Мангёндэг үзэв

Үдээс хойш Мөнхийн Ерөнхийлөгчийн төрсөн гэрийг үзнэ. Мангёндэ бол БНАСАУ-ын мөнхийн Ерөнхийлөгч Ким Ил Суны төрсөн газар. Пенъяны хажууханд байдаг. Мангёндэ хүрэх замыг сайтар арчилдаг нь харваас илт. Удирдагчийнхаа төрсөн гэрийг цэцэрлэгт хүрээлэн болгожээ. Цэцэрлэгийн хашааны үүдэнд буугаад, олон зуун цэрэг жагсан ирж, дурсгалт газартай танилцаж байхтай таарав. Шинэ цэрэг гэдэг нь андашгүй, нөгөө хуучны яриагаар “шил толь шиг гялалзаж” байна.

Бид цэргүүдийн хамт өгсөж их удирдагчийн төрсөн гэрийн гадаа очлоо. Дундаа цементэлсэн талбай бүхий өөдөөсөө харсан Солонгос маягийн хоёр байшин. Ерөнхийдөө хавчигдуу өргөөшөө 4 мерт орчим гэж багцаалав, уртаашаа 15-16 метр хэрийн олон тасалгаатай байшин байна. Нэг сууцанд өөрсдөө суудаг, нөгөө сууцанд гал тогоо, цагариглан ороосон тамхины ургамал болон таримлаа хадгалах агуулах, ногоо дарах том ваар бүхий өрөө, анжис тэргүүтэн багаж хэрэгслийг нь тавьсан агуулах байна. Багавтар газарт тариалан эрхэлж, тамхины ургамал ч тарьж, борлуулж амьдралаа залгуулдаг байж. Чухам иймээс Умардад тамхийг ад үздэггүй бололтой. Сүрхий ажилч аж ахуйч хүмүүс байсан бололтой.

Дээр нь тун сайн арчилж хадгалдаг нь илт. Зуугаад жилийн өмнөх тариачны багаж хэрэгсэл бүрэн бүтнээрээ байна. Байшин дотор оруулдаггүй агаад хязгаарласан шугамын араас үзнэ. Зузаан сүрлэн дээвэртэй, цаасан цонхтой байшингуудын бүх хаалгыг цэлийтэл нээжээ. Хананд нь Ким Ил Сун даргын гэр бүлийнхний хөрөг зургуудыг өлгөжээ. Ким Ил Сун удирдагчийнх гэр бүлээрээ тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд оролцож, бас эрсдэж явсан түүхтэй ажээ. Хориод наснаас Японы колоничлолыг эсэргүүцсэн тусгаар тогтнолын тэмцэлд нэгдэж, хавчигдан мөрдөгдөж, Манжуурт цагаачлан гарч, Оросод очиж төрсөн гэрээсээ алс урт удаан хугацаанд тэмцсэний эцэст гал голомтондоо ялагчийн хувиар ирсэн гэр бүлийн түүхийг энд өгүүлдэг. Энэ байшингийн зургийг 1000 воны дэвсгэртэд хэвлэсэн байв.

Тайлбарлагч нь Оросоор тун гайхалтай ярьж байна. Төрсөн гэрийн зочин ойрхон байдаг худгаас ус ууна. Энэ худгийг удирдагчийн өвөө гаргажээ. Зочдод ус уулгах зориулалттай Солонгосын үндэсний ваарны уг хэлбэр болсон (хоёр цүдгэр бүхий, урт нарийн хоолойтой байдаг) хулсархуу жимсний голоор нь цуулсан ясыг царан дээр олноор нь тавьсан байна. Хамт яваа орчуулагч ус татаж өгсөнд “Би өөрөө ус татаж ууя, болох уу? гэсэнд дуртай зөвшөөрөв. Жижгэвтэр ховоогоор ус татаж, нэг аягыг уулаа. “Та дахиад уу” гэж найр тавина. Сайхан устай худаг юм. СМТА-ын гадаад харилцааны дарга “Монгол ус багатай биз?” гэж асуулаа. “Ус багатай ч манай голууд яг энэ худгийнх шиг гайхалтай цэвэр цэнгэг устай” гэж хариулав.

“Энэ уснаас уувал жанжин болно гэж ярьдаг, Монголчууд ирэхээрээ тав зургаан аягыг уугаад, би жанжин болно оо гэж хашгирдаг юм” гэж орчуулагч залуу хэлэв. Би “Монголчуудад бага уулгаарай, цаадуул чинь заяаны жанжин, их уувал дайн хийж мэднэ” гэж хошигнов. Тэр зуур СМТА-ын сурвалжлагч товч ярилцлага авахыг хүслээ.

“Дөрвөн үеэрээ тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэгч гэр бүлийн дурсгалыг ийнхүү хүндэтгэж байгаа нь сайхан санагдаж байна. Бидний түүх ч нэгэн сэжмээр холбоотой. Монголчууд 1939 онд Халхын голд, 1945 онд чөлөөлөх дайнаар Квантуны армийг  бутцохисон. Манай арми Манжуур, Өвөр Монголыг чөлөөлж байхад Солонгосын ард түмэн эрх чөлөөгөө олж байлаа. Манай улсад ч жанжныхаа гэрийн буурийг ингэж арчилдаг. Удирдагчийн төрсөн дурсгалт газар ирсэндээ тун их баяртай байна” гэлээ. Өнгөрсөн 100 жилд манай улс ч бахархах түүхийг бүтээжээ. Дотроо бид нэгнээ янз бүрээр л шүүмжилдэг ч гадаадад очиход түүхээрээ бахархах сэтгэл эрхгүй төрөх юм байна шүү.

Дурсгалын зургаа татуулаад хөдлөв. Маргааш нь СХН-ын Төв хэвлэл “Нодон синмун” сонинд энэ тухай зурагтай сурвалжлага гарчээ. Сонин гэснээс хамгийн эхний өдөр “МонЦаМэ” агентлагийн дарга айлчлахаар хүрэлцэн ирлээ гэсэн хоёр өгүүлбэртэй мэдээ бүхий шүдэнзний хайрцгийн хэмжээтэй зураг сонины арын нүүрний хамгийн доод буланд гарсан байв. Миний мэдээний урд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төөлөгчид ирсэн гэсэн тайлбартай зураг, Европын холбооны парламентын төлөөлөгчид ирлээ гэсэн тайлбартай зураг гарсан байв. Би хошигнож, “Залруулга шиг аятайхан дэглэжээ” гэвэл Д.Энхсайхан “Нодон синмунд” гарах нь өөрөө их том ач холбогдол өгсөн гэсэн үг шүү, тэр байтугай таных мэдээтэй юм байна гэж догиов.

Ойлголгүй яах вэ, коммунист дэглэмтэй улсын нам засгийн төв хэвлэлд гарах тийм амар биш, бид ч мэддэг юм биш, үг бүр зураг бүр, бүр цэг таслал ч ач холбогдол илэрхийлдэг. Хуучнаар манай “Үнэн” сонинд гарахын дайны ховор завшаан. Манийхаа зургийг мэдээтэй гаргахыг бодоход манай СМТА-ийнхан л нөлөөгөөрөө түрснийх байх. Түүнээс нөгөөдүүл маань өндөр хэмжээнийх байлгүй яах вэ?

Хожим би онгоцны буудал руу буцах замдаа “Ахиад ганцхан хонодог байж” гэж наргиад авав. Орчуулагч залуу гайхаж “Яагаад?” гэж байна. “Үгүй яахав дээ, би дөрөв хонохдоо дөрвөн удаа “Нодон синмун”-д гарлаа. Хамгийн арын нүүрнээс эхлээд урагш зүтгэсээр байгаад Нам даргатай уулзахдаа хоёрдугаар нүүрэнд гарсан юмсан, ахиад нэг хоносон бол нэгдүгээр нүүрэнд залрахгүй юу?” гэвэл их инээж байна. Нэгдүгээр нүүр бол удирдагчийнх, бас тэргүүн өгүүллийн нүүр тул гадныхан гарна гэж байхгүй л дээ.

Хүүхдийн урлагийн ордонд зочлов


Мангёндэгээс буцах замдаа Хүүхдийн урлагийн ордонд зочлов. Хойд Солонгосын хүүхдийн урлагийн тоглолт гэж гайхалтайг манайхан бүгд мэднэ дээ. Бэлгийн музей үзэхээр урд өдөр явах замд том боржин чулуун байгууламж байхыг хараад “Энэ юу вэ?” гэвэл “Хүүхдийн урлагийн ордон, маргааш та үзнэ” гэж хэлсэн.

Ордны өмнөх том хүрэл хөшөө бүхий цэлгэр талбайд буугаад орлоо. Нэг багшийг хөтчөөр томилов. Уг нь урд өдөр нь энд ирэх байсан авч долоо хоногт ганц удаа пүрэв гарагт нэгдсэн тоглолтой байдгаас нэг өдрөөр хойшлуулсан юмсанжээ. Тоглолт хүртэл завтай тул хүүхдийн ордны дугуйлангуудтай танилцав.

Эхлээд гимнастикийн дугуйлангаар оров. Гайхалтай бүтэн үзүүлбэр тоглож байна. “Хүүхдүүд гимнастикаар хэдэн жил хичээллэж байгаа вэ?” гэж асуувал “Хагас жил болж байна” гэв. Багшийн ширээн дээр бага оврын тоглуулагч байх агаад дууг нь эцэст хүртэл чангалж байгаад сурагчдаа бүжиглүүлэв. Дараа нь Солонгос зургийн дугуйланд орлоо. Арваад насны хөвгүүн нэгэн цэцгийг хичээнгүйлэн зурна. Бийр, будаг, цаас, шаазан янтай нь бүгд үндэсний хэв маягтай. Тэндээс европ зургийн дугуйланд орвол танхимын хоймроор дүүрэн гипсэн баримал өрж, олонталаас нь гэрэл тусгасан байх ба хүүхдүүд тойрч суугаад балын харандаагаар хар зураг зурж байв. 

Төгөлдөр хуурын дугуйланд ормогц долоо наймтай болов уу гэмээр жаахан биетэй бяцхан охин ухасхийн босоод төгөлдөр хуураар ямар нэгэн ритмтэй, хүнд ая тоглож гарав. Гайхалтай нь тэр жаахан охин өмнөх нотоо харахгүй, нэг бол даралт руугаа эсвэл багш руугаа хараад байх аж. Тэр бүрийд багш нь толгой дохин урамшуулна. Ганц ч алдаа хийсэнгүй, ийм айхтар тоглох гэж... Пүрэв гарагт л гадаадынхныг ордонтой танилцуулдаг тул зочин олонтой байв. Хүүхдүүд нэг зочин орж ирэхэд л босч үзүүлбэр үзүүлсээр ядарсан мэт харагдсан тул “Намайг орвол заавал үзүүлбэр үзүүлэх хэрэггүй гэж багшид нь хэлж өгнө үү” гэж дагуулж яваа хүнээсээ хичээнгүйлэн гуйв.

Тэндээс “го” даамны дугуйланд орлоо. СМТА-ийн гэрэл зургийн сурвалжлагч намайг тоглож байгаа зургаа авахуулахыг хүсэв. Би орохдоо “Өө, “го даамны дугуйлан байна” гэж хэлснээс намайг тоглодог гэж бодов бололтой. Би япон судлаач Д.Төмөрбаатар эрхмээс л даамны тухай сонсож байснаас цаашгүй тул мэдэхгүйгээ хэллээ. Гэтэл хамаагүй ээ, та тоглож байгаа мэт зургаа авахуулаач гэж гуйв. “Одоо зөвшөөрөхгүй бол балетын дугуйланд зураг авч балрах байх” гэж наргиад нэг их сүрхий тоглож буй дүртэй зураг татуулав. Гэтэл дараагийнх нь яг бүжгийн дугуйлан байж таарч бид хэсэг инээлдэв. Тэндээс компьютерийн дугуйланд орлоо. Хүүхэд бол хүүхэд. Багш нь самбарт хэрэглээний программ ашиглах тухай бөөн хүснэгт, график зураад хичээнгүйлэн тайлбарлах ба хүүхдүүд нь тоглоом тоглонгоо их анхаарч буй царай гарган үе үе багш руугаа хяламхийх ажээ. Багшийгаа ойртоод ирмэгц гялс тоглоомоо хааж, хичээлээ дэлгэцнээ гаргах нь их сурцтай.

Ардын хөгжмийн дугуйланд бяцхан охин ардын дуу дуулж байхад явж ороод вандан сандалд сууж үзлээ. Нэгэн европ авгай дагалтын хамт үзэж байх ажээ. НҮБ-ын аль нэг  байгууллагын ажилтан гэнэ. Цангинасан хоолойгоор микрофонгүй дуулагч хүүхдийн дуу найралд хөгжимд ч дарагдахгүй. Хөгжим тоглож буй хүүхдүүд дууны аяыг даган эгээ л хашир хөгжимчин мэт, тогтсон хөдөлгөөнөөр нэгэн зэрэг найгах нь их урлагтай. Энэ бол манай хүүхдийн ордон агаад сурагчид чөлөөт цагаараа дугуйланд хамрагдаж, авъяас чадвараа нээдэг газар.

Найрал дууны дугуйланд орвол ахлах ангийн охид тавимал хоолойгоор нэгэн дууг дуулав. Хэзээ язааны дуучин шиг тавимал хоолойгоор тун гайхалтай дуулах ч хүүхэд ингэж дуулах бас тийм ч сайхан санагдахгүй юм гээч. Тэгээд үзье гэсээр хатгамлын дугуйланд оров. Зургаа долоотой ширээнийхээ цаанаас цухуйхгүй шахам өхөөрдөм бяцхан охид ихэд хичээн хатгамал хатгаж суув. Умардын алдарт хатгамлыг мэдэхгүй хүн манайд цөөн. Харин хатгамалчдыг бүр багаас нь бэлтгэдэг агаад жил бүр уралдаан зохиож тэргүүлсэн, авъяастай охидыг энэ чиглэлээр нь улам дэмжин сургаж авдаг ажээ. Сургалтын хөтөлбөр нь боловсронгуй болж, дүрсийг дараалалтай хатгаж сургадаг ажээ. Бяцхан охид улаан хошуут шар ангаахай, таван хошуу зэрэг “хялбар” дүрсийг торгон утсаар хатгана. Өмнө нь нэгэн жигд урттай олон арван өнгийн утсыг бяцхан өлгүүрт бэлтгэн тавьжээ. Хатгамал хийдэг даавуу нь хүртэл шил шиг гэрэлтдэг капрон даавуу, хатгамал аль талаасаа ч харсан өөгүй адилхан байх ёстой. Үндэсний хувцастай багш эмэгтэй чимээгүйхэн алхангаа сурагчдынхаа алдааг шивнэн хэлж засна.

Тэгтэл ч цаг болсон тул хүүхдийн ордны танхимд орж концерт үзэв. Концерт бол ярилтгүй. Хамгийн гол тайз засалт, гэрэлтүүлэг, концертын найруулгыг “За яахав дээ, хүүхдийнх л юм чинь” гэлгүйгээр маш өндөр түвшинд хийжээ. Муу утсаараа зураг авч бичлэг хийтэл тайзны гэрэлд цохигдоод мэлийсэн юм л гарах юм. Баян хуураар хоорондоо “ярьж”, дэгдээхэй шиг бяцхан охин бүхий л төрлийн цохилуур хөгжмөөр тоглож, жаахан хүүхдүүд роликтойгоо үзэгчдийн урдуур гялзалзан гулсаж ирээд хамтдаа бүжиглэж байна. Бас эрхийгээ гозойлгон нэгэн дууг хоороор дуулахад үзэгчид ихэд уухайлан алга ташихын учрыг асуувал “Ун дарга сайн” гэдэг дуу ажээ. Ун дарга албаа аваад улсынхаа бүх хүүхдэд ролик бэлэглэсэн гэнэ. Тиймээс тоглолтод роликтой номер ордог бололтой. Пенъяны сурагчдыг ангиар нь нэгдсэн журмаар авчирч концерт үзүүлдэг юм байна. Тоглолтын дараа хүүхдүүдэд цэцэг өгөх үүрэг хүлээв. Эгдүүтэй гэж...

Хэдэн жилийн өмнө БНХАУ-д намын айлчлал хийж байхад Хятадын хүүхдийн циркийн акробатын гайхамшигтай тоглолт үзсэнээс хойш хүүхдийн ийм тоглолт үзээгүй юм. Тэгэхэд циркийн тоглолтын бичлэг гэж үүднээс нь нэг CD авснаа гэртээ ирээд үзтэл томчуудын тоглолт болж таарсан. Хятадууд бичлэг, зураг авахыг хориглосон, бас “хүүхдийн хүнд хөдөлмөр” циркийн тоглолтоо рекламдахыг бодоогүй. Гэхдээ хүүхдийн авъяас чадварыг ингэтэл нээх нь хүнд хөдөлмөр үү, эсвэл хүүхдэд тустай үйл үү? Гарах замд тоглолтын сайхныг магтаж явтал тайлбарлагч багш “Манай хүүхдийн ордны сурагчид Монголд тоглолт хийхэд би хамт явсан” гээд “Та тэгэхэд үзсэн үү?” гэж асуулаа. Би мэдээ ч үгүй өнгөрсөнөө нуусангүй, реклам гэж нэг юм сайн хийхгүй бол олж үзэхэд хэцүү дээ л гэлээ.

Тэндээс олон дахин ашиглах сансрын хөлгийн том макет бүхий уудам танхимаар дамжин хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн үзэв. Хүсвэл бүтээлээс нь худалдан авч болно. Хүүхдэд зориулагдах тул 30 еврогоор жижигхэн хэмжээтэй цэцгийн хатгамал авлаа. Чүчегийн 94 оны төгсөгч, бас уралдааны шагналт хүүхдийн бүтээл гэнэ. Түүнийгээ хатгамал дээрээ оёчихож. Охиндоо бэлэгтэй боллоо. Бас хүүхдийн ордны тоглолтын бичлэг 20 еврогоор авснаа Монгол ирээд “25 дугаар суваг” телевизэд өгч гаргахыг хүсэв. Хүүхдийн бүтээлд ямар үзэл суртал байх биш, манай хүүхдүүд ч үзэг, авъяас чадвараа хөгжүүлэхэд нь урам болог гэж бодсоных. Маш том цэвэрхэн хаш чулуугаар гоёмсог сийлбэртэй гүц, дийзтэй аяга урлаад тавьчихаж. 180 ам.долларын үнэтэй гэнэ. Манайд бол ийм чулуугаар хөөрөг л хийнэ дээ, хэдэн саяын үнэ хүргэх байх.

Хүүхдийн ордонг боржин чулуугаар барьсан, уудам саруул танхимтай, дотоод заслыг байгалийн чулуугаар гоёмсог хийжээ. 1980-аад оны дундуур бидний сурагч ахуйд “Бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн уриа цуурайтаж, хүүхдийн авъяас чадварыг нээхэд ихэд анхаарч байсан тэр цаг санаанд орж байна. Хүүхдийн урлагийн ордноос гарч явахад цагаан цамц, цэнхэр өмд, юбкатай багачуул жагсаалаар пионерийн дуугаа дуулан тарж явахыг хараад жаргалтай хүүхэд нас минь санаанд оров. Дашрамд дурдахад Умардын дунд сургуулийн гадаад хэлний хичээлээр англи хэл заадаг юм билээ.

Умардын метро

Маркийн музей үзэх хөтөлбөрт өөрчлөлт орж, Пенъяны метро үзүүлэх болов. Гадаадын хүнд метрогоо тун ховор үзүүлдэг ажээ. Ерөнхийдөө Москвагийн метротой төстэй. Доош ордог урсдаг шатны амсарт байрлуулсан автоматад карт уншуулаад орлоо. Цав цагаан хүнхэр хүзүүвчээр доош урсах зуур гүнийг багцаалахыг оролдов. 80-100 метр гүн байх, Москвагийнхаас арай давчуу юм, өгсөх уруудах шатны дунд гэрэл, бас жижиг чанга яригчуудыг байрлуулжээ. Яагаад их гүн байгааг сонирхоод “Бид дайны байдалд байгаа,  иргэд метронд хоргодох боломжтой” гэсэн хариу сонсов. Ийм болохоор л гадныхныг оруулах дургүй байдаг байх нь.

Зөвлөлтийн аугаа их эх орны дайны туршлага сургамжуудыг сайтар судлажээ. Фашистууд  бөмбөгдөж байхад Москвагийн метронд Октябрийн ойн баярын хурал болж байсан биз дээ? Пенъяны төв замууд яагаад өргөн байгааг асуувал “Нисэх онгоцны нөөц буудал болгон ашиглах боломжтой” гэсэн хариу сонсоно. Метроны танхимд орвол байгалийн чулуугаар доторлосон байна. Энд хэзээ ч хиймэл чулуу, дуураймал чулуу ашиглахгүй. Эдийн засаг хямарсан бол хямд үнэтэй орлуулагч ашиглах ёстой гэж бид ойлгодог бол энд даан ч тийм юм алга. Гэхдээ энэ бол үрэлгэн байдал биш гэдэг нь ойлгомжтой. Вагонаа германаас авдаг, Москвагийнхтай адил бас нэг юм нь дуу чимээ.

Бид “Ялалт” буудлаас вагонд суусан, буудлын дотоод заслыг хийхдээ хүнхэр хана даган өгссөн нарийхан цагаан гэрлүүдийг таазнаас унжиж буй олон өнгөт бүрхүүлд хүргэн зохиомжилсон нь салют буудаж буй мэт харагдах ажээ. Метроны вагоны цаад хананд чулуун шигтгэмэл зураг харагдана. Дээврийг чулуун сийлбэртэй нүсэр багануудаар тулжээ.

Пенъян хотыг диогнальдсан хоёр шугам байдаг ба дундаа нэг зөрлөгтэй. Вагонд суувал цэвэрхэн, мебель доторлогоотой юм. Хүн цөөтэй байлаа. Дамждаг хаалганы дээр хоёр удирдагчийн жижиг хөргийг байрлуулжээ. Бид хоёр буудал яваад яг “Корё” зочид буудлын ар талаас гараад ирэв. Метрогоор явсан замыг бид машинаар 10 орчим минут тойрч туулсан багцаа байна. Метро яалт ч үгүй шуурхай тээврийн хэрэгсэл аж. Үнэ нь хямдхан агаад тээврийн хөлсний гуравны хоёрыг улсаас төлдөг гэнэ.

7 дугаар сарын 19

Бороо зогссон ч бүрхэг хэвээр. Яаралтгүй 10 цагийн орчим гараад намын дурсгалын хөшөөнд очив. Хэлбэр загвар нь манай Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөрхүү. Алх, хадуур, бийр барьсан гурван гар, түүнийг тойруулан бөгжилсөн чулуун тойрог. Энэ хөшөөний зургийг та бүхэн олонтаа үзсэн байх. Интернеээр хайвал тайлбар нь байгаа учраас нуршихаас тойрч, тэр бүр хүн үзэхгүйг анхаарсан нь зөв байх.

Ил даргын үед намын ойд зориулан босгожээ. Ким Жон Ун удирдагч энэ хөшөөний орчим олон мянган мод бут авчирч суулгахыг үүрэгдсэнээр ногоон цэцэрлэг бий болж байна. Энэ хөшөөнөөс цанх баруун тийш харахад алсад хоёр удирдагчийн хөшөө үзэгдэнэ.

Хөшөөг тайлбарлуулсны дараа яг ар талд нь байх үзэсгэлэнгийн танхимд оров. Намын үйл хэрэг, өнөөгийн байдлыг харуулсан фото зургийн үзэсгэлэн, зурмал зургийн танхим, бас намын үйл хэрэгтэй холбоотой номын худалдаа байна. Алдартай зураачдын зурсан гайхалтай бүтээлүүд нь сэтгэл татаж, хараа булаана.
Үзэсгэлэнг үзээд нэг давхарт бууж нэгэн бяцхан цайны газарт тухлав. Хүн орхоодойтой ховор цай захиж хүлээх зууртаа “Мурамбон” хамтлагийн тухай яриа үүсгэлээ. Гэтэл цайны газрын үйлчлэгч эмэгтэй тус хамтлагийг төрүүлсэн чуулгын бүжигчин байсан хүн болж таарав.

Тэрээр “Мурамбон” болон өөрийн чуулгын тухай алдартай дуучид, бүжигчдийн тоглолтыг тайлбарлан ярьж, CD-нүүдийг нь үзүүлэв. Цай уугаад талархаад гарав. Гармагцаа Монголд очоод үзэх “Мурбамбон”-ы тоглолтын бичлэг авах хүсэлтэй байгаагаа хэлэв. Агентлагаас томилсон бүсгүй зааж, хотын төвийн нэгэн байшингийн араар оров. Хотын өнгөн хэсэг нь гял цал, ард тал нь асуудалтай байдаг, харин энд тийм юм алга. Хүүхдүүд шуугилдаж, хөгшид саравчинд цуглан хуучилж, эхчүүл нялхыгаа салхилуулан хөхүүлж суух ажээ.

Нэгэн байрны арын шатаар өгсөж орвол хоёрдугаар давхарт дагуулан гарлаа. Хаалгаар ортол CD шоп байх ажээ. Дан Умардын кино, тоглолтын бичлэг, алдарт дуучдын цомог байна. Тэнд “Хонгильдон”, “Тушаал №27”, “Цэцэг худалдагч бүсгүй” зэрэг багадаа үзэж байсан киноны DVD-г харлаа. “Мурамбон” хамтлагийн хоёр ч тоглолт байснаас алийг сонговол дээр талаар Солонгосчуудаас асуувал, өнгөрсөн оны шинэ жилийн гала концерт хамгийн сайн нь гэж зөвлөлөө. Бас нэг байлдаантай кино худалдан авлаа. “Вольми арал” ч билүү дээ нэр нь, 25-ынханд өгсөн, гаргасан байх.

“Мансүдэ” урлагийн үзэсгэлэн

Энд Солонгосын алдартай уран бүтээлчдийн бүтээлийг худалддаг. Хатгамалын яг оригийг эндээс нэлээд үнэтэй худалдан авч болно. Үүнээс арай бага үнэтэй хатгамал зардаг худалдаагаар бас оруулсан. Харьцуулж үзэхэд ур хийцээр хамаагүй тааруу байсан. Манайхан оригийг биш арай хямдыг авчирч худалддаг бололтой.

Умардад олонтаа ирдэг манай бизнес, улстөрийнхөн гэр бүлийнхээ гэрэл зургийг авчраад хатгамал болгож авдаг ажээ. Ямар ч гэрэл зураг авчирсан хатгамалаар тун гайхалтай урлах юм. Урлагийн үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдийн дэргэд хэн гэдэг уран бүтээлч урласан, тэрхүү уран бүтээлч ямар гавъяа шагнал хүртсэн талаарх самбар байрлуулжээ. Нэг их олон хатгамал алга, гуч орчим л байсан. Би харж явсаар дунд зэргийн хэмжээтэй барын хатгамал авав. Манай хөвгүүд бар жилтэй юм л даа. Д.Энхсайхан энд Монголын төлөөлөгчдийг даган олонтаа ирж сонголт хийхэд нь тусладаг тул тэр нүүрээрээ 25 хувийн хямдралтай авч өглөө. Ингээд албан хэсгээ дуусгая. Миний албан ёсоор үзсэн, зарим хүний хардлагаар бол “үзүүлсэн” газрууд энэ.

Аялагчдад зориулах нь

Одоо энгийн ярианд шилжих үү? Хойд Солонгост жуулчилсан хүмүүс эндээс юу авч болох талаар ахуйн шинжтэй “зөвлөгөө” өгье л дөө. Гэхдээ би эрэгтэй хүн, дэлгүүр хоршоо хэсэх талаар тааруухан гэдгийг бодолцоорой.

Хамгийн үнэт зүйл бол торгон хатгамал болохыг та бүхэн мэдэж байгаа. Хугацаа байвал захиалгаар хослол оёулж болно. Захивал Умардад цагаан хаш их элбэг бололтой, хийсэн зүйсийг харвал ч мөн ч сайхан хөөрөг болох чулуудаар мөн ч “дэмий юм” хийсэн байна билээ дээ. “Кумдан” эмийг бол вагонаар нь зөөж байгаа. Бас цус шингэлэгч гэж нэг эм гарчээ. Байгалийн гаралтай, нэг хайрцаг нь 30 доллар. Курсээр бол гурвыг авах ёстой. Бие тэнхэрч, зүрх судасны элдэв өвчнөөс сэргийлдэг бололтой юм, хамгийн гол нь үүнийг хэрэглэснээр толгой янзтай ажилладаг гэж манайхан л ярих юм билээ шүү. Бидэн шиг идсэн өөх тосоо архиар задлах гээд элгээ сүйтгэдэг хүмүүст хэрэгтэй л эд бололтой. Манай нэг эмийн компани импортолдог л юм билээ. Бас нэг 10 тонноос шилсэн 100 грамм мөөгөөр хийдэг ханд гарсан гэж байсан, би нарийн тогтоосонгүй. Ерөнхийдөө эмийн чанартай ардын уламжлал, судалгаанд тулгуурласан иймэрхүү бүтээгдэхүүн л авмаар юм билээ.

Дотроо могойтой архи байна. Тос амтагдсан, 60 градусын овоо хатуу эд билээ дээ. 30 градусын сөжү авч болно. Бас бар, баавгайн зурагтай бальзамууд байдаг. Өтгөрүүлж, хандалсан архи гэсэн үг. Дээр нь архи нэмээд эмчилгээний зориулалтаар уувал үе мөчинд сайн гэсэн тайлбартай. Коммунист системд хулхидах аюулгүй учраас бальзамын үйлчилгээнд эргэлзэх зүйл байхгүй. Анхааруулахад архи дарсаа ачаандаа хийхдээ амсрыг нь давхар битүүлж боохгүй бол бөглөө таглаа нь тааруу. Хямд үнэтэй газар хайх хэрэггүй, угаасаа хатуу үнийн системтэй тул хаана ч адилхан үнэтэй. Гэхдээ бас наануу цаануутай яриа хөөрөөтэй газрууд байдаг ч гадаадынхны хөлтэй газруудаас авлаа ч хямдхан талдаа.

Хоолны хувьд гадаадынхныг буулгадаг “Корё”, “Янгакдо” буудлын ресторанууд давгүй. “Пенъян” зочид буудлын 6 давхарын ресторан бас зүгээр. Бас нэг Япон хоолны газарт орсон, тэнд гэж заахад хэцүү юм. Хамгийн сүүлийн өдөр Умардын сайдууд хооллодог нэг газар орсон. Яг телевизийн цамхагийн нь баруун хойд дор байсан. Дөрвөн өдөр болохдоо орсон дөрвөн газар л энэ, хоол сайтай. Нэг хятад ресторан байдаг ч хоолны чанар тааруу гэж байсан шүү. Тэр ч Солонгосчуудын буруу биш, хятад эзнийх нь муугийнх гэсэн. Жаахан маркетинг муутай нөхөр нээсэн юмдаг уу?

Пенъяаны хүйтэн гоймон их амттай, алдартай. Үнэ ч гайгүй, төрөл олонтой тул амтлаад үзэхэд гэмгүй. Тэдон мөрний хойд гүүрний баруун үзүүрт, голын хөвөөнд гоёмсог уламжлалт хэлбэрийн байшингийн цогцолбор бий, тэр нь тэр чигээрээ хүйтэн гоймонгийн ресторан. Харин энгийн гуанзанд хооллох дэмий, тэгээд ч оруулахгүй. Ус, ундаагаа буудлаасаа валютаар авсан нь дээр. Тэгэхгүй бол гадныханд вон өгөхгүй, өөр газар валютаар худалдаа хийхгүй. Доллар, евро, юаньтай байхад алзахгүй. За нэг иймэрхүү шив дээ. Муу хүн идсэнээ гэж нэг үг байдаг ч хүний нутагт хоол таарахгүй өлсөж явах ч муухай.

Мордохын өмнө

НҮБ-ын хориг арга хэмжээнд орсон ч тус улс асуудлаа дотооддоо шийдвэрлэсээр байна. Өлсгөлөнгийн тухайд барааны нэр төрөл, чанарын тухай л асуудал болохоос айхтар юм алга. Өдгөө хагас тэрбум орчим долларын хэмжээтэй гадаад худалдаа нь жилдээ 10 орчим хувиар өсөж байгаа ба улам өргөжих төлөвтэй байна.

Шинэ эдийн засгийн бодлогоор худалдааг чөлөөлж, байрны нэг давхаруудыг үйлчилгээний газар болгон өөрчилж, зах, ТҮЦ-үүд нээж, ХАА-н хоршоолол, үйлдвэр аж ахуйн байгууллагууддаа илүү үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ захиран зарцуулах эрх олгож эхэлжээ. Ким Жон Ил даргын үед нэг хэсэг чөлөөлж байгаад эргэж хумисан ба одоо ахиад чөлөөлж байна. Умардын “НЭП” маш болгоомжтой, алдаа оноогоо дахин дахин хянасан байдалтай үргэлжилж байгаа ч сүрхий эрчимжих явах шатандаа орсон шиг санагдав. Өмнөх шинэчлэлийг өөрчлөх явцад Сангийн сайдаа золионд гаргасан тухай сонсож байсан, одоо Засгийн эрхэнд шинэчлэгч талынхан эгнээгээ өргөтгөж, тэр үеийн олон хүн буцаж байр сууриа эзэлсэн байна.

Шинэ удирдагч улс орныхоо удирдлагыг өвөө, аавынхаа хэмжээнд хүртэл бүрэн гартаа авч чадаагүй байж магадгүй ч засаглал нь хамтын удирдлагын хатуу дэг журамтай тул элдэв донсолгоо багатай байх талтай юм. Миний л анзаарсан хэмжээнд бол Ун удирдагч ирээдүйд Умарддаа Дэн даргын хэмжээний шинэтгэгч болон өндийж магадгүй. Саяхан тэрбээр Малайзын Их сургуульд эдийн засгийн ухааны доктор цол хамгаалсан нь эдийн засгийн шинэтгэлээ тууштай үргэлжлүүлэгч болохыг батлаж байгаа болов уу. Эдийн засгийн зорилт нь ард түмнээ баян тансаг амьдруулахад чиглэж байна.

Улстөрийн тогтолцоо нь дайны байдалд шилжүүлсэн, хаа ч байхгүй өвөрмөц, өмнө цухас бичсэн тул нурших шаардлагагүй байх. Бараг л судалгааны ажил даа. Гял цал биш ч цэвэр цэмцгэр эмх цэгцтэй байх тал дээр үлгэр жишээ улс юм. Хэрэв хоёр Солонгос нэгдвэл эдийн засаг, цэргийн хүчирхэг гүрэн өндийнө шүү. Гэвч зүүн баруун Германы нэгдлийн сургамжийг анхаарч л байгаа байх.

Олон хүн хөрш Хятадын нөлөөний улс гэж өнгөц хардаг ч тийм бус, чин эрмэлзэл нь бие даах, өөрийнхөөрөө байхад чиглэжээ. Чухам энэ талаас нь харвал Ким Жон Ил даргын үед цөмийн зэвсэгтэй улс болсон нь хөрш БНХАУ-д ч нэгийг бодогдуулж байгаа хэрэг. Бээжингээс Пенъян хүртэл 50 минут нисэж байгааг бодвол Умардын пуужин ч бас аюултай л эд. Марксизмыг “Чүче”, “Сөнгүн” зэрэг нутагшсан үзлээр л ойлгодог, ард түмнээ ямарваа харь “-измд” бус өөрийн онцлогтой үзэл санаагаар удирдаж байгаа хэрэг. Гэхдээ бүх албан хэвлэл “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэсэн уриатай гарч байна.

Айлчлалын өмнө олон судлаачтай уулзахад манайхны хэлэлцээндээ гаргадаг гол алдаа нь “Бид зуучлая, ашигтай байх болно...” гэдэг үг ажээ. Зууч энэ тэрд их дургүй, ийм тохиолдолд хариулт үргэлж ганцхан байдаг нь “Бид ярихдаа тулбал Америктай ч, Японтой ч өөрсдөө хэний ч оролцоогүй ярьчихаж чадна”. Гэхдээ мань мэт энэ хэмжээний яриа хөөрөө өрнүүлэхгүй л дээ. Умардуудын яс маханд хэнээс ч гуйхгүй, хэнээс ч айхгүй гэсэн үзэл санаа нэвт шингэсэн бололтой. Бид энд авч буй мэдээллээсээ болоод Умардыг их л хүнд хэцүү байдалтайгаар төсөөлж байгаагаас бус очиж харсан хүнд огт өөр сэтгэгдэл төрнө. Ер нь бол дэлхий ертөнцөд оршин буй улс гүрнүүдийн аль нь ч ертөнцөд байшгүй гаж нөхцөл, гойд онцгойролгүй. Тэнд XXI зууны хүмүүс л амьдарч байгаа. Хэрэглээний донтлоор амижргааны түвшинг үнэлдэггүй тийм нийгмийг бид ч мэднэ. Зарим нэг хүнээс умардын ёс жаягийг үл хайхарч, эрх чөлөөгөөрөө бахархах үйлдэл хийсэн тухай сонссон, гэвч Монголд “Усыг нь уувал ёсыг нь дага” гэж нэг үг бий. Тэр ямар хэрэгтэй гэж? Эвгүй үл хүндэтгэсэн сэтгэгдэл л үлдээнэ.

Харин манайхыг хүнд бэрх шилжилтээсээ амжилттай гарч байгаа, уул уурхайгаа хөгжүүлж, эдийн засгаа сэргээн босгож чадсан улс гэж үнэлэхийн зэрэгцээ үүнд чин сэтгэлээсээ таатай ханддаг, товчхондоо Монголыг сайн яваа эртний анд нөхрөө л гэж боддог нь мэдрэгддэг юм билээ.

Пенъян хотод олон давхар олон орон сууц босож байна. Олон байшин саарал будгаа  сольж байна. Будаг нь хуурсан ч цементний өнгөтэй болохоор анзаарагдахгүйг бодолцсон байжээ гэж бодов. Их устай бороонд байшингийн гадна фасад тэсэхгүй янзтай тул ойр ойрхон солих шаардлагатай тулгардаг бололтой юм билээ. Пенъяны орон сууцууд халаалтгүй байж болзошгүй, хүйтэн үед нүүрс түгээх зэрэг арга хэмжээ авдаг гэсэн. 12 дугаар сарын дундуур арваад хоног 20-25 градус хүрч хүйтэрдэг, температур нь бидэнд сүрхий санагдахгүй ч чийглэг газрын ийм хэмжээний хүйтэн бас л яггүй байдаг ажээ. Тэгсгээд дулаардаг бололтой. Харин сүүлийн үеийн хорооллууд ялангуяа 30-45 давхар гоёмсог барилгуудтай Чанжон гудамжны өнгө үзэмж үнэхээр гайхалтай. Зургаан давхар дорнын хэлбэртэй гоёмсог ордонг хараад нь “Энэ төрийн ордон уу? гэж асуухад “Биш ээ, төв номын сан” гэж хариулж билээ. Шилэн байшин ховор ч ямар ч байшин барьсан заавал нэг архтектурын онцгой чамин шийдэл хийсэн байх ба ингэхдээ ганц байшинд биш бүхэл бүтэн хорооллоор нь төлөвлөсөн нь анзаарагдана.

Пенъянаас Сунаны нисэх буудал хүрэх замд манайхаар бол бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Цэргүүд, иргэд гар нийлэн ажиллаж, мод зүлэг арчилж, зам тавьж байна. Төмөр бетон караказтай хөнгөн блокон дүүргэлтэй байшингууд барьж байх ба хүний хөдөлмөр ихтэй бололтой, бужигнаж харагдана. Зам дагуу уулын хаяа давсан тариг үзэгдэнэ. Таригийн захаар улаан голдуу зүстэй үхэр, цагаан голдуу ямаа бэлчинэ.  Умардын газар нутгийн 20 хувь нь л тариалан эрхлэх боломжтой. Манай нөгөө группын төлөөлөгчдийн ярианаас анзаарвал ямаа авах сонирхолтой байгаа бололтой. Манай ямааны дэргэд Умардын ямаа гэж туулай шиг амьтан ажээ.

Монголоос бэлэглэсэн ямаад тоо толгойгоороо өсөө ч үгүй, хорогдоо ч үгүй байгаа гэнэ. Нэг үе их өссөн ч хэрэгцээлсэн бололтой, гэхдээ анхны тооноос бууруулаагүйг бодоход сүрхий бодлоготой хүмүүс аж. Хойд нутаг нь газартаа өвсгүй, нарны гэрэл тусамгүй битүү мод, чулуурхаг хөрстэй уул учраас ямаа өсгөх боломжтой байгаа байх. Анх манай ямаад газар шиншиж гүйгээд өвс олохгүй их турж эцжээ. Гэвч Солонгосчууд толгойг нь гэдийлгэж боох, боодолтой өвс өлгөж идүүлэх зэргээр арчилсаар модны навч идүүлж сургажээ. Одоо их давгүй дассан гэнэ. Ямаа бэлэглэж, умардын ажилчдыг ажиллуулж эдийн засагт нь тус нэмэр болсныхоо төлөө “Социалист хөдөлмөрийн баатар” цол хүртсэн Монгол хүн ч бий гэж сонссон шүү.

Онгоцны буудалд СМТА-ийн орлогч дарга Ри Чүн Гын гуай ирж үдэв. Айчлалыг сайхан зохион байгуулсанд талархаад салах ёс хийв. Албаны төлөөлөгч учраас төвөггүй хүлээх танхимд орлоо. Баахан ном бэлгэнд ч авсан, худалдаж ч авсан, бас нуулгүй хэлэхэд нөгөө хатуу хайрханаас хэдийг авсан тул ачааны жин жаахан хэтрэв. Гэвч ачаа хүлээн авагч бүсгүйг жаахан найрахад л давуулж орхив. Умардаас буцаж байгаа хүн татваргүй барааны дэлгүүрт найдах хэрэггүй, ердөө ганцхан шилэн лангуу байх ба тэнд нь цөөвтөр цаасан хайрцагтай, хатаасан, ховор улаан хүн орхоодой, ил захидал гэх мэт цөөн нэр төрлийн бараа л бий...

Аян замын тэмдэглэл хэзээд урт болох гээд байдаг. Тэр тусмаа олон хүний сонирхол татсан, хараахан олон Монголчууд очиж чадахгүй байгаа ч ойр дотно улсын тухай  “өнгөтөөр” бичих гээд их нуршсан, бас зав чөлөө хомс тул удаасандаа уншигчдаасаа уучлал хүсье. Сайтад материал тавихад зай талбай гэдэггүй тулдаа л болох шиг боллоо. Яахав ном уншиж сурсан хүнд гайгүй, гарчиг уншаад зогсдог хүнд бэрх тул эхлээд хэмжээг нь харчихаад цаг зав гарган уншсан бүх хүнд талархал илэрхийлье. Түүнээс сонин сэтгүүлд бол хэцүү, хэцүү.

Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр аялал жуулчлалыг өргөтгөх чиглэлээр том алхам хийгдэх шиг боллоо. Монголчууд найрсаг харилцаатай, нэг үе жаахан алсарсан энэ улсад жуулчлах боломж нээгдсэн болов уу. Үргэлжлэлийг нь очоод үзнэ биз дээ. Төгсгөе.

 2013.10.30