Хас тэмдэг, хар савхин куртка, ганган мотоциклиор гоёдог нэгэн найзтайгаа хууч хөөрч  жаал  суулаа. “Монголын төр устаж байна.  Хятад, солонгосчууд Монголыг   бараг эзэлчихлээ, фаак юү (fuck you). Дарга даамлууд газраа зарж дууслаа. Гэтэл  Төрийн хэлний зөвлөлийн хэсэг эрдэмтэд  монгол хэлнээс үсэг хасна  ч гэнэ үү.  Одоо бүр эх хэл рүүгээ дайрдаг байна шүү. Хэл, хил, мал гурваасаа салвал хэн эмгэнэлтэй вэ... Монгол эмгэнэлтэй. Тэмцэнэ шүү хө... тэмцэнэ... Нээрээ тийм дээ.  Муу найз минь улс эх орныхоо төлөө хэрхэн “тэмцэж” байгааг бодох бүр сэтгэл хөдлөм байдаг. Түүнтэй уулзах бүрт эх оронч сэрэл маань хөдөлж таарсан гадныхны тархийг хага цохимоор санагддагаа нуух юун. Өнөөх маань  харин салахдаа “За байя (bye). Тэгээд коол ми (call me). Хааяа ярихаар чи бийзи (buzy) байдаг шүү. Гүүд лаак (good luck)” гээд инээмсэглэн гарч одлоо. 

Пөөх би англиар ярьдаггүй. Гэхдээ амьдралын шаардлагаар энэ мэт үгийг ойлгоод байдаг болсон.  Харин хэлний мэдлэг маань дээшилж байна гэж сайрхах, муудаж байна гэж гутрах эсэхээ ойлгодоггүй. Эх хэлнийхээ төлөө цогтой тэмцэхээр (ер нь тэмцэж ч яваа) шийдсэн найз маань 10 үг тутамдаа  дөрвөн  англи үг хэрэглэж яваагаа ухаардаг эсэхийг бас мэддэггүй. Надад ер нь мэдэхгүй юм их байна...

Ажилд орохыг хүсч анкет бөглөсөн нэгэн залуутай ярилцсан маань надад мартагдашгүй дурсамж болон үлдэх бололтой. Тэр анх сургуульд орохдоо л орос хэлээр эрдэм ном үзжээ. Дараагийн үзсэн хэл нь англи хэл. Гуравдахь нь хятад. Дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Уг нь тэр бүр олдоод байхгүй л сайн мэргэжилтэн гэсэн үг. Өгүүлбэр бүртээ англи, орос үг оруулж ярина. За энэ ч яахав. Амьдралын шаардлагаар би түүнтэй  ойлголцоод байгаа юм. Харин өнөөх маань 40-50 үгтэй жижиг эссээ бичихдээ арван үг тутамд хоёр алдаа гаргана. Найруулга гэж авах юм байхгүй.  Би түүнээс “Чи монголоор бичиж чадах уу” гэхэд “Муухан даа...” гээд инээсэн. Дамшигласан асуултын маань ёгт утгыг тэр ойлголгүй үнэнээрээ хариулсан нь тэр.  Тэр явдлаас хойш “монгол хэл мэддэг сэтгүүлч ажилд ав” гэж хүний нөөцдөө анхааруулсан даа.  Зөв, бурууг мэдэхгүй юм.   Сонин хэвлэлийг уншиж байхад үг, үсгийн алдаа маш их байна гэсэн гомдол уншигчдаас байнга ирдэг боллоо. Уг нь сурвалжлагчид маань бүгд л дунд сургууль дүүргэж,  их дээд сургууль төгссөн дээд боловсролтой хүмүүс. Үг, үсгийн алдаа гаргаад байхаар нь торгодог боллоо.  Нэмэр алга. Тэгэх нь ээ, нэг ажилтан маань  “Үг үсгийн алдаа гаргаж байгаа нь бидний буруу биш. Яагаад гэвэл бидэнд монгол бичиг зааж байгаад сүүлд криллээр дагнасан. Дүрэм мэдэхгүй байх нь аргагүй...” гэдэг байгаа. Анзаарвал нээрээ л  1980-аад оноос хойшхи залуус зөв бичгийн дүрэм мэддэггүй нь тодорхой болов. Үнэхээр 2000 он гэхэд “Төрийн албан ёсны бичиг монгол бичигт шилжинэ”  гээд дунд сургуулийн бага ангиас эхлээд монгол бичиг зааж бужигнуулсан нь үнэн билээ. Тэр будилааны гор  одоо гарч байгаа нь энэ.  1980-1990 оныхон өдгөө ажилд орж, бизнес эрхэлж байна. Тэд бүгдээрээ шахам буруу бичнэ. Харин тэд англи хэлэндээ гайгүй. Тиймээс л одоо гадуур албан байгууллагын хаяг, элдэв сурталчилгаа тэр бүү хэл зарим сонин, сэтгүүлийн тодорхой гарчиг булангууд англиар бичигдэж байгаа. Эх хэлээрээ зөв бичиж чадахгүй тэдэн дээр гадаадад боловсрол эзэмшээд ирсэн нөхдийн давалгаа бас нэрмээс болно. Төрийн албанд томоохон албан тушаалд томилогдсон 80-аад оныхон монголоор зөв бичиж чадахгүй, бас монголоор яриад ойлгохгүй бол шууд англиар ярьчихдаг нь бахархал ч юм уу, багтрал ч юм уу. Зарим дарга нар “Би Монголын сонин хэвлэл уншдаггүй. Телевиз ч үздэггүй...” гэж чамирхана. Тэр бүү хэл, англи орос хэл дээр шүлэг зохиол бичиж байгаа гэнэ. Боловсрол юм уу, доройтол ч юмуу би бас мэдэхгүй юм.

Модернист  Б.Галсансүхийн “...Монголын радио хятадаар  мэндчилэхэд би үхнэ” хэмээх  “Болор цом” хүртсэн нэгэн шүлгийн мөр бий. Энэ мөрт үнэн бол Б.Галсансүхийг хэзээ ч үхэхгүй юм байна даа гэж бодож явав. Харин одоо тэр цаг ойрхон мэт бодогдох нь, муу ёр байгаа даа.  Төрийн хэлний зөвлөлд багтдаг хэсэг эрдэмтэн монгол хэлнээс дөрвөн үсэг хасна хэмээн саяхнаас заналхийлэх болов. Дахиад л эх захгүй  бужигнаан эх хэлэндээ бүү үүсгэ. Гудамж талбай, улс төр дэх эмх замбараагүй бүхнийг засч залруулж эсвэл нам дарж болдог. Харин  эх хэлэнд бий болсон  дайн дажинг хэзээ ч засч чадахгүй. Угаасаа ч энэ крилл бичиг монгол түмний минь бичиг биш болохоор өнөөг хүртэл төгс дүрэм гэж байсангүй. Байх ч үгүй биз. Уугуул биш суугуул соёл  импортлохын лай ланчигийг ханатлаа амслаа. Энэ бичгийг одоо бас солино, хасна  гээд туг бариад давхичихвал 20-30 жилийн дараа монголоор бичиж чадахгүй хүн олшрохын л цондон. Сүүлийн жилүүдэд Чингис хаан болон эх түүхээрээ  бахархах үзэл сайн төлөвшиж байна. Харин монгол хэлээрээ бахархах  үзэл бидэнд дутаад байна. Харийн хэлийг суралгүй л яахав. Харин ижийнхээ бүүвэйтэй хамт амалсан эх монгол хэлээ мартаж  яахин болох билээ. Бид Өндөр гэгээн Занабазарынхаа  урласан алтан соёмбо үсгээ төрийнхөө сүлдэнд залж чадсан.  Бид Чингис хаанаа ярьж цээжээ дэлдэж чаддаг болсон. Бид есөн хөлт цагаан тугаа Төрийн ордондоо ёслол төгөлдөр залж чадсан. Бид түүхээрээ бахархаж аархан  омогшиж чаддаг болсон. Бид газар шороогоо харамлаж хэнийг ч загнаж, харааж бас хаана ч буу дуугаргаж чаддаг болсон. Бид үзэл бодлоо чөлөөтэй тунхаглан  хэвлэн нийтлэж чаддаг болсон. Энэ бол сайн хэрэг. Харин бид эх хэлээрээ бахархахаа байсан. Бид монголоороо зөв ярьж, зөв бичиж чадахаа больсон. Бид “Эх орны хил эмсийн умайд бий” гэж дуртай цагтаа хашгирч чаддаг атлаа эх монгол хэл минь эх орны тусгаар тогтнолын торгон хил гэдгийг мартжээ. Уг нь  чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл юмсан. Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ юмсан даа... 

Үргэлжлэл бий...