Билл Брайсон “Шинжлэх ухааны товч түүх:


Брайсон энд хэн ч ойлгох энгийн хэлээр (бас хошигнол оруулаад) бүх орчлонгоос авахуулаад атом бөөмс хүртлэх бидний эргэн тойронгийн тухай айхавтар хөөрхөн тайлбарлаж хэмжээ дамжаа, үүсэл хөгжлийг өгүүлжээ. 13 тэрбум жилийн өмнө орчлон хэрхэн үүссэн, атом болон түүнийг бүрдүүлэгч бөөмсийн хэмжээ дамжааг тайлбарлахын зэрэгцээ гадагшаа дотогшоо хязгааргүй үргэлжлэх аугаа томоос асар жижиг хүртлэх эдгээр юмсыг эрдэмтэд яаж олж илрүүлсэн, хаанаас олж мэдсэнийг тун ч сонирхолтой аргаар ярьж өгч байна. Тэгснээ дэлхий хэрхэн буй болсон, хэрхэн хувирч өөрчлөгдсөн, амьдрал яаж үүсэв, ямар зам туулав, ганц эст амьтан хэрхэн хөгжсөөр ухаант хүн буй болов гэдгийг байгаль орчны хувирал, түүнд хүний үзүүлж буй нөлөөллийн хамтаар тайлбарлажээ. Тэр чигээрээ танин мэдэхүй. Гэхдээ хэн ч ойлгохуйц. Боловсрол гэдэг бол хүн орчныхоо тухай цэгцтэй мэдлэг ойлголттой болохыг хэлнэ. Тэгвэл Брайсоны энэ бүтээл хүнийг хүрээлэн буй байгалийн шинжлэлийн талаар маш цэгцтэй ерөнхий ойлголт өгөх юм. Үүнийхээ завсар эдгээр үзэгдэл юмсыг олж нээсэн байгалийн шинжлэлийн аугаа эрдэмтдийн амьдрал (хувийн амьдралыг нь оролцуулаад), нээлт бүтээл хэрхэн хийсэн болон алдаж эндсэн тухай сонирхолтой хачирхалтай олон намтар цэдэг бий. Танин мэдэхүйн аугаа цэнгэлийг эдлүүлнэ.

Билл Брайсоны “Шинжлэх ухааны товч түүх: Бараг бүх юмсын тухай шастир” хэмээх зураг чимэглэл бүхий хоёр боть ном дахин  хэвлэгдэн уншигчдын гар дээр очлоо.




ХҮЧИРХЭГ АТОМ

Эйнштейн, Хаббл нар сансрын асар том хэмжээтэй бүтцийг үр дүнтэйгээр судлан нууцыг нь тайлж байх зуур бусад нь гарт ойрхон боловч түүнээс ч дутахгүй хол зүйлс болох асар жижигхэн, үл мэдэгдэх, үл үзэгдэх атомын талаар судалж байв.

Хэрвээ шинжлэх ухааны түүхийг ганц өгүүлбэрээр хэл гэвэл “Бүх зүйл атом дээр тогтдог гэж болно” хэмээн аугаа физикч Ричард Фэйнман нэгэн удаа хэлсэн байдаг. Тэд хаа сайгүй оршиж, бүх зүйлийг бүрдүүлдэг. Эргэн тойрноо хар. Энэ бүхэн атом. Хана, ширээ, буйдан гэх мэт биет зүйлсээс гадна голд нь байгаа агаар хүртэл. Тэд асар их хэмжээтэй учраас төсөөлөх ч аргагүй.

Атом нийлж суурь бүрдэл болдог зүйлийг молекул (латин хэлний “жижиг бүрдэл” гэсэн үг) гэнэ. Молекул гэдэг нь ердөө л хоёр юм уу түүнээс олон атомын их бага хэмжээгээр тогтвортой байдлаар нэгдсэн нэгдэл байдаг. Устөрөгчийн хоёр атом дээр хүчилтөрөгчийн нэг атом нэмбэл усны молекул үүсэх болно. Химичид элементээр нь сэтгэхийн оронд илүүтэй молекулын түвшинд нь авч үзэх хандлагатай. Яг л зохиолч нар үсгийн биш харин үгийн түвшинд ажилладагтай адил. Тиймээс химичид молекулыг тоолдог, тэр нь ч даанч аугаа их. Далайн төвшинд, температур цельсийн 0 байхад нэг шоо см агаарт (ойролцоогоор ёотон шиг хэмжээ) 45 тэрбуман тэрбум молекул байдаг. Энэ хэмжээгээр тэд шоо см болгонд оршиж байгаа. Цонхоороо гадагшаа хар даа, эргэн тойронд чинь хэдэн шоо см агаар, орчин байгаа бол? Энийг дүүргэхийн тулд хэдэн ёотон хэрэг болох вэ? Тэгвэл орчлонг бүтээхийн тулд хэр их молекул хэрэг болох бол. Товчоор хэлбэл атом газар сайгүй.

Тэд мөн гайхалтай бат бөх, маш урт настай учраас үнэхээр юм бүхэнд оролцдог. Биед чинь байгаа бараг бүх атом чамд ирэх хүртлээ замдаа хэд хэдэн од, олон сая организмын нэг хэсэг байсан. Бид атомын түвшиндээ маш өнөр өтгөн. Хүмүүсийг нас барсны дараа атом нь дахин ашиглагддаг. Магадгүй чиний биенд байгаа атомаас нэг тэрбум нь нэгэн цагт Шекспирынх байсан, тэрбум нь Буддагийнх, тэрбум нь Чингис хааных, бас Бетховэных ч байсан байж болох юм гэж үздэг (Түүхэн болоод нэлээд цаг хугацааны өмнөх хүмүүс байгааг анзаарч байгаа биз дээ. Учир нь атомаараа задарч, дахин хуваагдах хүртэл тодорхой хугацаа зарцуулагдах шаардлагатай. Тиймээс хүссэн ч биед чинь одоогоор арай ч Элвис Преслигийн атом очоогүй байгаа). Тэгэхээр бид өөрсдийгөө богино настай л болохоос хойд дүр гэж үзэж болох нь ээ!

Биднийг нас барах үед атом задарч, дараагийн зорилгод ашиглагдахаар тарцгаана. Зарим нь навчны хэсэг, эсвэл өөр хүн, нэг бол шүүдрийн дусал. Атом бараг үүрд мөнх оршино. Атом хэр урт наслах боломжтойг хэн ч мэдэхгүй, гэхдээ Мартин Рийз тэднийг 10-ийн араас 35 дараалсан тэг тавьсантай тэнцэх жил насладаг гэсэн тооцоо дэвшүүлсэн. Энэ бол үнэхээр аугаа том тоо. 

Түүнээс гадна атом маш жижиг, ёстой өчүүхний өчүүхэн. Хагас сая атом мөр мөрөө түшилцэн нэг эгнээ болон жагссан ч нэг ширхэг үсний чинь цаанаас цухуйхгүй. Ийм хэмжээтэй учраас ганц ширхэг атомыг төсөөлнө гэдэг бараг боломжгүй. Гэхдээ мэдээж бид үүнийг оролдож үзэж болно. Миллиметрээс эхлэе. Миллиметрийг мянган жижиг хэсэг хуваая. Хэсэг бүр нь микроны хэмжээтэй байх болно. Энэ бол микро-организм буюу бичил биетийн хэмжээ. Жишээ нь цэнгэг усанд байдаг ганц эст ердийн нийтлэг парамэциум  гэгч эгэл биетэн хоёр микроны өргөнтэй. 0,002 миллиметр гэсэн үг. Тун өчүүхэн. Усны дусал дотор сэлж байгаа парамэциумыг энгийн нүдээр харахыг хүсвэл уг усны дуслыг 12 метр өргөн болгож томруулах хэрэгтэй болно. Харин тэр усны дусал дотор байгаа атомыг энгийн нүдээр харах гэвэл уг дуслыг 24 километр өргөн болгох шаардлагатай.

Өөрөөр хэлбэл атом нь дэндүү бяцхан хэмжүүрийн орчлонд оршдог учир хэмжүүр нь ч шал тусдаа ойлголттой. Атомыг хэмжихийн тулд микрон тус бүрээ дахин арван мянга хуваах хэрэгтэй. Энэ бол атомын хэмжээ. Миллиметрийг арван сая хуваасны нэгтэй тэнцүү хэмжээ. Энэ бол төсөөлөлд ч багтамгүй тийм бяцхан хэмжээс шүү дээ. Хэрвээ атомын өргөнийг хуудас цаасны нимгэн шиг гэж зүйрлэх юм бол мөнөөх хуудас цаасны зузаан нь 104 давхар Эмпайр Билдинг шиг болно.

НЭПКО хэвлэлийн газар