Өмнө нь Дэлхийн аваргад тоглосон байдал:

Дэлхийн аваргад хоорондоо тоглож байгаагүй


КОЛУМБИ

Дэлхийн аваргад хоорондоо нэг ч тоглож байгаагүй, дэлхийн аваргад хамгийн амжилт муутай оролцсон багууд нэг хэсэгт орсон. Олон улсын хөлбөмбөгийн холбооны чансаа доголдолтой байдгийн нэг жишээ болж 1998 оноос хойш дэлхийн аваргын эрхээ авч чадаагүй Колумби хэсэг толгойлсон юм. Норвеги 2-т, АНУ 4-т, Израил 15-т, Латви эхний арвын ардхан очсон гээд чансааны доголдол урд нь болж байлаа. Сонирхолтой нь энэ хэсэгт Ази, Африкын шилдэг хоёр баг дээр, бүрэлдэхүүний хувьд илт сайжирсан Грек орж хэсгээс гарах таамгийг ярвигтай болгож байгаа юм. Үндсэндээ бол энэ хэсэгт алаан болно.

1998 оноос хойш оролцоогүй Колумбын хөлбөмбөгийн түүх тун өмөрмөц. Дэлхийд харь тамхи хоёр улсад тариалагддагийн нэг нь Колумби. Бохир мөнгө асар их эргэлддэг энэ улс, хөлбөмбөгт дуртай мафийн толгойлогчдын буянаар 90-ээд онд хөлбөмбөгт цэцэглэн хөгжсөн юм. Түүнээс өмнө хөлбөмбөгөөр төдий л гавьдаггүй, шигшээ багийн өмсгөлийн өнгийг тогтож чадалгүй удсан түүхтэй. 1990 оны Дэлхийн аваргын хасагдах шатанд шалгарсан Колумбийг, 1994 онд АНУ-д хар дарсан зүүд мэт өдрүүд хүлээж байлаа. АНУ-тай хийх тоглолтын өмнө багийн гол тоглогч хагас хамгаалагч Габриэл Гомэсийг талбайд гарвал ойр дотныхон хэн нэг нь үхэх болно гэсэн утгатай захидал ирсэн бол, өөрийн хаалганд гоол оруулсан Андрэс Эскобар, эх орондоо очоод алуулсан түүхтэй. Шоронд хоригдож байсан мафийн толгойлогчид шигшээгийн тамирчдаа авчирч тоглуулдаг байсан тохиолдол ч бий. Мафийнханы эсрэг тэмцэл ч хурцдаж, хөлбөмбөг ч уналтанд оров. Мафийнхны хөлбөмбөгт оруулсан мөнгө ирээдүйд эерэгээр нөлөөлсөн юм. Энэ бүхний дараа Колумбын шинэ үеийн хөлбөмбөг даруй араас нь түрэн ирж, 2005 оны Өмнөд Америкын залуучуудын аваргаар Уго Родэльега гэж гайхамшигтай хүү төрөн гарч ирлээ. Мэсси хүртэл түүний хэмжээнд үнэлэгдэхгүй байв. Одоогийн одууд Мэсси, Забалэта, Лавэззи, Паулиньо, Фэрнандиньо нар тоглож байлаа. Колумб түрүүлэхэд Родальега тэмцээний рекордыг эвдэж 11 гоол оруулсан бол нөгөө довтлогч Радамэл Фалкаог хэн ч танихгүй байв. Харин одоо эсрэгээр Фалкао дэлхийн хэмжээний довтлогч болж, багийнхаа гол тоглогч болжээ.

Колумб хэсэг тэргүүлсэн шалтгаан нь 2012 оноос хойш тогтвортой тоглолт үзүүлж байгаатай нь холбоотой. Бүрэлдэхүүн сайжирч, дасгалжуулагчаар нь Аргентины алдарт мэргэжилтэн Хосэ Пэкэрман ажиллаж байна. Пэкэрман бол Аргентины өнөө цагийн бүхий л одуудыг гарч ирэх замыг нь зассан гавьяатан. Сүүлийн хоёр жилийн Өмнөд Америкын шилдэг дасгалжуулагч хэмээх эрхэм хүндтэй шагналыг аваад байна.


Колумби (4-2-2)      



Багийн гол асуудал 60 сая еврогийн үнэтэй довтлогч Фалкаогийн өвдөгний гэмтэл. Дэлхийн аваргыг өнжих магадгүй гэсэн боловч Пэкэрман урьдчилсан бүрэлдэхүүнд дуудсан. Хэрвээ тоглохоор бол хэсгийн тоглолтонд цөөхөн тоглох байх. Тоглолт бүрт гоолддог Фалкао гэмтсэнээр Колумбийн магадлал огцом буурсан юм. Ингэснээр Чэлсигийн сонирхож байсан Интэрийн Фрэдди Гуарин багийн гол хүн болж байна. Дээр нь 45 сая еврогийн Монакогийн Хамэс Родригэс, мөн л Чэлси сонирхох болсон Жаксон Мартинэс нар нэмэгдэж байна.

Хамгаалалтын хувьд Өмнөд Америктаа Бразилын дараа орохуйц хүчтэй. Наполигийн хоёр жигүүр Сунига, Армэро (зээлээр Вэст Хэмд тоглож байгаа) нар дээр, Миланы Сапата, экс Милан Иепэс нар нэмэгдэнэ. Адил Рами ирснээр Сапата сэлгээ рүү шидэгдсэн. Иепэс 38 хүрсэн, сүүлийн гурван жил Миланд тоглож байгаад, Аталанта руу явсан юм. Сапата төвийн хамгаалалтын гол хүн. Энэ жил төвийн хамгаалалтын хослол өнгөрсөн улирлыг бодвол сайнгүй байна. Сунига удаан хугацааны гэмтлээс дөрвөн сард ирснээ зарласан бөгөөд энэ улиралд ердөө дөрвөн тоглолтонд оролцсон. Сайн хамгаалагчтай хэдий боловч, Дэлхийн аваргын өмнөх улирал Колумбийн хамгаалагчдын форм тааруу байгаа нь харамсалтай. Армэро Наполигийн нэр дээр байгаа, Вэст Хэмд энэ өвлөөс зээлээр тоглох болсон.

Хагас хамгаалалтын бүс ямарч багийн гол хэсэг болдог. Колумби энэ тал дээр хангалттай чадварлаг тоглогчидтой. Фрэдди Гуарин олон талтай, хамгаалалт довтолгоонд сайн тусалдаг бараг л “ажилчин шоргоолж”. Тийм ч учраас Моуриньо Чэлсид авчирах гэж үзсэн биз. Хоёр хөлөөрөө цохидог, төвөөс баруун руу тоглодог Гуаринтай, хамгаалах чиглэлийн тоглогч Тулузийн Агилар тоглож магадгүй. Ард нь Испанийн Элчэгийн Карлос Санчэс бий. Жигүүрийн байрлалд сайн сонголтууд байгаа нь Куадрадо, Родригэс нар. Фиорэнтинад солгой Куадрадо лигийн шилдэг жигүүрүүдийн нэг болтлоо өссөн бол Родригэсийг Монако 45 сая еврогоор авч шуугиан тарьсан. Довтолгооны найруулга, сүүлийн дамжуулалт гаргаж өгөх тал маш сайн. Зүүнээс төв рүү орж тоглох Хамэсаас Колумбийн довтолгоон шалтгаална. Сэлгээнд Ибарбо гээд Клаьяригийн жигүүр байна.

Гол довтлогч Фалкао гэмтэж тэдний боломжийг багасгасан ч, Португийн Мартинэс, Хэртагийн Рамос нар түүнийг орлохоор тоглолт үзүүлж байна. Мартинэс аль дээрээс том багуудын хараанд орсон бол Рамосыг Дортмундын дасгалжуулагч Юргэн Клопп багтаа авах гэрээ байгуулсан. Клопп сүүлийн хэдэн жил довтолгооны тоглогчдыг авчирах даа алдаа бага гаргаж байгаа нь Адриан Рамосыг сүпэр довтлогч болох боломж өндөр байгааг харуулж байна. Сэвильяд Бакка, Удинезед Муриел гэсэн өсч яваа довтлогчид бий. Родальегаг шигшээ багт дуудахгүй байгаа нь энэ удаа ч харагдав. Давхар түүний гэмтэл ч нөлөөлсөн байх.


ГРЕК

Улсынхаа лигт тоглодог байсан Грекчүүд 2004 оноос Европын том лигүүдэд харагдах болсон юм. Итали, Германаас холддоггүй байсан тэд легионер тоглогчдынхоо ам бүлийг илт нэмжээ. Тэрнээс өмнө 2002 оны Дэлхийн аваргаар Англид эцсийн мөчид гоол алдаж тэнцэхэд, Дэвид Бэкхэм өөрийн хамгийн шилдэг гоолоо оруулсан юм. Хамгаалалт сайн болохоор урьдчилсан тоглолтоос эрхээ амархан авдаг. Ямарч багтай тоглосон гоол алддаггүй Грекчүүд, довтолгоо нь ямар байхаас шалтгаалж тоглолтын үр дүнд нөлөөлдөг. Дээр нь дандаа сайн сугалаа татдаг. Европын бүсийн урьдчилсан тоглолтоос гарах нь, Дэлхийн аваргын хэсгийн тоглолтоос гарахаас хэцүү. Ялангуяа Европын багуудад. Европын эрх улам багасаж байгаа нь Грек 2010 онд Швейцар, 2012 онд хэсэг тэргүүлэгчдээс хамгийн сул Хорват, 2014 онд хоёрдугаар потны хамгийн сул Боснитой орсон байдаг. Гэтэл цаана нь Испани, Францтай, Герман, Түрк, Бельгитэй, Герман, Шведтэй, Португал, Оростой, Англи, Украин, Хорваттай нэг хэсэгт орсон. Сүүлийн Еврод ОХУ, Польш, Чехтэй инээд хүрмээр хэсэгт орж байлаа. Энэ удаагийн сугалаа ч тэднийг хэсгээс гарах боломжийг олгож байна.


Грек (4-3-3)




2004 онд хамгаалалтаараа Европт түрүүлсэн тэд, хамгаалалтын уламжлалаа алдалгүй 10 жил боллоо. Жил ирэх тусам хамгаалагчдын чадвар өссөөр байна. Боруссиа Дортмундын Сократис Папастатопулос, Шалкэгийн Кирякос Пападопулос нар гарааны хамгаалагчид боловч Кирякос энэ улирал гэмтлээс салсангүй. Зун Ливэрпүүл авахад бэлэн болчихсон байхад гэмтсэн бол сая дөрвөн сард өвдөгний гэмтлээс ирээд, бэлтгэл дээр мөрөө гэмтээчихсэн. Хатуу, ширүүн тоглодог нь залуугаасаа олон гэмтэл авах шалтгаан болж байна. Энэ хоёрын хослол хамт гарвал, хэсэгтээ хамгийн шилдэг төвийн хамгаалалтын хослол болох байлаа. Кирякос өнжих болсноор Авраам Пападопулос, Костас Манолас, Лукас Винтра, Дмитрис Сиовас гэсэн дундаж сонголтууд үлдсэн. Баруун жигүүрийн хамгаалагч Ромагийн Торосидис, зүүнд Олимпиакосын Холэбас. Торосидис яг гарааны тоглогч биш боловч олон байрлалд тоглодог хамгаалагч учраас Ромад тун хэрэгтэй. Харин Гректээ орлуулашгүй тоглогч. Багийн ахлагч Карагунисийн сүүлийн том тэмцээн. 37 хүрсэн Карагунисийн залгамж халаа нь Маниатис бөгөөд төвийн хагас дээр хамт тоглоно. Гурван хагас хамгаалагчийн дунд Түркт тоглож буй Циолис, 2004 оноос гараанд тоглож байгаа 34 настай Кацуранис нарын нэг нь тоглоно. Хоёр жигүүрийн тоглогчийн зүүнд Самарас байх нь ойлгомжтой. Шотландын Сэлтикт олон жил тогтвортой тоглож байна. Грекээс өндөр түвшинд ийм олон жил тоглож буй довтлогчийг би лав мэдэхгүй. Харистаес, Вризас нар 2004 онд цоороод өнгөрсөн од л болж байсан юм. Клубын тоглолт жинхэнэ хэн бэ гэдгийг шалгадаг бол сарын хугацаанд болдог шигшээ багийн тэмцээнд аз нөлөөлөх нь элбэг байгаа нь, сүүлийн жилүүдэд Дэлхий аваргын мэргэн бууч, үнэхээр шилдэг довтлогч гэхэд эргэлзээтэй хүмүүс бий. Самарас шигшээ багийн зүүн довтолгооны байрлалд тун сайн зохицож тоглодог. Баруунд ахмад тоглогч Салпингидисээс дээр сонголт алга. Уг нь Сотирис Нинис гэж авьяаслаг хүү гарч ирсэн боловч чимээгүй болчихлоо. Төвийн довтлогчоор Митроглу тоглоно. Митроглугийн тогтмол гоолтой тоглолт Грекийг Бразилд авчирсан. Байрлал бүртээ час хийсэн тоглогчидтой Грек, хэсэгтээ хүчний тоглолтоор дийлдэхгүй нь мэдээж. Ёстой л нөгөө нэг хамгаалж байгаад гоолдчихдог 1-0, 1-0 гэсэн үр дүнгээр тоглолт дуусгаад байж мэдэх л байх.

Грекийн бас нэг давуу тал Португал дасгалжуулагч Фэрнандо Сантос. Отто Рэхагэл ажлаа өгөхөд Грекийн “алтан үе” үүгээр дууслаа гэж олон хүн бодож байсан боловч Сантосын сонголт сайн болсон юм. Грекийн лигт олон жил ажилласан учраас Грек арга барил, хамгаалалтын уламжлалыг сайн мэддэг давуу тал гарч ирсэн.


КОТ Д’ИВУАР

2006 оноос хойш энэ баг олон хүний ярианы сэдэв, амжилт хүлээж байсан баг нь байсаар ирлээ. Хоёр удаа оролцохдоо “үхлийн хэсэг”-т орж байсан бөгөөд тухайн үед бүрэлдэхүүн залуухан байсан юм. Кот Д’Ивуар гэдэг нэр байхад Зааны Ясан Эрэг гэж орчуулахаа болимоор байх юм. Хүний нэр, улсын нэрийг орчуулж хэрэглээд байвал утгаа алдаж Дорнод аймгийг Eastern, Баян сумыг Rich гэх зэрэг орчуулах болно. Нью (Шинэ) Иоркийг орчуулаагүй байж, Шинэ Зеланд, Шинэ Каледониа, Папуа Шинэ Гвинэй орчуулсан нэрнүүд ч бий.

Кот Д’Ивуар хөлбөмбөгийн түүх 2000 оноос эхэлсэн. Саломон Калугийн төрсөн ах Бонавэнтүрэ Калу Фэйеноордод гялалзаж байсан бол хамгаалагч Сирил Доморо Италийн том багууд Милан, Интэрт тоглож байлаа. Дараа нь Коло Түрэ, Дидье Дрогба, Дидье Зокора, Абдулай Мэитэ нар гарч ирсэн юм. Энэ жилийн бүрэлдэхүүн бүх юм нь жигдэрсэн туршлагатай баг тоглоно.


Кот Д’Ивуар - 1 (4-2-3-1)      


                                                            
Кот Д’Ивуар - 2 (4-4-2)      




Францийн залуу дасгалжуулагч Сабри Ламуши ямар байрлалаар тоглох нь сонирхол татаж байна. Вилфрид Бонигийн тэсэрсэн тоглолт гарааны байрлалыг өөрчлөх боломжтой. Свансид ирсэн эхний хэсэгт тийм ч сайн байгаагүй бол улирлын хагасаас тоглолт бүрт гоолдож, зах зээлийн үнэ нь 20 сая давчихаад байна.

Хаалгач Барри Бельгийн даруухан багт тоглож байна. Баруун хамгаалагч Сэржэ Орие зуны наймаагаар Арсэналд очиж гарааны байрлалд тоглох боломжтой болж, Бакари Саня явахаар болсон. Тэгэхээр Кот Д’Ивуарын сайн хамгаалагчийн уламжлал, 21 настай залуу хамгаалагчаар үргэлжлэх нь ойлгомжтой боллоо. Төвийн хамгаалалтанд Коло Түрэ, Зокора гэсэн ахмадууд тоглох магадлалтай. Зокора хамгаалах чиглэлийн хагас дээр Тоттэнхэмийн гараанд тоглож байгаад, сүүлд арын хамгаалалт руу орсон. Түркийн Трабзонспорт хамт тоглодог Сол Бамба сэлгээнд бий. Эсвэл Трабзонспорын хослолыг гаргаад Коло Түрэг суулгаж болох юм. Өмнө нь олон тоглолтонд нэг клубын хослолыг тоглуулж байсан. Зүүн хамгаалалтанд Артур Бока, Констант Жакпа нарын нэг нь тоглож, Сиак Тиенег авсангүй. Бока Штутгартад олон жил тоглож байна.

Бонигоос шалтгаалж хагас хамгаалалт хөдөлгөөнд орж болзошгүй. Уг нь Тиотэ, Яя Түрэ хоёрыг төвд хамт гаргавал гоё тоглолт гарах байх гэсэн таамаг байна. Энэ улиралд хоюулаа энэ байрлалд тоглож байгаа. Манчэстэр Ситид Яя араас тоглолт найруулахдаа 20 гоолтой, дээр нь хамгаалалтын урд сайн чиглүүлэгч хийж буй. Ер нь араас тоглолтонд оролцвол түүний тоглолт илүү чанартай болох байх. Градэлийг төвд гаргавал болохгүй юм байхгүй ч, Яя Түрэгийн араас удирдах чадварт яагаад ч хүрэхгүй. Түрэ бөмбөгтэй орохоос гадна, араас бөмбөг хувиарилалт буюу дамжуулалтыг хол, ойр гэлтгүй үнэхээр гоё хаяж буй. Дээр нь жигүүрийн Калу, Жэрвиньогийн тоглолт, араас Түрэ шиг тоглогчийн дэмжлэгтэй илүү гарах байх. Жэрвиньо Ромад дахин төрсөн мэт тоглож байна. 2008 оны Бээжингийн олимпт л ийм сүпэр Жэрвиньог харж байлаа. Саломон Калу ч том багуудын хараанд өртөж, Ливэрпүүл, Арсэнал авахаар хөөцөлдөж байна. Багийн түлхүүр тоглогч Яя Түрэ болсон ойлгомжтой.

Довтолгооны хэсгээс Дрогбатай ч юу ярихав. Сүүлийн удаа багаа ахлаж оролцоно. Харин ганцаараа гарах уу, Бонитой гарах уу гэдэгт л учир байна. Дрогба, Бонигийн хослол араас Түрэгийн дэмжлэг авбал зогсооход бэрх. Дэндүү хүчний тоглолт гарна. Бониг Английн том хамгаалагчид дийлэхгүй байхад хэсгийн тоглолтонд дийлдэх үү! Дрогба, Бони хоёр ургаа хад шиг л байрнаасаа хөдлөхгүй, дээр нь хурдтай, агаарын тулаанд сайн. Сэлгээнээс Думбиа, Траорэ гээд эвгүй довтлогчид ч ард нь бий.


ЯПОН

1998 онд анх удаа Дэлхийн аваргад орсон гэхэд, том үсрэлт хийсэн сонгодог жишээ бол Япон. Хонда, Кагава нар өнөө цагийн том клубт тоглож, Японы хөлбөмбөгийн сургалт, акадэми, J league нь азийн тэргүүн лиг болчихсон байна. Удахгүй дэлхийн аваргын хагас шигшээд үлддэг болчихсныг үгүйсгэхгүй. 2050 онд дэлхийн аваргад түрүүлнэ гэсэн зорилт тавьсан нь, биелэх боломжтой. Япончууд сэтгэл хөдлөлөөр юм хийдэггүй, бүгдийг тооцоолчихсон байгаа нь тодорхой.

Японы шигшээ бол Азийн хамгийн хүчтэй баг. Азиас Европ руу гарсан тоглогчид голдуу жигүүрийн тоглогчид байдаг бол, төвийн хамгаалагч, хагас хамгаалагч гэсэн үндсэн техник шаарддаг шалгуур өндөр байрлал руу Япончууд анх гарч ирсэн юм. Азийг ганц Наката л төлөөлдөг байсан үеэс ердөө арван жилийн дараа Европын скаутууд дэлхийн хамгийн том тив рүү анхаарлаа хандуулах болсон. Премьер лигийн төвийн хамгаалагчаар Маяа Ёошида нэг улирал гараанд тоглосон бол Нагатомо Италийн лигийн шилдэг хамгаалагчдын нэг болжээ. Кагава дэлхийн шилдэг арван найруулагчийн нэг болж, Хондагийн үнэ тэнгэрт хадав. Хонда шиг тайван, ухаалаг, техникийн өндөр гүйцэтгэлтэй тоглогч олон биш. Хасэбэ төвийн хагас дээр Волфсбүргийн гараанд тоглож Бүндэс Лигт түрүүлсэн. Довтлогч Оказаки Германд олон жил тогтвортой тоглож, Осако 2014 оны өвөл Мюнхэн 1860-д ирээд 14 тоглолтонд 6 гоол оруулсан амжилттай явна. Европын том клубуудын академид олон Япон хүүхдүүд байна.  Азийн хаалгачдаас Кавашима, Оманы Ал Хабси нар Европын талбайд гараанд тоглож буй.


Япон - 1 (4-2-3-1)       


Япон – 2 (4-2-3-1)      



                                                         

Хаалгач сайтай Японы хамгаалалтын бүст өө алга. Ганц гэм нь нуруу намтай. Хоёр жигүүрийн хамгаалагч Европт өндөр үнэлэгдэж байгаа. Учида, Шалкэгийн гараанд тоглож, Аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарсан. Сэлгээнд байгаа ах дүү хоёр Сакаи ч, Германд сайн байна. Хамгаалалтын урдах хагас дээр Хасэбэ, Эндо нар тоглох бөгөөд Эндо урд нь жигүүрт тоглодог байсан учраас араас довтолгооныг удирдаж тоглоно. Довтолгооны арга барил сайтай. Эндогийн хувьд Япончууд ч өөрсдөө хэлдэг, асар өндөр авьяастай, техниктэй, барагийн юманд тайван байдаг. Гол нь зориггүй гэж. 2007 оны Азийн аварга тайлбарлаж байхад Эндо зүүн жигүүрт бужигнуулж байсан юм. Төв рүү орж найруулна, хаалттай цохилт хийнэ, хуурна. Пирло загварын тоглогч. Хасэбэ бол нас явсан хамгаалалтанд түлхүү тусална. Уг нь Хэрта Бэрлиний Хосогаиг аваад төвдөө гурван хагастай тоглох болов уу гэж таамаглаж байсан боловч дуудсангүй.

Хонда, Кагава хоёртой хэн хамт гарах вэ гэдэг том асуултын тэмдэг болчихоод байна. Киёотакэг баруунд жигүүрт тоглуулж үзсэн, боломжийн байсан. Оказакиг баруун тавиад Маэда, Тоёода, Хавэнаарыг төвд тоглуулж үзсэн бол 2010 онд Окубог зүүнд гаргаж байсан. Дөрвөн жилийн өмнө “нялх” од байсан Хонда, Кагава нар эрийн цээнд хүрчээ. Кагава зүүнээс төв рүү орж найруулгыг Хондатай хийнэ. Жигүүрт хэн гарахаас шалтгаалж, Оказаки, Осако хоёрын нэг нь төвд гарна. Осако энэ өвөл Германд очоод үнэхээр бужигнуулж байна. Хэдхэн сарын өмнө Оказакигаас өөр сайн сонголт байхгүй байсан бол Осакогийн тэсрэлт олон байрлалд шилжих давуу тал болж байна. Инүи, Саито, Күдо гэсэн залуу довтлогчдоос юу ч гарч болох юм. Япон нэхэлт хийж, илүү бөмбөг эзэмшсэн тоглолт үзүүлж магадгүй.

Дасгалжуулагчаар Италийн шилдэг мэргэжилтэн Албэрто Заккэрони дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Дасгалжуулагчийн алба тэр чигээрээ Италичуудтай. Заккэронигоор хамгаалалтаа сайжруулах гэж л авчирсан болов уу. Үнэндээ Япончууд Кот Д‘Ивуар, Колумбиас сул бүрэлдэхүүнтэй гэхэд хэцүү. Байрлал бүрт сайн сонголттой. Багийн тоглолтоор бол бүр ч илүү.