1990 онд Монгол Улс аймаар их газрын тостойгоо олж мэдлээ. Тосны үнэр ч байхгүй гэж оросууд ойлгуулчихсан байсан чинь гэнэт Би Пи зэрэг өрнийн компаниуд орж ирээд Монголыг зургаан тэрбум баррель газрын тосны баялагтай байх магадлалтай гэх нь тэр.

Би Пи бол дэлхийн хамгийн том компанийн нэг. Тэд хамаг эрсдэлийг нь үүрээд Монголын бүх нутагт хайгуул хийж тос олбол хамтран эзэмшье гэсэн санал гаргажээ. Их мөнгөний сураг дуулсан манайхан тас гүрийв. Тэгж Английн империалистуудад шулуулж суудаг тэнэг гар гэж хаа байхав. Тэнэгээр нь тэр хэдэн араб, индонез, нигерүүдээ л шулж суу. Бараг л салаавч үзүүлэв.

Дараа нь газрын тосны хэрэг эрхлэх газар байгуулаад гадныхныг дуудлаа. Том компани олдсонгүй. Учир нь геологид бичигдээгүй хууль байдаг аж. Эхлээд жижгүүд орж ирэн хайгуул хийж олж илрүүлээд түүнийхээ техник эдийн засгийн тооцоог нь хийж багцлаад цааш нь томчуудад зарж ашиг олдог. Ингэхээр Би Пи гэсэн аварга компани ийм санал тавьсан нь уг нь тэнгэрийн умдаг харуулсан хэрэг байж. Манайхан тэр умдгийг нь тэнгэрийнх гэж ойлгоогүй хэрэг л дээ. За яахав, ингээд жижигчүүдтэй хамтарч ажиллаж эхэллээ. Мэдээж монголчууд гадны колони болох хүсэлгүй учраас 51 хувийг нь эзэмшихээр тохиролцов. 1996 он гэхэд энэ эзэмшиж буй хувьдаа оруулсан хөрөнгө оруулалт нь тухайн үеийн ядуу эдийн засагтай харьцуулахад аймаар юм болжээ. Харин тос огт олдсонгүй. Геологи, тэр дундаа газрын тос олдворлолт нь яг л мөрийтэй тоглоом гэдгийг ч зах зухаас нь ойлгов. Олбол олсон шиг, алдвал алдсан шиг цүлхийнэ. Гадныхны зөвлөснөөр дэлхийд жишиг болсон, баялгийн эзэнд эрсдэлгүй мөртөө ашигтай хувилбар болох “бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г газрын тосон дээр 1996 оноос хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улс дахиж эрсдэлтэй хайгуулд мөнгө үрэхээ больсон юм. Харин газрын тос 1998 оноос бага ч гэсэн олдоод эхэлсэн шүү.

Хувь хүн, тэр байтугай хүүхэд ч алив юмнаас сургамж авдаг. Халуун зуухан дээр нэг удаа гараа тавьсан хүүхэд дахиж тийшээ зүглэдэггүй. Харин төр, тэр дундаа Монголын төр сургамж гэдгийг мэддэггүй бололтой. Эзэн биегүй болохоор арга ч үгүй биз, ар араасаа дугаарлаж зогсож байгаад л халуун пийшин дээр гараа тавин умайтал нь түлнэ. Байгалийн баялгийн үнэ гэнэт өссөнийг тохиолдуулаад манай төрийн төлөөлөгч нарын урхаг далд өвчин нь сэдэрч гарав. Монголчууд 51 хувийг нь авч байж Дархан манай Монгол Улс Даяар олныг эзлэнэ гэж үзжээ. Стратегийн орд газар гэж тодорхойлсон орд одоогийн байдлаар 20 бий. Оюу толгой, Таван толгойн хөрөнгө оруулалтын хагас нь тус бүрдээ хоёр тэрбум доллар. Нийлээд манай ДНБ-ээс хол давна. Цаана нь байгаа орд болгоны 50 хувь гээд бодохоор дор хаяж 20 тэрбум доллар орно. Ийм мөнгө ядуу Монголд байтугай баян орны төрд ч олоход хэцүү. Ингэхээр энэ санал бол угаасаа утгагүй, боломжгүй, магадгүй өөр зорилготой байх л даа.

Саяхан УИХ-ын гишүүн Амаржаргал, Бат-Үүл нарын хэдэн гишүүд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ашигт малтмалаа ашиглуулах хуулийн төсөл өргөн барьжээ. Магадгүй эргэж эргэж нуг гэгчээр хийрхэж хийрхэж зөв замаа олж байж ч болох юм. Учир нь байгалийн баялаг ашиглах улс ба компанийн хооронд хийдэг дэлхийн стандарт жишиг болсон олон аргын нэг нь энэхүү бүтээгдэхүүн хуваах гэрээ юм. Гэхдээ хамгийн алдартай нь бөгөөд өргөн хэрэглэдэг нь юм.

Бүтээгдэхүүн хуваах гэрээ анх 1957 онд Индонезид гарчээ. Америкийн нэг компани цагаан будааны ургацыг эрс нэмэгдүүлэх арга шинээр олжээ. Ингээд тэд Индонезийн цагаан будаа тариалагчдад ийм нэг санал тавив. Тариалалт хураалт усалгаа ажиллагааны бүх зардлыг компани даана. Гарсан ургацыг яг дундуур нь хувааж авъя. Ингэж бүтээгдэхүүн хуваах анхны гэрээ хийгдсэн байдаг. Тэр жил тариаланчид ямар ч хөрөнгө гаргаагүй, эрсдэл үүрээгүй мөртөө шинэ технологийн хүчээр урьд хураадгаасаа илүү ургац авчээ. Энэхүү хагас ургац нь тэдний урьдах бүтэн ургацаас илүү гарсан гэсэн үг. Компанийн хувьд бэлэн талбай ашиглаж бүтээгдэхүүн авсан болохоор ашигтай гарч буй юм.

Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь өнөөдөр дэлхийд их тархсан хэлбэр. Ялангуяа газрын тос, байгалийн хийн олзворлолтод бүр их өргөн дэлгэрсэн. Учир нь газрын тос хайна гэдэг нь маш эрсдэлтэй, олохгүй бол томоор шатдаг бизнес. Шинжлэх ухаан технологи хөгжсөн орны туршлагатай компаниуд л үүнийг хийж чадна. Иймээс тэдэнд бүх эрсдлийг нь үүрүүлээд юу ч олохгүй бол хөгжиж буй орны ядуу Засгийн газар ямар ч хохирол хүлээхгүй гардагт хамаг учир бий. Бүтээгдэхүүн хуваах гэрээг тухайн онцлогоос хамаарч гарах ашгийн 50-70 хувийг эзэн орон авахаар хийгддэг. Энэ бол жишиг. Сүүлийн үед Катарын Засгийн газар байгалийн хийнхээ 90 хувийг авах ч гэрээ хийж чаджээ. Энэ нь байгалийн хий нь хөрөнгө оруулалт багатай, орд нь нэгэнт илэрчихсэн байсан зэргээс шалтгаалжээ (Еэ тэнгэр минь, энийг дуулчихаад Оюутолгойд ашгийн 90 хувийг нь авна гээд дөвчигнөөд унах вий дээ?).

Бүтээгдэхүүн хуваах гэрээ эзэн оронд ямар ашигтай вэ?

1.Хөрөнгө оруулалтыг тухай орноос шаарддаггүй. Цаад компани бүх мөнгөө гаргана.

2.Тухайн орон эрсдэл хүлээдэггүй.

3.Компани ашигтай ажиллахын тулд хамгийн орчин үеийн дэвшилтэт техник технологи хэрэглэдэг.

4.Хөгжиж буй оронд хамгийн бэрхшээл учруулдаг зүйл нь менежмент байдаг. Үүнийг цаад компани хийнэ.

5.Ашгийн, ашиглалтын, байгаль орчны гээд олон толгой эргүүлсэн татварыг бүгдийг нь нийлүүлээд гарч буй ашгийн төдөн хувь гээд тооцчихоор илүү ойлгомжтой шударга байдаг. Энэ нь ард түмэнд ч, Засгийн газарт ч илүү ойлгомжтой тул нийтээр таашаагддаг.

6.Ордыг хувьцаалахаар тухайн баялаг өмчийн хувьд үнэн хэрэгтээ хэнд хамаарч байгаа нь ойлгомжгүй болдог. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр баялаг тухайн орны өмч, харин орж ирж буй компани зөвхөн оператор хийж үүнийхээ хөлс, ашгийг авч байна гэдэг нь бүхэнд ойлгомжтой байдаг.

7.Ашгийг тооцоход мэдээж эхний хөрөнгө оруулалтыг нөхөх шаардлагатай байдаг авч тухайн орны хэрэгцээг үндэслэн эхний жилээс ашгийн ногдол өгч болдог уян хатан зарчимтай тул ялангуяа яаралтай мөнгө хэрэгтэй болсон газарт тун ээлтэй тусдаг.

8.Хэрэгжүүлэх компани ашиг олохын тулд зах зээлээ өөрөө олж хамгийн ашигтайгаар борлуулдаг тул эзэн орон үүнд санаа зовох шаардлагагүй. Зах зээлээ яаралтай олж хамгийн өндөр үнээр өгөх нь хэрэгжүүлэгч компанийн ашиг сонирхол болно.

9.Дэлхийн зах зээлийн үнээс хамаарч үйлдвэрлэлийн хэмжээгээ хэрэгжүүлэгч компани уян хатан тохируулдаг учраас үйлдвэрлэлийн алдагдал гардаггүй. 1997 онд зэсийн үнэ 1200 доллар болж унахад “Эрдэнэт” үйлдвэр алдагдалтай үйлдвэрлэл явуулсаар байсан. Иймэрхүү эрсдэл хийдэггүй