(Дэлхийн өсөлт сангийн хуралд хэлсэн үг)


Монгол оронд уул уурхайн эрин ирлээ. Энэ орон магадгүй түүхийн хөгжлийн шинэ үетэйгээ золгож байж болох юм. Дэлхий дээр түүхий эдийн үнэ үзэгдээгүй хурдаар гэнэт өссөн хийгээд Монголын геологи хайгуулын салбарт сүүлийн арваад жилд олсон амжилт нээлтүүд нь энэ орныг урьд өмнө хэзээ ч байгаагүй асар их баялагийн амсар дээр аваачжээ. Ийм түүхэн бололцоо магадгүй дэлхийн талыг байлдан дагуулаад байсан Чингис хаан болон түүний удмынханд ч олдоогүй байж болох юм.

Цонх нээвэл цэвэр агаар орж ирэхийн зэрэгцээ ялаа шумуул, тоос шороо бас орж ирнэ. Сүүлийн арваад жилд Монголд болсон уул уурхайн бүүм нь олон дагавар сөрөг үзэгдэл дагуулж буй тул хүн амын дунд эргэлзээ, үл итгэл, тэрбайтугай дайсагнал үүсэж байна. Юун түрүүн байгаль орчны бохирдлыг нэрлэж болно. Гол мөрөн ширгэж, билчээр сүйдэж, химийн элдэв хорт бодис хүн мал хордуулж байна. Хоёрдугаарт энэ оронд улам бүр цэцэглэж буй авилга хээл хахуулийг улам гааруулж байна. Лицензийн замбараагүй тараалтаас эхлээд хууль тогтох механизмд хүртэл авилга шийдвэрлэх үүрэгтэй болжээ.

Гуравдугаарт ашигт малтмалын харьцангуй либераль хуулийг ашиглаж үнэхээр Монгол оронд ашиггүй буюу алдагдалтай хийгдсэн гэрээ хэлэлцээр бий. Үүнд алтны 10 хувийн татварыг 2001 оны шинэ жилээр хүчингүй болгож байгаад орж ирсэн Бороо гоулдын асуудал байна. Үүнээс Монгол нь одоогоор 100 гаруй сая долларын алдагдалд оржээ. Мөн Цайрт минераль компани гадаадын хөрөнгө оруулалт хэмээн тогтвортой байдлын гэрээ хийсэн мөртөө Монголын эрх мэдэл бүхий авилгачид өөр зориулалттай гадаадын зээл ашиглан эзэн сууж татвар зэргээр олон тэрбум төгрөг улсаас завшсан байна.

Гэвч хэдийгээр ийм ийм сөрөг дагавар байгаа боловч судлагаагаар үзэхэд Монголын ард түмний дэндүү дийлэнх нь ашигт малтмалын том том ордуудыг яаралтай ашиглалтанд оруулж эргэлт буй болгоод үр дүнг нь хүртэх хүсэлтэй байна. Улс даяар, том хотуудад, ашигт малтмал бүхий орон нутагт олон удаа хийсэн судлагаанаас үзэхэд монголчуудын 70-80 хувь нь ордуудыг дотоод гадаадын хөрөнгө оруулагч ба олон улсын байгууллагуудтай нийлж яаралтай ашиглах хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Гадаад гэдэгт хэнийг сонгож байна гэхээр юун түрүүн АНУ, Япон болон өрнийн компаниудыг нэрлэж байгаа ба жагсаалтын хамгийн сүүлд Хятад гэж хариулжээ.

Байдал ийм байсаар байтал яагаад гэрээ хэлэлцээ явахгүй, өөрөөр хэлбэл ашигт малтмалын уул уурхайн ажиллагаа эхлэхгүй цаг алдан он цагийг элээнэ вэ? 2003 онд Оюу толгойн ордыг ашиглах тогтвортой байдлын гэрээ хийгдэх байсан боловч үүнээс хойш таван жил өнгөрөөд байхад асуудал огт урагшилсангүй. Энэ уурхай хэдийнээ ашиглалтанд ороод Монгол оронд өдөрт сая долларын ашиг өгөөд явах цаг хугацаа ард хоцорсон гэсэн үг.

Өнгөц харахад, мөн энэ талаар болж буй маргаан мэтгэлцээнийг сонсоход сонирхогч тал буюу голлон эсэргүүцэгчид уул уурхайн бизнесийн талаар ойлголт дулимаг мэт харагдана. Тэдний ойлголтыг цэгцлэхийн тулд гадаад дотоодын уул уурхайн ажиллагаатай танилцуулах, курс семинар аялал хичээл зохиох олон ажил болж өнгөрлөө. Нэмэр байдаггүй ээ, өнөө л хэдэн танил царай зурагтаар, сонингоор, нэтээр, төв талбайгаар, төрийн ордноор, гадаадын компаний үүдээр жагсана, маргана, хэрэлдэнэ, сүрдүүлнэ, наймаалцана, уурлана... гол нь эх орноо хайрлана.

Монгол бол өндөр боловсролтой орон. 10 мянган хүнд оногдох оюутны тоогоор АНУ-аас давж дэлхийд нэгд ордог. Ингэхээр энэ зэргийн юм ойлгохгүй төвшингийн хүмүүс биш. Гол нь уул уурхай ашиглалтыг идэвхитэй эсэргүүцэж нохой шуугиулаад байгаа 400 орчим зүтгэлтэн асуудлыг ойлгохгүй байгаа юм биш, зориудаар, зохион байгуулалттайгаар, зорилготойгоор муйхарлаж байгаа хэрэг билээ. Ард түмний эрх ашиг гэсэн ерөнхий нэрийн дор юун түрүүн зэс алт зэргийн олдворлолтод 68 хувийн нэмэлт татвар тавьлаа. Зэс юун түрүүн Орос Монголын хамтарсан үйлдвэр Эрднэтийг нэрвэв.

Ингэснээр хэдийгээр хоёр орны хооронд хөрөнгө оруулалтыг хамгаалах гэрээ бий боловч 200 очим сая долларыг Оросын талаас асуулгүй, зөвшилгүйгээр булаан авчээ. Мөн Оюу Толгойн орд газрыг ашиглах явцыг тас зогсоов. Зэсийн орд газрын хайгууль хийж байсан гадаадын компаниуд орхин одов. Алтны хувьд тандан судалгаагаар 30 орчим тонн алт олзворлож байгаа боловч дөнгөж хагас нь бүртгэгдсэн ба Монгол банк ердөө 2,5 тонн алт жилдээ олж авдаг болжээ. Өөрөөр хэлбэл ердийн үед татвараар олж авдаг байсан асар их мөнгө оргүй алга болох нь тэр. Дарааагийн алхам болгож стратегийн орд газар гээч юм бодож олов.

Энэ нь яг юу гэсэн үг, аль нь ордог аль нь ордоггүй нь тодорхой биш учир хөрөнгө оруулагчдыг нийтээр нь айлгав. Сайн дур нь хүрвэл бусдын олсон ордыг нэг л өдөр стратегийн гэж нэрлэн хурааж авах бололцоог нээж буй хэрэг. Үүний дараа Монголын төр ордын тодорхой хувийг эзэмших асуудал тавигдлаа. Тэрбайтугай авсан хувийнхаа үнийг ч төлөхгүй цаад компаниар даалгуулах тухай ярих болов. Оюутолгойн ордын 34 хувийг Монголын төр эзэмших тухай гэрээг ийнхүү “ардтүмний” шахалтаар хийлээ. Үүнээс хойш жил өнгөрч буй боловч “ардтүмэн” үүнийг бага байна гэж үзэн 51 хувийг нь эзэмшинэ гэж цаашлив. Зөвхөн Оюутолгойн хөрөнгө оруулалт 4 тэрбум доллар болж байгаа ба үүний хагас нь Монголын ДНБ-тэй бараг тэнцэж буй учир энэ нь угаасаа бодит бус шаардлага юм.

Үүнийг “ардтүмэн” ойлгоогүй биш сайн ойлгож байгаа. Эцэст нь стратегийн ордод хөрөнгө оруулах хүсэлтэй компани Монголд хоёр тэрбум долларын урьдчилсан барьцаа тавих ёстой гэсэн “эх оронч” санаачлага хуулийн төсөл болоод ороод ирлээ. Дөрөв таван жил үргэлжилсэн хөрөнгө оруулагчдыг шахах процессийн үр дүн гарлаа. Ашигт малтмал үйлдвэрлэдэг 72 орны гадаадын хөрөнгө оруулагчдад таатай байдлын жагсаалтаар Монгол нь Зимбабвэ, Венесүэль, Болив гурвын өмнө 69 дүгээр байрт оржээ. Хамгийн ард нь орохын тулд дарангуйллын тогтоцтой болох ёстой, энэ бол харин мөнөөх 400 “ардтүмний” хийж чадахгүй ажил юм. Хөрөнгө оруулахад хамгийн таагүй орноор тодорч буй энэ үзүүлэлт л тэдэнд хэрэгтэй байлаа. Ингэхээр энэ нь зориудаар зохион байгуулалттайгаар ингэж зорьж хийсэн хөдөлмөрийнх нь тооцоолсон үр дүн мөн.

Яагаад асуудлыг ингэж зориудаар муутгаж хурцатгах гээд байгаа юм бэ? Монгол оронд хайгуулаар олон төрлийн ашигт малтмал нээгдсэн төдийгүй тэдгээр нь үнэ орсон нь энэ орныг нэгдүгээрт хөрөнгө мөнгөний хувьд хоёрдугаарт геополитикийн хувьд асар их анхаарлын төвд аваачжээ. Геополитикийн тоглоом мэдээж явж байгаа, гэхдээ энэ талаар илтгэгчид тодорхой баримт үгүй тул ингэсхийгээд орхиё.

Гэтэл Монголд хөрөнгө оруулж ашигт малтмал олзворлох сонирхолтой нэг бус компани байна. Тэдний хоорондын өрсөлдөөн өнөөгийн төрхийн нэлээд хувийг босгож иржээ. Нээлттэй тэндэр шалгаруулалтаар ороод шаанс муутай нэг нь бусдыгаа түлхэн гаргахын тулд бохир арга хэрэглэн, Монголын улс төрийн хүрээнийхэнд ийм захиалга өгчээ. Үүн дээр бол баримт бий. Шалгаруулалтаар тэнцэхүйц компаниуд шахагдан гарч яваад тэнцэхгүй үзүүлэлттэйнүүд нь орж ирэх ёстой аж. Технологийн хувьд Монголд өдөр тутам болж байдаг тэндэр шалгаруулах шудрага бус үндсэн механизм. Ингээд Монголын хувь заяа өрсөлдөгч компаниудын тоглоом, шатрын хөлөг болон хувирсан юм.

Тоглоомд оролцож буй “ардтүмний” ихэнх нь уул уурхайн бизнесийн зарчмыг ойлгохгүй ч гэсэн байгаль орчин бохирдож байгаа, авилга хээл хахуульд идэгдэж байгаа, түрүү түрүүчийн ашиггүй хэлцлүүд монголчуудад муугаар тусч байгаад санаа зовсон үнэхээр эх оронч хүмүүс гэдэгт итгэж байна. Мөн сүүлийн үед Монголд ихэд хөгжиж байгаа рэкет хийж мөнгө олох нэг төрлийн бизнест хамаарагсад ч цөөнгүй бий. Энэ нь цааш халдварлан хүүхэд залууст хүртэл тусч байна. Өнгөрсөн жил нусаа ч бүрэн арчаагүй гурван бацаан эх оронч хэвлэлийн бага хурал хийлгэж гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг баахан заналхийлээд орой нь тэднээр хэсэн мөнгө нэхэж явсан баримт ч байна. Гэхдээ энэ бүхний цаанаас эднийг залж, гал дээр тос асгаж, энэ 400-уугаа “ардтүмэн” гэж нэрлэн бамбай хийж яваа цөөн тооны захиалга авсан хүмүүс УИХ, Засгийн газар, зарим яам агентлаг, олон нийтийн байгууллага, иргэний гэх хөдөлгөөнүүдэд бий.

Захиалга биелүүлэгчид юун түрүүн Үндэсний аюулгүй байдлаар сүрдүүлэг хийж явна. Хятадын аюул гэгчээр бүгдийг айлгах гэж оролдоно. Тэгсэн мөртөө өөрснөө Хятадын том компаниудтай тогтмол уулзаж тэдний туршлага гэгчийг суртчилна. АНУ-ын эсрэг улайм цайм хэнээрхэл дэгдээж тэдэнтэй холбоотой гэрээ хэлцлийг тасалдуулах гэж парламент, Засгийн газар дээр шуугиан дэгдээх нь ердийн үзэгдэл болжээ. УИХ-ын гишүүн бөгөөд ашигт малтмалын хууль хийх багийн ахлагч гэгч нь Өрнөдийн компаниудтай уулзах болгондоо тэднийг улайм цайм хөөн Монголоос гарч явахыг удаа дараа шаардаж байсан нь баримт юм шүү.

Сонгууль ойртох тусам эдний идэвхи улам сэргэж, Монголын “ардтүмэн” болон хариуцлага хүлээсэн хүмүүсийг улам ихээр дарамтлан эх оронч ба эх оронч бус, Үндэсний аюулгүй байдлаа сахигч ба бусинуулагч, ирээдүйгээ олж харагч ба үл тоогч хэмээн хувааж мэдээж өөрснийгөө эхнийхэд нь тооцон цээжээ балбаж бусдыгаа нэр хочоор цоллон хөөрхийчүүдийн дахин буюу шинээр депутат болох гэсэн чин сайхан хүсэл эрмэлзэлд нь нээнтэг зоон айлгаж байгаа юм. Хуулийг эрх бүхий хүмүүс баталдаг, үүнийг сонгуулиар шийддэг, дэлхийн хаана ч ийм төлөөллийн зарчим бий. Хуулийг мэргэжлийн байгууллага боловсруулж парламент баталдаг. Одоо Монголын ашигт малтмалын хууль болон гэрээ хэлцлийг парламентийн мэргэжлийн бус гэхэд хэтийдсэн хэсэг сонирхогч-захиалга гүйцэтгэгч нар иргэний гэх хөдөлгөөнийхөнтэй нийлэн санаачлах, боловсруулах, гүйцэтгэх бүх ажлыг гардаж байна.

Солирол хүртэл дэс дараатай, өөрийн логиктой. Монгол орны эрх ашигаар дэнчин тавьсан энэ солиорол ч өөрийн логиктой, эрэмбэтэй, зорилготой. Ингэхээр солирол биш, төлөвлөсөн зориудын ажиллагаа. Захиалагч хэн бэ? Надад лав өөрийн таамаглал байна. Хэн захиалга авсан бэ? 400 “ардтүмэнд” бүгдээрэнд нь цуглуулж байгаад захиалга өгөөгүй нь мэдээж. Нэг л хүн үүнийг аваад цааш механизмыг ажиллуулж таарна. Түүнд л хамаг шан, хамаг өрөм ноогдоно. Бусдад нь шавхруу ноогдоно. Асуудлын цөмийг ойлгоогүй, зүгээр л бор зүрхээрээ яваа ихэнхид юу ч ноогдохгүй. Тэд уг нь ноогдол хүсээгүй. Хөөрхийдөө, эх орноо хоролчиё гэж бодоо ч үгүй яваа шүү. Гэхдээ л хорлочихлоо доо.
2008 оны 4 дүгээр сар 20