Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн байдал ороо бусгаа... гэж Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэг эхэлдэг дээ. Үүнээс хойш бүтэн зуун солигдсон ч хөдөөгийн байдал хэвээрээ. Харин айл айлд зарагдаж, амин зуулгаа залгуулдаг ноорхой дээлтэй “хуучин хүү”-гийн оронд автомашин, мотоцикль хөлөглөж, амандаа янжуур зуусан шинэ цагийн “хуучин хүү”-нүүд олширсон байна.

Ороо морийг суран бугуйлаар тогтоодог байсан хуучин цагийн адуучид цөөрч, хужаа мотоциклоор уулын бэл өөд эрчээр нь элдэн цуцаагаад барьж байхыг хараад сэтгэл эрхгүй эмзэглэмээр. Тэр ч байтугай телевизийн дэлгэцээр “Хужаа мотоцикль бензин бага иднэ, хонь малаа эргүүлэхэд санаа зовохоо больсон шүү” хэмээн ярьж, орсойтол инээж байгаа залуу хүнийг хараад гутармаар.  Нэг ёсондоо одооны малчид малчин биш, “махчин” болсон юм уу гэлтэй. Уяан дээр нь буугаад мордоход л урам хугарна. Элдүүр нь ханасан сураар гөрж, сүлжиж хийсэн олом, жирэм, ногт, хазаарны оронд олс, мяндасханаар морь малаа тогтоодог болсон нь ч олон. Хот хүрээнийхнээсээ илүү гарч “монголжсон” юм нэгээхэн ч алга...

Ойрын хэдэн жил очиж амжаагүй нутгийн зуг зорилоо. Өвөөгийн бийд гурав, дөрвөн гэрээрээ айлсаж, гуч дөчүүлээ цуглан өглөө оройд хурга, тугалын зэлэн дээр шаагилдаж, хонь мал, хүүхэд хөгшдийн дуу тасардаггүй сэн. Сааль сүүний их ажлын завсарт хөгшчүүл нь данхтай цайгаа тойрч суугаад хууч хөөрч, хүүхдүүд нь гар бөмбөгтэй хөөцөлдөн зуны гурван сарыг өнгөрөөдөгсөн. Намар хичээлдээ буцах болоход өвөө, эмээ нар, аав, ээжүүд нүдэндээ нуламстай сүү өргөн хоцорч, хүүхдүүд зунжин хураасан ааруул, өрмөө тус тусын шуудайд хийж аваад буцдаг байлаа л. Тэр сайхан цаг ард хоцорчээ. Нэг айлын есөн хүүхдийн нэг нь хотод, нөгөө нь аймагт, үлдсэн нь сумын төвөөс зайдуу мал малаа даган айлсаж амьдардаг байв. Харин одоо нэгээс бусад нь хот хүрээ, аймгийн төв бараадсан байна.

Тэглээ гээд хамаг малаа зарж, үрээд яадгаа алдчихаагүй ч хот, хөдөө хоёрын дунд тэлэгдэж хоцорсон нь олон. Нэг үеэ бодоход малчид малжиж, хүний мал харах нь байтугай өөрийнхийгөө адгуулахад тээртэй болсон байна. Социализмын үед “Хорин сая малын төлөө” гэж уриалаад хоттой хониндоо ч гар хүрэх эрхгүй байсан монголчууд одоо дөчин сая давсан малтай болсон юм чинь арга байж уу. Дуртай үедээ малаа бэлчээрт гаргаж, хүссэн цагтаа хонио “муулж” иднэ. Хувийн өмч, эрх чөлөө гэдэг энэ. Гэсэн ч малтай боллоо гээд малчдын амьдрал дээшилсэн нь бага аж. Хотоороо дүүрэн хоньтой, хаяандаа машин, мотоцикл сойчихсон хэрнээ сэтгэл нь дүүрэнгүй. Хотынхны яриад байгаа шиг “хил махаа 10 мянгаар өгчихөөд хөлөө жийгээд баяжиж байгаа” хүн алга. Олонхи нь “Зөн”-гийн гэрт сууж, “Зөн”-гийн гурил, будаа идэж амьдардаг бололтой. Хотоороо дүүрэн хоньтой, азаргаар адуутай хэрнээ өрхийн орлого байхгүй, татвар төлдөггүй учраас хотынхны жишгээр бол “ядуу өрх”-ийн тоонд багтаж, “Дэлхийн зөн”-гөөс хувь хүртдэг гэнэ.

“Зуны сарыг зургаа юм шиг сануузай” гэдэгчлэн намар болж хичээл эхлэх болоход зунжингаа зэллэж буусан олон айлын хэн нь малаа харж үлдэх вэ гэдэг том асуудал босч ирнэ. Хүүхдүүд том болсон, хот сууринд сургуульд орсон учраас дөчөөс дээш насныхан нь хичээл эхлэхээс урьтаж “отрын” гэрээ ачиж, хэдэн малаасаа сорчилж туугаад аймгийн төв рүү жирийж өгнө. Малаа бараадаад үлдэж байгаа нь бүл чадал муутай хөгшид, хүүхэд. Дараа зуныхаа амралт хүртэл “Хайрт хүүхдүүд минь баяртай”...

Хэдийгээр манай улстөрчид “хөдөөд хөгжил хэрэгтэй байна” гэж УИХ-ын чуулган дээр уйлж, дуулж, хуурай агсан тавьж байгаад Монгол Улсын 335 сумыг өндөр хүчдэл тавиулж, сум болгонд соёлын төв, уурын зуух, сургууль, цэцэрлэг бариулж өгсөн ч хөдөөгийнхөн хүүхдээ сумын төвд сургахаа больжээ. Хэдий болтол сумын төвийн хэдэн албан хаагчийг ажилтай байлгах гээд уулын мухар сахих вэ дээ. Хөгжил дэвшлээ бараадах нь зөв. Мартсанаас өмнөх УИХ-ын үед 500 тэрбум төгрөг гаргуулсан “Монгол мал” хөтөлбөр, малын бирж энэ тэр чинь хөдөөд сураггүй байна лээ шүү. Хэрвээ байсан бол өдийд Орос, Хятад хоёр алгаа тосоод “Дэлхийд хамгийн чанартай, эрүүл хүнс монгол махаа экспортлооч” гээд гуйж байхгүй юу. Малчид ч гэсэн төрийнхөн шиг “тэрбумтан” болж тоглодоггүй юм гэхэд саятан болчихсон байгаа. Юун төлөө 40 сая малтай билээ. Ченжүүд нь хөөгдсөн ч бирж нь байгуулагдаагүй болохоор хөдөөд мал, мах хоёр шиг үнэгүй юм алга. УИХ-ын гишүүд, дарга нар л хөдөө явахаараа “ёстой гоё хөгжиж байна” хэмээн амаа арчиж, алгаа үрчсээр ирдэг. Хаагуур нь яваад байдаг юм бүү мэд. Гариг алгасаад буучихдагийм уу.  

Хотынхон хэцүүдлээ, утаа униар нь дийлдэхээ байлаа л гээд байдаг. Хөдөөгийнхөн бас хэцүүдэж байна цаана чинь. Арван жилийн өмнө байсан аймгийн төвийн хороо, гудамж хоёр дахин нэмэгдэж, хүмүүс нь ч гэсэн хөдөөширч. Аймгаасаа арай дөнгүүр нь хот бараадаж, сумаасаа арай дөнгүүр нь аймгийн төвөө бараадсан байна. Орой болгон зурагтаар /айл болгон гаднаа сансрын антен, нарны зайн хураагууртай болсныг хэлэхээ мартаж/ Солонгос сериал, брэндийн барааны сурталчилгаа үзэж байгаа юм чинь арга байж уу. Хэн ч байлаа гэсэн хүнээ, хөгжлөө бараадах нь хүний  ёс.

Ийм байхад харин манай дарга нар шинэ сум, соёлын ордон яриад, жилийн жилд баахан төсөв батлуулаад харайлгаад байгаад л гайхах юм. Ядахдаа эзгүйрч хоцорсон сум, суурингуудаа нэгтгэж, бүсийн төвүүдээ бий болгоход яана.

Нэлээд шинжлэх ухааны үндэстэй гэмээр нэг судалгааны дүгнэлт дээхэн үед яригдаж байсныг санаж байна. Дор хаяж 10 мянган хүн нэг дор төвлөрч байж тэнд зах зээл бий болдог, хууль ёс үйлчилдэг, хөгжил дэвшил ярьдаг аа гэж. Гэтэл 300 хүнтэй сум, суурин луу гурван тэрбумаар цахилгааны шугам татаад /түүнээс цааших зардлын талаар ярихаа больё/, гурван сая хүнээ нийтээр нь хохироогоод байгааг л ойлгохгүй юм. Магадгүй, энэ төрийнхний бизнес юм болов уу.