хэл ам татлаад байдаг вэ гэдэг нь яг энэ үед анхаарал татаж байгаа учраас магадгүй хэвлэлийнхэн төмөр замын асуудлыг сөхөж, холбож бичих үндэс болсон байх. Учир нь зарим нэг улстөрч  нарийн царигийн асуудлыг байнгын хороогоор оруулчих санаатай   саналаа бариад гүйж яваа мэдээлэл байсан. Нэгэнт батлагдаад ажлаа эхэлчихсэн байхад дахиад л өргөн, нарийний тухай асуудал сөхөгдөөд эхэлвэл асуудал ч босно шүү. Айж явбал аминд тустай гэдэг байх аа. Хэн юу бодож санаж явдгийг яаж мэдэхэв. Хятадууд Бутанд саймширч зам барьж өгөөд байсан гэдэг. Манайх байгалийн баялагаа төмөр замаар зөөнө гэхээр л энэ нь анхаарал хандуулаад эхэлсэн. Мэдээж ашиг сонирхолгүй юм гэж юу байхав. Улайран дайрч үйлчлээд байгаа улстөрчид аль нэг улс орны эрхийн өмнөөс дуугараад ашиг сонирхлоо нэгтгэсэн ч юм бил үү.

Төмөр зам гэдэг  үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай. Хөрш оронтойгоо найрсаг байх хэрэгтэй ч тэр дайсагнах нь юу юм. Гэхдээ улс орон байгаа цагт өөрийн гэсэн бодлоготой л байх ёстой.

Төмөр замын асуудал угтаа бол 2008 оны үед ҮАБЗ дээр сонгуулийн өмнө яригдсан байдаг. Харин ҮАБЗ царигийн асуудлыг нягталж үз хэмээн буцаасан аж. Тэгэхээр царигийн асуудал дээр үндэсний аюулгүй байдал талаасаа эргэлзээ байжээ гэсэн үг. Угтаа аль нам эрх барьж байгаа нь чухал биш улс орны эрх ашиг л чухал л даа.

Бид дайн дажингүй тайван оронд амьдардаг болоод ч тэр үү бусад улсын хувь тавиланг хөндлөнгийн байр сууринаас л дүгнэж харна уу гэхээс өөрсөд дээрээ жишиж боддоггүй. Харин энэ удаа Бутаныг онцлон анхаараад байгаа нь газар зүйн хувьд адилханаас гадна, манай урд хөрш орон маань тэр улс руу цэрэг оруулсан  гэх мэдээллээс болсон байх. Манайх руу буу шийдэм болоод дайраад ороод ирэх нь хаашаа юм, гэхдээ эдийн засгийн хувьд хоёр хөршөөсөө хэт хараат байна гэдэг бол дайн байлдаанаас дутахгүй хортой. Мөнхийн энэ хоёр хөрштэйгөө  хамт байхаас хойш нүүр буруулна гээд хаа холдох билээ. Аль болох улсынхаа эрх ашгийг бодож асуудалд хандан хөршүүдтэйгээ харилцах нь зүйтэй болов уу. Харин аль ч улс өөрийн улсын эрх ашгаа хамгийн түрүүнд тавьдаг хойно манайх ч тэгэх л ёстой.

Бидэн шиг байгалийн баялаг ихтэй, газар нутаг том, хүн ам цөөнтэй улс өөрсөдтэйгөө төстэй улс орнуудын хувь заяаг анхааралтай ажиглаж байх нь юу нь буруу байхав.  Бурханд бүгдийг даатгаад орхиж яавч болохгүй. Тусгаар улс өөрийн гэсэн бодлоготой байх хэрэгтэй.