Ийм нэгэн яриатай түс тас гүргэр нөхөр Монгол Улсын ГЯЯ-ыг толгойлж явсан тухай ахмадууд дурсаж, зарим нь бүр дурсамж номдоо хүртэл биччихсэн байх аж. Ардын армиас, тэгээд бүр хурандаа цолтой бэлтгэл офицер гадаад харилцааны төв байгууллага руу томилогдон очиж яам толгойлсон түүх бараг байхгүй. Тэгэхдээ намтар нь нэн баялаг.



Лувсандоржийн Тойв гэх энэ эрхэм 1930-аад онд Багшийн сургууль төгсгөсөн, “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч явсан, “Британника Монгол” хураангүй толь бичигт өгүүлснээр, дайны үед хойно Зөвлөлт улсад В.И.Лениний нэрэмжит цэргийн-улс төрийн академи төгсгөж ирээд Ардын Хувьсгалт цэргийн Улс төрийн газарт хэлтсийн дарга, “Улаан од” сонины эрхлэгч, МУИС-ийг эчнээгээр дүүргээд Сайд нарын Зөвлөлийн Хэвлэл, утга зохиолыг хянах ерөнхий газрын дарга, МАХН-ын Төв Хороонд хэлтсийн эрхлэгч, Монголын зохиолчдын хорооны дарга, 1953 оноос дипломат албанд шилжиж, Москва, Бээжинд Элчин сайдын яаманд зөвлөх, ГЯЯ-ны хэлтсийн дарга,  СССР-ийн ГЯЯ-ны Дипломатын академийн сонсогч, НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд, 1968-1970 онд жинхэнэ сайдаар ажиллажээ.



Намтарт тодруулга хийхээсээ өмнө дээрхи зурагт тайлбар хэлье. Энэ зургийг би гэрээс нь охин Т.Ганбатаас нь авсан юм. Бид түүнийг Гамбууш гэж өхөөрдөг дууддагсан. Эхийнх нь төрсөн ахын хүү буюу үеэл ах нь манай арван жилийн ангийн Гомбоо маань юм, бид тэднийхийг мөн ч их ноолж бужигнадагсан. Л.Тойв гуай хижээл настай, Гадаад хэргийн сайд болсон хойноо цэрэг амьдралаа дурсан санасан уу, ийм дурсгалт зураг үлдээе гэсэн үү, өөр нэг хурандаагийн формын хувцсыг гуйж өмсөөд ийм зураг татуулжээ. 1940-өөд оны ардын армийн хурандаа маань 1960-аад оны ардын армийн хурандаа болоод байгаа нь энэ.



Энд маш сонин зураг олж тавилаа. 1940-өөд оны үеийн ардын армид ажиллаж байсан зөвлөлтийн цэргийн сургагч нартай авахуулсан зураг. Л.Тойв гуай арын эгнээнд голд зогсож байна. Нүүрэн эгнээний голд генерал С.Равдан сууж байна.



Энэ бол Нью-Йоркт НҮБ-д алба хааж байх үеийнх нь зурагнууд. Тэрээр НҮБ-д суусан манай хоёр дахь Элчин сайд. 1964-1966 онд ажилласан. Л.Тойв гуайд албаа шилжүүлж байсан манай нэрт дипломатч Б.Жаргалсайхан гуай “Нэгэн жарны бодрол” (2001 oн) дурсамж номдоо нийтлэлийн баатрын маань тухай илэн далангүй үнэлэж дүгнэснээс эшлэе. Тэрээр 30 гаруй жилийн өмнөөс хоёр биенээ таньдаг, үүний өмнө Тойв нь залуучуудын сонины эрхлэгч, НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн ажлыг надаас авч байсан, 1969 онд ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд Тойв намайг өөрийнхөө оронд томилуулаад өөрөө жинхэлсэн юм гэж дурсан бичээд зан байдалд нь дүгнэлт өгчээ.



-    Тойвын ажлын арга барилыг ажиглахад заримдаа 30-аад оны үеийн сайд дарга нарыг санагдуулна. Тэрээр албан тушаалтайгаа зууралдаж амиа хоохойлохгүй, дарга нарын өмнө бөхөлзөөд байхгүй, асуудлыг түс тас ярина. Тийм хүн тэр үед нэн ховор байсан юм.

-    “Шалихгүй асуудал шийдэхгүй юм бол сайд гэж явах хэрэг надад алга” гэж дарга нарт шууд хэлнэ. Доод тушаалын хүмүүсээ өмгөөлж, буруугий нь өөр дээрээ айхгүй хүлээж, шийтгэх юм бол намайг шийтгэ гэнэ. Дараа нь дутагдал гаргасан хүнтэйгээ хатуу ярина.

-    Нэг нөхөр сайдад загнуулснаа гоморхон ярихад нь би түүнд “Чамайг алгадаад авсан бол чи баярлалаа гэх ёстой байсан юм даа. Өөрийг чинь яамнаасаа гарга гэхэд нь яаж хамгаалсныг чи мэдэх үү” гэхээр тэрээр “Тэгвэл би сайд дээрээ орж баярласнаа хэлье” гэж байж билээ.

Эндээс үзвэл үнэхээр төрийн хар хүн, гүндүүгүй нэгэн монгол байж үү дээ гэхээр. Тэр түс тас гүжирмэг зан авир нь армиас үлдэж хоцорсон цэрэг хүмүүжил нь байсан байх гэж тааж болно. Гэхдээ би энд арай өөр Л.Тойвын тухай өгүүлмээр байна.  

Намтар нь нэн баялаг гэж би дээр хэлсэн дээ. Гадаад харилцааны сайдаар аз нь шовойсон, эсвэл аргагүй эрхээр тулгаж тавьсан сайд ирж л байдаг, явж л байдаг, одоо амьд сэрүүн байгаа нь хүртэл яамаараа шагайхаа байчихсан, гэм хийсэн аятай гөлөлзөөд явцгааж байх нь бий. Эсвэл мөнхөд дурсаастай, үе үеийнхний ам дамжин домог болон яригддаг нь ч бий. Тиймүүдийн нэг нь энэхүү Л.Тойв мөн болов уу. “Нэгэн жарны бодрол” номын хэдхэн мөр хэлээд өгч байх шиг.



Эдгээр зураг бол 1967 онд Египетэд авахуулсан зураг. Эртний Фараоны өлгий нутаг Луксорт аялаж байна. Монгол-Египетийн харилцааны цоо шинэ эхлэлийг ноён Л.Тойв ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайдын хувьд тавьсан юм. Тэрээр тус улсад айлчилсан Монголын анхны албан ёсны дээд хэмжээний төлөөлөгч байлаа.  Айлчлалын мөрөөр парламент хоорондын хамтын ажиллагаа эхэлж, АБНЕУ-ын Үндэсний их хурлын дарга Анвар Садат (хожим Ерөнхийлөгч болдог) тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчилж, 1968 онд Каирт манай улсын ЭСЯ нээгдсэн билээ.

Амьдралд 50 гаруй насалсан хүн олон байдаг ч Л.Тойв шиг товойн гарч ирсэн, тэмцэж ялж, өндөрлөгт хүрсэн нь цөөхөн дөө. Багшийн сургууль, В.И.Лениний нэрэмжит цэргийн-улс төрийн академи, МУИС, СССР-ийн ГЯЯ-ны Дипломатын академи гээд 4 шатны дээд сургуулийг төгсгөөд, нэр төртэй албуудыг ажралгүй хашаад, Гадаад харилцааны сайдын суудалд очсон байдаг ба зуурдаар таалал төгсөөгүйсэн бол цаашаа хэр удаан ажиллах байсныг хэн мэдэх билээ. Дараа дараачийн сайд нарын томилгоо өөрчлөгдөх байсан нь мэдээж.  



Шат шатны их дээд сургууль төгсгөөд сайд дарга болсондоо бус уран зохиолын нэрт дуун хөрвүүлэгч, зохиолч байсныг нь ёстой бахархал гэж хэлмээр байдаг юм. Тиймдээ ч дунд сургуулийн уран зохиолын унших бичигт орж, олон үеийнхнийг уран зохиолын амтад оруулсан Зөвлөлтийн гайхамшигт зохиолуудыг Л.Тойв гуай монголчилсон байдаг юм. Зөвлөлтийн утга зохиолыг орчуулах ажлыг чанаржуулах, олшруулахад Л.Тойв Зохиолчдын хорооны даргын хувиар өөрөө манлайлан зүтгэсэн гэлтэй. Тэрээр Валентин Катаевын “Хорооны хүүг” орчуулсныхаа дараа Борис Полевойн “Жинхэнэ хүний тууж” гэдэг алдарт зохиолыг орчуулан хэвлүүлсэн ба бүр өмнө 1946 онд “Хувьсгалт цэргийн 25 жил” гэсэн түүхэн бичлэгийн номоо бүтээж, 1957 онд “Солонго” гэдэг жүжиг бичиж хүүхдийн тeaтрт тавьсан, богино хэмжээний өгүүлэл, тэмдэглэл цөөнгүй бичсэн олон талын авьяас, мэдлэгтэй хүн хэмээн би боддог юм.

Олон шатны их дээд сургууль, академи төгсгөсөн дипломны эзэд, элдэв цол чимэгтэн дипломат албанд цөөнгүй байсан, одоо буй ч Л.Тойв шиг эр зориг, уран бүтээл, мэдлэг чадвараараа гайхагдсан нь бас тийм ч олон биш ээ!

Үргэлжлэл бий