Монгол Соёлын Төв, Вашингтон Хот Орчмын Монголчуудын Холбооноос санаачлан Монгол Улсын Элчин Сайдын Яаман дээр нэгэн сонирхолтой уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа. Энэ удаад Вашингтон хот орчмын монголчууд сумогийн түүхэн дэх гадаадын 16, Монголын 10 дахь сэкитори буюу цолтой сумоч болох Эрхэм-Очирын Санчирболдтой уулзсан юм. Ингээд уулзалт дээр хүмүүсийн асуусан хамгийн сонирхолтой асуулт хариултаас түүвэрлэн хүргэе.    

Рюүо Ноборү Эрхэм-Очирын Санчирболд

1983 оны 3 дугаар сарын 11-нд УБ хотноо төрсөн.
Миягино дэвжээ. Барилдаж байхдаа 176 см өндөр, 148 кг жинтэй байлаа. Дархан мэх нь ошидаши.
2000 оны 3 дугаар сарын тэмцээнээс барилдаж эхэлсэн. Маэгаширагийн 8-д дэвшиж байсан.
Нийт 80 тэмцээнд барилдаж 340 ялалт, 322 ялагдалтай. Макүүчи зиндаанд 4 тэмцээн барилдсан.
2013 оны 7 дугаар сарын 19-нд зодог тайлсан.


Нэг. Сумо бол спорт гэхээсээ илүү түүх, соёл юм.

Сумог япончууд өөрсдөө яг чухам юу гэж ойлгож байна. Спортоос арай илүү өргөн ойлголт биз?

Яг спорт бол бас биш юм. Хэрвээ зөвхөн спорт байсан бол зөвхөн өрсөлдөөн тэнд ноёрхоно, тэгвэл мэдээж бусад спорт шиг өөрийнхөө л багийг, үндэстнийг түрүүлүүлэх гэж улайрах байсан биз. Гэтэл монголчууд түрүүлэх гээд байна, энийг одоо болиулъя гэсэн хандлага байдаггүй. Спортоос гадна соёл, түүх, заншил тэнд давхар явж байгаа хэрэг. Сумог 1300 гаруй жилийн түүхтэй гэж үздэг.



“Сүүлчийн Самурай” гээд кинон дээр гардаг даа, япончуудын үсийг авах болдог. Тэр үсийг чинмагэ гэдэг юм. Япон эрчүүд бүгд сэлэмтэй, бүгд тийм үстэй, кимонотой байж л дээ. Тэгэхэд Японы эзэн хаан хэлсэн гэдэг юм. Манай цэргүүдийн үсийг л битгий ав, бусдыг нь бол зүгээр гэж. Тэр “цэргүүд” хэмээн үсээ авхуулаагүй үлдсэн хэд нь одоо бид хэд гэх юм уу, сумочид юм л даа. Тийм ч учраас япончууд сумочдоо их хүндэтгэн дээдэлдэг. Дээд доод зиндаа гэлтгүй сумочдыг харахаараа баярлаад л, жирэмсэн эмэгтэйчүүд гэдсээ хүртэл илүүлэх гэдэг юм.

Сумод нийтдээ хэдэн жил хүчээ үзэв дээ?

Анх очоод нэг жил түүх, соёлын хичээл үздэг юм. Тэрний дараа яг сумогийн холбоонд нэрээ бичүүлээд, хөл тавина. Тэр цагаасаа тоолбол 14 жил барилдсан юм байна. 1999 оноос эхэлж барилдсан. Хакүхо бид хоёр нэг дэвжээ л дээ. Хамтдаа дээшээгээ маш хурдтай гарч ирсэн. Тэгээд 2003 оны 3 сард бэлтгэл дээр буруу мөргөлдсөнөөс болж хүзүүгээ хоёр газар хугалаад жил илүү орон дээр, тааз харж хэвтсэн дээ. Эмч өдөр бүр орж ирээд хөлний хуруу чимхэж үзнэ. Мэдээ хэр байна гэж. Хөдөлж ч болохгүй оноштой хэрнээ шөнө нууцаар босож, эмнэлгийн шатаар дээш доош гүйн бэлтгэл хийдэг байлаа. Яагаад гэхээр нөгөө хамт ирсэн найзууд маань зурагтаар гараад эхэлчихсэн, нөгөө зурагтаар л үздэг байсан том том бөхчүүдийг чинь даваад байдаг, би гэтэл зүгээр хэвтэж байдаг. Муудчихгүй юм сан гээд л бэлтгэлээ хийгээд байгаа нь тэр. Нойр угаасаа хүрэхгүй. Эмч байнга сануулна. Чи нөхөр минь болохгүй шүү, ингэж байж насаараа тэргэн дээр сууна шүү гээд л. Жаахан байсан болохоор тэрийг нь ойлгохгүй, зөрөөд л. Бараг хоёр жил тэгж эмнэлэгт байж байгаад харин нэг сайн эмчтэй таарсан юм. Монголоор бол физик эмчилгээ хийлгэж, хугархай нь эдгээгүй ч өвчин гайгүй болоод ирлээ. Тэгээд овоо жаахан бэлтгэл хийж барилдсаар дээд зиндаанд орсон. Тэгж яваад 2006 оны нэг барилдаан дээр гэмтлээ сэдрээгээд. тэрнээс хойш ер нь уруудах байдалтай болчихсон юм. Тиймээс өнгөрсөн жил зодог тайллаа. Тэгээд Японд их удлаа, жаахан уйдах ч тал руугаа болчихлоо гээд эхнэртэйгээ ярьж зориглоод, өөр юм, өөр амьдрал үзье хэмээн АНУ-д ирээд байгаа маань энэ дээ. Бид хоёр хоёр настай нэг хүүхэдтэй.

Сумог монголчууд олон жил үзлээ. Гэвч, манайхны, ялангуяа жирийн үзэгч бидний сайн ойлгодоггүй нарийн ширийн зүйл мэдээж байгаа байлгүй,  хуучлаач, хө.

Монгол хүний хувьд хальт харахад мэхгүй, амархан бөх шиг харагддаг байх. Зүгээр түлхээд гаргаад байх нь онцгүй ч харагддаг байж болох юм. Гэтэл яг сумогийн ертөнцөд, жишээ нь манай багш бол мэх хийгээд ч юм уу, зайлаад давчих юм бол их уурлаж, “ингэж ялснаас ялагдсан нь дээр” гэж загнадаг. Мэх гэдгийг сумод “мэхлэх” гэсэн утгаар ойлгодог. Жинхэнэ эр бяраа үзэж байгаа бөхчүүд бол шууд тулж, тэр тойргоос нэгнээ хүчээрээ түрж гаргах ёстой гэдэг юм. Тэгж түлхэж гаргадаг мэхийг анх надад Дагваа аварга хэлж өгч байлаа. Энэ мэхийг хийгээд сурчихвал багш чинь ч их магтдаг юм даа гээд л. Угаасаа би сумод намхандаа тооцогддог, ид барилдаж байхдаа зуун далан тав, зургаан см-тэй байсан, сумочдын дундаж өндөр бол 185 байдаг. Тэгэхээр золгоод барилдвал давахад хэцүү, мөргөөд урагшаа дайрдаг, цүппари гэдэг мэх л надад тохиромжтой байсан юм. Тэгээд ер нь бол элдэв мэх хийж давахаар багш уурладаг, харин мөргөөд түлхээд давахаар манайхан нэг их тоохгүй, ойлгодоггүй тал бий. Чи наадхаа барьж аваад нэг сайхан тонгорчихгүй яасан юм бэ гээд л. Багш загнадаг юм аа гээд л бүр эхнээс нь тайлбарлана.

Хоёр талд суучхаад нэг нэгнээ эвгүй харж байгаагаас харахад сэтгэлзүйн дайн яваад байх шиг байгаа юм аа даа?

Яг тийм. Хонгилоор хоёр талаар явж ирээд суудаг даа, тэрнээс чинь аль хэдийн барилдаан эхэлчихсэн байгаа гэж үзэж болно. Монгол хүн чинь нэг нүд рүү эгцэлж хармаар болно. Энэ нөхөр ер нь ямар байгаа бол гээд л. Огт харц тулахгүй, гөлөгнөөд байдаг бөх бас байна. Давсанд гар хүрээд цацдаг даа, тэгэхдээ санаа алдаж бариад л. Тэгэхээр нь “Өө энэ айчхаж” гээд тайвшраад ирдэг юм. Гэтэл яг үнэн хэрэгтээ зарим нь их зальтай, яг барилдаан эхлэнгүүт тас гээд л буугаад ирдэг нь бас байна. Эсвэл эсрэгээрээ, учиргүй өөдөөс муухай хараад л, шүд амаа хавираад, биеэ балбаад л байх хэрнээ мөргөөд дайрангуут зайлаад татчихдаг улс ч бас байна. Үндэсний бөх шиг барилцаж, тавилцаад жаахан бодох, уужрах хугацаа байхгүй, ганцхан секундэд бүх юм дуусах болохоор нерв маш их зарцуулдаг юм. Энэ нөхөр одоо яах бол гээд л, толгойд олон юм орж ирнэ. Заримдаа яг барилдсаны дараа дэвжээн дээр юу хийснээ мэдэхгүй ч бууж ирэх тохиолдол бий. Тийм их нервтэй байдаг юм. Ер нь бол тэр уулзаан дээрх ганц секунд л барилдааны хувь заяаг шийдчихдэг, жаахан амьсгаа ч алдаж болохгүй чухал мөч.  

Тачиан дээр зайлчихад хүмүүс бас тийм дуртай биш биз?

Дургүй дургүй. Үзэгчид бол өчнөөн мөнгө төлөөд эрчүүдийн хоорондоо ид мөргөлдсөн, гал авалцсан юм үзэх гэж байхад, ингэх юм бол ямар хэрэг байсан юм бэ гэж гомдол гаргана. Тийм болохоор хүмүүс аль болохоор тэрийг хийхгүйг хичээдэг юм. Гэхдээ заримдаа үнэхээр тэгэхээс аргагүй үе бас гарна аа гарна. Тачиан дээр нэг жаахан амьсгал алдчих ч юм уу, энэ надаас илүү дээ гээд ганцхан бодчих л юм бол хүч чадал сарничихна, тиймэрхүү тохиолдолд яах аргагүй татах хэрэг бас мэр сэр гардаг л юм,  аваргуудын хувьд ч тэр. Байнга тэгээд байвал нэр хүндээ алдана.


Хоёр. Найраа байхгүй, харин дэг байна, гэхдээ тэр нь өөрийнх нь төлөө


Найраа гэж байх уу? Манай бөхөөс харьцангуй журамтай бололтой дог оо?

Найраа гэж бол байхгүй. Маш чанга дүрэмтэй. Сумогийн ордон руу орохдоо гар утсаа унтраана, хэрэглэж, хоорондоо ярьж болохгүй. Ордонд баруун, зүүнээрээ хуваагдаж хоёр хэсэг болдог юм. Нөгөө талынхаа өрөө рүү шагайж ч болохгүй. Эсрэг барилдах тал нь учраас. Би нэг хэдэн жилийн өмнө оройн хоол хамт идэх хүндээ тэдэн цагаас шүү гээд тохирчих санаатай ганц ороод л цагаа хэлээд гарсан юм. Тэгсэн маргааш нь өнөө Санчирболд чинь нөгөө талынхаа өрөөнд орсон гээд сониноор нэг биччихсэн, бөөн асуудал үүсчихсэн байсан. Багштайгаа хамт эхэлж сумогийн холбоон дээр очиж уучлал гуйгаад, дараа нь тэндээсээ гараад хэвлэлийн бага хурал зарлан бас уучлал гуйж байлаа. Тэгэхээр чи надад унаад өг, тэгвэл тэдийг өгье гэх зүйлийг найраа гэж ойлговол найраа бол сумод байхгүй. Харин зүгээр нутгийн бөхчүүд заримдаа бэртэлтэй энэ тэр байхад нь за би мөргөдгөөрөө мөргөөд дайрвал энэ маань бүр бэртчихнэ дээ ч гэдэг юм уу, зөөлхөн босдог энэ тэр бол байна. Багш бас уурлана, чи яагаад худлаа зөөлөн барилдав гээд л.

Барилдаж байгаад гэнэт болиод хэвэндээ орохоор хэцүү байна уу? Огцом турахаар биед муу биш үү?

Миний хувьд бол гайгүй л байна. Би угаасаа зодгоо тайлахаа мэдэж байсан болохоор бэлтгэлтэй, аажмаар хасаж л байсан юм. Зодгоо тайлсаар энэ нэг жилд дөч орчим хил хаялаа. Асуудал байхгүй. Зарим бөх барилдахаа болихоороо бүр таргалдаг нь ч байна. Хүмүүс өөр өөр.

Нэг өдөр арван мянган калор иддэг гэж үнэн үү?

Арван мянгаас илүү байх аа. Анх бид хэд сумод 15 настай хүүхдүүд ирж байлаа. Эхний оройноо ах нартайгаа оройн хоол идэх гээд суусан, багш гурван шил шар айраг тавиад, наадхаа эхэлж ууж байж хоолоо ид гэж билээ. Монголд 15-тай хүүхэд уудаггүй, ялангуяа багшийнхаа хажууд пиво барьдаг ч үгүй болохоор балмагдаж байв. Эхний хэдэн сар дандаа тэгдэг байсан. Шар айргаа уух гээд орж өгөхгүй, юун хоол идэхтэй манатай хэцүү байсан. Дороо долийчихно. Одоо бодоход тэр пивоны газаар ходоод тэлж байсан арга байх. Тэрний дараа түмпэн дүүрэн хоол идэх болдог. Заавал идэж байж унтах ёстой, шөнийн нэг хүртэл заримдаа идэж баралгүй сууж л байдаг байсан.

Хоол нь амттай юу?

Ямар ч сайхан амттай хоол байсан тэгж хүчээр их идэхээр ямар л олигтой санагдаа аж. Заримдаа бүр энийг нь идэхийн оронд нэг сайхан зодуулчхаад унтах юм сан гэж хүртэл бодно. Гэхдээ ер нь бол чанко сайхан амттай. Бөхчүүд өөрсдөө хийнэ. Нэг дэвжээ ойролцоогоор 15 бөхтэй, нийтдээ 54 дэвжээ байгаа. Дэвжээний цолтой буюу жюрогоос дээших бөхчүүд ажил хийхгүй. Бусад нь хоёр хоёроороо жижүүрлээд, хоол цай, цэвэрлэгээ, угаалга бүх юмаа хийнэ дээ. Ах нар нь найм есөд босож бэлтгэлээ хийдэг болохоор залуу бөхчүүд тэр бүх ажлынхаа хажуугаар бэлтгэлээ амжаад хийчихийн тулд өглөө 3 цагт босно.

Манай цэргийнх шиг дэглэх зүйл байдаг гэсэн, яаж дэглэх вэ?

Эрэмбэ дараа, дэг жаягийн асуудал юм. Залуу бөхчүүд ах нарынхаа бүх юмыг хийж өгнө. Усанд оруулж, биеийг нь хүртэл угаана. Ах хөлөө өргөхөд бандаашийг нь хүртэл өмсүүлж өгнө шүү дээ. Анх ирчхээд тийм журамтайг нь мэдэхгүй, ах нар цохихоор уурлаад өөдөөс нь зодолдчих гээд л. Тэрнээсээ болж шөнөжингөө зодуулаад хонодог байлаа. Багш бас ийм учиртай байдаг юм гэдгийг хэлж өгнө. Хакүхо бид хоёр “Хоёулаа цолтой бөх болохоороо эд нар шиг ингэхгүй шүү, ядаж бандаашаа өөрсдөө өмсөж байя даа” гээд л ярьдаг байлаа. Гэхдээ бас яг цолтой болоод ирэхээр туслахуудаа хамаагүй эрхлүүлж бас болдоггүй л юм билээ. Багш бас уурлана. Та нар эднийг ингэж эрхлүүлээд, эд нар чинь амжилтад хүрэхгүй ш дээ гээд л. Тэгэхээр бид залуустаа “Жорлон энэ тэрээ угаадгаараа угаа, ажлаа хийдгээрээ хий, харин үнэхээр хиймээргүй байвал хурдхан дээшээ гар, цолоо ав” л гэж хэлдэг болсон. Ер нь тэр дэглэх гэдэг асуудал бол залуусыг сайн бөх болгох гэсэн л нэг чухал арга байгаа юм. Цээж мөргөдөг айхтар дасгал байдаг юм. Дагваа аварга жишээ нь биднээр мөргүүлээд л, чирээд л зовоож байхдаа “Хэний төлөө билээ, энэ?” гэнэ. Бид нар ч уйлан дуугараад л “Өөрийнхөө төлөө” гээд л мөргөөд байна шүү дээ. Тэгж байж өөрөө хөгждөг, хат суудаг. Зүгээр зарим нэг зэвүүн нөхөр, яг хүнийг  хатжуулах гэж биш тамлах гэдэг тал байдаг юм шиг байгаа юм.

Ингэхэд нэрийг яаж өгдөг юм бэ? Таны нэр жишээ нь юу гэсэн үг вэ?

Багш л мэдээд өгнө. бид ямар нэр авч байгаагаа ч эхэндээ ойлгохгүй. За энэ нэрийг бичиж сураарай, нэр чинь шүү гээд өгнө, оройдоо нөгөө ханзыг нь дуурайж бичин сурна. Ер нь бол сумогийн нэрс ихэвчлэн сүр хүч, агуу уул, усыг бэлгэдсэн нэрс байдаг. Миний хувьд Рюү бол Луу, О нь Хан гэсэн утгатай. Хан Луу юм даа.




Гурав. Хакүхотой өрсөлдөж байж хамтдаа хурдан ахисан


Анх сумод хэрхэн орсон юм бэ? Монгол бөх барилддаг байсан уу?

Би монгол бөх огт барилдаж байгаагүй. Жүдогоор хоёр жил хичээллэсэн, бас штанганд суудаг байв. Анх сумод орсны хувьд бол Батбаяр (Кёкюшүзан) ахын ээж аав нь манай ээж аавтай ойр дотно найзууд байсан юм. Тэгээд Даваа гуай манайд ирчихсэн байж  байгаад намайг дөрвөлжин биетэй юм байна, сумод явах уу гээд. Би болохоор яг барилдъя гэсэн бодол ер байхгүй, харин жаахан байсан болохоороо онгоцонд суух их дуртай, барилдана гэж хэлээд онгоцонд нь сууж очиж үзчихээд нэг долоо хоноод буцаад ирнэ дээ гэсэншүү юм л бодоод анх зөвшөөрч байлаа. Гоё олон давхар шилэн байшин л үзнэ гэж бодсоноос барилдах тухай огт бодоогүй. Тэгтэл юун буцах, юун шилэн байшин харах, дэвжээнээсээ ч гарахгүй. Хааяа нэг хог асгахаар гарахдаа од ер нь байдаг юм уу гэж гялс дээшээ хяламхийж харчхаад л буцаад гүйнэ ш дээ. Од ер нь олж харахгүй. Хүнд мөргүүлээд  ялагдаад ирэхээрээ буцах тухай ч бодохоо больчихно. Эднүүсийг давж байж буцна шүү гэсэн хор шар буцлаад. Түүнээс биш би угаасаа багаасаа бөхөд тийм дуртай хүүхэд байгаагүй юм. Харин ч бүр дургүй байсан. Яагаад гэхлээр хүн бүр л хөдөө гадаа явсан ч зүгээр байлгахгүй, гэрт орж ирсэн хүн ч зүгээр байхгүй “Энэ нөхөр бөх болох нь гээч” гээд л шилэн хүзүүнээс чанга чанга базаад л. Тэр нь ядаргаатай санагдаад, бөх гэж юманд бүр дургүй болчихсон байсан юм. Өөрөө очиж, ялагдаж байж, хор шар хөдөлж байж хүн дуртай болдог юм байна. Бас өрсөлдөх хүн, Хакүхо ирээгүй байсан бол би тэгж удахгүй ч байсан байж мэднэ.

Хакүхотой өрсөлдөж байж бас дээшээ хамт сайн явжээ дээ. Танай дэвжээнд өөр монгол байхгүй бил үү?

Манайх ер нь угаасаа бид хоёроос өөр монгол бөхгүй. Намайг ирээд жил болсны дараа Хакүхо ирсэн юм. Мань эрийг ирэхэд би бас томорчихсон ч байсан, анхандаа бол юм болгодоггүй байлаа шүү дээ. Тэгтэл нөгөөх чинь маш хурдан сайжраад, бас томроод ирсэн юм. Манай багш ямар сайндаа бүр гайхчихсан “Наадах чинь одоо юу идээд байна аа? Кимоно нь долоохон хоноод багадчихаад байх юм?” гэчихсэн асууж байх вэ дээ. Гол нь идэхээсээ илүү маш бөх унтаж биеэ амрааж чаддаг хүн л дээ. Тэр нь их чухал нөлөөлсөн байх. Бүтэн арван хоёр цаг бол нам унтчихна. Ах нар ирээд өшиглөж үзээд, “Энэ чинь амьд юм уу? Цэвэрлэгээгээ хийгээч ээ” гээд л намайг загнана. Манай хүн бол сайхан нам унтаж л байна. Улам л өндөр болоод байдаг, хөнжил нь багадаад хоёр хөл нь гозойгоод гараад ирнэ. Орой дээшээ хараад л унтана, өглөө яг тэр хэвээрээ хоёр хөл нь гозойчихсон унтаж байна, огт хөдөлгөөнгүй. Би бол холбирно, босно, нойр хүрэхгүй орж гарна, их юм болно. Ер нь биеэ их зөв амрааж, зөв авч явдаг хүн л дээ. Одоо ч тэр, бид хоёр хааяа гадаад дотоод хамт явна, буудалд байрлаж байж хүртэл өглөө заавал босож хөлсөө гаргадаг. Их аварга хэвээр байгаагийнх нь нэг чухал шалтгаан тэр байх.

Тэгж олон жил барилдчихаад зодгоо тайлахад тань, үсээ хөндүүлэх ёслол дээр чинь бол сэтгэл санаа эвгүй л болсон байх даа?

Ёслолын өмнөх шөнө Хакүхо, Харүмафүжи аварга бид гурав өглөө болтол сууцгаасан юм. Сайхан дурсамжаа ярьцгаагаад л, баахан уйлж авцгаагаад. Тэгээд гурвуулаа “За сайхан боллоо. Маргааш тэр олон хүний өмнө ёстой уйлахгүй шүү” гээд явсан юм. Тэгсэн юу байхав, яг хайч үсэнд хүрэхэд барьж чадалгүй, гурвуулаа сад тавьсан даа.


Дөрөв. Сэтгэлийн дэм гэдэг хамгийн чухал


Шүүгч нар нь голдуу хөгшин хүн харагдах юм. Гэхдээ их сайн харах юм аа?

Сумогийн шүүгч нар хамгийн нэр хүндтэй улс. Ёкозүна бол бараг Бурхан гэсэн үг. Бурханд байдаг нэг зангидсан цагаан олс байдаг. Тэрийг зөвхөн ёкозүна л зүүх эрхтэй. Гэтэл шүүгчийг ирэхэд бол ямар ч ёкозүна босон хүндэтгэл үзүүлнэ. Шүүгч нар бас бөхчүүд шиг багаасаа тусгай сургалтаар явж, хамгийн доод зиндаанаас эхлэн шүүсээр байж, ёкозүнагийн барилдааныг шүүх зиндаандаа хүрэхэд тийм өндөр настай болсон байдаг юм. Маш шударга шүүх ёстой. Тэр нь өмсгөлөөс нь ч харагдана. Эрт цагт шүүгч нар их аваргын барилдааныг буруу шүүвэл шууд хутгаа гаргаад гэдсээ хага ярдаг байсан байгаа юм. Тийм ч учраас аваргуудын барилдааныг шүүдэг шүүгч өнөөг хүртэл хутгатайгаа байдаг.

Хөлбөмбөгийн шүүгч нар бол үлдэхгүй нь л дээ (инээлдэв). Уламжлал, япон хүний сэтгэхүйн онцлог, зурагтаар үзүүлж байгаа байдал гээд бүгдийг бодоход худал шүүнэ гэж асуудал үнэхээр гарахгүй байх л даа. Та нарт бас уламжлал, түүх зэргийг нь заана биз.

Анх очоод нэг жил сурсан гэсэн дээ. Тэгэхэд үүх түүх, уламжлал, дууны хичээл хүртэл ордог юм. Сумо 1300 гаруй жилийн түүхтэй, анх манай бөхтэй адил, тойроггүй байсан юм билээ. Эзэн хааныг хамгаалдаг цэргүүд сэлэмгүйгээр хүчээ үздэг байж. Тэр уламжлал одоо ч хадгалагдсан байдаг. Японы Эзэн хаан жилдээ нэг удаа алдартай тамирчдыг хүлээн авдаг юм. Тэгэхэд дэлхийд алдартай, бэйсбол, хөл бөмбөгийн лийгийн одууд ирнэ л дээ. Гэвч яг Эзэн хааны хажууд бол ёкозүна л сууна. Нөгөөдүүл доошоо. Эзэн хааны шадар цэргүүд нь байсан учраас тэр.

Бөхчүүдэд сэтгэлд хамгийн хоногшиж үлдсэн барилдаан гэж байдаг даа. Таны хувьд?

Бүр багаасаа Батбаяр, Цэвэгням гэж хоёр ахын барилдааныг зурагтаар үздэг байсан болохоор тэр хоёртой барилдаж үзэх юм сан гэж их боддог байв. Батбаяр ах намайг “Хөөе, чи юу болж байна, би зодгоо тайллаа шүү” гэж шавдуулдаг байлаа. Тэгээд яг намайг дээд зиндаанд дэвшихэд Батбаяр ах зодгоо тайлаад, зөрчихсөн юм. Харин Цэвэгням ахтай анх барилдсан тэр барилдаан л сэтгэлд гүн хоногшиж. Анх удаагаа монгол ахтайгаа барилдсан болоод тэр байх. Би юу ч болоогүй л дээ, унаад өгсөн, гэхдээ л тэр барилдаан сэтгэлд их дотно байдаг юм.

Монголтойгоо барилдах амаргүй биз?

Хэцүү хэцүү. Япончуудтай барилдахаас хавьгүй хэцүү. Нөгөө сэтгэлзүйн дайн, муухай хардаг энэ тэрийгээ ч хийж болдоггүй юм. Нөгөө хүн маань ч сандарч байгаа нь мэдэгддэг. Гэхдээ бид барилдахдаа яс үзчихээд бусад тал дээр нэгнээ бас их дэмжинэ. Жишээ нь нэг удаа бид Монгол руу онгоцоор хамт явсан юм. Тэгсэн Цэвэгням ах “За даа, ингэсгээд больдог ч юм уу” гэсэн маягийн юм ярьж байна. Тэгэхэд манай Ама “Юу гэсэн үг юм бэ? Таныг л харж бид барилдаж байна ш дээ. Таныг байхгүй бол бид яах юм бэ” гэсэн, Цэвэгням ах баярлаад уйлж байсан юм. Тэгээд Монголдоо очиж сайхан амарч ирчхээд дараагийн башёд нь түрүүлчихсэн шүү дээ. Хүний үг, урам гэдэг тийм чухал. Цэвэгням ах бол үлгэр дуурайл болсон хүн л дээ. Хорин жил барилдаж байж тэгж түрүүлсэн шүү дээ.

Манай хоёр аварга, Хакүхо, Ама хоёр бол бүр багаасаа бусдаасаа толгой илүү, тасарчихсан, ер нь тодорхой байсан юм. Дөнгөж арван долоо, наймтай хүүхдүүд бид гадуур өөр дэвжээгээр явж бэлтгэл хийхээр бусад дэвжээний цолтой бөхчүүд хүртэл “нөгөө хоёр монгол нь ирж байна уу, тэгвэл ёстой эвгүй шүү” гээд л бултах аргаа олж ядаад, худлаа хөл тохойгоо боогоод унадаг байсан.

Ер нь хүний тийм сэтгэлээс гарсан бэлэг, урмын үг ямар ч эд баялгаас илүү урам зориг өгдөг л дөө. Миний ингэж олон жил барилдсан маань бол яах аргагүй энэ хоёр их аваргатай холбоотой. Намайг эмнэлэгт хөдөлгөөнгүй хэвтэж байхад тэр хоёр хоёулаа Кайёо гэж мундаг арсланг давсан мөнгөө дугтуйнд хийгээд, “Хурдан эдгэж гараарай, гурвуулаа ард түмнээ баярлуулсан сайхан барилдаан үзүүлнэ шүү, Хакүхо, Ама” гээд нэрээ бичээд орхиод явчихсан байсан. Тэр бол хэзээ ч мартагддаггүй.  

Хүзүүгээ хоёр хугалаад, хоёр жил шахам хөдлөхгүй хэвтээд, эргэж барилдаж эхлээд, тэгээд дээд зиндаанд орно гэдэг бол бас л агуу их тэвчээр, хатуужил, зориг, хөдөлмөр байна шүү. Тэр хоёр жилийг ер нь хэрхэн давав аа?

Түрүүний хэлсэн хоёр найз маань л сэтгэл санааны гол дэмжлэг болсон доо. Тэр хоёр маань байгаагүй бол бараг бэртэхээсээ өмнө ч буцчихсан байж мэднэ. Эмнэлэгт хэвтэж байхад ч ээж аав “Миний хүү хөл дээрээ босдог л юм бол эргээд ир. Эртхэн сургууль соёл бараад, юм сур” гээд л. Манай хоёр найз болохоор бэлтгэлээ дуусмагц л шавартай чигээрээ хувцсаа ч солихгүй эмнэлэгт ирээд л, “алив бос” гээд, эмнэлгийн цагаан хэрэглэлтэй орон дээр нь шавартайгаа хэвтчихнэ. Эмч нар юу ч хэлж чадахгүй.

Шөнөөр нууцаар босож гүйдэг байхдаа босох гэж үйлээ үздэг байлаа. Хүзүүний бэртэл чинь их хэцүү, босож чадахгүй, босчихоороо эргээд хэвтэж чадахгүй. Тэгээд амандаа алчуур зууж байгаад аажуухан татаж байж арайхийн босдог байсан. Эргээд хэвтэхдээ бас алчуураа зууж байгаад аажуухнаар тавина.         

Үүний дараа бид Санчирболдын барилдаанаас үзэн ярилцав. Рюүо бидэнд дэлгэц дээр заан, зарим зүйлийг нарийвчлан тайлбарлав.

… Энэ дэвжээний өндөр нь 70 см байдаг юм. Өндөрлөхгүй бол хүн шууд гараараа тулчихна, хэт өндөр бол бэртэнэ. Харин энэ 70 см бол маш нарийн бодож зохицуулсан хэмжээ. Хүний унахдаа хэрхэн унахаа бодож, шийдэж амжих 70 см байгаа юм. Гараараа тулах уу, хөлөө татах уу гээд маш их юм тэр хооронд шийдэж амжина. Хоёр бөх зэрэг унаж байгаа зураг та нар хараа биз дээ, заавал газар луу харчихсан унаж байдаг биз. Тэрийгээ харж, хэрхэн унахаа шийдэж байгаа хэрэг…

гэх мэтчилэн ярилцсаар энэ удаагийн уулзалт ярилцлага өндөрлөлөө. Монгол Соёлын Төв, ВХОМХ-ноос ирсэн бүх зочдод савх бэлэглэн, бүлээн сакэгээр дайлав.  Ирсэн зочин бүр Санчирболдын шургуу дайчин чанар, няцашгүй их хүч, биеэ дайчлах чадварыг бахархан магтахын зэрэгцээ, харь улсад ажиллаж амьдрахдаа сэтгэлзүйн бас нэгээхэн урам зориг, эрч хүчийг авсан нь энэ уулзалтын гол үр дүн байлаа.

Сумог зарим нь түлхэж гаргахын төлөө л тэмцээн, бөхчүүдийг нь бүдүүн баргийн улс гэж ойлгодог байж болох юм. Гэтэл 148 кг жинтэй бөх (Санчир ид барилдаж байхдаа 148-тай байсан), 70 сантиметрийн өндрөөс унах хугацааг тооцвол ( h = gt2 / 2, g=9,8) тэг зууны гучин найм буюу дөрөвхөн дойл болж байгаа нь, энэ дөрвөн дойлын дотор хэрхэн унаж, яаж ялахаа тооцоолж амжих хурдан сэтгэхүй, реакцитай байгаа нь, мөн тачиан дээр золгох ганцхан секундын амьсгалыг хэрхэн зөв хуваарилж байгаа нь сумочдыг харин ч хурд хүчний тэнцвэр, сэтгэлзүйн асар нарийн мэдрэхүйтэй улс болохыг баталж өгөв.      

Уулзалтыг хөтөлж, ярилцлагыг буулгасан М. Саруул-Эрдэнэ.


Томоор үзэх бол зураг дээр дарна уу.