Тамирчин болно гэдэг аз сорьсон хэрэг. Ялангуяа өндөр хөгжилтэй улс оронд амьдралынхан хамгийн том шийдвэр гаргах шалгуур болдог. Тамирчин болно гэдэг залуу насны, ердөө арав гаруй жилийг зарцуулдаг ч, эдгээр он жилүүд нь хүний сурч боловсрох, хөгжих хамгийн чухал мөчид тохиолддогоороо онцлогтой. 18 настайдаа мэргэжлийн гэрээ байгууллаа гэж бодоё. 35 нас хүртлээ тухайн спортоороо хичээллээ гэж гэхэд 17 жилийг тамирчины амьдралаар өнгөрөөнө. Гэхдээ 35 нас хүртлээ зодог тайлахгүй байна гэдэг тийм ч олон хүнд тохиолдохгүй.

Мэргэжлийн спорт өндөр хөгжсөн (ер нь өндөр хөгжилтэй улсад ) улс оронд эрүүл, чийрэг байхын тулд бүх насны хүмүүс спортоор хичээллэдэг. Харин амьдралын цаашдын замналаа шийдэх буюу мэргэжлийн тамирчин болохыг ихэнхдээ сонгодоггүй. Тамирчин болж азаа үзсэнээс сургуульд сурч мэргэжил эзэмшихийг илүүд үздэг. Тухайн спортдоо үнэхээр дуртай, эсвэл амьдрал тааруу айлын хүүхдүүд, бүр цаашлаад өндөр хөгжилтэй улсад цагаачилсан цагаачдын хүүхдүүд тамирчин болох зам руу ордог. Хүүхэд нь мэргэжлийн сайн тамирчин болвол тансаг амьдрал руу шилжих гол найдвар болно. Тийм ч учраас өнөөдөр, мэргэжлийн спорт өндөр хөгжсөн улс рүү орох цагаачдын тоо эрс өсч, хүүхдүүдээ сайн тамирчин болгох гэж зорьж байна. Тухайлбал АНУ-ын мэргэжлийн тамирчдын дийлэнх хувийг африк, төв америк гаралтай (сүүлд азиуд нэмэгдэх болсон) тамирчид болон цагаачдын арми бүрдүүлдэг. Европ руу орвол Францын хөлбөмбөгийн шигшээ багт 15 жилийн өмнөөс франц үндэстэн 10 хувийг эзлэх болсон. Герман, Скандинавын улсууд ийм замнал руу аль хэдийн орж цагаачдын том арми бий болсон. Уламжлалт, үндсэрхэг, ихэмсэг Англид мөн ийм давалгаа бий болчихсон олон жил боллоо. Гэтэл хөлбөмбөг, дээрх улсуудын үндэсний гэж хэлж болохоор хамгийн их сонирхогчтой спорт нь шүү дээ. Өөрсдийнхөн хамгийн дуртай спортыг харийн гэх тодотголтой нөхдүүд эзлэж байгаа нь тэр. Усаин Болтоос дутуугүй алдартай болчихсон хөнгөн атлетикийн Мо Фара (Сомалигаараа Фарах) Англичуудын хайртай тамирчин.

Мэргэжлийн тамирчин боллоо гэхэд, энэ зам руу орсон хүүхэд бүр амжилтанд хүрдэггүй нь ойлгомжтой. 5-10 хувь нь “азтай” гэх тэр ангилал рүү орно. Үлдсэн нь мэргэжил ч үгүй, мэргэжлийн тамирчин ч бололгүй ард нь үлдэж, ажилчдын арми рүү шилжихээс өөр аргагүй (дээр нь гэмтэл гэж айхтар юм бий). Та бүхэн анзаардаг байх. Дэлхийн хэмжээний тамирчид, дундаж эсвэл дунджаас доогуур амьдралтай гэр бүлээс гаралтай байх нь элбэг тохиолддог. Боловсролтой, амьдрал нь тогтчихсон хүмүүс хүүхдээ ийм аз туршсан зүйл рүү яаж ч бодсон түлхэхгүй. Хойд Америкийн сагсанбөмбөгийн лигт дээд тал нь 500 тоглогч тоглодог гэхээр сагсанбөмбөг хөөсөн ямар олон залуус ард нь үлддэгийг харж болно. Ердөө 500 тамирчны амьдралд том өөрчлөлт гарна. Үлдсэн нь яадаг вэ гэж үү? Дэлхийгээр аялаж сагс тоглоно. Гэхдээ хангалттай хуримтлал үүсгэх нь юу л бол. НБА-д орж чадаагүй, арай чадвартай хэсэгт нь (Европт) боломжийн цалин оногддог. Үлдсэн нөхдүүдийн хувьд гучин нас гараад л аюулын харанга дэлдэнэ шүү дээ. 

Дараагийн асуудал нь тамирчин боллоо гэхэд зодог тайлвал яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тамирчин хүний амьдрал, их сургуульд сурсан мэргэжилтний амьдралаас шал өөр байдаг. Мэргэжил эзэмшсэн хүн нас ахих тусам ажилдаа гаршиж, орлого нь нэмэгддэг бол тамирчдынх нас ахих тусам улам хүндэрдэг. Ямарч спортоор хичээллээд амжилт гаргахад, тансаг амьдрал руу шилжиж, эдэлж хэрэглэж байгаа зүйл нь шинэ түвшинд очино. Тамирчин байх хугацаанд, тогтмол орлого нь энэ бүхнийг хангаад байх боловч, зодог тайлахад зарлага нь хэвээрээ үлдэх боловч орлогогүй болдог. Африк, өмнөд америк гаралтай сайн тамирчдийн дийлэнх хувь нь зодог тайлснаасаа хойш гурван жилийн дараа бүрэн дампуурдаг гэсэн судалгаа бий. Дампуурдаггүй юм гэхэд тун чиг хүндхэн амьдралыг туулах болдог. Тийм л учраас зодог тайлаад араб, ази, орос, америкийн мэргэжлийн лиг рүү явж мөнгө хийх гэж үздэг нь тэр. Зодог тайлаад хийдэг дасгалжуулагч, аналист, тайлбарлагч гэх мэт ажлууд голдуу толгой илүү ажилладаг европынхонд буюу “цагаан”-уудад оногдоно. Ядаж л зодог тайлаад өөрийн гэсэн ресторан, цэнгээний газар, спортын сургууль, секцийг европынхон ажиллуулах нь элбэг. Мэдээж цагаачдаас дасгалжуулагч, тайлбарлагч, рестораны босс болох нь байдаг ч, ихэнхдээ үгүй. Тиймээс тамирчин болох нь европынхоны хувьд төдийлөн сонирхдоггүй ажил бол, цагаачдын хувьд үүнээс өөр боломж олдохгүй. Европынхон багаасаа эрдэм номын мөр хөөнө, цагаачид тамирчин болох замаа хөөнө. Насанд хүрсний дараа ялгаа дэндүү их болдог учраас толгой шаардах ажилд европууд, биеийн ажилд буюу тамирчдын чадвараар цагаачид илүү сайн байдаг шалтгаан энэ. Европ энэ чигээрээ явбал аль ч шигшээ багийг нь цагаачид дүүргэж магадгүй.

Сүүлийн 20 жилд гарсан бас гэсэн жишээ нь Балканы хойгт хамааралтай. Югослав улс 1991 онд задарч, дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа Европын газар нутаг дайны утаанд хахав. Хөгжингүй Европт болсон энэ үйл явдал, дүрвэгчдийн томоохон армийг араасаа дагуулсан юм. Хамгийн сүүлийнх нь 2006 онд задарсан Монтенегро бол, одоо Косово тусгаар улс болох гээд үзэж тарж байна. 2001 оноос дайн гарахгүй байгаа ч, задрах магадлал байгаад л байна. Спортод яаж нөлөөлсөн бэ гэвэл тамирчин - цагаачид. Хүний газар очиж буй ямарч өндөр мэргэжилтэнд ажил олдох амар биш. Хуучин социалист системийн бүтээгдэхүүн болохоор, мэргэжлийн хувьд гологдохоос гадна, өндөр хөгжилтэй улс орнууд дайнтай улсаас ирсэн хүмүүст итгэхгүй. Тэгээд ч муу нэртэй зүүн Европынхон. Иймээс хуучин Югославын харьяаны иргэдэд Англи, Герман, Канад, АНУ, Франц, Швейцар, Швед, Норвеги, Финланд, Австрид сайхан амьдрах гол боломж нь спорт. Социализмын үед ч спортоор боломжийн байсан суурь нь, харь оронд тамирчин болох гол нөхцлийг бүрдүүлнэ. Гэр бүлээ тэжээх сайхан боломж учраас хэнээс ч илүү хичээх нь мэдээж. Дээр нь Африкуудыг бодвол спортын суурь шал өөр, од болох боломж харьцангуй ойрхон, цагаачилсан ч хол зам туулахгүй (африкаас далай гатлана гэдэг лут ажил бий). Геополитикийн хувьд ашигтай гэх үү дээ. Тамирчдын түүхийг харвал Югославын харьяанд байсан Серб, Хорват, Босни-Херцеговина, Словен, Македон, Монтенегрогийн шилдэг тамирчид голдуу өөр улсад цагаачилж тэндээ сайн тамирчин болох нөхцөл бүрдсэн байдаг. Югославын харьяаны улсууд хэрвээ салаагүй, дайн болоогүй байсан бол, энэ олон сайн тамирчин гарч ирнэ гэдэгт эргэлзэж байна. Нутагт нь сайн тамирчин болох мэргэжлийн спортын ямарч суурь байхгүй учраас дайн болсон нь Югославт сайн тамирчид гарч ирэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Манайд ямар байна вэ? Өнөөдөр Монголд, тамирчдын 5 ч хүрэхгүй хувь нь боломжийн амьдардаг. Боломжийн шүү. Мэргэжлийн салбарт шилжээгүй учраас тамирчин болох нь дэндүү эрсдэлтэй боловч, хүүхдүүдээ тамирчин болгох гэж төр засаг дэндүү их хичээж байна. Ядаж хүүхдүүдээ ямарч ирээдүйгүй салбар руу орж байгааг өөрт нь, эцэг эхэд нь ойлгуулах хэрэгтэй. Бодлогын асуудал гэдэг чинь энэ шүү дээ. Манайд өнөөдөр тамирчин биш, мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгааг бодлого тодорхойлогчид мэдэж байгаа болов уу? Олимпоос медаль авсанаар жүдогоор хичээллэдэг хүүхдүүд эрс олширсон, энэ бол том сурталчилгаа гэж цээжний пангаар авч л байна. Мэдээж хүн бүр спортоор хичээллэх нь эрүүл мэнд, чөлөөт цагт нь хэрэгтэй. Үүний тулд заал, талбай хангалттай байх ёстой. Харин тамирчин болно гэдэг тэс өөр ойлголт. Энийгээ эхний ээлжинд, ялгаж салгадаг байх хэрэгтэй. Тэгээд ч төр, мэргэжлийн спортыг бий болгосон тохиолдол байхгүй. Байдаг бол хэлээд аль! Хятад гэж үү? Хятадын спортын мэнэжэнтийг хувийнхан хийдэг. Теннисний Шанхайн нээлттэй маш том тэмцээний мэнэжмэнтийг гадныхан хийдэг. Тийм ч учраас жил ирэх тусам өөрсдөө мэнэжмэнт хийдэг Кремлийн цомыг ардаа орхиж байна. Төр заал, талбайгаа бариад, гол нь бодлогоо тодорхойлоод сууж байдаг. Хангалттай, хүрэлцэхүйц заалтай болчихвол хувийн хэвшил хүссэн хүсээгүй босгоод л ирнэ (энэ тухай дараа тухтай бичнэ).

Тамирчид сайхан амьдрах боломжтой боллоо гээд олимп, дэлхийгээс медаль авсан тамирчдаа яриад байдаг. Гэтэл энэ нь нийт тамирчдын хэдэн хувь бэ? Үсрээд 50 хүн байгаа биз дээ. Тэр уриалаад тамирчин болгоод байгаа хүүхдүүдийн хэд нь ийшээ орох вэ? Сардаа 100 саяын төсөв, жилдээ тэрбумыг хэдэн нөхөрт хуваагаад өгчихдөг. Дахин хэлье. Тэр нөхдүүд өөрсдөө спортоор хичээллээд, өөрсдөө сонголтоо хийсэн. Өөрсдийнхөн сонгосон салбар ямарч явцгүй байгаад төр буруугуй. Нөхөр боксоор хичээллээд амжилт гаргаагүй нь төрийн буруу биш. Амжилтанд хүрсэн ч, хангалуун амьдрахгүй байгаа нь төрийн буруу биш. Хувь хүний өөрийнхөн сонголт. Харин ард түмний татвараас цугласан мөнгөөр, ард түмэндээ заал, талбай барьж өгөх зайлшгүй шаардлагатай. Ард түмэн тамирчдад мөнгө өгөхийг дэмжиж байгаа гэдэг ч, бидний ихэнх нь социализмын толботой. Өөрийн аз жаргал чухал биш, өрөөлийн аз жаргалын төлөө (би яахав, улс маань хөгжиж байвал) явдаг сэтгэхүйн дэмжлэг шүү дээ. Уг нь ард түмнээсээ илүү сэтгэж байж удирдах болохоос санал цуглуулаад байвал тэр ажлыг хэн ч хийчих юм биш үү!

Тэрний оронд спортын салбарт орвол ингэнэ, мэргэжил эзэмшвэл ингэнэ гээд мэдээллийг хангалттай цацаж өгөх хэрэгтэй. Төр үндсэн ажлаа умартаж эрүүл, чийрэг байх боломжийг бүрдүүлэх гэхээсээ илүү бүгдийг нь тамирчин болгох гэж мангартаад, хамаг байдгаа зориулаад байдаг. Манайх шиг төр нь (албан хаагч нь), тамирчин болоорой, уурхайчин болоорой гэдэг улс байхгүй. Бүх мэдээлэл хангалттай бол хүн өөрийн гэсэн толгойтой, зөвлөдөг эцэг, эх, найз нөхөд, багштай. Сайхан амьдрахын тулд хүн сайн сонголт хийж таарна даа. Социалист системийн, төр хувь хүний яахыг шийддэг, уриалдаг тогтоц одоог хүртэл арилаагүй. Төр л туслахгүй бол ард түмэн төөрч будлиад яаж ч чадахгүй гэдэг ойлголт хэвээрээ. Үүнийг олон тамирчид амьдрал дээр биеэрээ туулан харуулж байна.

Б.Цэнддоо гуайн хэлсэн үг бий: Засаг төрийн үүрэг нь ард түмэн өөрснийгээ хооллох, хувцаслах зүй зохистой нөхцөл бүрдүүлэх. Эдийн засаг хэвийн байгаа бол засаг, төр байгаа байхгүй нь мэдэгдэхгүй нам гүм байдаг. Хэрвээ тэд ард түмнээ хооллох, хувцаслах тухай яриад эхэлбэл үндсэн үүргээ биелүүлж чадахгүй болсных. Ялангуяа ард түмнээ “сайн хүн болгох” энэ тэрээг яриад эхэлбэл хамаг юм нэгэнт өнгөрснийх.

Ард түмнээ сайн тамирчин болгох гэж яриад эхэлвэл төр үндсэн үүргээ биелүүлж чадахгүй болсны дохио. Төр, ард түмнийг өөрснийгөө авч явах тийм л боломжыг бүрдүүлэх ёстой. Өнөөдөр спортоор хичээллэж байгаа хүүхдүүд, ирээдүйд юу хүлээж байгааг мэдэхгүй байгаа. Ахлах сургууль хүртэл ямар зорилготойгоо мэдэхгүй, үндсэн ажлаа хэр биелүүлж байгааг нь хар. Спортоор сайн хүүхдүүдийг хичээлээс нь чөлөөлж, сургуулиа төлөөлүүлдэг. Төгсөх дөхөөд ирэхээр, хичээлээ мэдэхгүй, сургуулийнхаа нэрийг гаргасан гэдэг шалтгаанаар онц гаргаад өгдөг ч, их сургуульд орох хэмжээний мэдлэгтэй болоогүй. Сурч байх хугацаандаа сургуулийнхаа нэрийг гаргах чухал болохоос, тэр хүүхэд цаашдаа яаж амьдрах нь үнэндээ сургуульд хамаагүй болчихсон. Уг нь эсрэгээр 40-50 жил яаж амьдрах талаар мэдлэгийг олгох ёстой. Ингээд л биеийн тамирын сургуульд орж, тамирчин гэдэг ямарч ирээдүйгүй салбар руу яваад орчихно. Төгсөөд биеийн тамирын багш болно. Уг нь ахлах сургууль хүүхдийн хичээл номд нь анхаарч, биеийн тамирын хичээлээр эрүүл чийрэг, хөдөлгөөний дутагдалыг нь хангах үндсэн үүрэгтэй. Сургууль бүр спортоор сайн гэдгээ батлахын тулд хүүхдүүдийг золиослодог нь, олимпоос л медаль авах гээд байдаг манай спортын бодлоготой яг тохирч байгаа биз. Бүгд л өөрсдийгөө шилдэг гэж батлах гэж оролдовч, яг юугаараа шилдэг байгаа нь инээдтэй. Ер нь хэнд ч батлах гээд байгаа юм мэдэхгүй. Хувийн сургуульд хүүхдээ сургах болсон нь, үндсэн ажлаа сайн хийдэгтэй л холбоотой.

Тиймээс ахлах сургуульд онц сурч буй хүүхдүүд сайхан амьдрахаасаа илүү, зорилготой хүүхдүүд илүү сайн, сайхан явдаг тал манайд харагддаг. Хүүхдийг зорилготой болгох биш багшийн хий гэснийг хийдэг өөрийн гэсэн толгойгүй нөхдүүд бэлддэг нь, төгсөх үед ямар мэргэжилтэй болох, цаашдаа яах вэ гэдгээ ихэнх нь мэддэггүй. Үүнд л ахлах сургуулийн гажиг нуугдаж байна.

    Үеийн ялгаа

Хүүхдүүдээ ямарч явцгүй салбарт уриалж, спорт хөгжихгүй байгаа ужиг яг юунаас болж байгааг өөрийнхөөрөө ухаж үзлээ.

Аль ч үед, ахмадууддаа дараагийн үе таалагдахгүй байх нь элбэг. Гэхдээ таалахгүй байгаа хэсэг буюу ахмадын масс болсон олонх нь дундаж давхарга, дундаж сэтгэхүйг төлөөлдөг учраас дундажууд ямар байдаг талаар ойлгож болох юм. Дундажууд, дундаж л сэтгэдэг. Аристотэлийн хэлсэн: Одоогийн залуус их залхуу болж, бидний үед ном уншдаг байлаа” гэдэг ч үүнтэй ялгаагүй биз. Залуусын дундаж давхаргыг л харсан байлгүй дээ. Ном уншдаг залуус үргэлж, цөөхөн хувийг эзэлдэг. Манай хүн ч залуудаа, тэр цөөхөн хэсгийн төлөөлөл байсан байх гэсэн бодол төрж байна. Өөрөө уншдаг хүн, эргэн тойрондоо адилхан ном уншдаг залуустай нөхөрлөх нь элбэг учраас, залуу байхад нь ном уншдаг залуус их байсан мэт сэтгэгдэл төрсөн байж магадгүй.

Сэтгэлгээний хувьд илүү өндөр түвшиний болчихсон ахмадын цөөнх хэсэг (манайд бол бүр ч цөөнх), залуусыг зэмлэхээс илүү яаж ойлгох вэ гэж харагддаг. Дараагийн үе өмнөх үеэсээ ямагт илүү байдаг гэдэг аксиомыг тэд сайн ойлгочихсон. Харин манайд үүсээд буй ахимаг насныхан, залуусын үл ойлголцол өөр шалтгаантай юм шиг.

Одоогийн залуус их залхуу болж, хүний үг авахгүй юм, бидний үед ингэдэггүй байлаа гэдэг үгийг олон сонслоо. Эсвэл хөгшчүүдийнхээ хоцрогдсоныг гайхсан залуусын яриа чих дэлсэх нь их. Үүний шалтгааныг хөөвөл 1990 оноос өмнөх нийгэм хүний хөдөлмөрийг үнэлдэг, хэн сайн хөдөлмөрлөж байгаагаа хөдөлмөрийн баатар гэх мэт одон медалиар шагнаж, олонхоос өөр сэтгэж буй нэгнийгээ нийгмийн дайсан болгох үзэгдэл элбэг байсан. Тийм ч учраас өөрийнхөө амьдарсан загвараас өөр юм сэтгэж, бодож, үйлдэж буй нэгнийг эгээ л нийгмийн дайсан мэт хүлээж авдаг сэтгэхүй гүн бат суучихсан мэт. Хар багаас нь ажил хийвэл ам тосдоно, нэг хувийн авьяас, ерөн есөн хувийн хөдөлмөр гэх мэт үг хэллэг үнэн болчихсон. Тархиндаа ийм үнэнийг суулгачихсан, түүнийгээ мөрдлөг болгочихсон хүн: Хөдөлмөрлөхгүй л бол болохгүй, миний хүү ажил хий, хөдөлмөрлө гэж сургах нь ойлгомжтой. Ямарч асуудал гарсан өөрийнхөө мөрддөг ном зохиолоос хариуг нь хайдаг ард түмэн шиг. Өмнөх нийгмийн бүх юманд механик ханддаг сэтгэхүй, хүмүүсийг хөдөлмөрийн хувьд, сэтгэхүйн хувьд механик болчихсон. Нэгэнт ийм загвар суучихсан хүн, хүүхдүүдийг дүгнэхдээ энэ их томоотой, дуулгавартай, үгнээс гардаггүй, үргэлж хөдөлмөрлөж байдаг сайн хүү гэх нь элбэг. Ажиглаад байхад, хөдөлж л байвал сайн гэнэ шүү. Гэтэл үнэн хэрэгтээ хамгийн ноомой, өөрийнхөөрөө биш (өөрийн толгойгүй), бусдын үгээр байдаг тийм л нөхдүүд. Социализмын төгс хүний загвар.

1990 он гарснаас хойш, энэ байдал эсрэгээрээ болсон. Хөдөлмөрлөхөөс илүү, сэтгэж байгаа нь чухал. Бүхий л ажил сэтгэлгээ шаардаж байгаа болохоор залуусын хэмнэл, хөдлөх гэхээсээ илүү, бодох талруугаа өөрчлөгдсөн. Бодож, сэтгэж чадахгүй нь гологддог тийм үе ирсэн. Сэтгэж (хөдөлмөрлөдөггүй гэсэн үг биш) байгаа нь, хөдөлмөрлөж (арай бага сэтгэдэг)  байгаагаа удирддаг. Бүтээгч хүмүүст адилхан нэг шинж байдаг нь дуулгаваргүй, дураараа, өөрийнхөөрөө байдаг. Хамгийн том бүтээлүүд дуулгаваргүй, дураараа, өөрийнхөөрөө байсан тийм л хүмүүсээс бий болсон. Тогтсон хэв загвараас өөрөөр сэтгэх нь чухал. Хүний үг авах гэдэг нь өөрөө харьцангуй ойлголт. Зөвөлгөө өгч байгаа нь заавал миний зөвөлгөөг дага гэж шаардаад байдаг нь өөрөө утгагүй юм. Сонголтыг үргэлж өөрт нь үлдээх хэрэгтэй. Энэ нь мэдээж хэлсэн болгоноос зөрөх, залхуурах тухай биш (шууд ингээд ойлгочихдог учраас дахин бичив). Хүний хэлснээр хийхээсээ илүү өөрийнхөөрөө хийж, өөрийнхөөрөө алдаж үзэхийг залуус хүсэх болсон. Хамгийн том давуу тал нь, хүн өөрийн дуртай юм аа амьдралаа болгоод явах боломж, сэтгэхүй бүрдсэн учраас, дуртай юм аа хийж байгаа хүн залхуурахгүй, ядрахгүй, бас аз жаргалтай амьдарна. Дуртай юм аа хийж байгаа хүнээс хөдөлмөрлөхгүй байна гэж шаардах утгагүй. Хүн дуртай юм аа хийснээр амжилт гаргаж, аз жаргалтай амьдарна (ядаж эрт зөнөхгүй). Тэр нь салбартаа, томроод улсдаа томоохон нөлөө үзүүлж, улсын хөгжилт шууд нөлөөлдөг. Улсын хөгжил ийм л юмнаас эхэлнэ.