Саяхан Хэнтий аймгийн ИТХ төвийнхөө нэрийг дур мэдэн өөрчилж орхив. Газар усны нэр гэдэг түүхэн үндэслэлтэй, бэлэгдэлтэй тэгж ч дураар өөрчлөөд байдаг эд биш л дээ. Бэлгэдлийг нь сүйтгээд утга учрыг нь алдуулаад хаячихдаг юм.

Нөгөө талаас наад зах нь газар нутгийн маргаан тэмцэл гарахад газар усны нэрийг маргалдагч хоёрын алины нь хэлээр нэрлэж байгааг анхаарч үзэх нь ч бий. Японоор “Сенкаку”, Хятадаар “Дяоюйдао” гэж нэрлэдэг жижигхэн арлын маргаанд хоёр тал түүхэнд нотолгоо гаргахдаа өөр өөрийн нэрийг урдаа барьж байгаа биз? Хоёр ард түмний аль нь тус арлыг анх эзэмшиж байсныг тогтоохын тулд аль хэлээр анх нэрлэснийг олж тогтоох ёстой гэж Хятадууд маргахдаа өөрийн нэрийг гаргаж ирж байна.

Саяхан Казахын Ерөнхийлөгч Н.Назарбаев нийслэлээ хойш нүүлгэв. Нүүлгэж очсон газар нь Оросын казакууд нүүдэлчин хасгийн тал нутагт байгуулсан анхны застав. Анх “Акмола” нэртэй байсныг нь “Цагаан онгон” гэж казахууд орчуулдаг бол Оросууд “Цагаан булш” л гэж хэлдэг. “Могила” гэдэг үгийг онгон гэх үү, булш гэх үү гэдгээс л бэлгэдэл нь эхэлдэг. Ямар ч ард түмэн ач холбогдол бүхий газар нутаг, хот балгадаа муу үгээр нэрлэхийг хүсдэггүй. Уг нь хуучин нийслэл Алма-Ата хасгийн хамгийн үржил шимт, үзэсгэлэнт нутагт байршдаг ч хойшоо Эрчис мөрний хамгийн урт салаа Ишим голын адаг, эргийн задгай салхитай цагаан талд нийслэлээ нүүлгэжээ.  

Цаад агуулга нь Казахстан бол бүрэн тусгаар тогтносон улс, Оросын колоничлол эндээс эхлээд энд дууслаа гэсэн үг бололтой. Басхүү Тангийн үеийн газрын зураг, эсбөгөөс Чингийн газрын зураг бариад Эрчисээс дорно тийшх 1,2 км.кв нутаг манайх гэж Дэн Сяопин гэрээслэсэн гэж зүтгэдэг Хятадаас болгоомжилж нийслэлээ хойш зөөсөн ч юм бил үү? Шинэ тулгар Хасагийн төр 1997 онд Тарбагатай (Тарвагатай) мужийн Чаган Обо (Цагаан овоо) гэдэг газрын хилийн асуудлаар Хятадтай маргалдаад 30 хувийг өгч салсан. “Газар нутгийн нэр Монгол байна” гэж, Хятадууд Зүүнгарыг хядсан Чингийн газрын зургаар л гул барьсан болов уу? Үүнээс ч болсон уу, сүүлийн жилүүдэд Зүүнгарынхнаас хорслоо тайлсан хоёр ч кино хийгээд хаялаа. Ядаж байхад сүүлийнхэд нь манай жүжигчин очиж сахал үс наагаад “массовка”-ны чимэг болдог нь ч юу  билээ.  

Басхүү энд хамаарах нь шинэ нийслэлээ хасаг хэлээрээ “Нийслэл” гэж нэрлээд бэлгэдлийн өдий төдий утга агуулгаар сахиулан барьж байгаа талаар дэлхий даяар, бэлэгдэл судлаачдаас эхлээд үүнийг тоодоггүй этгээдийг хүртэл сэрхиймээр шуугиж байна.

Өмнөд Солонгосчууд ч “Сөүл” буюу “Нийслэл” хотын нэрээ шинээр ард олныхоо тархинд суулгаж байна. Үзэл суртлаар хойд ба өмнөдийнхөн аль аль нь эртний нийслэл байсан хотуудаа “нээж” байдаг. Хэзээ ч нэгдмэл байх хувьгүй Солонгосын олон ханлиг ванлиг бүр л нэг нэг нийслэлтэй байсан биз. 

Хиргис Улс нийслэлээ тэнд (Пишпек) төрсөн улаан армийн жанжин М.В.Фрунзийн нэртэй байсныг өөрчилж Бишкек болгосон. Утга нь “Айрагны бүлүүр” бололтой, надад их л эмэгтэйлиг сонсогдоод байдаг юм. Голдуу эртний уламжлалт нэрийг буцаан сэргээж байсан. Харин энэ өөрчлөлт Монголд төдийлөн тархаагүй, харин одооноос л “муугаа хаяалж” эхлэх нь бололтой. Муугаа хаяалж гэдгийн учир нь өөрчлөх гээд өмхрүүлж эхлэх вий гэдэгт байна.

Хэрэв энэ өөрчлөлтийн салхийг хөөргөдвөл 1990-ээд оны эхний шилжилтийн бужигнааны үеэр Баян-Өлгийн төв Өлгий хотын нэрийг өөрчлөхийг завдсан тэр эрмэлзэл ахин сэргэж болзошгүй. Аймгийн нэр нь монголоор, төв нь монгол нэртэй байгаа ч өдгөө олон газар усны нэр хасагчлагдаж байна. Нутгийн иргэдээс “Таван богд аль чигт вэ?” гэж асуухад ойлгохгүй, тайлбарласны эцэст ”Аа, Бесбогда юу?” гэж байна гэнэ. Үүнийг ч бас зөвшөөрөх үү? 

Өнөөдөр дэлхий дахинаа Тэнгэр уулыг “Тянь Шань” гэдэг хятад нэрээр л мэдэж байгааг ч Уйгур, Хиргис, Хасгаар “Тэнгэр уул”-“Тэнгри тау” гэж нэрлэсээр, Хятад, Хасаг, Хиргисийн хил дээрх манай Хүйтний оргилтой адил байршилтай оргилыг нь Хантэнгэр гэж нэрлэсээр л байна. Энэ бол түүхэн газар зүйг тодотгодог. Хэн нь ч өөрчилдөггүй. Иймээс нэрээр нэг их оролдох хэрэггүй. Харин өөрчлөхдөө тулбал ихээхэн юм болж байж, бодож байж хийдэг ажээ.

Түрэг нь өөрчлөгдөөгүй, түрүүчийнх нь ч өөрчлөгдөөгүй аймаг, төвийн нэр

Хэл шинжлэлд оноосон нэр судлал буюу ономастика (onomasiology) гэж нэг салбар ухаан байдгийг манай “Чингисчүүд” мэддэг болов уу? Ялангуяа газар нутгийн нэрийн судалгаа Монголд овоохон хөгжиж байсныг. Энэ талаар их хол тасарсан эрдэмтэн Ч.Догсүрэн хэл шинжлэлийн багш маань байсан юм. Тэрбээр монгол газар нутгийн оноосон нэрэнд түрэг үг олон байдаг тухай, бүр гарцаагүй монгол гэж хэлэхээр оноосон нэр ч түрэг гаралтай тухай их ярьдагсан.

Үнэхээр Монголын их олон газар орон эртний түрэг нэртэй байдаг юм билээ. Харин коммунизмын жилүүдэд шинэ тулгар улсын аймгийн төвүүдийг нэрлэхдээ Монгол үг голлон сонгожээ. Гэхдээ эртний Түрэг нэртэй хот ч бий. Жишээ нь Ховд хот. Энэ үгний утгыг хэл шинжлэлч л тайлбарлахаас “иргэдийн төлөөлөгчид” бол яагаад ч барахгүй шүү дээ. Хуучин үсгээр “Хобду” гэж бичнэ. Уг үг нь “Каупт” буюу аюултай гэсэн Түрэг үг байж магадгүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл олон зууны туршид энэ хавьд хамгаалалтын хэрэм, цайз барьдаг байж. Тэгэхээр зөвхөн Манжийн үеийн бэхлэлт биш болж таарах нь. Өнөөгийн их мэдэгчид, үг тайлагсад аягүй бол “хөвд” ургадаг газар тул ингэж нэрлэжээ гэхнээ ч ядахгүй шүү дээ. Үгийн утгыг оньсого шиг л таана шүү дээ, хөөрхөс. Үнэндээ хотын нэр нь голын нэр юм. Гэхдээ аль нь анхдагч нэрээ хадгалах эрхтэйг бүү мэд.

Улаангом хотын нэрэнд ч ялгаагүй Түрэг үг орсон. “Гом” гэж орчин үеийн Монгол хэлэнд байхгүй. Адил дуудлагатай түрэг үг хайвал ”ком, кум, кем” гэх зэргээр олдоно. Одоо ч нэрлэсэн чихэр нь амттай санагддаг Каракум цөлийг Харгомын цөл гэдэгтэй адил утга Улаангомд бий. Өөрөөр хэлбэл эртний түрэг өнөөгийн монгол үг холилдсон ба яг монголчилбол “Улаан элс” гэсэн үг. Энэ нэрэнд бас нугалаа орох гээд байгаа нь Галдан хаан, ойрад аялга руу “шахаж” тайлбарлах сонирхолтон олон болж. Бас л иргэдийн төлөөлөгчдийн бөөн дурын уран сайхан. Би өөрөө ойрад учраас миний энэ шүүмжлэл надад буцаж зүхэл болж нялзахгүй.
Харин аймгуудийн нэрэнд, төвийнхөөсөө илүү эртний түрэг үг орсон бий. Засаг захиргааны нэгжээ “аймаг” гэж нэрлэсэн нь ч дэлхийд байхгүй нэр, ойлголт л доо. Штат биш, муж биш, губерн биш, сиян биш. Тайлбар хүнд, тиймээс аймгийн талаар Д.Гонгорын “Халх товчоон” хэмээх алдаршсан лут бүтээлээс харна уу. Тиймээс аймгийн засаг захиргаа байрлах хотыг “төв” гэж томъёолж нэрлэсэн байна. Тиймээс өнөөдөр аймгаа ханлиг, ванлиг, муж эсбөгөөс улс гэж нэрлэж болохгүй, төвөө нийслэл, бага нийслэл гэж нэрлэж болохгүй. Сум ч гэсэн. Үнэндээ засаг захиргааны нэгжээр бол аймгийн төв шатлалаар гуравдугаар дэс, сум юм.

Завхан бол голын нэр. Хуучин үсгээр “Жабхан” гэж бичнэ. Загийн гол гэдэгтэй холбоотой юу, эсбөгөөс “яб-хан, яб” гэсэн язгуур хөөх ёстой юу, үүнийг судлаачид л батална.  Надад бол Түрэгийн баруун түмний жонон “ябгу” цолтой байсныг хөөвөл нэг учиг гарах мэт санагддаг. Өөрөөр хэлбэл Түрэгийн хаант улсын зүүн гар гэсэн үг. Монголын зүүнгар бол баруун талдаа шүү дээ. Гэхдээ үүнээс болоод иргэдийн төлөөлөгчид нь Хэнтийнхний адил “дэлхийг эзлэх” гээд Завхан аймгаа Ябгу гэж нэрлэхгүй байх гэж найдна.

Хөвсгөл бол нуурын нэр “Көксукүл” буюу “Хөх ус нуур”, “Увс” бол бас “Убсу” буюу “Хар ус нуур” гэдэг, зарим нь “Улаан ус” гэдэг, сүүлчийнх болов уу. Ямар боловч социализмын үеийн “лимонад”-ны нэр л биш. Баруун урдхантай нь Ховдод “Хар ус нуур” бүрэн монгол нэрээр байна. Сэлэнгэ, Хэнтий аймаг бас Түрэг нэртэй. Ер нь бол үүнийг бүгд л мэдэх байх. Бусад нь Монгол нэртэй. Их говь гурван аймаг болсон, Хангайн нурууны ар өврийг ялгасан. Харин улсын нийслэл байдаг аймгийг Төв л гэсэн. Коммунизмын үед “хэт орос” санаатнууд “Центральный аймак”, “Восточный аймак” энэ тэр гэж оршуулдаг байсан ч Түрэг нэртэй аймгуудыг орчуулж яагаад ч бараагүй юм даа. Ямар “Опасный аймак” гэлтэй нь биш. Төв халхад ярихаар баруун аймаг нь Ар, Өвөрхангай болдог нэг тийм ойлголт ч тогтоод байсан даа. 

Харин 1944 онд урианхай-хасагийн Баян-Өлгий аймгийг байгуулахдаа ядаж л түрэг нэр өгөөгүй, цэвэр монгол нэр өгсөн. Уг нь бол Ховд аймгаас тасласан, бүр урагшилбал Чандмань уулын аймгийн гуравны нэг. Бас л бодсон байгаа юм. Дайн самуунд үймж тарсан хасаг (хэрэйд,найман) ах дүүсээ энх тунх суулгасан нутаг л даа.

Ардчилсан хувьсгалын дараа аймгуудын нэрээр, тэр ч байтугай Сэцэн ханы нөгөө хоёр аймаг Сүхбаатар, Чойбалсангийн нэрээр ч оролдоогүй өдий хүрчээ. Өөрчлөх санаархал гарсан, гэхдээ өөрчлөөгүй юм.

Ингэж улс тойроод байгаа нь Өндөрхааны нэрийг солиход учир бий гэдгийг л тодруулах гээд байгаагийнх. Хэнтий бол бас л Түрэг нэр. Миний ойлгосноор бол Хан-Уул гэсэн үг. Ийм “шинэ” нэртэй дүүрэг нийслэлд бий. Ажилчны районыг “пролетарийн диктатураас салсны” баярт ингэж нэрлэсэн. Гэтэл хожим Японоор гүүр бариулаад эхэлтэл нууцлагдсан “Энгельсийн гудамж” гарч ирээгүй юу?

Сая ямар азаар аймгаа “Хамуг Монгол” гэж нэрлэе гээгүй юм.  Харин Өндөрхаан хотын нэрийг өгөхдөө манай хууччуул их бодсон бололтой юм. “Өндөрхаан” гэдэг бол ёгт утгаараа “Их эзэн богд Чингис хаан” гэсэн үг. Монгол хот суурингийн нэрийг өгөхдөө голдуу гол, уулын нэрийг сонгосон байх юм. Энэ нь шүтлэгийн зан үйл, бат бэхийн бэлгэдэл уламжлалтай холбоотой. Тэр ч байтугай хот суурин цөөтэй нүүдэлчид шүтээн ууландаа хаадын нэрийг өгөх нь ч бий. Ингэхдээ голдуу бэлгэдэл далд утгаар. Чухам иймээс Завхан аймгийн нэрийг “ябгу” гэдэг үгнээс хайвал зүгээр байх гэсэн санаагаа дээр хэлсэн.

Энэ бэлгэдлийн санаархал бидний тархинд оршоостой. Н.Багабанди Ерөнхийлөгч “Урт шар дээлтэй хүн” гээд хэлчихээр л яг Н.Энхбаяр Ерөнхий сайдыг хэлсэн гэж ойлгуулаадахсан юу боллоо? Өнөөх нь Монголд ховорхон таардаг шар хүн байдаг нь ч юув, дараа нь урт шар дээл  өмсдөг нь ч юув? Уг нь Ерөнхийлөгч Н.Багабанди өөрөө уртадсан мэт шар дээл өмсдөг л байсан. Галдан хаан Орост элч илгээхдээ “ойлгомжгүй захидал-итгэмжлэх жуухдаа” “... дэлгэрэнгүй элчийн аманд” гэж бичээд явуулж. Ашгүй түүнийг нь оросууд ойлгож элчтэй ний нуугүй ярьж. Нууц алдахгүй гэж тэр. Яг ийм санаатай орчин үеийн зохиол бол Б.Ринчин гуайн “Нууцыг задруулсан захидал”. “Монгол манж бичиг бинт дуслын зөрүүтэй”-г анзааралгүй бүх нууцаа ойлгогдом бичсэн захидал илгээсэн Шонуу аав, ээж, охин дүүгийнхээ толгойг авдаг. Эртний домогт хутга билүүдэж суухдаа хэлсэн мэргэдийн үгийг Монголын ханы ганц нүдийг сохлох (алах) гэсэн үг гэж тайлбарласаар хоёр аймаг хөнөөлцөж эхэлсэн гэх. Элчийн үгийг тайлах гэж овог отгоороо өдөр шөнөгүй хуралдаж суудаг байж. Олон үлгэрт элчийн үгийн далд санааг тайлсан мэргэн өвгөн, хожгор хүү гардаггүй билүү? Бүх үг цаанаа нэг утгатай гэж бид боддог. “Үгэнд үг, үхэрт гиван”, “Үгэнд учир, суманд гичир” гэж ярьдаг.  Харин өнөөдөр тэрнийгээ мартаж байгаа нь “монгол ойлголтоор” “Ухаанд нь ухна ишиг үхсэн” хэрэг ажээ. Энэ үгийг тайл даа?

Үүнийг тайлахаас наана газар усны нэрийн талаарх том төслүүд байгаа ч түүнийхээ үр дүнг зарлахгүй, аймаг хотуудын нэрийн учир, өөрчлөлтийн шалтгаан зэргийг тайлбарлахгүй байгаагаас ийм явдал болж байх шиг. Шинжлэх ухаан гэхээр компьютер бодоод байж болохгүй шүү дээ. Хэл шинжлэлийн олон салбар, түүнд мэргэшсэн эрдэмтэд одоо л үгээ хэлдэг цаг болж. Хэрлэн сумын ИТХ нэр солихын өмнө ядаж нэг эрдэмтэн уриад үгийг нь сонссон болов уу?, үгүй л байх, тэд эрдэмтдээс биш ард түмнээсээ асуусан гэлдээд байна.

“Их дур” нь ”урт дур” болов уу?


“Жангар” туульд нэг сайхан үг бий. “Ик дурн болh” гэж. Жангар шилэн ордноо барихдаа хэдий өндөр барьж чадах ч “Их дур болох” гээд огторгуйгаас хоёр хуруу дутуу барьдаг. Энэ бол нүүдэлчдийн, тэр тусмаа монгол сэтгэлгээний гайхалтай онцлогийг илтгэдэг. Жангарын дарсан хаадын ордон огторгуйтай чацуу, огторгуйгаас хоёр хуруу өндөр. Гэвч Жангар “заяатай” учраас тэднийг дагуулдаг. Халимагт туулийн тухай “Жангар заяатай Хонгор зоригтой” гэдэг. Жангар хэдийгээр яг нууц товчоонд гардаг шиг “Дээд тэнгэрээс заяатай” боловч үүнийгээ заавал огторгуйд тулсан ордон барьж батлах гэдэггүй.

“Урт дурын хүн”, “мохоол мушгилгүй болгох” гэдэг үгийг судалсан (гайхалтай нь эдгээр үгийг манайхан биш гадаадынхан гярхай харж судалсан, жишээ нь Л.Н.Гумилёв) шиг “Их дур болох” гэдэг үгийг судалмаар юм. Гэхдээ үе мөчөөр нь жиргэж угтвар дагавраар ялгаж, “механик задаргаа хийх” биш цаад сэтгэлгээний утга учрыг тайлах хэрэгтэй шүү дээ. Бас л зүүнгарын юм гээд хаяад байж болохгүй.

Яг энэ үгээр хэлбэл Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчид “төрийн ёсгүй” сэтгээд “их дур”-аа барьж эс чадан “урт дурын хүн” мэт аашилцгаах болжээ. Одоо эднийг ногтолбол ямар?

Өндөрхаанаас Grandkhaan хүртэл

Өндөрхаан гэдэг яг үнэндээ Их эзэн Чингис хааныг хэлсэн бөгөөд бэлгэдэх, нэр цээрлэх, гүн хүндэтгэх ёсоор бол таарч байна. Коммунизмын жилүүдэд үндэсний үзлийг нухчин дарж байсан ч бай, аливаа үндэстэн бахархлаа ямагт хадгалж явдаг. Хэнтий аймаг байгуулагдсан 1930 он бол баруунтны төгсгөл үе. Газар мундсан мэт Хэрлэнгийн хөвөө цагаан талд салхитай хөндийд Өндөрхааныг байгуулжээ. Анхаарвал Өндөрхаан уулыг бараадуулж тогтжээ. Уулаар төлөөлүүлсэн хотын нэр нь олонх уулынх шиг “хан” биш “хаан” ажээ. Хаан нэртэй цорын ганц төв бол Өндөрхаан л байсан юм.

Тэр ч байтугай Монголын их нурууд ч хан “цолтой” юм. Алтай хан, Хангай хан, тэр байтугай аймгийг нь нэрлэсэн Хэнтийн нуруу ч “хан” цолтой. Чингис хаан энэ “шинэ” аймагт төрсөн, тиймээс аймгийн төвийг “Чингис” хаанаар нэрлэх ёстой, гэхдээ “Чингис хаан” гэж нэрлэвэл нэгд илэрхий хүндэтгэлгүй, хоёрт бэлгэдэл утгагүй, гуравт Оросуудад юу л гэж таалагдаа аж. Үүнийг коммунизм туйлдаа хүрсэн үед ч эвдээгүй.

Монгол ёсонд дээдэс, эцэг өвгөд, багшаа үеийн мэт, дүү мэт нэрээр нь дуудахыг цээрлэдэг. Уг язгуураар хөөвөл дорнын хаадын оны цол ч хаанаа шууд нэрээр нэрлэхээс цээрлэсэн цээрийг агуулдаг. Юань гүрний үеэс Их хааны нэрийг цээрлэж “Тайзу” гэж бичиглэснийг тэр цагт харъяат байсан, өнөөдөр өндийн хүчирхэгжсэн Хятадууд ч дагадаг. Чухам ухаант дээдэс бодож болгоогоод уул хайрхнаар түшиг болгож, их хааны төрсөн аймгийг тэмдэглэснийг өнөөдөр дураар сүйтгэгчид бол хүн чулууны толгойг тайрагсдаас ч дутахгүй нүгэл хийж байна.

Энэ цагт эрх дархдаа галзуураад үгийг ёгт утга, цаад санааг ч ухаж мэдэхийг болиод цээртэй үгийг цэртэй цээжний хэрээр хашгирч болох уу? Ёс, цээр арилахаар хүн ч малаас дор болох гэдэг. Ёсгүй хүн хэцүү. Яг утга талаасаа харвал нэр сольсон нь агуулга биш үсэг сольсон төдий л үйлдэл боллоо шүү дээ.

Энэ тухай санал солилцож суухад “МонЦаМэ”-гийн Ерөнхий редактор Ч.Сүрэнжав нэгэн баримт хэлэв. Манжийн Энх-Амгалан хааны зарлиг байдаг гэнэ. Улсын хаад, хатад нөгчихөд улс даяар бэлэвсрэл зарласныг Чин гүрний харъяат олон дагах учиртай. Гагцхүү Ордосын дархадууд л үүнийг дагахгүй байж болно. Учир нь дархадууд Их эзэн Чингис хааны хойдод олон зуун жил бэлэвсрэл үйлдэж буй тул давхар бэлэвсрэл үйлдэхгүй байж болно гэж. Энэ бол Их хаанд үзүүлж буй төрийн хүндэтгэл.

Бас Богд хаант улсын үед ч, түүнээс өмнө ч одоогийнх шиг Бурхан халдуны зулайг гишгичиж тайлга тахилга хийдэггүй байж. Манжийн төр хэдий өөрийгөө залгамжлагч гэдэг ч их хааныг тайх ёсгүй гэнэ.

Гэтэл Богдхан уулыг тайдаг ч бас шийтгэдэг, пүнлүү хасдаг, дөнгө зүүдэг байж. Тэр ч байтугай тахилгын үед уншдаг сударт Гималайн уулсын эздийг дуудаж Богд хан уулын эзний сүрийг дарж өгөхийг гуйдаг ажээ. Одоо Богдхан уулыг тайхдаа аягүй бол яг тэр хэвээр нь уншиж байгаа даа. Юмны утгыг харалгүй үйлдэл дагах ч ай бас мунхаг аа? Орхон голд Манжийн хаанаас Түшээ гүн цол өгч, жил бүр тавин лангийн цалин олгож тайдаг байж. Одоо манай зохиолын дуучид “Орхон түшээ мөрөн минь ээ” гээд л авч өгч байгаа. Хэнтий ханыг тайдаг нь ийм учиртай. Өөрөөр хэлбэл тайлга ёслол нь харъяатыг илтгэдэг, тэр үеийн ойлголтоор уул усны эздийг дуудаж, хааны хишгийг өгч буй хэрэг аж. Бүх уул нурууд “хан” цолтой болж зэрэг буурсан байж.

Харин Их хааныг тэгж болохгүйн учирт тайдаггүй, тайлга хойлгыг зөвхөн их төрөөс “томилсон” дархдууд л удам дамжин хийдэг байж. Манжийн үеийн Халх дахь тайлга тахилгууд өнөөдөр харахад хүндэтгэл мэт авч нарийвчлан судалбал харъяат нутгаа тэмдэглэсэн үйл байжээ.

Чухам энэ мэт учрыг тоодоггүй, мэддэггүй, мэдсэн ч сэжиглэдэг учраас манай хууччуул тусгаар тогтнолоо батжуулж аваад “Хаан” цолтой цорын ганц хот үндэслэснийг өнөөдөр өөрчилж орхив оо. Ингээд бодохоор уламжлалаа сэргээж байгаа нь энэ гэж бүгдээрээ ёс цээрээ гишгичин галзуурцгааж байгаа бус уу? Их хаан илт өндөрт, хэт хүндлэлд амар амгалан оршиж байсныг өнөөгийн бид л нэрээр нь дуудаж, ясыг нь өндөлзүүлж байгаа хэрэг бус уу? Хөөе, Чингис ээ, их сайндаа Чингис хаан аа? гэж байгаагаас яваа юун.

Одоо л нэг түм таван мянган хүнтэй болсон хотод “хөрөнгө оруулалт татах” гэж биш, харин Их хааны төрсөн өссөн нутгийг тэмдэглэх гэж хатуу цагт хэцүү ухаан гаргасныг өнөөдөр эрх чөлөөндөө саган эвдэж болохгүй. Тэгээд үргэлжлэл нь хөгжилтэй. Чингис хотын анхны иргэнд хоёр өрөө байр өгөөд л. Хүүхэд буруугүй л дээ, урт наслаг, гагцхүү нөгөө Тангудыг “шавар хотдоо шавалдан суудаг” хэмээн дорд үздэг Монголын хойчис “Чингис хотын дарга нар” иргэндээ шавар байшин бэлэглэж ч байх гэж. Эх нь булингартай бол адаг хүртлээ л булингартай. Уг нь аймгийн төвийнхөө нэрийг ийм учиртай юм гэж ойлгуулах ухаан илүү хэрэгтэй байна санж.

Бүр ойрын жишээ ч байна. “АПУ” компани “Чингис хаан” архиа АНУ-д экспортлох гэтэл нэрийг нь Өвөрлөгчид авчихсан байжээ. АПУ нэрийн эрхийг авахаар хөөцөлдөж. АПУ-тай өрсөлдөөд манай “MCS” ч “Чингис” архиа АНУ-ын зах зээлд гаргах гээд дурдсан саадтай тулгарч. Тэд АПУ-гаас өөр арга сүвэгчилж, архиа “Grand khaan” нэрээр бүртгүүлж гаргажээ. Үүнийг махчилж биш утгачлан орчуулбал ёстой “Өндөрхаан” болно. “Өндөр” гэдэг зөвхөн сагсчин Шаравжамцад хамаатай тодотгол биш, өндөр өвөг, өндөр дээд сууринд залрах, өндөр тэнгэр гэх мэтээр хүндэтгэлийн утгаар гарцаагүй их хаанд оногдохоор огт өөр хэмжээс болдог. Гэтэл ийм сайхан нэрийг заавал “Чингис” гэж нэрлэх ямар хэрэг байна вэ?

Магадгүй, Өндөрхааны иргэдийн төлөөлөгчид их орчин үежиж, бас Оросын колоничлолоос гарснаа мэдэж. Тэгээд нууж хаах юмгүй, хориг цээргүй гэж бодож. Юм бүхэнд шинэчлэл хэрэггүй, хэрэв шинэчилмээр байгаа бол, тэр тусмаа эртний уламжлалаа сэргээх гэж байгаа хүмүүс уг нь эхлээд туйлын консерватив баймаар юм. Эх толгой нь залгагдаад учир утгаа алдсаны л шинж. Уг нь Өндөрхааны иргэдийн төлөөлөгчид их дур гаргаж нэр сольж байхаар Баруун-Уртынхан шиг урт дур гаргаж төвөө хөгжүүлэх ёстой байх.

Аргаа бараад Б.Гарамгайбаатар гишүүнд хэлүүллээ. Та улсын тогтоосон нэрийг тоодоггүй юм бол өөрийн нэрийг Дандар гээд солино уу гэж. Халх голын дайнд гарамгай гавъяа байгуулсан VI морьт дивизийн захирагч Лодонгийн Дандарт “Улсын гарамгай баатар” цол шагнасан. Баатар бол цол болохоос тэмдэг биш. Баатар цолыг тэмдгээр биш “чимгээр чимдэг байж”. Цусан гавъяаны хоёр одонтой баатрын зураг тэр үед их тарсан. Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэн, Ялгуунбаатар Сумъяа, Түрэмгий баатар Бавуужав нарын баатруудыг бид мэднэ. Тэдэнд тэмдэг зүүгээгүй, цол л өргөсөн. Яг энэ уламжлалаар Л.Дандарт “Улсын гарамгай баатар” цол шагнасан нь өдгөө Хэнтийн гишүүний оноосон нэр. Аав ээж нь ухаантай хүн тул нэгийг бодсон биз, чамирхаагүй нь лавтай. Нэрийнхээ утгыг ойлгодоггүй хүн “Өндөрхаан” нэрийг “Чингис” болгохыг зөвшөөрч байхдаа өөрийн нэрийг “Дандар” болгох өргөдлөө өгөх ёстой байсан юм.

Одоо аймгийнхаа музейд Чингисийн бага, идэр нас гээд Хуульзүйн сайдынхаа зургийг сайхан тэнзэн малгай, хүннү дээлтэй зураад залах үлджээ.

Нэр хүндэднэ ээ гэж...

Дорно дахинд ийм ойлголт байдаг юм. Чухам иймээс л Монголчууд бүгдээрээ Тэмүжин, эсвэл Чингис нэртэй болчихоогүй юм. 1960-аад онд Их эзний ойгтэмдэглэх үеэр, Ардчилсан хувьсгалаас хойш л нэгэн үед үндэсний бахархал сэргэхэд энэ нэр олширсон ч бас л хавтгайраагүй юм. Энэ бол аль ч талаасаа хүндэтгэл. Нэр өгсөн нь ч, өгөөгүй нь ч. Үүний сэдэл нь ондоо.

Солиод оноогүй нэр ч Монголд олон бий. Чингис гэдэг нэрүүд л гол төлөв онохгүй байгаад харамсаад байгаа юм. Буянт-Ухаа гэж сайхан нэртэй газар, нисэх буудал хоёр байв даа. Гэтэл үлгэрлэвээс эмгэн хумс лугаа хоёрхон тэмтрүүлтэй (хүзүүвчтэй) буудалдаа “Чингис хаан” нэр өгчихсөн байгаа юм. Их дурынх нь хэмжээ, юм үзээгүй амьтсын зан л юм биз дээ. Ядаж өөр шинэ буудал барина гэж тооцоогүй байна. Одоо Хөшигтийн хөндийд найман хүзүүвчтэй буудал барихаараа юу гэж нэрлэж балрах юм бол? Модун шаньюй гэх үү? Модун нь Чингисээс “лаг” юм байна л даа гэж гадныхан ойлгох болов уу? Эсвэл Инчон, Бээжингийн нисэх буудалтай харьцуулах уу? “Хар Чингис” гээд дээлтэй негр зогсоочихсон хөөрхөн реклам байдаг даа. Тэрэрхүү л юм болоод байна, та минь.

Харин ганц оносон нь төв талбайгаа Чингисийн талбай гэж нэрлэсэнд байна. Гагцхүү хааны өмнө маузертай жанжин нүүрээ буруулаад хаашаа ч юм заагаад байдаг нь л нэг тиймэрхүү. Төрийн дууллаа “Даяар Монголын Ариун голомт” гэж эхэлдэг учраас Монголын тусгаар улсын нийслэлийн төв талбай Чингис нэртэй байхаас аргагүй. Энд л өнөөх далд утга, амбиц нугдаж байгаа юм.

“Өндөр төрийн сүлд ивээж” гэсэн нэг мөр төрийн дууллын нэмсэн бадагт бий. Тэр нь шууд утгаар ойлгогчдод дахин тайлбарлахад Монголын төр дэлхийн бусад улс гүрний төрөөс “тэдэн санж өндөр, эдэн хийл том” том гэсэн үг биш л дээ. Ингээд болохоор “Өндөр”, “хаан” гэсэн хоёр үгнээс татгалзах эрх байхгүй, нийлүүлээд уншихад тодрох утгыг мартах ч ёс байхгүй. Чухам энэ утгаар “Чингис” нэрийг төрийн мэдэлд авах тухай хуулийг Их хуралд өргөн барьсан сургаар гаргаж буй “их дураа” Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчид залруулах ёстой.

Яахав хүний нэртэй аймаг хот байна аа. Чойбалсан хотын нэр уг нь Баянтүмэн. Хуучин нь бас л утга төгөлдөр нэр. Гэхдээ солих нь ч утга учиртай л байж. Учир нь Монголчууд том дайнд ялсан, тэр дайнд удирдсан маршалын нэрийг мөнхөлжээ. Жижиг дайн гэж мэтгэж болох ч тэр үед Японы колоничлолоос Азийн ямар орон мултарч дөнгөсөн бэ? гээд газрын зураг харчихвал үнэхээр “том” дайн юм. Гэхдээ нэрийг 1939 онд өгөөгүй, 1941 онд Зөвлөлтийн эх орны дайн эхэлдэг жил өгсөн байна. Бодлого нь хамгаалалт. Маршалын аймгийг хамгаалах ёстой. Зөвлөлтийн арми Сталинградад зөвхөн “За Сталину” ... энэ нэрийн төлөө хэрхэн тулалдаж байсан тухай олон баримтыг харвал бас л учир утгагүй алхам биш. Бас Ленинград 900 хоног бууж өгөөгүй.

Хорлоогийн Чойбалсан ч Монголын түүхэнд том хүн. Бас тэр нутгийн л хүн. Ажиглавал зэрэг дэвийг их чухалчилж байж, тухайн үеийн үзэл суртлаар нам төрийг үндэслэгч нь жанжин учраас Сүхбаатар нэртэй аймаг байж болно, харин Чойбалсан залгамжлагч учраас аймгийн төв байж болно гэж тогтсон бололтой, магадгүй ЗХУКН-ын XX их хурлын нөлөө ч биз.  1941 оны нэрийг 1963 онд өөрчилж Дорнод болгож, харин аймгийн төв нь нэрийг хадгалж үлдсэн түүхтэй юм билээ. Харин өнөөдөр логикоор “Чингис хот” нь их хааныг Д.Сүхбаатарын залгамжлагчийн хэмжээнд аваачаад тавьчихаж байна. Хэнтийн ард түмэн лав үүгээр бахархахгүй байлгүй дээ? Мэдээж шийдвэр гаргахад Хэнтийн олон ямар буруутай билээ.

Одоо хэрэв Чингис хааны нэрийг төрийн онцгой өмч болгох хууль гарвал энэ нэрийг ашигласныхаа төлөө Хэрлэн сумынхан жилдээ тэрбум, тэрбум төгрөгийн татвар төлдөг болох байх. Эсвэл Дандар баатар сэлэм эргүүлээд зогсоох юм болов уу? Б.Бат-Эрдэнэ аварга ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуулиар Сэцэн ханыхан гэж яриад сүрхий шүүмлэлд өртсөн. Ахин дахин ийм юм хийгээд хийлцээд байх учир байна уу?

Эцэст нь хэрэв уншигчид сонирхвол хот балгад дахь бэлгэдэл, нууцсын тухай нэг өгүүлэл байгаа юм, гэхдээ судалгаа энэ тэр биш ээ, нэг хоёр юм сонсчихоод “судлаач” энэ тэр гээд байдаг ч онигоо л доо. Гэхдээ л сонирхсон хүнд сонирхолтой аман яриа, домог хуучийн цуглуулга.  

Жишээ нь энэ сэдэвтэй холбогдоход Зайсан толгойд Зөвлөлтийн дайчдын хөшөөг босгосон бэлгэдлийн тухай ийм домог яриа байна. Зайсан толгой Богдын үед бэлэглэсэн Сэцэн хааны нутаг  юм гэнэ. Зөвлөлтийн дайчдын хөшөөг босгоход дайнтай газрын хөшөөг хамаагүй газар байгуулж болохгүй тул газар сонгохдоо Сэцэн ханы нутагт дайнд ялсан учраас Зайсан толгойд босгох тогтоол гаргажээ. Өнөөдөр учир мэдэх Сэцэн ханы хууччуул сар шинээр Зайсан толгойд гарч сацал өргөдөг нь нутагтаа очиж буй хэрэг гэнэ билээ.

Газар сонгосон учир нь Олноо өргөгдсөнийг зарлаж, хутагтыг хаан өргөж байхад Тогтох тайж 35 баатартайгаа Хүрээнд орж ирэхэд дайнтай газрын хүн ирэв, муу ёр болов гэж Хүрээнийхэн ярьж байсан тэргүүтнийг Ц.Дамдинсүрэн гуайн “Өвгөн Жамбалын яриа” номноос уншсан болно. Ийм юм гаргавал ямар? Агентлагийн дарга ухаантай юм болчихоод тогоотой хоол руугаа нулимж болохгүй тул нэг их “совесть” гаргаад ингэсгээд л сууж байх нь зөв ч юм уу буруу  юм уу, гайхаад л байна.