Намын даргаасаа таван сумаар шагнуулсан таван нэр дэвшигч хамтарсан уулзалтууд хийж тус бүрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулан орон нутгаар явж байна. Тэд “АН хэрхэн шинэчлэгдэх вэ”, “Улс төрийн намын тогтолцоогоо  яаж боловсронгуй болгох вэ”, “Улс орныг хөгжлийг түүчээлэгч  хүчин болохын тулд цаашид юу хийх ёстой вэ” гэсэн гол сэдвүүдээр гишүүд, дэмжигчиддээ “загнуулж” явна.

Одоохондоо тэд өрсөлдөгч биш эгээ л намын даргынхаа өгсөн багцалсан сум лугаа адил “Яаж хамтдаа намаа шинэчлэх вэ” гэдгийг яриад байгаа юм. Өөрөөр хэлбэл хооронд нь дэгдэхээс аргагүйд хүрсэн тэр “гал” цурманд орсон ч Багануур дүүрэгт нэгэнтээ уугиад намжсан. Гэвч ирэх өдрүүдэд өнөөх таван багц сум Ардчилсан намыг хэрхэн намаа тав хуваагаад тавьчихсаныг харах бололтой.

Тэдний орон нутагт уулзалт хийхдээ хэлсэн үгээс эш татвал, С.Эрдэнэ “АН-ын шинэчлэл бол Монголын улс төрийн шинэчлэлийн суурийг тавьсан маш том өөрчлөлт шинэчлэлтийн давалгаа байх болно” гэжээ. Ж.Батзандан “Энэ зөвхөн АН-ын шинэчлэл биш. Улс төрийн бусад нам АН-аас суралцаж эхэлнэ” гэв. Харин Д.Эрдэнэбат “АН-ын шинэчлэл бол ардчилсан төрийн баталгаа. Ардчилсан төрийн баталгаа мөн гэдгээрээ бидний үр хүүхэд, цаашилбал үндэсний тусгаар тогтнолын тухай асуудлыг ярьж байна” гэчихлээ.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг  “АН бол шинийг санаачлагч, шинийг эрэлхийлдэг, энэ талаараа анхдагч  байж чаддаг нам. Тиймээс АН-ын шинэчлэлээс Монголын улс төрд цоо шинэ соёл орж ирнэ” гэв. Л.Гантөмөр “Ардчилсан нам одоо Ардчилсан намын гишүүдийн нам болно. Аливаа асуудлыг гишүүдээрээ шийдүүлдэг нам болно. Ингэснээр Монгол Улс асуудлаа ард түмнээрээ шийдүүлдэг соёл руу явах болно” гэсэн.

 Эндээс харахад эрхэм хүндэт Ардчилсан Намын Даргад нэр дэвшигчид маань ерөнхийдөө өөрсдийгөө зөвхөн Ардчилсан Намын дарга биш, намаа сонгуульд ялуулсан тохиолдолд болох ирээдүйн Ерөнхий сайд ч биш, бүр Монголын хаан, наанадаж Монголын улс төрийн соёлыг түгээгчид, ардчилсан соёлын “багш” нар гээд бодчихож. Уг нь хамгийн түрүүнд гишүүд дэмжигчидээ чагнах ёстой. Тэдний уурлахыг харах биш, яагаад уурлаад байгаа, юу хүсээд байгааг нь мэдрэх учиртай.

АН-ын гишүүд намын удирдлагад, цаашилбал төрийн удирдлагад байсан хүмүүсээ итгэлийг нь хөсөрдүүлж сонгуульд ялагдсанд хамгийн их уурлаад байгаа юм шүү дээ. Тэдэнд шинэчлэл ярьсан “хууччуул” огт таалагдахгүй байна. Үе солигдохыг хүсч байна. Цаашилбал, нэгэнтээ намынхаа Бага хурал дээр Д.Лүндээжанцан гишүүний хэлсэнчлэн “Гүү сувайрсан нь азарга муугийнх” гэгчээр тэр “азаргуудаа” солимоор байгаа юмаа. Одоо “өгөгдөл” болоод байгаа буюу хатуухан хэлэхэд “хараал идсэн 240 сая төгрөгөө тушаасан” таван хүнээс арай шинэчлэл хийчих болов уу гэж Л.Гантөмөр, Ж.Батзандан нарыг горьдож хараад байна. Үлдсэн гурав нь “Нас бол тоо шүү дээ” гэж хэчнээн “панаалдаад” ч даанч итгэлиийг нь алдчихсан ёстой л “үлдэгдэлүүд” болчихож.

Арай “цэвэр” нь Д.Эрдэнэбат. Гар, нэр цэвэр гээд “Баагий аварга” шиг давхиад байж болох ч бараг нэрээ ч татчихаж мэдэхээр идэвхгүй харагдана. Магадгүй, хэсэг зуурын урвалт, шарвалт, “Нямдорж стайл”-аар бол “бөөр рүү хатгасан хумсны хутга” зэрэг асуудал ч гишүүдийнхээ сэтгэлд сэв суулгасан байж мэднэ.
Н.Алтанхуягийн хувьд ойлгомжтой. Хол явахгүйгээ мэдсээр байж наанаа Намын даргад, цаагуураа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ базааж ийнхүү “өөрийгөө харуулж” тойрон аялал хийж яваа харагдана. Түүнд хатуухан хэлэхэд  гартаа гав зүүчихэлгүй Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн цаг тооллоос салбал бараг шагнал билээ. Уг нь “нэр, гар цэвэр” байсан бол нам дотроо хамгийн “хөлтэй” нь буюу хороо, үүрүүдэд лүндэнгээ хүргэх боломж түүнд бий. Гэвч дарга болчихоод өнөөх Тавантолгойчин хамаатнуудаараа намаа хүрээлүүлчихвэл “татан буулгах” хүч бий гэж үү.

С.Эрдэнэ. Баянголын “хаан”, Ардчилсан намын “хаан”, Монгол төрийн “хаан” болох чадвар ч, мөнгө ч, хор ч түүнд л бий. Тэр бол “Ардчилсан дарангуйлагч”. Түүний талаар Улсын баатар Э.Бат-Үүл анд нь “Намынхаа үе үеийн даргатай тууштай бөгөөд хорон тэмцдэг түүний занг манай намын дараагийн даргад санаархсан бүхэн өдий болтол ашигласаар ирсэн. Өнөөдөр Зандаахүүгийн Энхболдын ээлж ирсэн шиг байна. Хөөрхий Энхболд, Эрдэнээ Ардчилсан намыг өөрийн болгох хүртлээ хэнбугайг ч намын даргын сэнтийд хэсэг зуураас илүүтэй суулгахыг тэвчиж чадахгүй агаад түүний шалиг явдал үргэлжилсээр байх болно гэдгийг мэдэхгүй хошгорч яваа биз. Эрдэнээ “бага овор”-ын Сталин юм ш дээ!” гэж бичиж билээ.  Гэтэл зургаан жил “хошгирно” гэж байх уу даа. Учир нь Үүл баатар үүнийг 2010 оны 9 дүгээр сарын 10-нд бичсэн юм. Энэ хугацаанд түүний үг улам лавширч С.Эрдэнэ хэр хэмжээний “Сталин” болохоо харуулсаар байна.

Үнэн хэрэгтээ Сталин С.Эрдэнийн дэргэд жинхэнэ ардчилагч байсан юм билээ. Ганцхан намтай улаан коммунист дарангуйлагч асан Сталины үгс эдүгээ Монголын Ардчилсан намд зориулж үг хэллээ гэж үү гэмээр...Энэ талаар “Сталин АН-ын талаар...” нийтлэлдээ дурьдах болно.

Эцэст нь Л.Гантөмөр, Ж.Батзандан нар тунаж үлдэж байх шив. Нэг нь хэт зоригтой, харваас хувьсгалч. Хал үзэж, хат суух нь хэрээс хэтэрсэн гэхэд егөөг ойлгох байх. Нөгөө нь номын цагаан солиотой, тооны хичээлдээ маш сайн ч манлайлагч сурагч болж чаддаггүй “их мэдэгч” царайлсан, хацар нь хонхойсон эрх жаал мэт.

Хэнд нь илүү оноо өгөхөө өнөөх нийт гишүүдийнхээ аравхан хувийг бүрдүүлж нүүр тахалсан эрхэм гишүүд нь мэдэх хэрэг. Тэдэнд нуруутай, мэдлэгтэй, даруухан нь итгэл хүлээхүйц санагдах уу. Туг барьж тугал хариулж ч чадах, гал ус руу орохоос буцахгүй зоригтой, бас чиг мэдлэг боловсролоор бусдаасаа дутахгүй “хувьсгалч”-аар толгойлуулбал ирэх сонгуулиар олуулаа болчихмоор бодогдох болов уу.

Ямар ч байсан нас тоолбол яах аргагүй шинэ үеийнхэн. Шинэчлэл гэдгээ хэрхэн ойлгож байгаа, эрх мэдэл олговол ямар хувирал үзүүлэх бол гэдгээ эрхбиш мэргэн сонголтоороо шийдэх биз. Товчхон хэлэхэд тэдний хамгийн том “дайсан” нь хэн нэгэн биш их хэмжээний мөнгө билээ. Гэхдээ хэн хэн нь хоосондоо 240 саяыг “хаяагүй”. Жүжигт дүр бүтээхийн тулд төлбөр төлсөн нэгэн байхад, жүжгийг үнэмшилтэй болгохын тулд өрсөлдөгчөө ивээн тэтгэсэн өрсөлдөгч хүртэл бий гээд бодохоор АН-ын даргын сунгаа Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хуралтай тун төстэй “тавилттай” харагдаад байгаа юм. Магадгүй “найруулагч” нь нэг хүн болохоор тэр биз.