..н барилдлагатай өдөр угааль үйлдэх, тангарагаас няцах,
 нөхрөөс урвахад сайн...
Монгол зурхайгаас

 Зурхайд зөвхөн хэрэгтэй юмс буй. Тийм учраас цаг тооны бичиг жилд 200.000 хувь хүртэл борлогддог гэдэг. Ямар ч ном, сурах бичиг ингэж гүйдэггүй.  Учир нь зурхайд бидэнд хэрэгтэй өдрүүд тэмдэглээтэй бий.  Бизнес хийхээр бус зөвхөн үсээ хусуулахаар баяждаг өдөр тэнд тэмдэглээтэй. Малын үржлийн эрхтнийг сугалж хаяхад  сөрөөд мал өсөх нигууртай хоног бас зөвхөн тэнд л заагдаастэй.  Тэнд хэрэггүй юм байхгүй. Бид хэрэглэдэггүй учраас Жүүдийн “Дээгүүр өнгөрөх баяр” ,  Лал мөргөлтний “Рамадан сарын бацаг” тэмдэглэгдээгүй.

Мянга мянган жилийн турш талын нүүдэлчдэд тангарагаасаа няцах хэрэгцээ байнга гарсаар иржээ. Тийм учраас л цаг тооны бичиг дотор нь тангарагаас “няцах үйл”-ийг долоо хоногийн аль өдөр хийж байваас зохистой бөгөөд эд  мал арвидах нигууртайг тэмдэглэн ашигласаар ирсэн байж таарах гээд байна.

Тангарагаасаа няцна гэдэг нь зүгээр нэг амласнаасаа булзах, хэлсэндээ хүрэхгүй байх тухай яриа бус, өргөсөн андгайгаа хөсөр хаяна гэсэн үг. Ухаандаа цэрэг хүн эх орноо амиараа хамгаална гэсэн тангарагтай. Тэхээр цэрэг хүн  “малчны календарь” хэмээгдэх цаг тооны бичгийг харж байгаад “тангарагаасаа няцахад сайн” өдөр сонгон эх орноосоо урвахад өөрт нь сайнаар тусах болтой юм аа, хараад байхнээ.

Тангарагаас няцахад сайн өдөр нь цагаан сарын шинийн нэгэн шиг   жилдээ ганц байна аа гэсэн номгүй. Харин малаа засах өдөр нэг буй. Учир нь нэг малыг насан туршид нь нэг л удаа хөнгөлөх боломжтой. Тухайлбал өчигдөр л гэхэд  намрын дунд сарын шинийн нэгэн, тангарагаасаа няцах, хүүхэд өргөж авах, биеэ угаахад зэрэг дөрвөн чухаг асуудал давцхсан өдөр ажгуу.

Урвах гэдэг үгээс жиирхсэн үү, эсвэл урвахыг явдлыг хүндэтгэл, өргөмжлөлөөр илэрхийлсэн хэрэгсэн үү, бүү мэд. Энэ тангарагаас няцах гэдэг.

Ер нь хэрэглэхэд ч их аятайхан нэр юм гээч.  “Манай өнөө хэн тангарагаасаа няцаад шинэ нам байгуулсан” ч гэх юм уу, “За дарга минь намайг сайд болгохгүй бол би тангарагаасаа няцна шүү” гэхчлэн ярихад айхавтар жентельмэн сонсогдож байна гээч.   Саяхан МАХН байсан МАН-ын түрүүчийн дарга нарын нэг Н.Энхбаяр гуай  өнгөрөгч хаврын  “тангарагаасаа няцахад өлзий  билигт сайн” өдрүүдээс нэгийг сонгон МАХН-ыг буцаан байгуулсан. Тэрээр өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр штабын нөхдөө тангарагаасаа няцаагүй гэх газаргүй хэмээн үзэж машид гомдсноо ярьдаг.

Сонгууль дөхсөнтэй уялдаад гишүүд ч намынхаа дарга нараа машид айлгаж, тангарагаасаа няцах байдал үзүүлэн дарамтлах нь их болсон байна. Мэдээж хэрэг үүнийгээ “тангарагаас няцах” гэхчлэн шууд хэлэхгүй. Харин  “шударга бус үзэгдэлтэй эвлэршгүй тэмцэх”, “ард түмний талд орох” гэж нэрлэнэ. Харин өрөөл бусдынхаа хийж байгаа  иймэрхүү “шударга бус явдалтай үл эвлэрэх” ажиллагааг  “урвалт” хэмээн тодорхойлно.

Ард түмэн ч гэсэн үүнийг андахаа байсан. Хэн нэгэн хүн  ойрын үед “Шударга бус байдалтай эвлэрэхээ болих” гэж байгаагаа зарлавал “За мань хүн тангарагаасаа няцах гэж байгаа юм байна” гэдгийг хөдөөгийн малчин ч ойлгоно. Ойлгоод зогсохгүй унинд хавчуулсан “малчны календарь”-иа нээн үзэж “нөгөөдөр шорой, нөгөөдрийн маргааш чинь барилдлага нь тангарагаас няцахад амин насны найлзуур дэлгэх нигууртай аж. Тэхээр эрхэм гишүүн пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан дээр тангарагаас няцаж таарах юм байна” хэмээн түвэггүй мэдээд авах аж.

Харин бид  эсрэг хүнийхээ “тангарагаасаа няцах” календарийн процессийг “урвалт” хэмээн нэрлэж, олон түмнээр үзэн ядуулах кампани өрнүүлдэг.

Бидэнд нэгэнт тогтсон суртахуун, үнэлэмжээр бол урвалт нь байж болшгүй зүйл. Ингэхэд урвалт гэж юусан билээ. Манай талаас гарч нөгөө талд очвол урвалт, харин нөгөө талаас гарч манай тал орволт сонголт болдог. Зөв сонголт хийж манай талд  орж байгаа этгээдийг нөгөө талын нүдээр харвал урвагч болно. Харин урвагч этгээдээ тэдний нүдээр үнэлвээс зөв замаа сонгогч байх ажгуу.

Дорнын мэргэд, гэгээнтнүүд ингэж сургасаар иржээ. Алив юмны сайн муу болох нь цаад юмныхаа мөн чанараас бус харин тухайн хүн түүнд яаж хандаж байгаагаас хамаардаг гэж. Тэхээр АН-даа гомдолтой явдаг, эсвэл АН-аасаа болоод санасан тушаалдаа хүрээгүй, сарвайсан тендэрээ аваагүй хүнд бол  Ардчилсан намын экс дарга М. Энхсайхан даргын  “тангарагаасаа няцах”  ажиллагаа нь хамгийн зөв сонголт. Түүнчлэн  С.Баяр, У.Хүрэлсүх нартай  муудсан шалтагтай,  Н.Энхбаяр даргын дагалдагч, номлогч нарын хувьд ч боссынх нь “тангарагаа хүчингүй болгож буй үйл явц”  хамгийн сайн сонголт бөгөөд зөв зам.

Гэвч түүх үйл явдлыг сонголт, урвалтаар салган, хар цагаанаар заагладаг. Яаж? Хэнийх нь урвалт сонголтод тооцогдож, хэнийх нь урвалт  болохлоор сонголт хэмээн өргөмжлөгддөг вэ хэрэг вэ? Уг нь их амархан. Олонхид таалагдсан урвалтыг сонголт гэдэг, харин цөөнхид ашигтай сонголтыг урвалтад үздэг. Гэвч  яаж сонговол үр дүн нь олон түмэнд ашигтай тусахыг урьдчилан харах амаргүй байдаг. Амархан байдагсан бол түүх  нэг ч урвалтгүйгээр бичигдэхсэн. Тодруулж хэлбэл, ард түмний талд орох нь чухал бус, харин ард түмэн хэний талд орохыг урьдчилан харж чадсан эсэхээс хамааран аливаа алхам “сонголт”, “урвалт”-ын алин болох нь шийдэгддэг.

1921 онд хэсэг сүсэгтэн ард Богд хаанаа шоронгоос гаргуулах, Гаминд эзлэгдсэн улсаа аврахад хэрэгтэй тусламж олохоор Улаан оросыг зорьжээ. Гэтэл аваргууд “ тангарагаас няцаж” , Богд байтугаа хаанаа  ширээнээс нь нисгэж Зөвлөлт улс босгох ардын хувьсгалт нам болон хувирсан. Гэвч улс орны цаашдын хувь заяа Зөвлөлтийн замаар явсан учраас  ардын намынхны “тангарагаас няцсан” явдал зөв сонголт болон хувирсан билээ. Харин Бодоо нарын сонголт нь  урвалт байдлаар дуудагдахдаа тулсан.

Манай Д.Сосорбарам дээхнэ Айн Рэндын “ Сайтар эргэцүүл” жүжгийг тоглов доо. Сайн болсон, дуусан дуустлаа сул суудалгүй байсан тухай энд ярих гэсэн биш. Харин жүжигт гардаг хүн амийн хэргийн мөрдөгч нэг ийм үг хэлээд байдаг юм. “Бүх хүн мөнгөнд дуртай. Мөнгөнд дуртайгаа нуудаггүй хүн бол муу хүн байдаггүй. Харин  бусдын адил мөнгөнд дуртай мөртлөө “Би мөнгөнд дургүй” гэж ярьж явдаг хүн л сэжигтэй ” гэж. Түүн шиг хүн бүр сонголтыг өмнө ирдэг. Харин урвадаггүй гэж ярьдаг хүнийг л сайн ажиглах учиртай юм гэсэн.