Улс оронд хэрэгтэй юм ердөө л “хүний толгой” байдаг байна. Хүний толгойны дараа л эрдэнэс  хадгалсан “Оюу толгой”, ”Таван толгой”, ”Эрдэнэт толгой” зэрэг газар нутаг уул усны ”овоо, толгой”-нууд орно. Зүйрлэшгүй их баялагтай ч тэнэгдүүхэн “толгой”-г  тахин шүтэж төрдөө гаргаад  баларсан улс орон байх юм.  Газрын баялаг гэхээр юмгүй ч ухаантай “толгой”-г сонгон томилж  удирдуулаад баяжсан улс орон ч байнаа байна. Орчин үед хүчирхэг гэгддэг, хөгжилтэй гэгддэг, цаашид баталгаатай хөгжих ирээдүйтэй  улс орнуудын тухай ойлголт огт өөр болжээ. Хуучин бол хүн ам олонтой, газар нутаг томтой, зэр зэвсэг ихтэй, том том үйлдвэртэй улс орнуудыг  хүчирхэг улс орон гэж үздэг байсан. Харин цөөхөөн хүнтэй, жаахан газар нутагтай байсан ч хамаагүй,  ардчилсан төртэй, тэргүүний технологийг эзэмшсэн, хүн олноо тайван амьдруулж чадсан улс орнуудыг хөгжилтэй хийгээд цаашид хөгжих ирээдүйтэй улс орны тоонд оруулах болсон байна. Өөрөөр хэлбэл,  иргэд нь “толгой” сайтай, нийгэмшсэн, тэргүүний технологи эзэмшиж чадсан, соёлжсон улс орон л ертөнцийн хөгжлийг тэргүүлнэ гэж үздэг болжээ. Өөрөөр хэлбэл, улс оронд ердөө л сайн “толгой” хэрэгтэй гэсэн үг. Би өөрийнхөө үеийн толгой сайтай “гавал” хүмүүсийн тухай бичих гээд  хадуур ч эхлэх нь энэ. Монголчуудын “толгой” бол үнэхээр гайгүй “толгой” юмаа. Түүхийн туршид Монголыг эзлэх гэсэн бүхэн эхлээд газар нутаг руу нь биш томчуудых нь толгой руу халдсан байдаг юм. 1911 хувьсгалыг тэргүүлэн хийсэн удам сайтай ноёдууд бүгд хорлогдсон түүх байна. 1921 оны коммунист хувьсгал бол бүр улаандаа гарсан даа. Манай томчуудыг ЗХУ-ын коммунист нам Орост дуудан аваачаад л шүүдэг, ялладаг, бууддаг байв. Нэг кинон дээр гардаг даа. Сүхбаатар, Чойбалсан нарын толгойг авчирсан хүнд мянган лан өгнө гэдэг. Энэ удирдагч нар хоёуулаа л алуулсан. Шагналын мөнгийг хэн авсан нь мэдэгддэггүй. Энэ том яргаллыг өнөөдөр “хэлмэгдүүлэлт” гэж зөөллөн нэрлэдэг юм. Хичнээн ч Ерөнхий сайдын маань “толгой”-г авав. Коммунистууд Чингэс хааны алтан ургийнхны толгойг авахдаа нэрсийн жагсаалт гаргаж байгаад удам судраар нь тасдсан юмдаг. 1990 оны ардчилсан хувьсгалыг мөн л манай үеийн сор болсон “толгой”-нууд  удирдаж хийсэн. Тэд маш  коммунист дэглэмийг нураах ардчилсан хувьсгалыг удирдаж толгойлсон юм. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Баабар, Р.Гончигдорж, С.Зориг, Д.Дорлигжав. Эд нар бол манай үеийн яах аргагүй л “том толгой”-нууд төдийгүй суутнууд. Харин эднийгээ амьдад нь тоож үздэггүй нь монгол зангийнх байхаа даа. Эдэн дотроо   зах зээлийн эдийн засгийн ухаанаар хамгийн “лут толгой” нь Да.Ганболдын “халзан толгой”  юмдаг. Да.Ганболдын толгойгоор капиталист  эдийн засгийн цагаан толгойг 25 жилийн өмнөөс заалгасан. Коммунист эдийн засагтай байсан Монгол Улс зах зээлийн эдийн засгийг, хувийн өмчийг ямар их эсэргүүцэж байсан гэж санана. Да.Ганболд ч бид ч бас азгүй толгой. Түүний  толгойг  улс орныхоо хөгжил дэвшил эдийн засгийг удирдуулж  ашиглах хувь тохиосонгүй. \Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт шадар сайд байсныг эс тооцвол\. Хувьсгалчдын толгой ямар зовлон үздэг билээ тэр бүх зовлонг Да. Ганболдын “халзан толгой” үзсээн. Доромжлол, гүтгэлэг, магтаал  гээд юу эс тохиох билээ.  Иргэд Да. Ганболдыг УИХ-д сонгохгүй болохоор нь журмын нөхөд нь Ерөнхий сайд болгох гэж нэг биш долоон удаа зүтгүүлээд бас л бараагүй юм. Ардчилсан нам Ерөнхий сайд болох хүн ховордоо биш зах зээлийн эдийн засгийг онолын хувьд удирдах нь Да-гийн толгой . Хамаг учир үүнд байлаа. Саяхан Ардчилсан намын Засгийн газар “Оюу толгой“ гэдэг төслийн Монголын талд оногдох 34 хувийг Да.Ганболдын толгойгоор удирдуулахаар томиллоо. Арай л оройтсон болохоос Да.Ганболдын толгойг ингэж ашиглах  цаг нь болсон. Түүнтэй хамт “Оюу толгой”-н ТУЗ-д онол боловсролын хувьд шилдэг хоёр залуу оржээ. Харж л байгаарай одоо  “Рио-Тинто” дэлхийд том компани ч манай гуравт томорч чадахгүй. Тэд Рио-Тинтогийн Лондон дахь конторт очиж уулзав.” Амжилт.  “Оюу толгой” гэдэг “аварга” төсөл буруудаа биш, Рио-Тинто компани луйварчиндаа биш Монголын талын захирал ТУЗ нь жулдаад байсан юм. Монголыл захирал нь зориг алдаад жулдаад ирэхээр гадаадын байтугай дотоодын  захын улстөрч, иргэний хөдөлгөөнч нар элэг бариад байлаа. Тэгээд л  ашигт малтмалын төрийн бодлого биш  шоу хийж,  хэн дуртай нь чалчиж байх тоглоом болсон.  УИХ-ын гишүүн болох дуртай нэг нь, мөнгө хийх шуналтай нэг нь, захын рекетчин хөрөнгө оруулагчийг  хөөж тууж ил, далд мөнгө нэхдэг болсон доо. Товчхондоо бол монгол төр  ашигт малтмалын бодлогоо   шоучдад алдчихсан юм. Уул уурхайн бодлогыг том улс төрийн хүчний зөвшилцөл авч явж томоохон улстөрч эдийн засагч хэрэгжүүлнэ. Ашигт малтмалаа олборлохын тулд эхлээд хайгуул хийж хайж илрүүлдэгийг бүгд мэднэ. Зүй ёс нь өнөөгийн сумын дарга нар нутаг дэвсгэртээ ямар алт эрдэнэс баялаг байна гэдгийг хайх судлуулах үүрэгтэй. Гэтэл Засаг дарга нар маань иргэний хөдөлгөөнийхөн шиг сумын маань газар нутгийг хайгуулын лицензээр зарсан гэж яриад зогсч байна.  Тэд маань газар нутгийн тэдэн хувийг лицензээр зарсан гээд л  ярьдаг болсон төдийгүй улс бүхэлдээ ашигт малтмалыг удирдах системээ алдчихсан байв даа.  Хараалгаж зүхүүлж байсан ч гэсэн энэ Засгийн газрын үед Уул уурхайн яам, Эрчим хүчний яам, Зам тээврийн яам гээд мэргэжлийн яамдыг байгуулж чадсан. Бас ”Эрдэнэс Монгол” компаниар стратегийн томоохон ордуудын иргэдэд оногдох хувийг удирдуулж маш том сан байгуулах болов. Дэлхийн хөгжилтэй орнууд яг ийм байгууллага байгуулж “Эрдэнэсийн сан” бий болгож хөгжсөн байдаг юм. Эрдэнэс МГЛ компани, хамгийн том ”Эрдэнэт”,”Оюу-толгой”-гоос эхлээд,  “Шивээ говь”-ийн уурхайг ашигтай ажиллуулж иргэд бидэнд оногдох “Эрдэнэсийн сан”-г арвижуулах үүрэг хүлээнэ. \“Эрдэнэс монгол”  бидний горьдлогыг тээж яваа компанийн тухай дараа өгүүлнэ\. Ямар ч гэсэн энэ Засгийн газар уул уурхайг удирдах бүтэн системтэй болж чадлаа. Хамгийн чухал нь энэ их газар нутаг түүний дор байгаа алт, мөнгө, зэс нүүрс, эрдэнэсийг ашиглаж жинхэнэ баялаг болгохын тулд эрдэм мэдлэгтэй толгойгоор дутаж байна. Үстэй, халзан нь хамаагүй  Да.Ганболдын толгой шиг  мянга мянган толгойг  гадаадын  өндөр хөгжилтэй орны сургуулиудад технологи эзэмшүүлсэн тэр цагт Чингэсийн Монгол сэрнэ.