Д. Сүхбаатарын МНРП  гэсэн орос үсэгтэй, хас тэмдэгтэй Ардын намын тамга ба 100 тоот намын  батлах

Өдий хүртэл муу нэр, муухай дүртэйгээ хэвээр байгаа Бодоогийн тухай ярих бичигдэх бүрт нэг тамга гардаг. Кинон дээрх түүхээр бол хувьсгалын эсэргүү,  зөнөг өвгөн сайд Бодоо, Сүхбаатар нартай тэрсэлдээд их ууртай уухилсан амьтан сууна. “Ардын намын модон тамгыг хэн сийлсэн. Би л сийлсэн” гээд шүдээ зуун хорлон сүйтгэх галдан шатаах, гэзэг үс огтлох үйл ажиллагаагаа явуулахаар шуударна. Бодоогийн улс төрийн гэмт хэргийн хамсаатан бол Богд хаан. Төрийн хаан гэхэд ямар утга учиртай бичгэн дээр тамгаа дарснаа мэдэхгүй ухаан мулгуу, нүд нь  сохор арчаагүй  дүр кинонд гарна. Ардын намын Сүхбаатар нарын Ленинд явуулах тусламжийн бичгэн дээр төрийн тамга дарчихаад “юун дээр тамгаа дарчихав аа” гээд л сэнтий дээрээ лагхийн ойчдог доо. Харин “Ухаант жанжин Сүхбаатар, Чойбалсан нар Улаан Москваг зорьж “Ленинтэй уулзаж эрх чөлөө тусгаар тогтнолоо аварч кино  төгсдөг. Өнгөрсөн зуун жилийн Ардын намын түүх  цаашлаад Монголын улс төрийн зүтгэлтнүүдийн түүх ердөө л ийм кино, яг ийм уран зохиол байлаа. Ийм зохиолуудыг Орос, Монголын коммунист нам зохиож улс орны түүх энэ гэж биднийг хүмүүжүүлсэн. Ардын намын Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар баатар болж, Бодоо, Данзан, Чагдаржав, Богд бүгд  хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж тэр нь  баригдаж  кино төгсдөг. Ардын засгийн анхны Ерөнхий сайд. Д.Бодоо гэдэг түүхэн хүн томоохон улстөрчийн тухай бидний ойлголт өнөө хүртэл ийм л байсан. Бодоогийн дүр уран зохиол, тайз дэлгэцнээ гарах болгонд нэг тамга заавал гардаг. Бас Бодоог Богд хаантай заавал холбодог. Тамга нь гэвэл Ардын намын анхны тамгыг Бодоо сийлсэн баримтыг тамганы дардсыг ч устгаж чадсангүй. Бодоотой Богд хаан холбогдохын хувьд бол Богд хаан Бодоо хоёр бол багш шавийн барилдлагатай хүмүүс. Бас Бодоо 1911 оны үндэсний хувьсгалд   сонин гаргаж оролцсон явсан ойрын  нөхөд. Түүхийн ухааны доктор Д.Батсайханаас “Богд хаан, Бодоо хоёр ямар холбоотойг лавлахад “Богд бол Сүхбаатарын багшийн багш. Харин Бодоогийн  өөрийх нь номын багш бол Богд” гэлээ. Тэр үеийн багш шавийн барилдлага маш хүчтэй байсан. Номд мөргөдөг, багшид мөргөдөг үе байсан. Багш шавийн барилдлага андгай тавьсан мэт хувирдаггүй байсан гэж билээ. Харин Бодоод сүүлд тулгасан олон ялын нэг бол Богдтой холбоотой байснаа хэл гэж тамлан байцааж байжээ. Орос зөвлөх дотоод яамны мөрдөн байцаагч Сорокин “Богд хатны хамт танай гэр орноор баадантай юм бариад ирж очдог байсан нь ямар учиртай юм бэ хэл” гэж Бодоог цаазлуулахын өмнө  эрүү шүүлт тулгаж байжээ. \Сорокин бодоог эрүүдэн байцааж байсан протоколыг олж авлаа. Г.Д\  Ардын намынхан дундаасаа Бодоо, Богд хоёр хамгийн ойр байсан  тухай олон баримтыг юугаар ч няцааж чадахгүй. 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо олоход Бодоо 25-26 настай байв. Харбинд сонин бичиг гаргаж Хүрээнд тарааж, элдэв нийтлэл бичиж үндэсний хувьсгалын  үйл хэрэгт идэвхитэй оролцож байсан . Бодоо Түшээт хан аймгийн дархан Чин ван Пунцагцэрэнгийн хошууны хүн. 1911 оны хувьсгалын дараа  нутгийн Чагдаржавын хамт албан тушаалын бялуунаас хүртсэн. Бодоо гадаад яаманд дэс түшмэл, Чагдаржав Богд хаант Монгол улсын тагнуулын албанд ажилд орсон байдаг.  Ардын намын анхны гишүүдэд хоёр хувьсгалын нүүр үзсэн. Орос, төвд хэлтэй. Зохиох найруулах эрдэм мэдлэгээрээ шалгарсан нь ганцхан Бодоо байлаа. Нэлээд олон уран бүтээлээ хэвлүүлсэн нь ч  Бодоо юм. 1919-1920 оны үед 36-37 настай ид хийх бүтээх насандаа байв. Бодоог элдвээр гутаасан суртал нэвтрүүлэгчид Бодоогийн дүрийг бүтээхдээ 50 гаран насны өвгөн сайдын дүрийг бүтээж доромжилдог юм. Хоёр хувьсгалын нүүр үзсэн 36 насандаа Ардын засгийн анхны Ерөнхий сайд болсон Бодоо сайдын дүрд  ардын жүжигчин Цэндээхүү гуай лав 50 гарсан хойноо тоглосон байх аа. Монголчууд бид улс хувьсгалын ямар нэгэн баяр болохоор Бодоо нарыг муулж Сүхбаатар Ленин, Чойбалсанг мандуулсан кинонуудыг  үздэг дээ. 1921 оноос эхэлсэн шинэ Монголын түүх Оросын коммунист дэглэмийг далдлах гэсэн зохиомол түүх байдаг. Уран зохиол, киноны түүхээр улс орон маань явж иржээ гэж хэлж болно. Тэгвэл бүгдээрээ зохиомол орос сургагчийн бичиж өгсөн түүхээс салахынтулд баримттай ярьж бичиж үзье. 1919 онд Хүрээнд шинэ цагийн большевик нам байгуулагдаж хоёр бүлгэм нийлж Орос руу төлөөлөгч явуулах бичгэн дээр тамга дарах болдог. Ардын намын нөхөд Данзангийнхаа зандан ширээний хөлийг хөрөөдөж аваад гарын дүйтэй Бодоогоор тамга сийлүүлнэ. Ардын намын соёмбот модон тамганы дардас энэ байна. 1920 оны зургадугаар сарын 25-нд энэ тамга хувьсгалын онц ноцтой нууц баримт бичиг дээр дарагдсан гэдэг. Тамга тэмдэг сийлсэн, хийсэндээ гол агуулга нь биш. Харин Ардын намын тамгыг Богд хаанаар аравнайлуулна гэдэг нь Бодоо богд хаанд ойр байсны баримт юм. Тэхээр хоёр нууц бүлгэм нийлж хуралдаж дарсан тамга бол энэ тамга. Дундаа соёмбо үсэгтэй монгол бичгээр ”Монгол ардын намын тамга” гэж бичсэн байна.\МАН-ын архивт байгаа соёмбот тамганы улны дардсыг хавсаргав\. Тэгвэл тэр үеийн МАН-ын батлах болон бүх баримт бичгэн дээр Бодоогийн энэ тамга дарагдмаар юмаа. Тэгвэл үгүй ажээ. Жишээ нь, Д.Сүхбаатар нарын 1921 оны намын гишүүний батлах дээр шал өөр тамга дарагджээ. Энэ зураг бол Д.Сүхбаатарын намын бат илэрхийлэх баримт бичгийн зураг. Энэ зургийг холбогдох архиваас нь хас зүйч М.Энхпүрэв олж өгсөн юм. Д.Сүхбаатарын намын бат илэрхийлэх дээр дарсан тамганы дардас энэ. Дундаа хас тэмдэгтэй. Монгол АрдынХувьсгалт Нам гэдэг үгийн орос товчлол МНРП \Монгольская Народная Риволюционная Партия\  үгийг хас тэмдгийн дээр доор бичиж. Монголоор Монгол ардын намын үндсэний гишүүний тэмдэг гэж тамган дээр бичсэн байна. Д.Сүхбаатарын намын гишүүний батлахны үгийг сийрүүлбэл,
Монгол Ардын намын төв хорооны бичиг. Бат илэрхийлэх үнэмлэх бичиг шийтгэж олгосны учир. Сэцэн хан аймгийн ёст бээс Доржжавын хошууны бөгөөд Бүх цэргийн жанжин зоригт бэйс Сүхбаатар манай ардын намын журам сурталыг зөвшөөрөн хүлээж шашин төр ба ард түмний тусад чин зориг үнэн санаагаар амь хөрөнгийг хайрлалгүй хүчин зүтгэсүгэй хэмээсэн учир бат илэрхийлэх тэмдэг бичиг шийтгэн олгов. Иймийн тул аливаа ардын намын гишүүн нар учрыг мэдэж, үнэнийг илтгэн улс төрийн их хэрэгт харилцан туслалцах ажаамуу. Үүний тул үнэмлэх тэмдэг дарж гишүүн хэргийг эрхэлсэн түшмэл Түдэн гарын үсэг зурав.
 Олноо өргөгдсөний арван нэгдүгээр он. Найман сарын 19. Европын есөн сарын 21. Монгол ардын намын гишүүн Сүхбаатар, Үнэн. Олгох 100 дугаар бичиг гэжээ.
 Тэгэхээр МАН-д Бодоогийн сийлсэн ардын намын нэг тамга. Бас хэн, хаана хийсэн нь тодорхойгүй тэгсэн мөртлөө хас тамгатай МАХН гэсэн орос үсэгтэй Сүхбаатар нарын батлах дээр дарагдсан хоёр тамгатай байсан байна. МАХН-ын түүхийн баримт бичгүүдэд МАХН гээд л заримдаа МАН гээд л 1920 оны түүхийг будилуулж гардаг юм. Аргагүй юм шиг. Нэг тамган дээр МАХН гэж орос үсгээр нэг бичээд, Монгол Ардын нам гэж монголоор бичээд хас тэмдэг дарчихаар чинь оросууд Хувьсгалт нам гээд монголууд Ардын нам гэж уншихгүй яах билээ. Тэгвэл Бодоогийн сийлсэн Ардын намын тамгатай батлах одоо хүртэл байхгүй байж болох юм.

 Манай мэргэжлийн түүхч нар энэ хоёр тамганы учрыг тайлах байх. Д.Сүхбаатар нарын орос үсэгтэй тамга Буриадад хийсэн байж болзошгүй орос үг ихтэй ядуухан орчуулга гэмээр бичлэгтэй. Батлах биш нэвтрэх бичиг юм шиг сонин үгтэй юм. Энэ үеийн түүхийг мэргэжлийн түүхчид үнэнээр бичих цаг болсон.