Бид ихээ дээр үеийн андууд. Хуучин утга зохиолд “Ардын засаг ч гэж юу байлаа, авдаг өгдөг нь хаа ч байлаа” гэж гардаг шиг ардчилал мандахаас өмнөх үеийн нөхөрлөл. Яах гэж цаг хугацааны баримжааг “ардын засаг” гэдэг нэгжээр аваад байна вэ гэхээр ийм юм. 1980-аад оноос олон нийтийн дунд ялангуяа залуу үеийнхний дотор улсынхаа засаглалын хэлбэр, арга барилд дургүйцэх нь их болоод ирсэн юм.

Үнэхээр “Ороо нь ороогоороо жороо нь жороогоороо” нийлнэ гэгчээр эсэргүүцэх, дургүйцэх үзэл санаан дээр тэд их нийлнэ. Үзэл санаагаа ярьж, дотроо онгойлгохын тулд нийлж хууч хөөрдөг, идэр харчуул нийлсэн юм хойно хөөрхөн дарвина. Ямар ч байсан тэр үеийн “гурвалжин” сүү хөөрүүлж уугаад ам хална гэж байхгүй. Заримдаа нэг айлаас япон зурагтыг нь, нөгөө айлаас видео тоглуулагчийг нь, гурав дахь этгээдээс Чаки Чантай киног гэхчлэн гуйж аваад нийлүүлэн үзэх ч удаатай.

Эрх чөлөөтэй сэтгэхийг, түүнээ илэрхийлэхийг хүссэн залуучуудын клуб гэмээр ч юм уу, ийм бүлэг олон байсны нэг нь Бат-Үүл нарын “Шинэ үе” бөгөөд, тэд ухуулах хуудас нааж баригдан алдаршиж байв.

Харин Т.Батсүх, манай Б.Ерэнтэй бид нар “Баабарын юмыг уншдаг” клуб маягтай байсан ба түүний “Марксизм уу, Ленинизм уу”, “Нүцгэн дэвтэр” гээд олон юмыг бид бахдан, бас дотроо эмээн уншдаг байсан. Баабар эхэн үедээ ямар ч учиртайг бүү мэд, “Ботенбург” гэдэг нэрээр юмаа бичдэг байсныг бид л мэдэх юм. Бидэн дотроо хамгийн том албатай нь Шинжлэх ухаан техникийн улсын хороонд ажилладаг Батсүх байсан. Яагаад гэхээр түүний мэдэлд тухайн үеийн хамгийн лут хувилах, олшруулах машин байсан бөлгөө. Чухам тэр л машинууд дээр монголын нийгмийн оюун санааг өөрчлөх учиртай “Бүү март, мартвал сөнөнө” бүтээл анх нууцаар хувилагдан тарсан билээ.

Удалгүй ардчилсан хувьсгал ялж бид бүхний “хүнгүй газар бодож, олонгүй газар шивэгнэдэг” байсан зүйлс өдөр тутмын амьдралын нэг хэсэг болов. Бодсон юмаа байтугай бодоогүй юмаа ч ярьдаг болсон тэр цагаас хойш бидний уулзалт цөөрлөө. Тэр угаасаа албан тушаал, эрх мэдэлд дурлаагүй. Ердөө л сэтгэн бодох, өөрийгөө илэрхийлэх, өөрийнхөөрөө байх эрх чөлөөгөөр цангаж явсан. Тэр цаг үе нь ирсэн учраас сэтгэл ханаад мөрөө хөөж очсон.

Ардчиллын дараахан засгийн эрх бүтнээрээ биш юм гэхэд тодорхой хувиар шинэ үеийнхэнд ногдож эхлэх үед санаанд орж байсан цөөхөн тооны, боловсролтой, туршлагатай техникийн сэхээтний нэг нь бас л Батсүх байсан. Гэвч тэрээр өндөр алба, дээд тушаалогоот сонирхолгүй мөрөө хөөн одсон билээ.

Тэр ч бүү хэл ардчиллын 20 жилийн ойгоор бас намынхантайгаа хамт шагнуулахаар тодорхойлж байтал дуулчихаад болиулсан удаатай. Зөрүүд нь хөдлөөд “Би ямар одон авах гэж хувьсгалд оролцоо юу? Энгэрт заавал юм байх учиртай бол зуруулаад зүүчихье” гэж хэгжүүрхсэн гэж байгаа. За тэр нь ч тийм л юм байгаа биз.

Нэг сонсохнээ овоо бизнес эрхэлж яваа дуулдсан. Ахиад нэг дуулахнээ “урт цагаан”-ы тэнд байдаг л дуулдсан. Үнэхээр ч тэндээ 2001 оны ерөнхийлөгчийн сонгуулиар байхаа, Гончигоогийн зургийг тэндээ хадчихсан л байсан.

Дараахан нь “Ардчилсан хүчний этгээд гээд алуулж явна аа” гэчихсэн нэг таарсан. Тэгсэн ноднин бил үү, “Ху-гийн хулгайч” болж таараад сониноор гөвшүүлчихсэн байсныг нь бас хараад өнгөрсөн. Түүнийг би “Чи ерөөсөө л дайсны тал болох төөрөгтэй юм байна. Ардчиллаас өмнө ч, хойно ч, ардчилал ялсан ч ялагдсан ч ялгаагүй” хэмээн шоолоод өнгөрч билээ.

Гэтэл саяхан эртний анд маань нэлээд цөхрөнгүй царайтай уулзлаа. Түүний учир зовлон нь засаг хэн ялахаас үл хамааран Монголын төрд би болсон таагүй орчинтой холбоотой учраасхамтдаа ярилцмаар санагдаад байгаа юм.

Манайх сүүлийн хориод жилд засгийн эрх солигдох явцыг төр солигдох, төр байтугай улс солигдох мэтээр хандан ойлгож ирсэн. Ул нь сонгууль бол төрийн менежментийг шинэтгэж байгаа үйл явц шүү дээ. Монголын төрсүүлийн зуугаад жилд гурван удаа буюу 1911, 1921, 1990 оны хувьсгалиудаар солигдсон. Харин засгийн эрх Манжийн хаанаас Богдод, Богдоос Сюй Шүжэнд, Сюйгээс Баронд, Бароноос Богдод улмаар Бодоод, Бодоогоос Ринчинод, баруунтнаас зүүнтэнд, Ху намаас АН нам гэхчлэн олон арван удаа шилжиж иржээ.

Социализмын хүрээнд болсон бүхий засгийн эрх шилжилтүүд дарангуйлагч дэглэмээ сайжруулахад л чиглэж байсан. Харин 1990 оноос хойших засгийн эрх шилжилтүүд, ялангуяа МАХН (МАН болооч) давамгайлах тоолонд ардчилсан төрийн тогтолцоогоо хөгжүүлэх биш гацаах, болж өгвөл ухраахад чиглэж ирсэн.

Дэлхийн хамгийн хөгшин нам хэмээн Гиннесийн номд орсон МАХН (МАН болооч)-ынхан сүүлийн хориод жилдкоммунист туршлага, менежментээрээ л явж ирсэн. Коммунизмын ёс сурталд “засгийн эрх авмагцаа сөрөг хүчнийг, тэдний байгуулсан юмыг үртэсгүй болтол дарж авахаас ажлаа эхлэх”-ийг заадаг. 1990 оноос хойш ардчилсан хүчин гарч ирээд жаахан шинэчилдэг, “нөгөө” гайхал гарч ирэхээрээ хийсэн эхлүүлсэн болгоныг нь нураадаг. Даанч нийгэм нээлттэй болсон учраас хүнийг нь устгаж болдоггүй. Ийм учраас ажил албанаас нь зайлуулж, бизнесийг нь нурааж, хүнийхээ хувьд үгүй болтол дарамтална.

Манайд МАХН (МАН болооч)-аас өөр нам, улс төрийн ажил, тэрч бүү хэл төр барих туршлага байгаагүй юм хойно шинэ намууд түүнээс л суралцана. Ингээд удвал арга янз бүрийн нэртэй МАХН (МАН болооч, АН асан гэхчлэнгийн)-уудтай болох аюул бас байна. Монголыг хөгжүүлнэ гэвэл “өөрөөсөө бусдыг үл хүлцэх” үзлээс салах учиртай. Энэ үзлээс салахын тулд эх ундрагаас нь салах ёстой.

Энэ тэмцэлд хамгийн их хохирч байгаа юм бол үндэсний эдийн засаг ба үндэсний бизнес эрхлэгчид. Эрх авсан нам хамгийн түрүүнд өөрийн нөмөр нөөлөгт яваа хөрөнгөтнүүдээ өөд татахыг бодно. Ингэхийн тулд нөгөө талын хөрөнгөтнүүдийн уутыг гөвнө. Улаан цайм нам дагасангууд нь цагийн сайханд олсон юмаараа “сөрөг хүчний өвөл”-ийг давж онд орно. Үгүйдээ л “Намаар минь гадуурхаж аллаа. Таминь хараарай” хэмээн хашгирч чадна.

Харин мөрөөрөө яваа, жам ёсоороо хөгжихийг хүссэн бизнесмэнүүд үүнд хамгийн их өртөнө. Хамгийн их дарамтлуулна. Мөрөөрөө явсан бол эрүүл бизнесийг хөгжүүлж чадах олон сайхан хүн нам дагасан зам рууорж, улмаар хэцүү нэртийн хаалга татсан. Хувийн сонирхол ашиг завшаан хөөсөн буруутай нь үнэн боловч ихэнхдээ цаг үеийн золиос болсон үеийнхэн ажгуу.

Одоо эхэлсэн сэдэв рүүгээ эргээд оръё. Мань Батсүх 1990-ээд оноос хойш бизнес эрхэлж чамгүй ашиг олоод байж. Гэтэл 1990-ээд оны дундуур хотын захиргаанаас түүнд санал тавьжээ. Урт цагааныг “Худалдааны гудамж 2005” гэдэг төсөл хэрэгжүүлэх замаар нүүр царайг нь шинэтгэх гэж байна. Чи хөрөнгө гаргаж оролц” хэмээн ятгаж урьж. Манай хүн ч зөвшөөрөн ажилдаа орсон юм байна. Тэгээд одоо Хорго ресторон байгаа тэр хэсгийг гэрээгээр аван шинэчилж гарчээ. Барилга нь 1950-иад онд баригдсан монголын нийслэлийн ер нь л хамгийн урт байшин байсан тул “Урт цагаан” хэмээн нэрийджээ. Нэрийдсэн төдийгүй нийслэлд хамгийн урт барилга баригдсан түүхт явдлыг сануулж байгаа учраас архитектурыг өөрчлөхгүй гэж. Ингээд барилгыг дотор талаас нь буулган, гадар хананых ньдоогуур юм ивж байгаад суурийг нь хүртэл шинэчилжээ. Ингээд хагас тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг тухайн блокт оруулснаа баталгаажуулж хотын зүгээс батламж хүртэл өгсөн байгаа юм.

Яваа яваандаа мөнөөх Худалдааны гудамж “төсөл” маань ганц блокоос ахиагүй тул нэрийг нь солин Жуулчны гудамж болгосон гэдэг. Нүүдэлчдийн шийдэл мөн л дөө, юм барьж чадахгүй болохоор дэмий тэнэдэг газар болгож байгаа нь.

Ингээд Худалдааны гудамжны хөрөнгө оруулагчаас Жуулчлах гудамжны түрээслэгч болсон байна. Оруулсан хөрөнгөө яах нь байтугай, хөрөнгө оруулсан хэмжээгээрээ түрээсээ хөнгөлүүлэх хүсэлт нь талаар болжээ. Тэгвэл “үнэлсэн ёсоороо миний хөрөнгийг өгчихвөл зайлаад өгье” гэхээр бас явуулахгүй. Чи тийм амар бидний гараас гарна вий гэх янзтай.

Хэн л засаг авна тэр нь “Аанхаа, чи энд хоргодож суугаа бий вий” гэж харна. Нэг нь болохоор “Гончигдоржтой нийлээд байсан гэл үү, Тариатынхан аргагүй аргагүй”гэж хавчиж, нөгөөх нь “Бадамжунайн хамсаа гээ биз. Архангайнх юм чинь мэдээж шүү дээ” хэмээн зуусаар...

Тэр аль 1980-аад оноос социализмын “вакуум” дотор байхдаа өөрийнхөөрөө амьдрах эрх чөлөөг мөрөөдөж, мөрөөдөлдөө хүрэхийн тулд айхгүй тэмцэж ярьж, хувилж тарааж явсан.Тэр үед намын эсрэг агуулгатай юм бодсон, бичсэн, тэрийгээ тараасан хүнд одоогийн төрийн ордон руу гал нээж, бөмбөг булдаг эх орончдод ханддагаас хавьгүй чангаар хандаж, залхааж, амь насанд нь заналхийлдэг байлаа, монголын төр.

Социализм, хаалт хориг бүгд түүх болж, нам засаг ээлжилсээр. Харин тэр хүссэн эрх чөлөөндөө хүрээгүй хэвээр...