Сархад минь салах ёс хийе баяртай
...Ярьж ч чадахаа байсан хөөрхий аав минь амь тасрахаасаа хэдхэн хормын өмнө гүн хайр шингээсэн харцаараа дохиж намайг өөртөө ойртуулаад, зургаан хуруугаа босгон харуулж, хацрыг минь зөөлхөн илээд өнгөрсөндөө хөөрхий хэмээн өгүүлээд , шинэхэн танилцсан найзын минь нүдэнд нулимс дүүрээд ирэв.
Тэгээд нэг л өдөр энэ новшоос хагацъя гэж эрс шийдээд өөр шигээ ташуурч явсан хэсэг нөхөдтэйгөө нийлж , хамтдаа бие биедээ туслаад, зөвхөн өөрсдөө төдийгүй өрөөл бусдыг ч энэ зовлонгоос салахад нь туслах үйл хийцгээе гэж тохиролцож, “Залуус-21” клубийг байгуулсан юм . Тэгээд архи амсалгүй зургаан жил болсонд муу аав минь юу, юунаас ч илүү баярлаж, жаргалтай байснаа ярьж чадахгүй ч, дохио зангаагаараа тийнхүү хэлсэн дээ. Аавыгаа сүүлчийн замд нь сэтгэлийг нь ядаж тэнүүн үдсэндээ би ч баярладаг ” хэмээн найз минь ярихад голоод нэг юм огшиж, нармай шархирлаа.
...Архинаас гараад гурван жил болж байхад ээж минь бурхан болсон. “Хүү минь гар чинь ямар дулаахан байна вэ” гэдэг үг надад зориулсан ижийн минь сүүлчийн үг бас захиас байлаа ...
...Би архийг хаяад одоо есөн жил болж байна. Саяхан хэнз хүүтэй боллоо. Байгууллагын орлогч даргаас манаач болтлоо уруудаж явсан үе бий. Яахав чадалдаа эрдээд ууж, галзуурч яваад тэр. Одоо сайхан ажил, амьдрал аль аль нь эргээд хүрээд ирлээ...
...Ханийгаа би үнэхээр зовоодог архичин байсаан. Ямар сайндаа эхнэр маань намайг алаад, шоронд орсон ч яадаг юм вэ гэж бодохдоо хүрч байхав. Нэг удаа хань минь надад “ чамаас намайг өмөөрөх ах, аав минь байдаг байсан бол ингэж дээрэлхүүлэхгүй байсан даа” гээд гашуунаар уйлахад нь өр өмрөөд явчихсан. Тэгээд шууд архиа хаяад таван жил боллоо. Одоо гэр бүлийн тайван, амгалан амьдрал гэдэг ямар агуу вэ гэдгийг мэдэрч сууна. Хааяа эхнэр маань гэнэт хацар дээр үнсчихээд , ханийгаа харахаас л хайр хүрээд байна гэдэг юм...
Шинэ найзууд маань ингэж ярьж байна. Би өөрөө тэднийг зориуд зорьж очсон юм. Яагаад гэвэл би гээч мулгуу сүүлийн хэдэн жил савнаасаа бусдыг дийлдэг гэх энэ “амьтан”-тай нэлээд ширүүн зууралдлаа. Дийлэхгүйгээ мэдэрлээ. Надад нуугаад, ичээд, эрээлээд байх юм огтхон ч алга. Ууж галзуурч, элийрч, балайрч явахдаа ичээгүй хүн одоо энэ новшид бууж өгч, болъё гэдгээ зарлахдаа эмээх хэрэг юу билээ. Тиймээ, би шинээр төрснөө зарлахыг хүсэж байна. Аав, ээж, ах, эгч, дүү нар маань гээд одоохондоо хорвоо дээр би элэг бүтэн амьдарч явна. Ажил, алба, амьдрал, хамт олон надад байна. Намайг хайрладаг, надад итгэдэг хүмүүс бас байна. Мөнх бусын амьдрал хойно хэн нэг маань яваад л өгнө. Амьдад нь архи ууж тэднийхээ сэтгэлийг сэмлэн, дахин тамлахыг хүсэхгүй байна. Удаан бодсоон би. Өөртөө уур хүрч, өөрийгөө үнэхээр үзэн ядлаа. Энэ новшид ингэж дээрэлхүүлэх болсондоо гутарч байна.
Живрээ гүйцэд цухайгаагүй байхад л саваагүйтэн амсаж үзээд, хожим оюутан болж, мэрэгжил эзэмшин, сайхан ажил, алба, амьдралтай болсноо ихэд бодож балгаад л явлаа. Нэг хэсэг архийг аатай, авьяастай, аргатай, чаргатай нь уудаг юм хэмээн омойтож явсан минь үнэн. Охид эргүүлж, онгирч, дарвиж өчнөөн уулаа. Магтаал, сайшаал, зэмлэл, шүүмжлэлийн аль алийг ч даахгүй хөгийн царайлаад уугаад явдаг байж би. Бас багагүй алдар нэрд хүрлээ хэмээн сагсуурч ууж явснаа ч нуух юм алга. Эцэстээ өөрийгөө физилогийн ч, фисихологийн ч хувьд тамирдан, ядарч байгаагаа мэдэрлээ. Гурван жилийн өмнө авахуулсан гэрэл зургаа зориуд одоогийнхтойгоо харьцуулаад харлаа. Өтлөчихөж. Өтлөх ч яамай . Ааш, араншингийн хувьд ихэд өөрчлөгдөж байгааг намайг хайрладаг хүн болгон хэлэх болсныг би гэнэт ухаарлаа. Хамгийн гол нь үнэ, цэнтэй болгоноо алдахад тун ойрхон тулж ирснээ ойлгов. “Одоо болино “ гэдэг үгийг хэчнээн ч хэлсэн, бас бодсон юм бэ дээ. Тэгээд нэг л болж өгсөнгүй. Архинд буруу байхгүй, бас хөндлөнгийн хэн нэгэн намайг сархад хүртэх болсонд буруугүй ээ. Би өөрөө л уухаа байчихвал болоод явчихна. Тиймээс би сархадтай салах ёс хийн БАЯРТАЙ хэмээн чангаар, бас итгэлтэйгээр хэлж байна.
Бас бусдад үлгэрлэхийг хүслээ. Найз нартаа, үе тэнгийнхэндээ, охид, хөвгүүд дүү нартаа хандаж байна. Архинд донтох, архинаас хамааралтай болох гэдэг ёс зүйгүй, боловсролгүй, ядуу доройн шинж огтхон ч биш ээ. Бусдаас тасарсан авьяастай, суу билэгтэй, хүнлэг, нөхөрсөг , хүний дээд, хайлан болсон хэчнээн хүн архинд орж байна вэ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, \энэ хоёр үгийг ерөнхий утгаар нь дурдлаа. Элбэгээ, Алтанхуяг гээд ойлгочихов доо. Ш.Д\ сайд, дарга нар, эрдэмтэн мэргэд, инженер, зохион бүтээгч, эмч, багш, ажилчин, малчин, тариаланч, тэр ч бүү хэл наркологийн эмч, ажилчид ч архинд донтох өвчнөөр өвдчихсөн л байдаг шүү дээ. Энэ бол зүгээр л өвчин юм. Хорт хавдар, чихрийн шижин, цусан суулга, нөгөө “саарс”, шувуу, гахайны ханиад гэдэгтэй яг адил хэцүү өвчин. Гэхдээ эдгэдэггүй өвчин гэж бараг байдаггүй. Тэгэхээр би өвдчихсөн байж. Надтай адил ийм өвчнөөр өвдөж, халдвар авчихсан хүн Монголоор нэг байгааг эмгэнэн бодож сууна. Өвчин хэлж ирдэггүй шигээ хэн нэгнийг бас онцлон сонгодоггүй. Өнөөдөр архи ууж буй нэгнээ адлан тавлаж буй нэгэн маргааш өөрөө тийм болчихож болно. Зүгээр л ийм өвчтэй нэгнээ эдгээх , илааршуулах шаардлагатай байна. Учир нь баргийн хүн ганцаараа архи уудаггүй юм. Ганц шил юм аа тэврээд хэн нэгнийг хань татан зорьдог. Хүн олуулаа цуглаад дарвихаараа л архи , дарс болоод явчихдаг биш билүү. Иймд уухад бусдын дэм хэрэгтэй байдаг шиг уухаа болиход нь ч бусдын дэм хэрэгтэй байдаг юм байна. Дэм болох нөхөдөө хамгийн гол би олсоон. Өвчнөө хүндрэхээс нь өмнө анагаахыг хүслээ. Эдгэрнэ гэдэгтэй ч эргэлзэхгүй байна. Яг энэ мөчид намайг дооглон инээж, тохуурхан тавлаж, бас өрөвдөн халаглаж, дэмжин дохиж , хараан зүхэж буй олон төрх бий гэдгийг мэдэрч байгаа ч үнэхээр үл тоож БИ ЧАДНА гэж андгайлъя. Эрхлэн гаргаж буй сониноо архинд донтох өвчний эсрэг үйл ажиллагааг хамгийн идэвхтэй дэмжигч байгууллага болгож байгаагаа ч зарлаж байна. Цаашид миний бичих байнгын сэдвийн нэг ч ийм байх болно. Намайг дэмж.
Зочин
Эрүүл амьдрахуй
мягаа
мягаа
мягаа
АА
Zochin
Zochin
Зочин