Марксизм, Ленинизмгүй түүхэн тэмдэглэл

1920 он гэхэд Нийслэл хүрээнд олон нам байсан гэвэл гайхах хүн олон. Гэвч марксист ленинист биш түүх судлаачид 1920 он гэхэд Нийслэл хүрээнд олон намууд буюу улс төрийн олон бүлэглэлүүд байсныг нэгэнт тогтоожээ. 1920 онд Бодоо, Чагдаржав нараас Эрхүүгийн коментерний төлөөлөгч Макстенект гардуулсан бичгэнд Монголд олон нам байгаа тухай хамгийн тодорхой өгүүлсэн боловч түүхчид төдийлөн ярьдаггүй юм. ”Дээрх түүхэн баримт бичигт Монголд үйл ажиллагаа явуулж  байгаа ноёдын нам, жижиг түшмэдийн нам нь манай ардын намд санал тавьсны дагуу бид танай Зөвлөлт улсаас тусламж эрж байна”. Монгол Улсад  мөрийн хөтөлбөртэй бие даасан улс төрийн хүчин байгаа хэмээн уг бичигт  тодорхой өгүүлжээ. Энэ бичгийг Элбэгдорж Ренчино номондоо тодорхой тайлбарласан бол,  эрдэмтэн Бат-Очир гуай судалгааныхаа бүтээлд  орос хэлнээс орчуулан тавьснаа тэмдэглэжээ.  1920 он гэхэд Монголд улс төрийн олон бүлэглэл, нам, байсныг одоо түүхийн монгол эрдэмтэд ч, гадаадын судлаачид ч хүлээн зөвшөөрсөн төдийгүй тэр үед улс төрийн намуудад харьяалагдаж байсан хүмүүсийн нэрс нь хүртэл гарсан нь баярлууштай. Монголын түүхчид шинэ үеийн түүхээ хэнээс ч хамааралгүй, хэнээс ч айж эмээлгүйгээр бичиж эхэлж байна гэсэн үг. 1920 онд Монголд улс төрийн олон нам байсан нь монголчууд  дэлхийн соёлт хүн төрөлхтний мэддэгийг мэдэж төр барих парламент байгуулах мэдлэг  боловсрол соёлтой байсан гэсэн үг юм. Тэр үеийн улс төрийн намууд нам гэдэг нэртэй байсан төдийгүй, бэлгэ тэмдэг туг, дуутай хүртэл байсан байна. Шар тугийг мандуулаад шашны сүрийг бадруулаад, Ногоон тугийг мандуулаад ноёдын сүрийг бадруулаад эх орноо харийн хар Хятадаас чөлөөлөх дайнд хүртэл олон намууд нэгдэж чадаж ялж, ялагдаж явжээ гэж ойлгож болно. Тусгаар тогтносон Монгол улсын эзэн хаан лам хүн болсноор лам нар, шашинд төдийгүй төрд зүтгэж, төрийн албанд эрдэм чадалтай лам нарыг дэвшүүлж чадаж байжээ. Тэдний нэг нь  лам Бодоо цаг үеийнхээ дуудлагаар Ардын намыг байгуулсан байна. 1920 онд Данзан тэргүүтэй жижиг түшмэдүүд нийлж “Зүүн хүрээний бүлгэм” байгуулахаас хэдэн сарын өмнө лам Бодоо тэргүүтэй тэр үеийн толгой сэхээтнүүд консулын бүлгэм гэж нэгдэн ”Ардын нам”-ыг байгуулсан байна. Энэ бол нэгэнт бидний мэддэг түүх. Хүрээнд байсан большевик оросууд Ардын намыг байгуулахыг зааж зурж, эх барьж авч байсан нь мэдээж.  Хамгийн гол нь манай түүхчид өдийг хүртэл “Ардын намыг анх байгуулсан хүн нь Бодоо юм. Бодоо Ардын намыг үүсгэн байгуулсан,  Ардын засгийн газрын анхны Ерөнхий сайдаар ажиллаж байв“ гэж түүхэн үнэнийг хэлчих, биччих зориг байхгүй өдий хүрчээ. Нэг дэвтэр БНМАУ-ын түүх гэдэг номонд консулын Ардын намыг Чойбалсан байгуулсан юм гэж бичсэнийг яанаа. Чойбалсангийн хувьд Ардын намыг байгуулах Консулын  бүлгэмд явж Бодоогийн хоолыг хороож хонийг нь хариулж  явсны хүчинд хожмоо төрийн тэргүүн болсон байдаг. Харин Данзанг Ардын намыг биш Зүүн хүрээнээ жижиг түшмэдийн намыг үндэслэгч гэж  зарим мэргэжилтэн үздэг. Тийм учраас Консулын,  Зүүн Хүрээний хоёр бүлэг хоорондоо нэг нам болж чадаагүй ч эвсэл болсон. Данзан, Бодоо нарын  улс төрийн зөрчил тэмцэл үүнээс эхтэй байж болох мэт. Бодоо, Данзан нарын үзэл баримтлал зөрчилдсөн ч гэсэн анхны Засгийн газрыг байгуулахад Данзан Ардын намын Төв хорооны дарга , сангийн сайд, Бодоо Ерөнхий сайд болж бас  ноёд, түшмэдүүд орсон жижиг намд Засгийн газарт суудал өгчээ.  Тийм учраас Ардын намын анхны Засгийн газар буюу Бодоогийн Засгийн газар бол яах аргагүй олон намаас бүрдсэн эвслийн Засгийн газар гэж хэлж болно. Хэрвээ 1920-иод онд ноёд, түшмэдийн нам зэрэг олон намууд байсан юм бол яагаад алга болчихсон юм бэ гэдэг асуулт аандаа гарна. Тэгвэл МАХН бүгдийг устгасан юм гэхээс өөр хариулт үнэндээ байхгүй.  

    А. Ноёдын бүлэг

1.    Шадар сайд Сэцэн ван Гүрсоронзонгомбосүрэн (  Түшээт ханы )
2.    Шадар сайд Жонон ван  Цогбадрах ( автономитыг устгах гарын үсэг зурсан)
3.    Эрдэнэ шанзудба жүн ван лам Дашжав
4.    Бэйл лам Лувсанбалдан ( автономитыг устгахад гарын үсэг зурсан)
5.    Эрдэнэ ван Намсрай
6.    Гүнгийн зэрэг да лам Гомбосүрэн
7.    Гүн Цэдэнбалжир
8.    Түшмэл Маньбазар
9.    Гүн Лувсанжамцан
10.    Дилав хутагт Жамсранжав
11.    Баатар ван Магсаржав ( Хатанбаатар)
12.    Бэйс удирдагч Буян-Очир
13.    Жанжин бэйс Сономдорж
14.    Сайн ноён аймгийн төлөөлөгч гүн Ламжав
15.    Баатар ван Наваан-Юндэн
16.    Түүний ах Ойдов
17.    Түшээ гүн Магсаржав
18.    Гүн Жамъян
19.    Гүн Гомбо-Идшин

    Б. Өвөрмонгол болон Монголын тэмцэгчид

20.    Манлай ван Дамдинсүрэн
21.    Гүн Бавуудорж
22.    Гүн Жигмид (Жигмэддорж)
23.    Гүн түшмэл Базаррагчаа
24.    Гүн түшмэл Тогтох
25.    Гүн түшмэл Иш –Очир
26.    Түрэмгий баатар гүн Баяр
27.    Тэргүүн зэрэг тайж Цэвээн

    В. Цэргийнхэн

28.    Тэргүүн зэрэг зайсан  Дугаржав (Магсаражвын)
29.    Шадар цэргийн захирал тэргүүн зэрэг  Дэндэв (Өлзийбаярын)
30.    Орчуулах түшмэл зайсан Гүрсэд
31.    Түшээт хан аймгийн хороо цэргийн захирал түшмэл Даш
32.    Сэцэн хан аймгийн хороо цэргийн захирал занги Тогтох
33.    Хужирбулангийн цэргийн захирал мэйрэн Галсан

    С. Лам бичээч түшмэд

34. Засагт хан аймгийн төлөөлөгч засаг лам Далхжав
35.Их шавийн зайсан лам Сүрэн
36. Бичээч Ээндэн
37.Бичээч Дамдинсүрэн
38. Түшээт ван Лхамсүрэнгийн хошууны мэйрэн Дорж
39. Цорж лам Лосол 1
40.Сургагч бичээч Бодоо 2
41.Зайсан Чойбалсан 3
42. Залан Догсом 4
43. Түрээсний түшмэл Данзан 5
44. Цэргийн сургагч Түшмэл Баатар (Сүхбаатар) 6
45. Гэлэн Шагдаржав (Чагдаржав)
46.Пунцаг
47.Их шавь зайсан Алтангэрэл
48 Их шавь хэнгэрэл Цэнд
 Д. Буриадууд
49. Хужирбулангийн цэргийн ангийн хэлмэрч буриад Юмтаров
50. Гадаад  яамны орчуулах түшмэл буриад Балсанов
51. Банк сангийн хэлмэрч буриад Аюуш (Бальков)
52. Консулын хэлмэрч Хандаков (5.1-3) нар болно. Энэсудалгааг доктор  С.Ичинноров хийсэн байдаг байна.


    Бодоогийн тэргүүлсэн Засгийн газар бол эвслийн  Засгийн газар

1921 оны долдугаар сарын 5-11-ний өдрүүдэд  Бодоо, эзэн хаан Богд Жавзандамбатай гурван удаа, Ерөнхий сайд Манзушир хутагт Цэрэндоржтой хоёр удаа уулзан шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг ярьж тохирсон байдаг.  Бодоо Ардын намын анхны Ерөнхий сайд гэдгийгээ бүүр 1921 оны гуравдугаар сарын 20 гэхэд л мэдсэн төдийгүй,  Монгол улс улаан империалистүүдэд зэвсгийн хүчээр эзлэгдвэл Бодоог Ерөнхий сайд болгоод азаа үзэх, тэгээд ноёд, түшмэдийн намтай хэлэлцээ хийн  эвслийн Засгийн газар байгуулах нь Богд хааны улс төрийн бодлогын хамгийн сайн хувилбар байсан байж магадгүй. Хилийн гадна байгуулагдсан түр засгийн газрын үед Д.Сүхбаатараас Бодоог түр Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулахгүй бол болохгүй гэж зүтгэж байгаад оруулсан. Д.Бодоог өөрийг нь  байхгүй ч гэсэн ерөнхий сайд  гадаад хэргийн сайдаар эчнээ баталсан нь протоколд тэмдэглэгдсэн байна. Бодоог  ерөнхий сайд гэдгийг Ардын намынхан бүүр Хиагтын тулааны дараа маргаангүй шийдсэн байжээ. Бодоо Ерөнхий сайдаар батлагдаагүй байхдаа буюу 1921 оны долдугаар сарын 11-нээс өмнө бичсэн захидал, явуулсан бичиг, бичсэн тэмдэглэлдээ хүртэл ЕРӨНХИЙ САЙД БОДОО, ЕРӨНХИЙ САЙД ХЭМЭЭГЧ БОДОО гэж гарын үсгээ зурсан нь Бодоо албан тушаалыг хүссэндээ биш Ардын нам хэрвээ ялах юм бол Бодоог Ерөнхий сайд болгоно гэсэн тохиролцоог Богдтой ч, Ардын намын нөхөдтэйгөө ч хийсэн гэхээс өөрөөр тайлах аргагүй юм.

1921 оны долдугаар сарын 11-нд байгуулагдсан

    Бодоогийн засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн:

1.Ерөнхий сайд ба Гадаад яамны тэргүүн сайдад Их шавийн Бодоо.\ МАН\
2.Дотоод яамны тэргүүн сайд, нэгэн оронд их шавийн да лам Пунцагдорж.
 3.Дэд сайд нэгэн оронд, буриад гүн Цэвээн Жамсрано.
4. Эрхэлсэн түшмэл Сэцэн хан аймгийн эрх гүн Пунцагдалайнамжилын хошууны түшмэл Догсом.
5.Ёслолыг удирдагч түшмэлд, Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин ван Жамбалдоржийн хошууны бэйс Гомбосүрэн
6. Гадаад яамны дэд сайд нэгэн оронд Сэцэн хан аймгийн үнэн сүжигт  Илдэн ван Доржпаламын хошууны гүн Жигмэддорж
7.Эрхэлсэн түшмэлд, Их шавийн хичээнгүй бэйс Цэрэндорж
8.Цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд бүх цэргийн жанжинд Сүхбаатар \МНРП\
9.Дэд жанжинд Сайн ноёнхан аймгийн хатан баатар ван Магсаржав.
10.Эрхэлсэн түшмэлд Сэцэн хан аймгийн Чин ачит ван Тогтохын хошууны бэйс Гомбо-Идшин,
11.Сангийн яамны тэргүүн сайдад Данзан. \МАН\
12.Дэд сайд нэгэн оронд Их шавийн гүн Жамъян
13. Эрхэлсэн түшмэлд буриад гүн Цэдэн-Иш
14.Шүүх яамны тэргүүн сайдад Их шавийн бэйл Магсаржав хурц.
15.Дэд сайдад Сайн ноёнхан аймгийн Батсүхийн хошууны гүн Тогтох.
16.Эрхэлсэн түшмэлд мөн аймгийн Ёст бэйс Чүлтэм агсаны хошууны Дагвасамбуу.
17.Шадар сайдад Да лам Пунцагдорж, Эрдэнэ ван Намсрай, Сэцэн ван Гүрсоронзонгомбосүрэн, Дайчин жонон ван Цогбадрах, Баатар ван Базарваань, Гүн Дэндэв нарыг томилжээ*.
18.Мөн энэ өдөр Богд хааны  Ардын засагтай хамтран ажиллах шадар сайдад Дамбын Чагдаржавыг\ МАН\ ажилла гэж лүндэн буулгасан /зарлигдсан/ байна.
Д.Бодоогийн Засгийн газарт МАН-аас С.Данзан. Д.Бодоо, Д.Чагдаржав. МНРП намаас Д.Сүхбаатар нар орсон бол Х.Чойбалсан Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж чадаагүй байна.


Танхимын бусад гишүүд нь Чингэсийн угсааны удам дамжсан нөлөө бүхий  хэргэм зэрэгтэй ноёдыг  Засгийн газарт багтааснаар зургаан дэд сайд Д.Чагдаржавыг нэмэхээр долоон дэд сайдтай эвслийн Засгийн газар байгуулагджээ. Бодоогийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг тэр үеийн аймгаар нь хуваавал, Түшээт хаан аймаг их шавиас бараг 80 хувь нь, үлдсэн хорин хувьд Сэцэн хан аймаг, Сайн ноён хаан аймгийн зэрэг хэргэм өндөр язгуурын ноёд багтсан байна. Зэрэг хэргэмгүй нь Бодоо, Данзан, Чагдаржав, Сүхбаатар нар байсан бололтой.

Хуучин Засгийн газрын тэргүүн Манзушир хутагт Цэрэндорж огцрох өргөдлөө өгсөн бол Цэрэндоржийн Засгийн газрын цэргийн  яамны сайд, бүх цэргийн жанжин, Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны Лувсанцэвээн тэргүүн /Түүхэнд Цэвээн тэргүүн гэж тэмдэглэгддэг, 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд гол үүрэг гүйцэтгэсэн, Ардын намыг дэмжигч төдийгүй Барон Их хүрээг гамингуудаас чөлөөлөхөд  монгол цэргийг удирдсан, Богдыг гамингийн шоронгоос гаргаж, Манзуширын хийдэд үүрч аваачиж байсан төр цэргийн нэрт зүтгэлтэн. Г.Д/-ийг  албан  оронд Д.Сүхбаатар томилогджээ. Цэвээн тэргүүн нь хожмоо хамтран зүтгэгч Д.Бодоо, Д.Чагдаржав нарынхаа хамт баригдаж, хамт нэг жалганд  буудуулсан түүхтэй. Түүх үнэнээрээ бичигдэх цаг ирвэл 1921 оны долдугаар сарын 11-ний өдөр үнэндээ юу  болсон юм. Ардын нам, ардын хувьсгал ялсан юм уу гэж асуувал Ардын нам ч ялаагүй, ардын хувьсгал ч болоогүй. Харин олон намын хамтарсан Засгийн газар байгуулагдсан  юм аа гэж хойч үе маань хариулах биз. Хэлэлцээгээр байгуулагдсан Ардын нам ба жижиг түшмэл ноёдын намын хамтарсан Засгийн газрын тэргүүн Бодоод энэ өдөр олон яамд тамга, тэмдгээ хүлээлгэн өгсөн байна.

*Бодоогийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Н.Магсаржав. Монгол Улсын шинэ түүх. УБ. 1994. 218-219 дэх талаас авав.