“Хэрэв нам дотроо тэднээс айгаад зогсохгүй бас хүндэлдэг, тэдний нэр хүндийг хүлээн зөвшөөрдөг зөвхөн тийм тохиолдолд л намын удирдагчид жинхэнэ удирдагчид байж чадна” гэж Сталин хэлжээ. Яг ингэж хэлсэн эсэх тухайд Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд цолтой Л.Хангай гэдэг эрхэм орчуулсан болохоор төдийлөн санаа зовинохгүй байна.

Тэгвэл өнөөдөр АН-ын даргад өрсөлдөгчдөөс хэн нь тийнхүү намынхнаа “боловсноор айлгадаг”, үүнийхээ сацуу хүндлэлийг нь хүлээдэг, нэр хүндээ хүлээн зөвшөөрүүлдэг байж таарах вэ?

Хамгийн өндөр “ранг”-тай нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Гэвч тэрбээр Ерөнхий сайдаар ажиллах үедээ ичгүүр сонжуургүйгээр төрөл садныхнаа “ашигтай” албан тушаалд томилж гишүүд, дэмжигчдийнхээ нүүрийг түлж байв. Төрсөн охиноо, хадам дүүгээ, түүнийх нь найз залууг томилж байсан түүний томилгоо төрийн өндөр албан тушаал байгаагүй ч их хэмжээний мөнгө, тэр тусмаа хүүтэй мөнгийг захиран зарцуулах эрх мэдэл бүхий суудлууд байсан. Үүнийг нь шалгахаар “Авраарай, 37 он эхэллээ” гэж хашхирсан. Энэ тохиолдолд түүнийг, түүний нэр хүндийг хүндлэхэд амаргүй байгаа биз.

С.Эрдэнэ ардчиллын төлөө тууштай зүтгэсэн, Баянгол дүүргийн АН-ын ялалтыг ёстой л Матрасов шиг цээжээрээ хамгаалсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ энэ нь Баянгол дүүргийнхний л баяр хөөр болохоос улсын хэмжээнд түүнийг Нийгмийн даатгалын сантай холбоотой элдэв асуудлууд, сайд байхдаа ажлаа хэрхэн хийсэн бэ гэдгээр дүгнэгдэж таарна. Дээр нь хувь хүнийх нь моральтай холбоотой гомдлууд, цаашилбал фракцийнханд нь гомдол хүртэл түүнийг сонгох эсэхэд их, бага хэмжээгээр нөлөөлөх нь ойлгомжтой. Учир нь орон даяар тойрон “аялж” өөрийгөө таниулахад нь Баянгол дүүрэг дэх түүний гавьяа төдийлөн хамаарахгүй байгаа төдийгүй намынхантайгаа хийх уулзалт дээрх авир төрх нь “Намайг намаа гээд хотод очиход энэ дарга ингэж хүлээж авах нь ээ” гэдгийг харуулаад байгаа хэрэг. Тэгэхээр С.Эрдэнэ бол АН-ын буянд есөн эрдэнийн баялагтай болж амжсан ч арван хуруу тэгш дарга биш гэдэг нь ойлгомжтой. Түүнийг сонгох шалтгаан ч, сонгохгүй байх шалтгаан нь ч ижил. Юу гэвэл мөн л Сталины хэлсэнчлэн “Саналыг хэнд өгөх биш хэн, хэрхэн тоолох вэ гэдэг нь чухал” гэсэнчлэн санал тоолох комиссыг хэдийгээр ил тод хянана гэж байгаа ч мөнгө тараасан, “хайрцагласан” гэх гүтгэлэгт өртөж л явна. Хэн авсан, хэн нь “хайрцаглуулсан” нь тодорхойгүй ч хэрэв тийм үйл явц болсон бол гишүүдийн шинэчилсэн бүртгэл огцом нэмэгдсэн нь түүний “хайрцаг”-тай холбоотой юу, эсвэл “хайрцгийг нь эвдчихэв” үү гэдгийг энэ сарын 29-нд л харж таарах нь.

Дараагийн нэр дэвшигч  Д.Эрдэнэбатад хот, хөдөөгийнхөн нийтээрээ тэгш “сайн” байдаг. Учир нь уран илтгэгч биш боловч эгзэгийг нь тааруулаад хэлэх хэдэн үгээ хэлчихдэг болохоор тэр. Гэвч энэ удаа “шинэ үеийн давалгаа” түүнд “нуруугаа харуулж мэдэхээр байна. Хэдийгээр Д.Эрдэнэбат сэтгэлгээний хувьд залуу талдаа, шулуун шударга, нэр, гар цэвэр гэх боловч “Шинэ үе пепсиг сонгож байна” гэх тэр үеийн л залуу. Өөрөөр түүнд өөлөх өө алга. Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа бондын зарцуулалтад их, бага хэмжээгээр оролцсон гэх боловч гомдолтой үлдсэн тохиолдол одоогоор харагддаггүй. Тийм хий гаргахааргүй фигур гэхэд болно. Харин өнөөдрийн АН-ын дарга Д.Эрдэнэбат гэдгээс илүү “Ерөнхий сайд Д.Эрдэнэбат”-ын өдрүүд л төсөөлөгдөөд байгаа болов уу. Учир нь тэр ил тод нэгэн боловч тийм ч найрсаг, халамжтай нэгэн биш. АН-ынхан хайр халамжид тун дуртай шүү дээ.

Залуу үеийн тод төлөөлөл Л.Гантөмөрийг шүүмжлээд байгаа “залуус” нь түүний ярианд итгэж өгөхгүй байгаа гэнэ. Тэд МАН-ынхаар бол У.Хүрэлсүх шиг дарга хүсээд байгаа юм байх. Уг нь хүсээд байгаа хүн нь Ж.Батзандан баймаар. Гэтэл Ж.Батзандангаасаа Л.Гантөмөрийнх шиг нуруутай байдал, төрийн хүний төрх намба хүсэх. Ингээд харахаар АН-ын гишүүд дэмжигчид төрийн ажлын туршлагатай хэрнээ хийморьтой, цог золбоотой, тэмцэгч чанартай, нүүрийг нь улайлгаад байхааргүй мөртэй, цаашид ч АН-ын нэр хүндийг өндөрт өргөж чаддаг, дугаар хорооны үүрийн гишүүнтэйгээ ихэрхэлгүй уулздаг, цэцэрхэлгүй хийдэг хүнийг хүлэж байгаа бололтой. Харин “шинэчлэлийг шинэ үе” гэж, шинэ үеийг насны тоогоор харж үнэлээд, тэгж үнэлүүлж сонголтоо хийлгэх кампанит ажил өрнүүлээд байгаа нь өнөөх “хадгалуулсан” таван сумыг нь хугалуулж, хурцадвал сүвээ рүүгээ хатгалцаад авч ч мэдэхээр дүр зургийг харуулж мэдэхээр байна.

Ямартай ч 29-нд саналаа өгөх АН-ын гишүүдтэй ярилцаад үзэхэд ирэх өдрүүдэд их л дажин өрнөнө гэж төсөөлж байна. Шинэчлэл хэн хийж чадахын тухайд тэд дүгнэхдээ намын хороо, үүртэй ойр байсан нь шинэчлэл хийж чадна гэж үзэж буй аж. Хэнд саналаа өгөхийг нь шулуухан тандахад цэл залуу хүнд өгнө гэсэн боловч “Манай намын даргаар мөнгөтэй л хүн сонгогдоно доо” гэхийг сонсоход сонголт нэлээд “өлсгөлөн” шинжтэй болж ирж байгаа юм даг уу даа. Энэ л хамгийн аюултай. Учир нь сайд байсан ах нар, “амралтын газартай хүн” өнөөх цэл залуу сонголтыг нь устгаж “Л.Гантөмөр болоосой гээд С.Эрдэнэд өгөх”, “Ж.Батзандан сонгогдоосой” гээд Д.Эрдэнэбатад өгөх магадлал тун өндөр байна.