Өмнөх нийтлэлдээ Хангин Гомбожав гуайг Монгол улсыг НҮБ-д элсүүлэх болон АНУ-аар хүлээн зөвшөөрүүлэх хоёр үйлсэд асар их хувь нэмрээ оруулсан зүтгэлтэн болох тухай дурдсан билээ. Энэ удаад тодорхой жишээн дээр өгүүлье.

Гомбожав багш юуны өмнө Монголын талаар ойлголт багатай улс төрчид, жирийн америк иргэдийг ухуулан сэнхрүүлэхийг зорьжээ. Үүний тул зөвхөн өөрийнх нь заадаг хичээлийн танхим, их сургуулийн заалнууд хангалтгүй учраас өдөр тутмын сонин хэвлэлүүдэд захиа бичих аяныг өрнүүлсэн юм. Энд тийм захиануудаас нь нэгийг л орчуулан сонирхуулъя.

АНУ-ын хамгийн олон уншигчтай Нью-Йорк Таймс сонины 1977 оны 3 сарын 28-ны дугаарт нийтлэгдсэн байна.

Монгол хэзээ ч Хятадын нэг хэсэг байгаагүй

Эрхлэгч танаа:

Коммунист Хятадыг хүлээн зөвшөөрч, Тайваныг хаясан нь дээр хэмээн Ерөнхийлөгчөөс хүссэн утга бүхий “Ерөнхийлөгч Картерт бичсэн ил захидал”-ыг (3 сарын 15-ны дугаарт хэвлэгдсэн) Америкийн Хятадуудын Үндэсний Нийгэмлэгийг төлөөлөн бичихдээ Петер Юү нь өөр олон зүйлийг дурдсаны дотор “Гадаад Монгол” буюу БНМАУ-ыг хууль ёсоор (өргөлт оноосон нь минийх) Хятадын нэг хэсэг хэмээжээ.

Ацан шалаанд орж, сэтгэл нь зовнисон ноён Юү-г би ойлгож байна. Хоёр, эсвэл бүр түүнээс ч олон Хятад бий болохыг хүлцэн тэвчиж чадахгүй байгаа байх. Гэхдээ цаг хугацааны эрхэнд Хоёр Хятадын бодлогыг “дэмжих” санаатай байгаагаа ч бичиж. Ноён Юүтэй би энэ талаар маргах гээгүй юм л даа. Харин түүний БНМАУ-ыг Хятадын хэсэг гэсэн хөгийн инээдтэй үгийн тухайд хоёр үг хэлэлгүй горьгүй нь.

Түүхэн үүднээсээ Монгол хэзээ ч Хятадын хэсэг байгаагүй юм. Энэтхэг Британийн харилцаатай төстэй гэмээр явдал болсон 17-р зууны дунд үед Манжийн хааныг Монгол хүлээн зөвшөөрсөн тэр үед ч Хятадын нэг хэсэг болсонгүй. Ердөө 1915-1921 оны хоорондох багаахан хугацаанд Хятад олон улсын ороо бусгаа байдлыг ашиглан Монголыг өөрийнхөө доорх “автономи” хэмээн хүчээр хүлээлгэсэн юм. Гэвч түүхэндээ Хятад хэзээ ч Монголыг шууд захирч байсангүй. Харин ч эсрэгээрээ, Хятад улс Их Монголын Эзэнт гүрний бүрэлдэхүүнд зуу илүү жил байсан билээ. Гэхдээ монголчууд байлдан дагуулал, колоничлол нь бусад улс орны өөртөө засах нандин эрхийг булаах ёсгүй гэдгийг мэддэг ард түмэн юм. Ухаан нь ноён Юү таны Солонгос, Вьетнам, Бирм болон бусад олон улсыг Хятадын нэг хэсэг гэж байгаа шиг Монголчууд харин ч Орос, Иран зэргийг өөрийнхөө харьяа улс гэж мөчөөрхдөггүй билээ.

Одоо харин өнгөрсөн баларсан тэр түүхийг ярихаа болиод, ноён Юү таны няцаахыг оролдоод байгаа Монгол улсын өнөөгийн тусгаар тогтнолын баталгаа, “хууль ёсны” дагуу эсэх тухайд ярья.

Монгол улс 1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагад бүрэн эрхтэйгээр элсэн орсноор тусгаар тогтнолыг нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн юм. Өдгөө ная гаруй улс, АНУ-аас бусад бүхий л хөгжингүй улсууд БНМАУ-тай дипломат харилцаа тогтоогоод байна. Үүгээр ч зогсохгүй, БНХАУ өөрөө Монголд 1945 оны 10 сарын 25-ны өдөр болсон санал асуулгын дүнг зөвшөөрч, 1946 оны 1 сарын 5-ны өдөр тусгаар тогтнолыг нь албан ёсоор хүлээн зөвшөөрсөн билээ.

Монголын хил хязгаарын бүрэн бүтэн байдал нь Монгол хийгээд хоёр хөрш нь болох ЗХУ, БНХАУ хоорондын хоёр болон олон талт гэрээнүүдээр баталгаажсан юм.

Харамсалтай нь “Монгол бол Хятадын нэг хэсэг” хэмээх синдромоор өвдөгсөд өнөөг хүртэл байсаар байгаа нь тоогүй.

Ж. Гомбожав Хангин
Индианагийн Их Сургуулийн Урал Алтай судлалын тэнхмийн багш
Блүүмингтон хот, 1977 оны 3 сарын 18

гэсэн байна.

Монгол хэмээх “зангиа”

2014 оны 5 сард Вашингтон хотноо “Олон улсын монгол судлалын бага хурал” болсон юм. “Монгол соёлын төв”-өөс зохион байгуулдаг энэхүү хурал дээр доктор Ч. Дагвадорж багш Хангин Гомбожавын “Зангиа” хэмээх шүлгийн тухай сонирхолтой илтгэл тавьсан билээ. Энэхүү шүлгийг бүтнээр нь сонирхуулъя.



Далд утгатай шүлэг аж. Хар бага насанд нь эцэг эх нь харагдахгүй нэгэн “зангиа”-г амь настай нь холбон зангилж өгч. Бага залуудаа тэрнээсээ ичиж, тэрнээсээ салахыг оролдоно. Гэтэл нас ахих тусам уг зангиа нь улам чангараад л, эцэстээ амь амьдрал нь, аз жаргал нь болдог. Юу гээчийн “зангиа” болох тухай уншина уу.   

Хар бага наснаас минь
Хайр, эрмэлзлийн туйлаар
Аав, ээж минь надад
Харагдахгүй нэг зангиаг
Хаяж болшгүй зангилж  
Амь настай минь холбож хаясан        

Арван настайдаан
Алиа тэнэг хосолж
Аль болох чадлаараа
Харагдахгүй мөртөө илхэн
Хамаг мууxайг төлөөлсөн
Түүнээсээ мултрахыг оролдлоо
             
Нуугаад байхад илрээд байдаг
Далдлаад байхад бултайгаад байдаг
Сулруулаад байхад чангараад байдаг
Яасан сүрхий зангиа юм бэ?
Яс маханд минь шигдээд байдаг
Яах ч аргагүй хүлээс болжээ.

Хорин настай залуу явахад    
Хол алсын харийн газарт
Холхилж болдоггүй энэ зангиа
Ураад урагдахгүй
Ташаад тасардаггүй
Далдлаад далд орохгүй болов.

Ноён хүн нэмээд зүүлгэнэ
Нохой хүртэл таниад хуцна
Нөхөр найз минь чангаруулаад өгдөг
Дайсан этгээд элэглээд байдаг
Харагдахгүй мөртөө томроод байдаг
Даанч сулардаггүй энэ зангиа

Гучтай гэхэд гурамсан болж
Гуя хөлийг минь тушаад байдаг
Гутарсан сэтгэлд минь зориг оруулдаг
Гуньсан сэтгэлийг минь тайтгаруулдаг
Айдас хүрэхэд зүрх оруулдаг
Энэ л зангиа хань болдог

Дөчтэй идэр явахдаа
Дөрвөн тивийг тойрч үзлээ
Тансаг идээг идэж үзлээ
Таатай болгоныг эдэлж үзлээ
Эрдэм шинжилгээнд шумбаж үзлээ
Эрх чөлөөг эдэлж явлаа    

Гэтэл өдөр шөнийн хорин дөрвөн цагт
Эгнэгт салдаггүй энэ зангиа
Хэзээд намайг бариад тавихгүй
Баяр баясгалан болоход ч
Зовлон уйтгар тохиолдоход ч
Бодол саналаас минь салдаг биш

Гудамжаар алхаад явсан ч
Дэлгүүр талбайд явсан ч
Будаа, хоолны газар орсон ч
Цэцэрлэг хүрээлэнг тойрсон ч
Харагдахгүй атлаа энэ зангиа
Хамаг биеийг бариад байна.
           
Тавин насандаа явахад
Тайлж болдоггүй энэ зангиа
Тамга тэмдэг шиг дардайж
Сэрүүн цагт сэтгэлээс салахгүй
Унтсан цагт зүүднээс салахгүй
Амин гол минь  болсон байна.
           
Аав, ээжээс минь зүүлгэсэн
Аваад хаяж болдоггүй энэ
Ямар гайхамшигтай зангиа вэ?
Чамгүй надад сахиус үгүй
Чамгүй надад амь үгүй
Чамгүй надад амьдрал үгүй            

Жаран насаа өнгөрөөд явахад
Жаргалын дээд нь энэ зангиа болжээ
Өвөг дээдсээс уламжилж ирсэн
Эцэг, эхийн минь хайр ивээл
Энэ насанд минь заяан хайрласан
Энэ л зангиа миний сүлд юм.
         
Харагдахгүй энэ зангиаг хэлбэл
Хадаг хивээр зангидсан юм биш
Бурхан тэнгэрээс заяасан юм биш
Богд ламаас хайрласан юм биш
Монгол гэсэн нэг л үгээр
Мутраараа зурж хайрласан юм.

Наян есөн оны Дөрвөн сарын тавны өдөр.  

гэжээ.

Харь нутагт аж төрсөн ч Монгол хэмээх “зангианд” насаараа уягдан явсаар Монгол нутагтаа ирж ясаа тавьсан монголч эрдэмтэн багшийн тухай өгүүлэхэд ийм буюу.
   
Томоор үзэх бол зураг дээр дарна уу.