Тусгаар  тогтносон улсыг эзэлж авахад төмөр зам, банк, шуудан  холбоог  эхэлж авдаг гэж сонсов. Бодлоо. Манай улсын шинээр барих  төмөр замыг БНХАУ-ын төмөр замын сүлжээний нэгээхэн хэсэг болгон холбох 1435 мм нарийн царигтай байх тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-д өргөн барилаа. Ингэснээр тусгаар Монгол Улсын төмөр замын сүлжээ Хятадын төмөр замын нэгээхэн хэсэг болох учиртай билээ. Энэ  бол урд хөршийн маань 103 жилийн  өмнөөс  баримталж буй бодлого юм.  Олноо өргөгдсөний 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний дараа Хятадын   талаас  нарийн царигтай төмөр замын сүлжээг манай улс руу тавихаар  Богд хаанд тулгасан байдаг. Хятадын анхны Ерөнхийлөгч Сүн Ят Сэн 1912 онд “Үндэстнийг хөгжүүлэх стратеги" хэмээх алдарт номоо бичиж Хятадыг агуу их гүрэн болгон хөгжүүлэх төмөр замын бодлогыг бий болгожээ. “Би Хятад улсыг дэлхийн хэмжээнд аваачих цогц бодлогыг боловсрууллаа. Бас хүн амын нягтаршлыг тэлэх бодлогыг давхар хийлээ ” хэмээн тухайн номондоо  цохон тэмдгэлсэн байдаг аж. Энэхүү төмөр замын бодлогодоо Монгол улсын хил рүү Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуун сухайт, Замын-Үүд, Бичигт, Нөмрөг (одоогийн нэршлээр ) гэх  долоон чиглэлээр нарийн царигтай төмөр зам тавихыг санаархжээ. Гэвч  Богд хаант Монгол Улс энэ төмөр замаас болж  тусгаар тогтнолоо алдана  хэмээн зөвшөөрөөгүй юм байна. Үүнээс болж хоёр жилийн турш  Хаалганаас Ар Монгол руу  жингийн цуваа байтугай нэг ч тэмээ ачаа оруулалгүй эдийн засгийн хориг арга хэмжээ авч байжээ. Энэ хооронд цай гурилын үнэ гурав дахин нэмэгдэж нүдний гэм болжээ. Харин  энэ байдлыг далимдуулж Бадамдорж шанзаваар тэргүүлсэн Хятадын талыг дэмжигч сайдууд Чин Ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн нарыг буруутгаж байлаа. Одоогийнхоор бол тэр Шанзав Бадамдорж чинь Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэсэн үг.  Гадна талаас эдийн засгийн шахаанд орж , дотоодоосоо урвагч түшмэдүүдийн хүчинд автсанаар 1914-1915 оны хооронд  Хиагт хотноо Орос, Монгол, Хятад  гурван улсын хэлэлцээр өрнөлөө. Түүхэнд “Гурван улсын хэлэлцээр”  хэмээн нэршсэн уг хэлэлцээрт Бээжинг дэмжигч урвагч ноёдын “ачаар” Монгол улс тусгаар эрхтэй  бие даасан улс байхаа больж автономит улс болсон билээ.  200 гаруй жил Манжийн дарлалд талхилагдсан  Монгол улс ийнхүү үндэстний сэхээтнүүдээрээ удирдуулсан хувьсгалын үр шимээр олж авсан тусгаар тогтнолоо ердөө  дөрөвхөн жилийн  дотор алдах нь тэр. Ингээд дотоод асуудлаа өөрсдөө зохицуулж  гадаад ертөнцтэй харилцах харилцааг маань Бээжингээс шийдэхээр боллоо. Хиагтын гэрээний хоёрдугаар зүйл заалтад “Төмөр зам барих, банк байгуулах, шуудан холбоо болон  хэвлэн нийтлэх эрхийг  Бээжингээс шууд шийдвэрлэнэ”  гэсэн байдаг юм.  Одоо уншигч та энэ нийтлэлийн эхний өгүүлбэрийн  учрыг ойлголоо. Аливаа улсын тусгаар тогтнол төмөр зам, банк, шуудан холбоо, хэвлэл мэдээлэл дээр оршдог байна. Тэгвэл  өнөөдөр төмөр замаа БНХАУ-ын салбар болгохоор Ерөнхий сайд нь өөрөө улайран зүтгэж байхыг харж байна. Манай улсын шилэн кабелийг бүх холболтыг БНХАУ-ын ZTE компани хийж гүйцэтгэсэн (Ч.Сайханбилэгийн зүтгэлээр гэдэг юм....) бол банкны салбарт өдгөө банк оф Чайна (Bank of China) ноёлохоор орж ирлээ. Хэвлэл мэдээлэл бол ойлгомжтой.  Засгийн газраас өч төчнөөн мөнгө гаргаад л хэвлэл мэдээллийг тэр  чигээр нь худалдан авч дуртай нийтлэлээ захиалан бичүүлж байгаа.  

Ингэж бид тусгаар улс байх боломжоо алгуурхан  алдаж байна. Хэдхэн хоногийн өмнө газар шороог минь харийнханд 100  жилээр түрээслүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Иргэд, залуус  маань хүчтэй эсэргүүцсэний хүчинд Засгийн газар хуулиа эргүүлэн татаж бид энэ удаадаа  газар нутагтайгаа үлдлээ. Гэхдээ энэ бол эцсийн шийдвэр биш. Харин хоёр хоногийн өмнө  Хятадын төрөөс 103 жилийн өмнөөс төлөвлөсөн бодлогыг тусгаар Монгол Улсын Ерөнхий сайд хэрэгжүүлэхээр зүтгэж УИХ-д  өөрийн биеэр авч орох нь тэр. Би гайхдаг юм. Анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнасүрэнгээс эхлээд ЗХУ-ын дарангуйлалын  он жилүүдэд ч манай Ерөнхий сайдууд улсынхаа эрх ашгийг хамгаалж  оронд нь амиа өгч байснаас энэ Н.Алтанхуяг шиг бөхөлзөн чичирч яваагүй санагдана.  Харийн бодлогыг эсрэг хатуужин тэмцээд Москвад дуудагдан эргэж ирэхгүй одсон Ерөнхий сайдуудаа бид сайнаар дурсана.  Харин Бээжинд дуудагдаад амандаа мантуу  дүүртэл  чихүүлж   юаны өмнө сөхөч унасан ийм Ерөнхий сайдыг  түүх  өршөөхгүй.   Түүхээс өмнө бид өршөөхгүй нь ч үнэн юм.

Нарийн царигийг дэмжигчид зөвхөн мөнгө л ярьдаг. Эдийн засаг сэргэнэ, эдийн засгаа сэргээхэд мөнгө л хэрэгтэй гэдэг. Нарийн цариг тавьчихвал ямар ч саадгүй мөнгө орж ирнэ гэж хэлдэг. Үнэн. Ёстой ямар ч саадгүй мөнгө орж ирнэ. Төмөр зам барих хятадууд ч орж ирнэ. Гэхдээ мөнгөөр хэмжигддэггүй эрх ашиг гэж бий. Хэрэв нарийн биш өргөн цариг тавьбал хил дээр шилжүүлэн ачихад тонн тутмаас гурван доллар алдах юм  билээ. Тэр гурван доллар чинь бидний тусгаар тогтнолын үнэ цэнэ юм. Нарийн царигтай төмөр зам тавьчихвал бид Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороо барьж чадахгүй түүхий эдээ гадагш нь урсгана.  Бид ердөө л Хятадын түүхий эд ханган нийлүүлэх бааз болно. Монгол Улс тэр чигээрээ Хятадын Эмээлт  зах болно. Аль Хүннү гүрний үед төмөр хайлуулж зэр зэвсгээ өөрсдөө хийгээд дайтаж явсан монголчуудыг аж үйлдвэр байгуулж чадахгүй хэмээн басч буй  хүний нармайг нээсэн ч яадаг юм бэ. Яагаад бид  нүүрсээ түүхийгээр бас дэлхийн хаана ч байхгүй хямд үнээр Хятад руу зөөх ёстой юм бэ. Бид нүүрсээ коксжуулж,  ган хайлуулж,  цахилгаан гаргаж,  арьс шир үс ноосоо дотооддоо боловсруулан нэмүү өртөг шингээж яагаад  болохгүй гэж. Хятадаас эхлээд Сингапур, Хонгконг, ОХУ, Япон, Өмнөд Солонгос гээд бүх гүрэн аж үйлдвэрээр  хөгжиж байхад манайх ганцаараа бүх түүхий эдээ  түүхий хэвээр нь  зөөнө гэж зөрүүдэлж хэвтэхийн учир юу вэ. Нарийг цариг бол түүхий эдээ гадагш зөөх цариг, өргөн цариг бол аж үйлдвэржих цариг гэдгийг бид ойлгох ёстой.

Бидний өвөг дээдэс энэ дэлхий ертөнцөд геополитикийн шатар нүүхдээ  өргөө зөв өрж нүүдлээ хол харсаны ачаар бид өнөөдрийг хүртэл тусгаар улс явж ирсэн нь маргаангүй үнэн. 1949 төмөр замын гэрээгээр  манай удирдагчид ямар нүүдэл хийсэн бэ. Тэд бүх зах  зээл Хятадаас хамааралтай байхыг болиулахын тулд,  1914-1915 оны гашуун түүхийг давтаж тусгаар тогтнолоо дахин  алдахгүйн  тулд Орос улстай харилцан тохиролцож төмөр зам бариулсан юм.  Хятад манайх хоёрыг 200 гаруй боолчилсон Манж Чин улсын мөхөл мөн л төмөр зам байсан юм. Тэд харь улсаас зээл авахдаа төмөр замаа барьцаалах гэсний учир хятадууд бослого дэгдээж  Манж гүрнийг  газрын хөрснөөс арчсан юм.  Төмөр зам Манж гүрний мөхлийг зарлаж байсан бол Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан түүх бол энэ байна.   

Үүнийг бичигч би Монгол хүн. Миний үр удам Монголдоо амьдарч Монголдоо шингэнэ.  Миний өвөг дээдэс Монголынхоо төлөө цусаа урсгаж амиа өгч явсан. Үүнийхээ төлөөсөнд гурван үеэрээ хэлмэгдэж байсан. Манай удамд урвагч, эрлийзүүд байхгүй. Би гурав байтугай долоон үеийн намтраа нүүр  бардам бичнэ. Манай удам бол эх орон, газар шороо, тусгаар тогнолынхоо төлөө “боож үхсэн бор оготонууд”. Тиймээс миний үр хүүхэд удам угсаа маань энэ л Монгол улсдаа амьдарч үе улиран сууна. Ийм болохоор улсын маань тусгаар тогтнол, эрх чөлөө юу юунаас илүү үнэтэй.  Би үр хүүхдээ юанд дарлуулж харийн улсын өмнө бөхөлзөж амьдрах хувь тавилан үлдээмээргүй байна. Ганц би ч биш омог бардам монгол хүн бүхэн ингэж бодож суугаа.  Бид чинь агуу Монголын үр сад. Гамин, барон, манжуудыг нульж явсан нударга. Дэлхийг эзэлж түүхэндээ хоёр ч удаа агуу эзэнт гүрэн байгуулж явсан өвөг дээдсийн удам. Буу сэлмээ агсаад ирэхэд нь нулиад  явуулж болсон юм хэдэн юань үүрээд ирэхэд нь нулимаад гаргах чадал бидэнд бий. Тиймээс нэгдэцгээе. Эрх баригчдын эсрэг тэмцэцгээе. Үр хүүхэд, удам угсаа нь Монголд үлдэхгүй харийн  цустай болсон өнгө мөнгөний донтонгуудад бүү итгэ. Өөрсдөдөө итгэ. Энэ эрх баригчдыг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Шуналын үрээ заавал эдэлнэ дээ.  Түүх өршөөхгүй“  гэснийг санацгаа. Бид монголчууд. Бид Түвд шиг болох ёсгүй. Бид бол баатарлаг түүхийн үргэлжлэл. Бид бол дэлхийг нэгтгэж явсан  өвөг дээдсийн угсаа.    Агуу Монголын үр сад чи алдахаасаа бүү ай. Монголын радио хятадаар мэндэлэхэд бид үхэх ёстой гэдгээ сана...