Нэгэн сонирхолтой судалгааг Мечиганы их сургуулийн эдийн засаг, социологийн  эрдэмтэд хийжээ. Энэ нь эхлээд жендерт тухайлбал, эдийн засаг, санхүүгийн эрх мэдэл нь хэнд байна гэсэн асуудал хөндсөн байна. Дэлхий дээр байгаа бүх бэлэн мөнгийг хэн хаагуур, юунд зарцуулж дахин хуваарилалтад оруулж байна гэж үзжээ. Тэгсэн чинь ерөөсөө л бүх мөнгөний санхүүгийн эрх мэдэл эмэгтэйчүүдэд байжээ. Бүх мөнгөний 80 гаран хувийг эмэгтэйчүүд захиран зарцуулж байна гэсэн дүгнэлт гарч эрдэмтдийг гайхшруулжээ. ”Гайхширсан” гэхийн учир нь дэлхийн бүх засгийн газрууд, томоохон банк корпорациуд 90 хувь нь эрчүүдийн мэдэлд байдаг. Гэтэл яахаараа дахин хуваагдалд орсон  бүх мөнгөний 80 гаран хувь нь эмэгтэйчүүдийн түрийвчинд орсныг тайлбарлаж чадахгүй байна. Тэгвэл бүсгүйчүүдийн цүнх түрийвч зүгээр л мөнгө уургалах ид шидтэй гэж үү. “Эрчүүд эдийн засаг, санхүүгийн эрх мэдлээ л ингэтлээ алдсан юм бол бусад эрх мэдлийн тухай яриад ч хэрэггүй” гэж дүгнэжээ. Гэвч жендерийн төлөө тэмцэгч баатарлаг эмэгтэйчүүд энэ дүгнэлтийг хүлээн авахыг хүсэхгүй байгаа гэнэ. Эмэгтэйчүүд өдий хүртэл хөрөнгө санхүүгийн том эрх мэдлээ нуусаар ирсэн байна. Судлаачид бараа үйлдвэрлэлийг авч үзжээ. Дэлхий дээр үйлдвэрлэсэн бэлэн хувцас зэрэг аж үйлдвэрийн барааны 75 хувийг эмэгтэйчүүд, хүүхдийн хувцас эзэлсэн байв. Бас гоо сайхны бараа, алт үнэт эдлэлийн үйлдвэрлэл  эрэлт нийлүүлэлт нь өнөө эрэгтэйчүүдэд үлдсэн 15 хувиас даваад явчихсан байна. За яахав. Дэлхийд бол тийм байдаг байж. Хүүхнүүдийн цүнхэнд бүх мөнгө явдаг юм биз. Харин манайд ямар байдаг юм бол доо. Сүрхий хэл амтай хүүхнүүд сүүлийн хэдэн жил жендер гэж мундаг ярьж байгаа даа. Ерөөсөө л дээрээсээ авахуулаад, Их хурал, Засгийн газрын гишүүдээсээ эхлээд бүх албан тушаал дээр эрчүүдтэй яг адилхан байх ёстой, 50 хувь байх ёстой гэж тэмцэж байгаа. Бүх шатны сонгуулийн нэр дэвшилтэд хүйсийн харьцаа адилхан байх зарчмаа батлуулаад авсан. Улс төрд эрчүүд нь идэж уусан хэрэгт холбогдоод ирэхээр  ард түмэн эмэгтэйчүүддээ итгэл үзүүлж тэднийг дэмжиж байгаа. Тун удахгүй Норвеги, Швед шиг хүүхнүүд нь төрийн ажлыг амжуулж, эрчүүд нь усан онгоцоор зугаалсан  улс орон болох байлгүй. Жендерийн ийм бодлогыг Ерөнхийлөгч ч, улс төрийн намууд ч айхтар  дэмжээд байгаа шүү. Түүхээсээ Монгол Улс чинь улсынхаа хааны эзгүйд хатад нь гүрэн толгойлж явсан жээндэрсэг гүрэн. Социализмын үед “хөөрхий бидний бүсгүйчүүд хүмүүжихийн замыг дагасан”, эмэгтэйчүүд нь гадуурхагдаж үзээгүй түүхтэй улс орон. Япон Солонгос, Хятад зэрэг улсуудыг бодвол  манай хүүхнүүд  эрх чөлөөгөө эдэлсээр ирснээрээ дэлхийд байг гэхэд Азидаа тэргүүлэх байх. Манай хүүхнүүд улс төрийн эрх чөлөөгөөрөө түүхийн аль ч үедээ боолчлогдоогүй ээ.  Харин санхүү эдийн засгийн эрх чөлөө нь ямар байдаг юм бол доо. Судалгаа хийсэн газар байгууллага үнэндээ алга байна. Монголын мөнгөний захиран зарцуулах эрх мэдэл эрчүүдэд байна уу. Мөн л дэлхийтэй адилхан 80 гаран хувийг эзлэх тэр их мөнгө эмэгтэйчүүдийн цүнхэнд явна уу. Энэ  мөнгө Монголд ч гэсэн  ялгаагүй эмэгтэйчүүдийн цүнхэнд яваа гэж итгэлтэй хэлнэ. Бэлэн хувцасны дэлгүүрүүдийг харахад голдуу л эмэгтэйчүүдийн бараа байдаг биз дээ. Саяхан твиттерт нэг хөөрхөн зураг тавигдсан байсан. Нэг айлын гутлын шүүгээг онгойлгоод зургийг нь авчихсан чинь  эмэгтэй хүний 6-7 гутлын дунд эр хүний ганцхан пүүз байхыг харуулсан маш сайн зураг байсан шүү. Би нэг найзаасаа танай авгай юу хийж байна гэсэн чинь цаадах чинь даашинзаа тоолоод л сууж байна. Үе үе тоо, өнгийг нь алдчихаад нэгээс эхэлж тоолоод тэрэндээ саатаад суудаг юм гэсэн. Бас даашинзаа биедээ биш, биеэ даашинзандаа тааруулах гэж эхнэр нь  маш их ажил болдог тухай их хөгжилтэй ярьсан юм. Харин би найзаасаа чи чинь ер нь хэдэн костюмтай билээ гэхэд “Энгийн үед өмсдөг нэг юм бий. Хурлын нэг бий чи мэднэ дээ тэгээд дуусаа” гэсэн.  Монголын хөдөөд ч гэсэн хувийнхаа мал хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдэл эмэгтэйд нь хадгалагддаг юм. Миний эргэн тойронд  эрхэм гишүүн сайд дарга, сэтгүүлч, цагдаа, “Нарантуул”-ын наймаачин, малчин зэрэг олон хүн байдаг.  Тэдний гэр бүлийн төсвийн захиран зарцуулах эрх мэдэл эхнэр гэдэг “Ерөнхий сайдад” хадгалагддаг. Тэгвэл дэлхийн бүх мөнгийг цүнхэлсэн “Ерөнхий сайдууд” тэр их баялгийг зөв хуваарилж чадаж байгаа бил үү. Гэр бүлийн хувьд сөрөг хүчин болсон эрчүүд түүнд ямар хяналт тавьж байв гээд асуудал хөндөгдөж байна. Айл гэрийн эхнэр гэдэг “Ерөнхий сайдууд” албан тушаалаа хэтрүүлэн өөртөө 80 хувийг, нөхөртөө 20 хувийг зарцуулдаг юм биш биз дээ. Ер нь газар болгонд эрчүүд сүйрч байна, тэд ялагдаж байна гэж бичих, ярих болов. Гэр бүлийн соёлтой жендерийн хамгийн мэдрэмжтэй гэдэг  Европт ийм хэлц үг байдаг. Нийгэмд эзлэх хүндлэл байр сууриар нэгд хүүхэд, хоёрт эмэгтэй хүн, гуравт нохой, түүний дараагаар эрчүүд орно гэдэг байна. Эмэгтэйчүүд жендер гэж  албан тушаалын адил оролцоог хүчтэй тавьж байна. Тэр нь амжилтад хүрч соёлт хүн төрөлхтөн зөвшөөрч эрчүүд бууж өгч байна. Гэвч эрдэмтэд нэг зүйлийг сөргүүлэн тавьж байна. Санхүүгийнхээ эрх мэдлийг эрчүүд авах, ядахдаа 50 хувийг нь эдлэхийг хуульчлах хэрэгтэй гэлээ. Хөрөнгө барихаасаа эрчүүд айдаг гэнэ. Өөрөөр тайлбарлавал, мөнгө санхүүгийн эрх мэдлээ эмэгтэйчүүддээ найр тавин өгч байна. Сүүлийн үеийн ойлголтоор эр, эм хоёр хүйс адилхан тэнцүү тоогоор ажилд орохыг жендер гэдэггүй болж байна.  Жендер гэдэг ойлголт одоо эргээд өөрчлөгдөж байгаа. Жендер гэдэг бол “бурхнаас эр, эм хүнд оногдсон жам ёсны хуваарь” түүнийг эвдэгдэхгүй байхыг хэлнэ гэсэн үзэл давамгайлжээ.  Эр хүн нь хүүхэд хийж, юм хум олж зөөж ирж, эм нь хүүхэд төрүүлж  асарч тэжээж, эрчүүдийн олж зөөсөн баялгийг борлуулна. Хөдөлмөрийн ийм хуваарь өөрчлөгдөх тутам сөрөг үзэгдэл гардаг гэнэ.  Ажлынхаа байрыг ч, санхүүгийнхээ эрх мэдлийг ч булаалгасан эрчүүд газар бүр доройтож байгааг судлаачид үгүйсгэхгүй байна. Эрчүүд сул дорой хүйстэн боллоо. Эрчүүдгүй амьдрах моод ч  түгэж, элдэв гаж хүйснүүдийн учир олдохоо болив. Үүнийг бас л мөнгөний эрх мэдэлтэй холбон тайлбарлах боллоо. Дэлхийн бүх мөнгө хүүхнүүдийн цүнхэнд явдаг гэнэ шүү. Хамгийн хачирхалтай нь эрчүүд мөнгөний эрх мэдлээс татгалздаг бол хүүхнүүд санхүү мөнгөний эрх мэдлээ хэнтэй ч хуваалцахыг хүсдэггүй ажээ. Гоо сайхан ертөнцийг аварна  гэж хийсвэр үг. Харин эмэгтэйчүүдийн алт үнэт эдлэл, гоо сайхандаа зарцуулж байгаа бараагаа 20 хувиар хэмнэхэд л гайхам үзүүлэлт гарч сая сая хүүхдүүд өлсгөлөнгөөс аврагдах ажээ.