ЗХУ, БНХАУ-ын хооронд олон жил үргэлжилсэн газар нутгийн маргааныг нэг тийш шийдвэрлэх тохиролцоо 1980-аад оны эцсээр эхэлсэн билээ. Асуудлыг шийдэж амжаагүй байтал ЗХУ задран маргаантай улс орнууд хүрээгээ тэллээ. Үүнд юун түрүүн Киргизстан, Казахстан, Тажикстаныг нэрлэх хэрэгтэй. Чухам ийм үндсэн дээр хамтарч асуудлаа шийдэхийн тулд 1996 онд “Шанхайн тав” хэмээх байгууллага буй болсон юм. Тэр үед уг байгууллагын гол зорилгыг цэргийн салбар дахь харилцан итгэлцэл, хил орчим дахь цэрэг зэвсгийн тоо хэмжээг харилцан бууруулах гэж томъёолж байв.

2001 онд Шанхайн тавыг зургаан орны гишүүнчлэлтэйгээр Шанхайн хамтын нийгэмлэг (ШХН) болгон өргөжүүлсэн юм. 2004 оноос уг байгууллагыг өөрийн төсөв, ажиллагааны механизмтай болгон албажуулжээ. Байгууллагын зорилгыг: хамтын итгэлцэл, найрамдал, сайн хөршийн холбоо, энх тайван аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдлын төлөөх хамтын ажиллагаа, терроризм, салан тусгаарлал, хэт давралын эсрэг хамтран тэмцэх, улс төр худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа гэх мэтээр тодорхойлжээ.

ШХН 2004 оноос ажиглагчийн статус буй болгосонд хамгийн түрүүн Монгол улс нэгдэв. Гишүүнээр элсүүлэх урилгыг юун түрүүн Монгол, Туркменистан хоёр оронд тавьсан боловч түркменчүүд татгалзсан ба одоо болтол ямар ч холбоо тогтоогоогүй явсаар. Харин Монгол улс хоёр хөршийн байнгын урилга заллага, хатуу нэхлийн үр дүнд ажиглагчаар орсон юм. Дараа нь энэ нийгэмлэгт Энэтхэг, Афганистан, Пакистан, Иран улсууд ажиглагчийн статустай болсон ба Түрэг, Шри Ланка, Беларусь улсууд ажиглагчаар нэгдэх хүсэлтээ гаргачихаад байна.

Өнгөрсөн арав гаруй жилийн түүхийг эргэн харахад ШХН-ийн эдийн засгийн хамтын ажиллагаа төдийлөн тод харагдсангүй. Нийгэмлэгийн хүрээнд бүтээсэн томоохон ямар ч төсөл байхгүй байсаар. Бүхий л эдийн засгийн хамтын ажиллагаанууд хоёр талын, их сайндаа гурвалсан төслийн хэмжээнд явагдаж ирлээ. Мэдээж энэ тал дээр маш амжилттай хөгжиж байгаа. Орос-Хятадын худалдааны баланс 2000 онд гурван тэрбум доллар байсан бол өдгөө 80 тэрбумд хүрчээ. Хятадын байгалийн хийн импортын 20 худийг Тажикстан ганцаараа хангаж байна.

ШХН-ийн анхаарлын төвд байдаг нэг хэрэг бол бүс нутгийн тогтвортой байдалд саад болж болохуйц газар нутгийн маргаантай асуудал юм. Эдгээр гишүүн орнуудын нийтлэг хилийн шугамын  алинд нь ч талууд бүрнээ хүлээн зөвшөөрсөн димаркаци байхгүй. Үүнээс болж өнөөдөртөө маргаан шүүмжлэл өрнөөгүй боловч хэдийд ч хэрүүл шуугиан үүсэх магадлалтай.

Өөр нэг анхаарлаа хандуулж байгаа асуудал нь терроризм, сепаратизм, экстермизм болой. Энэ асуудал бүх гишүүн орнуудын хамгийн том зовлон болчихоод байгаа юм. Гэвч одоо болтол үр дүнтэй хамтын ажиллагааны механизм олоогүй байгаа тул хамтын ажиллагаа гэхээсээ тус бүрдээ өөр өөрийн замаар тэмцэл явуулж байгаа. Иймээс ШХН-ийг нэгдсэн ажиллагаатай байгууллага гэхээсээ байнгын уулзалт зохиож харилцан хөөрөлддөг клуб гэж тодорхойлдог судлаачид ч цөөнгүй бий. ШХН-ийн хүн амын 96 хувь, үндэсний нийт бүтээгдэхүүний 97 хувь нь Орос, Хятад хоёрт хамаарч буй тул зөвхөн энэ хоёр орны эрх ашгийг хамгаалах байгууллага ч гэж үзэх нь буй.

ШХН нь хэд хэдэн ажиглагчтай болсноос гадна нэмж нэгдэх орнууд шинээр хүсэлт гаргах болсонтой холбоотойгоор ирээдүйн бүрэлдэхүүний талаар нэлээд бэрхшээлтэй тулгараад байна. Жинхэнэ гишүүнээр элсэхэд бэлнээ илэрхийлсэн Энэтхэг, Пакистан хоёрын эхнийхийг нь Хятад зөвшөөрөхгүй сүүлчийнхийг нь зөвшөөрч байгаа бол Орос аль алиныг нь дэмжиж байгаа. Хоорондын харилцаа нэн таагүй Энэтхэг, Пакистан хоёр хамтаар гишүүнээр элсвэл энэ байгууллагын гадаад бодлого зөрчилд орон үйл ажиллагааных нь эрчим буурах төдийгүй утга учраар бага болно. Хэрэв ШХН нь терроризмын эсрэг тэмцлээ гол зорилгынхоо тэргүүнд тавьдаг юм бол олон улсын хоригт орж, террорист гүрэн гэж зарлагдсан Иран энд байгаа нь дэндүү логикгүй гэсэн шүүмж их гардаг. Америкийн цэргийн хүчин гарсны дараа ямархуу улс орон болох нь тодорхойгүй Афганистан яах вэ? Өргөдлөө өгөөд байгаа Түрэг ямар санаа цаанаа агуулж байна вэ? Азийн орон биш гэдэг шалтгаанаар түр түдгэлзүүлээд байгаа Беларусь ШХН-д нэгдэх болов уу?

ШХН анх байгуулагдахад АНУ үүнийг төдийлөн анзаараагүйн шалтгаан нь өөрийнх нь эрх ашигт нөлөөлөхгүй гэж үзэж байв. Харин 2004 оны Астанагийн уулзалтаар Киргизстан, Узбекстанд буй цэргийн баазаа татан буулгах хугацаагаа яаралтай тодорхойлохыг АНУ-аас шаардсан ба үүний дараахан Узбекстан нь Хятад, Оросын шахалтаар АНУ-ыг өөрийн нутагт буй баазаа зургаан сарын дотор татан буулгахыг тулгасан. Гэтэл Афганистанд талиб болон Алкайдагийн эсрэг явуулсан дайны үеэр ойр дөтөөр нь эдгээр оронд цэргийн баазаа байгуулахыг сайшаан урьсан газар нь Орос өөрөө билээ. Ийнхүү сүүлийн арав орчим жилд ШХН нь тун аажуухан явцтай боловч улам бүр АНУ ба НАТО-той сөргөлдсөн блок болох зам руу дөтөлсөөр буй. Крымын үйл явдлаас болж Орос улс Өрнөдийнхөнтэй муудалцан хоригт орсон бол саяхан Обама Японд айлчлахдаа тэдний Хятадтай хийж буй газар нутгийн маргаанд АНУ нь Японыг дэмжихээ илэрхийллээ. Энэ нь Өрнөдийг сөрсөн цэргийн эвсэл шинээр үүсэх буюу бэхжин томрох шалтаг болох боломжтой. Орос, Хятад, Энэтхэг, Пакистан, Иран гэсэн бүгдээрээ цөмийн зэвсэгтэй ба АНУ-тай харилцаа нь төдийлөн сайн бус орнуудын бөөгнөрөл болж ч болох бололцоотой харагдана.

ШХН байгуулагдсан цагаасаа цэргийн хамтарсан сургууль хийх боллоо. 2003 онд Казахстанд болсон анхны сургуулилтад ШХН нь цэргийн эвсэл мэт харагдуулахаас болгоомжилсон Хятад оролцоогүй бол ердөө хойтон жил нь дараагийн сургуулилтыг өөрийн нутагт зохион байгуулжээ. 2005 оноос ШХН-ийн далбаан дор Орос-Хятадын томоохон цэргийн хээрийн сургууль “Энхийн элч” нэртэйгээр явагдан тогтмолжлоо. ШХН нь цэргийн холбоо биш, зөвхөн терроризмын эсрэг сургуулилт хийдэг хэмээн байнга мэдэгддэг боловч, том хэмжээний хээрийн сургууль, тэр дундаа далайн цэргийн сургуулилт нь зорилгоосоо асар хальсан мэт.

Монгол улс бол бүс нутагтаа алив оронтой хилийн ямар ч маргаангүй, хил хязгаар нь хөршүүдээрээ бүрнээ хүлээн зөвшөөрөгдсөн, бүтэн димаркаци хилтэй цорын ганц орон юм. Цөмийн зэвсэггүй бүс хэмээн НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван гүрнээр хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн цорын ганц орон. Бүс нутагт байнга аюул учруулж буй лалын хэт даврагсадын халдлага болон хүйтэн дайны үлдэгдэл явуулгаас хол хөндий байдаг. НҮБ болон Хамтын нийгэмлэгийн хүрээнд энхийг сахиулах ажиллагаанд идэвхитэй оролцон дипломат арга замаар аюулгүй байдлаа сахих Батлан хамгаалах бодлоготой улс. Хоёр хөрштэйгээ эв найрамдалтай зэрэгцэн оршихын зэрэгцээ дэлхийн бүхий л улс оронтой хамтран ажиллах “гуравдахь хөршийн бодлого” тунхагласан төвийг сахисан бодлого бүхий Гадаад харилцааны зарчмаа тунхагласан орон билээ.


2014.7.3