Сэлэнгэ аймгийн Мандал сумын 100 жилийн ойд зориулан Хөдөлмөрийн баатар, алдарт гахайчин Дэнсмаа эгчээ (аавын минь өргөмөл дүү, бид “Дэнжээ эгч” гэж авгайлна) алдаршуулсан дурсамж–нийтлэлээ baabar.mn; sonin.mn сайтууддаа тавихаар шийдлээ. Дэнжээ эгч маань бол энгэртээ Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” медаль, Сүхбаатарын гурван одон,“Алтан гадас” хоёр одон ярайлгасан алтарт гахайчин малчин байлаа.

Тэр тухай бяцхан түүх хүүрнэе. “Гахай хариулсан хүн уураа бардаг уу?” хэмээх Д.Сэнгээгийн зохиол бидний багад дунд сургуулийн уран зохиолын хичээлийн сурах бичигт орсон байдагсан. Одоо байна уу, үгүй юү, мэдэхгүй.

Тухайн үед Сэлэнгэ аймгийн Мандал сум–Зүүнхараагийн сангийн аж ахуй гэж байхад миний хүүхэд, залуу насны үлэмж хэсэг нь тэнд өнгөрсөн байдаг юм. Ширхэнцэг уул, Хараа гол, Хэрх уул гээд миний хүүхэд насны дурсамжтай газруудаа би хэзээ ч мартдаггүй.

Манайх хотын уугуул айл боловч надад бас хөдөө гэж байсаан. Тэр хөдөө нь мөн л миний өвөг дээдсийн нутаг минь билээ. Миний элэнц өвөө Oлхонуд овогт Гончиг тайж нь XIХ зуунд одоогийн Булган аймгийн Баян-Агт сум хавьд Намнансэлэнгэ уулын нутгаар нутаглаж байжээ. Харин түүний хүү – миний өвөө (аавын минь аав) Гончигийн Балбар тайж ХХ зууны 20-иод онд, Ардын хувьсгалын дараахан Сэлэнгэ аймаг байгуулагдахад Баянгол сумын анхны Засаг даргаар ажиллажээ. Миний эцэг  Б.Дашдорж нь 1928 онд Сэлэнгэ аймгийн Баянгол (сүүлд Дархан сум гэх болсон) суманд ардын засгийн түшмэл, өмнөх засгийн тайж Балбар (Балбар ван хэмээн алдаршсан) зайсангийнд 4 дэх хүү нь болж төрсөн, ийм учраас бидэндээ энэ нутаг бол яалт ч үгүй онгон дагшин нутаг мөнөөсөө мөн.

Миний өвөг эцгийн толгойлж байсан тэр Баянгол сум гэдэг нь одоогийн Дархан-Уул аймаг, Хонгор сум, Баруунхараа, Зүүн хараа, Бэрлэг, ер нь Хараа голын хоёр эрэг, голын сав газрыг хамарсан асар уудам нутаг дэвсгэр байсан юм гэнэ лээ.  

Миний эцгийн төрж өссөн, миний жаргалтай бага насыг элээсэн, намайг малын дөртэй, гахайн маллагаатай, моринд муугүй, усанд сэлдэг болгосон, тэгээд ч байгалийн амтыг мэдрүүлсэн, дэвж дэрвэсэн хүүхэд насны минь хөдөө ийнхүү нэн эрхэм санагдах ажээ.

Мандал сум руу Улаанбаатараас очдог зам дагуу эргэн тойрон тариан талбай дунд “Зааны тугал”  хэмээхуул бий, алсаас харахад хэвтэж байгаа заан, зааны хошуу мушгиралдаад. Цаашаагаа явбал багадаа тоглож өссөн Сүүл толгой, Додо уул, Хэрх уул маань бий. Хэрх бол “Гурван найз” киноны ихэнхи зургийг авсан түүхэн уул юм даа. Хэрх уулын энгэр, хадан цохио, агуйд бид тоглож байлаа. Энэ уул бол Зүүнхараагийн сангийн аж ахуйн (одоо бол Мандал сум) зүүн талд байдаг. “Гурван найз” кинонд энэ агуйг ашиглах санааг анх аав маань гаргасан юм билээ. Аав минь Монгол кинонд кино найруулагч байсны хувьд өссөн төрсөн нутгийнхаа агуйг кинонд мөнхөлсөн хэрэг.

Хараа голоо ямагт эрхэмлэн явдаг нэгэн байна, би. Миний жаргалтай бага нас Хараа голын усанд умбаж өнгөрсөн. Миний усчин болсон түүх Хараагийн голтой их холбоотой. Би хэмээвээс маш идэвхтэй хөдөлгөөнтэй хүүхэд явсан шиг санагддаг юм. Улаанаараа эргэсэн эрчилсэн Хараагийн голын ус руу айж эмээлгүй үсрээд орчихдог байж билээ. Морь усалж яваад арагшаа гулсаж буугаад сүүлнээс нь шүүрч аваад дагаад хөвчихдөгсөн. Морь услах нэрээр хэдэн морьтой банди нар Хараа гол руу уралдчихдагсан. Хурдны морь унаж тарлаж тэнд л сурсан. Өдөржингөө Хараа гол дээр өнжинө. Харин одоо цагт ус нь их гүехэн болчихсон, хайран юм. 

Эргээд бодохнээ аавын минь дүү Дэнсмаа эгчийнх гэж бидэндээ үнэхээр нэг том хөдөө байж дээ. Миний ба манайхны 30 орчим жилийн амьдрал тэднийхнээр өнгөрсөн дөө. Эмээ дүү нар бид хэд тэнд зусдаг байлаа. Хавар хичээл тармагц биднийг галт тэргэнд суулгаад Зүүнхараа руу явуулчихаад аав, ээж хоёр маань Улаанбаатарт байшиндаа зусдаг, бид намар хичээл цуглахын өмнөхөн галт тэргээр хүрээд ирдэг байв. Бид нийслэлээс галт тэргээр гараад 4 цаг давхиж байж энд ирж буугаад дараа нь сангийн аж ахуй руу явдаг, буцвал мөн тийм маршрутаар явдаг байсан хэрэг.

Дэнжээ эгчийн маань нөхөр нь Намнан гэж малын эмч, нуруутай томоотой сайхан хүн байж билээ. Намнан ахынх маань байсан тэр байшинд 2012 онд би хүүхэд дүү нартайгаа зочилсон. Ойртох тусам сэтгэл гэгэлзээд явчихдаг юм билээ. Тэднийх гэж тэр хавьдаа байхгүй хур баян айл миний, бидний хоёр дахь гэр минь байж билээ. Аавынхаа өргөмөл дүү нарын хүүхдүүдтэй бужигналдан, морь унаж, тугал хариулж, малын хашаа хороо, гахайн байр цэвэрлэн, хэрдээ л завгүй явж байж дээ. Гахайн байр цэвэрлэх гэж лав хагас өдрийг авсан хүндхэн ажил байсан санагдана, бас зулзагалбал муурнаас хамгаалж жижүүрлэж хононо.

Дэнжээ эгч маань сангийн аж ахуй анхлан байгуулагдахад гахайчин болжээ. Тэр нь атрын аянаас өмнө юм. Дан эм гахай мэгж маллана. Тэр нь үржүүлгийн зориулалттай. Мах комбинатад нийлүүлнэ. Нэг мэгж арван хэд, бараг 20 орчим зулзага төрүүлнэ. Томроод ирэхээр нь торой гэж нэрлэнэ. Дэнжээ эгч маань 1960-аад оноос л сангийн аж ахуйдаа байтугай аймаг, улмаар улсдаа алдаршаад эхэлж билээ. Ердөө Монгол улсад нэртэй төртэй хоёр гахайчин байсан нь тус сангийн аж ахуйн Буниа, Дэнсмаа гэх хоёр бүсгүй. Буниа нь түрүүлж “БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар” цолонд хүрдэг юм. Дэнжээ эгч маань “Хөдөлмөрийн баатар” цолонд гурвантаа тодорхойлогдож, хоёр удаа шат бууж Сүхбаатарын одон хүртсэн, гурав дахь нь 1981 онд Ардын Хувьсгалын 60 жилийн ойгоор яалт ч үгүй тэрхүү эрхэм баатрын цолоор шагнуулж билээ. Тэгснээрээ Сүхбаатарын одон гуравтай, өмнө нь залуудаа хоёр угсруулаад Алтан гадас хүртчихсэн, энэ үзүүлэлтээрээ бол тухайн үеийн нам-засгийн удирдагчидтай энгэр зэрэгцэхээр одонтой явж байжээ. Малчид дотроос лав гурвын гурван Сүхбаатарын одон хүртсэн малчин лав байгаагүй дээ, тухайд үед. Би армид офицер байхдаа Дэнжээ эгчийнхээ одонгийн лентийг хийлгэж офицеруудын нүдийг бүлтийлгэж билээ. Дээрээ гурав, дороо хоёр одонгийн лент бүхий хуванцар тэмдэг юм даа. Офицерууд таньж ядаад л, хоорондоо ярилцаад л “Ёстой чанар гэж энэ л байх даа” гэцгээж байсныг сайн санаж байна. 

Дэнжээ эгч маань норм төлөвлөгөөгөө байнга давуулан биелүүлнэ, тэр хэрээрээ гахайн аж ахуйн нэртэй багш зөвлөгч, нэг ёсондоо гахайн сэтгэл зүйч байсан шиг санагдана. Зулзагалаагүй мэгж хүлээн авна, нэр өгчихнө, тэр нэрэндээ мэгж нь дасчихна. Эзнийхээ дууг сангийн аж ахуйн хаанаас ч сонсоод торойнуудаа дагуулаад аахилсаар давхиад ирнэ. Гахайн байранд хэдэн зуун торой бужигнаж байхад бүгд эхээ дагаад дор дорын хашаа (бид плитка гэж оросоос нь нэрлэнэ) руугаа орно. Тэр олныг Дэнжээ эгч маань ажрахгүй аялуулна. Гахайндаа хайртай. Сэтгэлээ өгч маллаж байсан учраас цаадуул нь ч эзэндээ хайртай. Монгол улсад мөн ч их ач тусаа үзүүлсэн дээ. Гахайн аж ахуй бол үржих өсөх, томрох талаасаа одоогийн энэ зах зээлийн үед ашгаа нэн ихээр өгч чадах бизнес гэж би боддог юм. Ажилгүй, завтай, ядуу иргэдээр гахайны (мөн тахианы) аж ахуй эрхлүүлбэл сэвхийтэл босоод ирэх юм шиг санагддаг. 

Дэнжээ эгч маань Сэлэнгэ аймгийн нэрийн хуудас болж олон ч жил явсан даа. Аймгийн Ардын депутатуудын хурлын депутатаар, аймгийн Намын Хорооны гишүүнээр олон ч удаа сонгогдсон. БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, МАХН-ын их хурлын төлөөлөгчөөр сонгогдон нийслэлд ирэх бүртээ манайд буудаг, өргөмөл охиндоо эмээ минь, аав ээж минь хайртай, тийм л дурсамж надад үлдэж дээ. Ээжтэй маань авахуулсан цэл залуугийн зургийг би нандигнан хадгалдаг.

2012 онд биднийг Мандал суманд очиход бидний бага насаа хөдөлмөрлөж өнгөрөөсөн нөгөө гахайн ферм маань алга болчихсон харагдав. “Энхбаатар” гэж нэрлэж байсан тахианы дэгдээхэйн ферм бас алга, гэхдээ тэндхийн хүмүүсийн аж байдал эрс дээшилжээ. Гэртээ машингүй, хашаандаа худаггүй, хувьдаа малгүй айл байхгүй гэсэн дээ.

Аав маань Дэнжээ эгчтэй ах дүү болсон түүх их сонин. Багад нь эцэг Балбар нь зовлон үзэж, феодал байсан гэж xавчигдан, хамаг хөрөнгөө хураалган, байж суухын эрхээр миний эцгийг Найдан хэмээх малчныд (одоогийн Сэлэнгэ аймгийн Мандал сум) түр үлдээгээд Улаанбаатар хот руу нүүсэн. Миний эцгийн өргөгдсөн эцэг Найдан нь дан охидтой, хүүгүй, охиддоо ах болгоё гэж гуйсаар байгаад авч үлдсэн юм билээ. Миний эцгийн дүү нар болох Дэнсмаа, Гиймаа, Цэрэннадмид, одоо тэдний үр хүүхэд гээд Сэлэнгэ аймгийн Баруунхараа, Зүүнхараа, Дархан хавиар  ахан дүүс маань олуулаа бий.