Монголоос төрсөн дэлхийн хэмжээний 35 тэрбумтан нэр ус хөрөнгөтэйгөө зарлагдлаа. Бас “HERO” сэтгүүлээс үндэсний хэмжээний 100  тэрбумтан зарласан байна.  Монголын үндэсний анхны тэрбумтнуудад бизнесмэн, банкир, үйлдвэрийн эзэн, наймаачин, улстөрчид багтжээ. Хэн орсон нь үнэндээ хамаа алга дэлхийд үнэлэгдсэн хөрөнгөтнүүдтэй болно гэдэг л сайхан.

Ардчилсан хувьсгалын  хамгийн том үр дүн бол Монгол Улс дэлхийд данстай тэрбумтнуудтай, үндэсний хэмжээний хөрөнгөтнүүдтэй  болсон явдал юм. Бас ч  олзуурхууштай нь баян хүнийг үзэх үзлийн хувьд  гэрэл гэгээтэй хөрс суурь бий болжээ. Хэвлэл мэдээллийнхэн, ард иргэд ч хөрөнгөтнүүдийнхээ нэрийг уншаад “олигархиуд”, ”хулгайчууд” ,“муусайн баячууд”, ”хөрөнгийг нь хураа” хэмээн харааж зүхдэг байсан нь багасч хүндэтгэл үзүүлж байна. Үндэсний хэмжээний хөрөнгөтнүүд бол ардчилсан нийгмийн үнэт зүйл төдийгүй манай баялаг.  Мексик улс 1990 оны хувьсгалын  өмнө хөрөнгөтөнгүй байснаа одоо дэлхийд тэргүүлэх хөрөнгөтөн төрсөнд  бахархдаг. Мексикийн бахархал юу вэ гэж ард түмнээс нь асуухад “СЛИМ” гэж хариулдаг болсон гэнэ. Хур хөрөнгөтэй америк тэрбумтнуудаа  үнэт баялаг  гэж үздэг.   Баян, хоосны ялгаа ихэсч байна гэж улиг болтол үглэх юм. Үнэндээ бол хөрөнгөт нийгэм байгуулах гэж баян, хоосны ялгаа гаргах гэж энэ замыг сонгосон. Монгол Улс  эртний түүхээсээ хөрөнгөгүй, хэдэн мал туусан, гуйлгачин явор ядуу улс орон байгаагүй юм билээ. Үндэснийхээ хөрөнгөтнүүдийг, угсаа гарвал сайтай ноёд хаадуудаа бичиж  магтаж болдоггүй тийм  харгис хатуу цагийг бид туулсан. Манай түүхийн аль ч үед  хөрөнгөтэй, чадал чинээ сайтай баячууд байсан. Хөрөнгө чинээ сайтай хүмүүсийн тоонд хаад ноёд, харц ард, лам хуврагууд  ер нь нийгмийн бүх давхаргууд багтана. Хур хөрөнгөтэй  угсаа өндөртэй  ноёд Бээжинд  өөрийн өмч 30 му газартай, газар тариалан эрхэлдэг байсан нь түүхэнд үлджээ.  Бас тэр үед  “Сингапур”, “Арслан”, Солонгос “Гуулин” улсаар панз хийж,  хоолны газар ажиллуулж, сайн хийцийн усан онгоц худалдаж авдаг нь  монголчууд байсан түүх байна. Ямар ч байсан монголчууд хөрөнгөтэй баяд ноёдоо шүтэн хүндэлж

“Даадай даадай тэрэг нь болбол
Далан гүвээ даваад ирлээ
Дархан Чин ван Бээжинд яамлаад
Даахгүй их торготой ирвээ хөө” гэж дуулж байсан байна шүү. 1921 оноос өмнө байсан ганзагын наймаачин тэр үеийнхээр бол  захын жинчид гэхэд л
Алтанчиг хоёр бугуйвчийг нь
“Арслан хот”-ын урчуудаар сийлүүлэх хөрөнгөтэй л байж дээ. Харин монголчуудыг түүхнээсээ ядуу улс байсан мэтээр харагдуулахын тулд  Ардын хувьсгалаас урьдах Монголыг бөөстэй, хуурстай өр зээлэнд баригдсан ядуугийн туйл улс орон байсан мэтээр бичиж коммунист түүхчид 100 жил бидний тархийг угаасан юм. Ер нь  эзэн хаад маань  ямар хөрөнгөтэй байсан нь бүү мэд. Урд  улсыг эзлээд тэрэгнийхээ ачааг торгоор татаж ирж байсан гэхэд үндэсний баячуудын уламжлалгүй гэж хэн хэлэх юм бэ. Богд хааны жасын хөрөнгө  нийт малын 25 хувьтай тэнцэж байсан, ”Дархан вангийн хөрөнгө их үү,  Дашинхугийн пүүсийн ембүү их үү“ гэж тэр үеийн харьцуулсан үг байсныг уншсан ч өвөг дээдэс минь гуйлгачин байгаагүй.  Дашинхүгийн пүүсийн ембүүг зэрэгцүүлээд өрөхөд Бээжин хүрнэ гэж тоолж байжээ.  Дайны зардлыг  санхүүжүүлэх хөрөнгөтэй байж л өөр улс орныг дайлаар морддог эзэлдэг юм байгаа биз дээ. Монголын хаан цэргээ тэжээж дийлэхгүй ядуу  байсан бол юун дайн хийх манатай. Тэгэхээр Монгол орныг 1921 он хүртэлх түүхэн хугацаанд ямар хөрөнгөтэй, баячуудтай байсан талаар судалгаа алга байна. Харин өр зээлэнд баригдсан ядуу гуйлгачин орныг 1921 онд ЗХУ, МАХН хоёр авч хөгжүүлсэн талаархи худал түүхтэй алийн болгон эвлэрэх юм бэ. Коммунист түүхчид улс орноо ядуу байсан гэж бичихгүй бол болохгүй. Хөрөнгийн эздийг нь бүгдийг нь алчихсан юм чинь, ядуу л байсан гэж мэлзэхгүй бол болохгүй. Аягүй бол хүний амин дээр хөрөнгө нэмж хойч үе нэхнэ. 1990 он гэхэд   дээр, дооргүй хөрөнгөгүй нэг гараанаас эхэлсэн. Одоо л ялгарал үүсч үндэсний хөрөнгөтнүүд бий болсон нь энэ. Тэгэхээр хөрөнгөлөг хүмүүсээ  хамгаалж тэднийгээ бараадан улсаа хөгжүүлэх цаг болсон. Өмчийн эзэн хөрөнгөтэй хүний өмчийг хамгаалах хуулийг чангатгах шаардлага бий болов.  Хөрөнгийн нэр төрийг нь хамагаалах хууль гаргахгүй бол сүүлийн үед өмч хөрөнгөтэй улсыг хараах зүхэх, өмчид нь халдсан этгээдүүдийг өөгшүүлэх уриалах явдал газар аваад байна. Тэр ч байтугай манай толгой  хөрөнгөтнүүдийг гадаадын тусгай албад нэг нэгээр нь түүж агнаж байж болзошгүй мэдээ байна. Ер нь цаашдаа ч Монгол Улсыг тооны хувьд тийм ч олонгүй “томоохон баячууд” авч явна гэдэгтэй эвлэрэхээс өөр аргагүй. Юм л бол хөрөнгөтэй нэгийгээ олигархи гэж ад үзнэ. Уг нь олигархи гэдэг үг сайн үг юм билээ. Худалдаа, банкны капиталыг ихээр хуримтлуулсан хувь хүнийг олигархи гэж францчууд нэрлэдэг байжээ. Харин Орос, манай хоёрт энэ үг хулгайч гэдэгтэй адил дуудагдах болжээ. Улам олон олигархиудтай болох болтугай. Бас тэднийгээ ад үзэлгүй, хамгаалах тэднээрээ бахархах  цаг ирсэн.