(санхүүжилтийн өвөрмөц арга)

I.    “Өрхийн холбоо”

Саяхан америкийн ардын дуучдын “Old Grey Goose International” хамтлагийн гишүүн Беннетт Конеснийн Хотын төв номын санд манай “Алтай” хамтлагтай хамтран бэлтгэл  тоглолт хийж байхтай санаандгүй таараад улмаар харж сонсох зуур тэрээр өөрөө бас фермер юм байна гэдгийг ч олж мэдэв. Тэгээд сонирхол нэг учир үргэлжлүүлэн 6 буудал дахь “Агро сургалт” хоршоогоор цугтаа айлчиллаа.



Хашаандбитүү ургаж буй хүнсний ногоо, жимсний олон бут сөөгийг үзэж сонирхох зуураа тэрээр өөрийн ажлынөвөрмөц туршлагаас ярьж танилцуулав. Тэдний ферм нь CSA(Community Supported Agriculture) гэдэг үйлдвэрлэл-худалдааны тогтолцоог хэрэгжүүлдэг болохоор ажил нь эрсдэл багатай, орлого зарлагаа ч төлөвлөхөд хялбар байдаг гэлээ.

CSA–ийг үндсэндээ “хамт олноор дэмжигдсэн хөдөө аж ахуй” гэж ойлгож болох юм.Учир нь, тус ферм нь хот газрын 125 айлтай хаврын эхэн сард гэрээ байгуулдаг гэж байна. Айл бүр 600 долларын төлбөр хийчихсэн байхад ажил эхлүүлэх зорилгоор банкнаас зээл хөөцөлдөх шаардлагагүй, ерөнхийдөө санхүүгийн бэрхшээлгүй болчихно. Гэрээнд заасны дагуу тэд өрх бүрд 20 долоо хоногийн туршид 30 доллартай тэнцэх ногоог нийлүүлнэ.

Захиалагч, үйлдвэрлэгчийг нягт холбосон хийгээд борлуулалтын бэрхшээлийг гэтлэн давах талаараа гойд сайнд тооцогдсон энэхүү системийг анх швейцар, германы фермерүүд 1980-аад оны дундуур Америкт хүрэлцэн ирж нэвтрүүлжээ. Тэр цагаас хойш энэхүү систем нь эрчимтэй дэлгэрч эдүгээ үүнийг хэрэглэж буй фермер аж ахуйн тоо нь бүр 12 мянгад хүрсэн байна.

Манай орны нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх нэг арга нь бол сумын төвийн суурин айл өрхийг малчидтай уялдуулж тэдний урьдчилан өгөх захиалгаар төмс, хүнсний ногоог нь бэлтгэн базаах тал дээр анхаарч болмоор шиг байна. Тухайлбал, сумын төвийн нэг хөдөлмөрч өрх хоёр малчин айлын захиалга авч ногоог нь ургуулаад, бас өвлийн саруудад өөрийн зооринд хийж хадгалах юм бол 8-р сараас дараа жилийн зун хүртэл сард 2 удаа буюу нийт 10 сарын хугацаанд 20 удаа нийлүүлэлт хийнэ.

Нэг удаад хэдэн төгрөгний жимс, ногоо хүлээлгэн өгөх вэ гэдгээс ургуулан бодоод (хадгалалтын хорогдлыг бас нэмж тооцоод) нийт төлбөрийн хэмжээг гаргаад авч болно. Харин бүтэн жилийнхээ хүнсний ногоог бэлтгүүлсний хөлсөнд малчид өөрсдийн бүтээгдэхүүнээр бартердаж болох учир харилцан ашигтай байх боломж нэлээдгүй өндөр. Иймэрхүү зохион байгуулалтын шинэлэг хэлбэрийг нэвтрүүлээд, туршин ажиллуулаад үзвэл сумын төвд ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүнсний үйлдвэрлэл хөгжүүлэх, айл өрхийн амьжиргааг сайжруулах чиглэлд чухал алхам болж мэднэ.

II.    Хөл дор гишгэгдэж буй амттан

Одоо “Агро сургалт” хоршоо руу эргээд оръе. Тэнд нэгэн сонин зүйл тохиолдов. Сургалтын төвийг танилцуулах явцдаа Чука эгч биднийг нэг хүлэмж рүү дагуулж очтол Беннетт маань гэнэт бөхийж ирсэнээ хөл дор ургах өвснөөс зулгаан амандаа хийгээд нүүрэндээ улаа бутруулан амтархан зажилж гарлаа. Гэтэлтэр олзуурхан авч идсэн өвс нь хэн бүхний мэдэх ердийн “лууль” байв. Хогийн ургамал гээд бидний хэлж заншаад ойлгочихсон, нэг нүдээрээ ч тоож хардаггүй энэ ургамлыг тэгсэн чинь олон оронд бүр тусгайлан тариалдаг юм байна.

Хойд Энэтхэгт төрөл бүрийн хоол хийдэг, хүнсний чухал бүтээгдэхүүнд тооцдог тухай интернетээс олж мэдэв. Гагцхүү “но”-той байж болох ганцхан зүйлийг тодруулах хэрэгтэй юм болов уу. Луулинд оксалик хүчил бусад ургамлаас их байх ба тэр нь бөөрний чулуу үүсгэх магадлалтай гэжээ. Тэгэхлээр, олон орны хүмүүс хүнсэндээ бүр тариалалт хийж ирээд л хэрэглээд байхыг бодоход тэд лав дээрхи оксалик хүчлийг саармагжуулах арга хэрэглэж сурсаных байж таарна. Уул аргыг нь мэдээд авбал манай хоолны нэр төрөл нэгэн зүйлээр нэмэгдээд явчих нь тэр ээ.

За, яахав, луулийг сонгино мангир, халиар сульхир шиг хүнсэндээ хэрэглэдэггүй юм аа гэхэд саалийн үнээ, ямаа болон тахианд бэлтгэвэл маш сайн тэжээл болно – сүү сааль, өндөгний гаралт эрс нэмэгдэх юм байна. Ямартай ч луулийг огтын хэрэгцээгүй хогийн нэгэн ургамал биш гэдгийг биечлэн үзүүлж ойлгуулж тайлбарлаж өгсөн Беннеттээ талархал илэрхийлмээр санагдлаа.

Жимсчид, ногоочдын нийгэмлэгийн тэргүүн Ц.Майдар