Тэр охин бүжиглэх маш дуртай. Багаасаа л бүжиглэжээ. Сургуульд ороод бүжгийн дугуйланд явах болов. Аав ээж, эмээ өвөө, ах дүүс нь сайн бүжигчин-тамирчин болно гэдэг итгэлээр дүүрэн. Нас балчир гэхэд чамгүй амжилт үзүүлж. Багшдаа их хайртай. Багш нь хүүхдүүдэд шинэ хөдөлгөөн заах бүрдээ охинтой хослоно. Охин багшдаа тоогдож байгаадаа баяртай явдаг байж. Нэг өдөр багш нь урьдынхаараа түүнтэй бүх хүүхдийн өмнө бүжиглэв. Гэхдээ багш нь нэг л “спортын бус” байдлаар бариад байгааг мэдрэв. Багшийн амьсгал чихэн дээр нь эрвэгнүүлнэ. Хөнгөн хөл нь хүндрээд, юу юугүй дараад авах нь уу гэмээр болж. Балмагдсан охин аль болох зай барихыг хичээсэн ч хүчирсэнгүй. Хөгжим эгшиглэсээр... Бүжиг байгаад бөх ч юм шиг болсон тэр хоёрын тэмцэл олны нүдэн дээр үргэлжилсээр хоёул гишгэгдэл алдан уналаа. Хүүхдүүд бөөн инээдэм. Охин инээхтэй манатай. Багшийн нүд хуялын манантай. Тэр өдрөөс хойш охин хамгийн дуртай спортоо орхив. 

Ээждээ энэ талаар хожим ярьсан бөгөөд аав нь түүнээс ч хойно мэджээ. Эцэг эх нь багшийг цагдаад мэдэгдэн хэрэг үүсгүүлсэн ч шүүх хурал дээр нотолгоо олдсонгүй. Жаахан охины хий төсөөлөл гэдэг дүгнэлт гарав. Спортын ертөнцийг гутааж буй бэлгийн дарамтыг нотлох туйлын хэцүү. Харин спортод сэтгэлээ өгсөн охид бүсгүйчүүдийг жигшээдэг нь баримт.

Олон Улсын Олимпийн Хороо (ОУОХ) Лозаннд хийсэн 2007 оны анхны хурлаараа “Спорт дахь бэлгийн дарамт”-ыг авч хэлэлцжээ. Энд тамирчдыг “хүч чадал, нэр хүндийн сүүдэр”-ээс аврах тухай яригдсан байна. Өмнө нь хийсэн судалгаа бэлгийн дарамт спортын ертөнцөд хавтгайрсан, тэр дундаа мэргэжлийн спортынхон дунд бараг хэм хэмжээ болжээ гэдгийг харуулсны дээр эрхэм багш дасгалжуулагч нар хэдийнэ гэмт хэрэгтний хэмжээнд очсоныг нотолсон байна. Бэлгийн дарамт тамирчны сэтгэл санаа, махбодыг сэвтээхийн зэрэгцээ спортоо орхих үндсэн шалтгаануудын нэг болдог аж. Энэ үндэслэлээр 2006 оны аравдугаар сард ОУОХ-ны Эрүүл мэндийн комисс бага хурал зохиож. ОУОХ-ны Эрүүл мэндийн комиссын дарга, швед профессор Арнэ Лундквистээр толгойлуулсан бага хуралд оролцсон олон орны сэтгэл зүйч, нийгэм судлаач, хуульч нар спортын ертөнцийг гутаагч бэлгийн дарамттай бүх талаар тэмцэхээр болов. Ингээд үндэсний салбар хорооддоо спортод бугшсан бэлгийн дарамттай тэмцэх олон талт ажил зохиохыг урилсан байна (сурвалж: http://www.olympic.org/sha). Харин Монголын Үндэсний Олимпийн Хороо (МҮОХ)-ны дэд дарга Ц.Дамдингаас энэ талаар утсаар тодруулахад “мэдэхгүй” гэдэг хариулт өглөө.

    Саяхан Монголд айлчилсан ОУОХ-ны Ерөнхийлөгч өнгөрсөн долоон сард Японы Олимпийн хорооны 100 жилийн ойн баярт оролцжээ. Тэрбээр баярын индэр дээрээс допинг, хүчирхийлэл, арьс өнгөөр ялгаварлах үзэл, авилгаас үргэлж сэрэмжлэх ёстой гэдгийг сануулсан байна. Мөн Жак Рогге багш, дасгалжуулагч нарын бэлгийн дарамт олон тамирчин эмэгтэйг спортоо орхиход хүргэж буйд харамсаж явдгаа хэлжээ. Харин манай спортын байгууллагууд, тэдний тэргүүнүүд “спорт дахь бэлгийн дарамт” гэдэг нэр томъёо сонсоод их цочирдох юм. Хүн цочиж, санаа зовохоор зүйл мөн боловч өөрсдийнх нь шийдвэл зохих асуудлын нэг гэдгийг одоохондоо мэдэхгүй яваа бололтой. Ийм асуудал манай спортынхон дунд огт байдаггүй юм биш, харин маш далд хэлбэрээр газар авсан бололтой. 2004 оны Афины олимпийн дараа манай чөлөөтийн эмэгтэй шигшээ багийн зарим тамирчин дасгалжуулагч нь “бэлгийн дарамт” үзүүлдэг гэдгийг нэг удаа цухуйлгаад өнгөрсөн.

    Тамирчин, тамирчин явсан монгол бүсгүйчүүд бэлгийн дарамт өнөөдөр манай спортод бодитой оршиж буй гэдгийг баталлаа. Ялангуяа ганцаарчилсан спортын тамирчин охидод ийм дарамт байнга ирдэг гэнэ. Адаглаад л тэмцээний өмнө жингээ үзүүлэхийн тулд баахан харчуул дунд чармай нүцгэн жин дээр зогсохоос өгсүүлээд олон “ичмээр”-ийг давдаг аж. Эмэгтэй тамирчны өөхлөлтийг шалгахдаа умдаг, өгзөгнөөс нь атгаж үздэг юм байна. Спорт өөрийн онцлогтой, өөрийн ёс зүйтэй. Түүнийг тамирчид бүрэн хүлээн зөвшөөрдөг ч жингээ хасахаар ганцаараа ууранд сууж буй охин дээр багш нь ороод ирвэл хүлцэх аргагүй юм. Яг ийм тохиодлоор жиндээ тун амжилттай барилдаж явсан эмэгтэй жудоч дэвжээгээ орхижээ. Ядахад мөнөөх багш нь аваагүй цол тэмдэггүй эрхэм байж. Тийм нэр хүндийн эсрэг зарга хийж нэр нүүрээ барснаас дуугүйхэн яваад өгөх нь дээр л дээ.

    Гадаадын эмэгтэй тамирчид энэ тал дээр арай нүүрэмгий бөгөөд заргаа авсан тохиолдол ч бий. 2005 оны Турины өвлийн олимпийн өмнө АНУ-ын чарганы (skeleton) шигшээгийн дасгалжуулагч Тим Нардьеллог бэлгийн дарамт учруулдаг гэсэн зарга үүсэв. Тэр жилийнхээ шилдгээр шалгарсан дасгалжуулагч багийн охиддоо ёс бус үг хэлдэг, зочид буудлын өрөөнд нүцгэн байхад нь ороод ирдэг байж. Дасгалжуулагч хэдий бүгдийг ор тас үгүйсгэсэн боловч 45 настай эрхмийг ажлаас нь чөлөөлсөн юм. Манайд бол ийм асуудал тэс өөрөөр шийдэгдэнэ. Ухаан нь, хэнгэргийн дохиур болсон чөлөөтийн эмэгтэйчүүдийн шигшээгийн дасгалжуулагч ямар нэг зэм шийтгэлгүй өнгөрсөн байна. Харин зарга мэдүүлсэн тамирчин нь бэлтгэл хийх баггүй шахам болж явсан ч үе бий. МҮОХ-ны нэгэн эрх мэдэлтний хүслийг биелүүлээгүй учир тухайн байгууллагаас тамирчинд үзүүлдэг төрөл бүрийн тусламжаасаа салсан хүний түүхийг ч олж сонслоо. Хэрэв мөнөөх бүсгүй үнэн байдлыг шүүхэд, ядаад МҮОХ-ны Ёс зүйн комисст мэдэгдсэн бол өөрөө адгийн муухай нэр зүүгээд дуусах гарцаагүй.

    Спортод багш дасгалжуулагчийн бэлгийн дарамтыг “шинжлэх ухаанжуулах” оролдлого ч гарч байсан юм. Өнгөрсөн зууны далаад онд Ардчилсан Германы дасгалжуулагч нар бэлгийн ажлын дараа эрчүүдийн махбодын чадавх 20 хувиар буурдаг бол эмэгтэйчүүдийнх эсрэгээрээ нэмэгддэг болохыг тогтоож гэнэ. Ингээд хөнгөн атлетикийн шигшээ баг нь тамирчдаа гараанд гаргахын өмнө бэлгийн харьцаанд оруулдаг байж дээ. Мэдээж шигшээ багт “бух”-ын орон тоо үгүй тул сексээр дамжуулан тамирчиддаа “допинг шахах” ажилд багийн бүх дасгалжуулагч, эмч, илээч нар нь дуртайяа дайчлагдана. Хүсэл таашаалын төлөө бус хоёр системийн тэмцэлд зориулагдсан тэрхүү бэлгийн харьцаа “улс төржсөн янаглал” боловч спорт дахь бэлгийн дарамтыг зөвтгөх гэсэн явдлын бодит жишээ болон үлдсэн юм. Ардчилсан Германы тамирчид хожим хойно ч энэ талаараа дурсах дургүй байжээ.

    Спортод цэцэглэсэн бэлгийн дарамтын тухай ид амжилтынхаа үед ам нээх хүн ховор. Харин хэзээ хойно ном болгож бичсэн эсвэл сонин сэтгүүлд ярилцлага өгсөн бүсгүйчүүд нэлээд бий. Ерээд оны сүүлээр өсвөр үеийн хошой аварга, Норвегийн тамирчин Сири Халлегийн бичсэн “Олзлогдсон цанынхан” ном спортын ертөнцөд чамгүй шуугиан тарьсан билээ. Норвегийн цанын шигшээ багийн дасгалжуулагч нар бас эрэгтэй тамирчид нь бүсгүйчүүдээ эрх мэдэл, нэр төрөөрөө далайлган өвөртөө оруулсан гэдэг. Түүний бичсэнийг багийнх нь бүсгүйчүүд ч баталжээ. Мөн хуучин ЗХУ-ын гимнастикийн алдарт тамирчин, 1972 оны Мюнхений олимпоос гурван алтан медаль хүртсэн Ольга Корбутын “Нэшнл инкуайр” сэтгүүлд өгсөн ярилцлага оросуудыг алмайруулсан. Тэрбээр ид гялалзаж явахдаа дасгалжуулагч Рональд Кнышийн бэлгийн дарамт дор явсан гэдгээ дэлгэжээ. Дасгалжуулагчийн дарамтыг тэсэхээ байгаад ЗХУ задармагц АНУ руу гарсан гэдгээ ч ярьсан байна.

    Манай эмэгтэй тамирчид дунд ямар нэг дарамтгүйгээр, харин өөрийн хүсэл сонирхлоор дасгалжуулагчийнхаа өврийг бүлээцүүлдэг улс мэр сэр байгаа гэж дууллаа. Лигийн багийн сэлгээний сандалд багтах гэж багштайгаа орооцолдсон охин ч байх л юм. Гэхдээ ОУОХ-ноос гаргасан мэдэгдэлд “сайн дур”-ын үндсэн дээр багштайгаа бэлгийн харьцаанд орсон байлаа ч спортын бус хандлага хэмээн тодорхойлжээ. МҮОХ дэргэдээ есөн салбар комисстой, нэрнээс нь харахад тэдгээрийн хоёр нь лав шууд энэ асуудлыг зохицуулах үүрэгтэй мэт ойлгогдоно. Ёс зүйн комиссыг нь Ерөнхий сайд С.Батболд толгойлдог бол УИХ-ын гишүүн Д.Арвин Спорт ба эмэгтэйчүүд комиссын тэргүүн нь юм байна. Ерөнхий сайдыг ийм “жижиг” асуудлаар чилээж төвдсөнгүй. Харин 2009 онд ОУОХ-ны тусгай комиссоос спортын салбарт хүчин зүтгэж, өндөр амжилт гаргасны тул "IOC Women and Sport Trophy" тэргүүн шагнал хүртсэн Д.Арвинтай уулзах гэсэн ч завдал нь болсонгүй. Магадгүй ийм сэдвээр МҮОХ, Биеийн тамир спортын газрын албан тушаалтнуудыг цочоож яваа сураг дуулсан ч байж мэднэ.

    ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге Лондонгийн олимпийн урилга өөрийн биеэр гардуулахдаа спорт дахь бэлгийн дарамтын талаар огт үг дугаралгүй өнгөрсөн баймааргүй юм. Сар гаруйн өмнө Японд баярын индэр билээ гэж цэмцэгнэлгүй хэлсэн үгээ МҮОХ-ныхонд хэлсэн байлаа ч нуугаад өнгөрсөн болов уу гэх хар төрлөө (эх сурвалж: http://www.olympic.org/media?articleid=133879). Өнөөдөр ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөл энэ асуудалд хамгийн их анхаарч байгаа юм билээ. Дэлхийд бусад улсууд ч энэ талын судалгаа шинжилгээ хийгээд арга хэмжээ аваад эхэлчихсэн байна.

Улстөрд квоттой болохыг санаашран мөрөөдөгч эмэгтэйчүүдийн олон байгууллага, хүйсийн тэгш эрхийн төлөө цогтой тэмцэгч нарт уул нь хийх ажил байна. МҮОХ-ныхон, тэр дундаа дээр дурьдсан хоёр салбар комисс эмэгтэй тамирчдынхаа төлөө нэгийг хийнэ гэж найдъя.