эссе

“Аль болох олон мал сүргийн бэлчээр болъё” хэмээн чинээгээрээ сунан тогтсон Борнуруу даруухан. Ар хормойг хөвөөлөн урсах горхийг Хөөвөрийн гол, энгэр бэлийг эмжин жирэлзэх горхийг Гашууны гол гэнэ. Хоёр голын айлууд “дундын өмч” ганц Борнурууныхаа ар өврийн дулаахан жалгуудын нөмрийг бараадан саахалт өвөлжөөд, зундаа хоёр тийш салж Хөөвөр Гашууны голд хуваагдан зусна. Гашуун Хөөвөр хэмээх хоорондоо бэсрэг зайтай орших хоёр горхинд тэр хавийн мал сүрэг багтаж цөхөн шавж ус булаацалдана. Ус ихтэй нутгийнхан Гашуун Хөөвөрийн голыг Гашуун Хөөвөрийн шуудуу гэж басамжилна. Шуудуу гэсэнд төрөлхийн омголон хөөвөр гашууныхан дургүй. Шуудуу байтлаа өчнөөн түмэн сүрэг ундлаа юу гэх тэдний шартай зан олон малаас нь угшилтай байх. Тарчиг ус охорхон ургамалтай энэ нутагт мал сүрэг хэзээ язаанаас багширна. Жаахан хойшоо гол горхи ой мод жигдэрч өвс ногоо өтгөрөөд ирмэгц мал цөөрчихнө. Энэ хоёр шуудууны мал сүрэг тус тусдаа хангай газрын нэг сумын малаас ч хавьгүй олон.

Мал язганавч хүн зон бужигнахгүй уйтгартай. Өчигдрийх шигээ өнөөдөр. Өнөөдрийх шигээ маргааш. Энэ уйтгар ээлжлэн давтагдсаар нэг мэдэхнээ охорхон нас дуусаж байх жишээтэй. Энэ нутгийнхан хүний мөрөөс болж хөгжөөн цэнгээнээр цангана. Малчдын жилдээ ганц очдог наадмыг, намартаа хаа нэг тохиодог найрыг сүүлийн үед их ад үздэг болжээ. Зун намаржингаа найрлаж наадамдлаа гэж шүүмжилнэ. Бай шанд шунасан алдарт уяач, аварга бөхчүүд, наадам хэсэж “дүр”-ээ үзүүлж доройтсон хөдөөний хийморийг сэргээдэг УИХ-ын гишүүд  малчдаас тусдаа. Малчдын хадланг дарга нар авч өгөхгүй. Өөрсдөө авна. Мал нь зудад үхвэл хэн ч хохирохгүй. Тэд өөрсдөө л хохирно. Тийм атал малчдыг удирдан жолоодоно гэх албан хийрхэл арилахгүй цартай. Малчид тархигүй юм уу хаашаа юм. Мал малчдынх болчихоод байхад өөртөө оногдсон үүргийг оромддог түшмэд малчдын ажил руу хадуурч буруу зааварлаж яршиг удна. Дарга нар нийгмийн өмчийн төлөө гэж худал хэнхэглэдэг “соц” өвчнөө эмчлээсэй. Хувийн мал сүрэгтэй болсон малчдаас дарга нар холхон байвал барав.  

Дээрээс бангадуулдаг хувь заяатайгаа эвлэрсэн шүү маягтай амьдарч цөхөж явтал хоёр голын хүү охин хоёр гэрлэх ухааны яриа дэгдээд явчихав. Хамгийн гоё нь намар тийшээ хурим найр хийж таарна. Намар хурдан болоосой гэж яарах хүн олон ч ууж идэхдээ бус бөөнөөрөө нэг дор цугларна гэдэг тархай бутархай малчдад тэмүүлэхээс аргагүй мөрөөдөл. Ялангуяа хөвгүүд охидод. Намар оройших тусам Гашуун Хөөвөрийн бэлчир улам тос дааж өрөм шиг шаргалтана. Шүүслэг сөлөнд яая даа гэтэл цадсан тарган мал идээшлэхийн оронд намрын шар наранд биеэ ээж янцгалан залхуутай тарайж өдөржин хэвтэнэ. Төр засгийн тусламжгүйгээр тэвээрэг чихсэн нүсэр мах бодио дааж ядна.  

Эхлээд Гашууны худ ураг Хөөвөрийн хадмындаа ачаа хөсөгтэй очиж найрлах ёстой. Яагаад гэвэл тэд бэр талынхан. Эр эмийн ялгаа яалт ч үгүй. Бэр талын хүүхнүүд хүргэн талынханд “бид чинь удмаараа ийм царайлаг бүсгүйчүүд шүү” гэдгээ нотлохоор нүдээ тормойтол гоёод, эрчүүд нь нүнжгээрээ бярдаад очлоо. Хүргэн тал-хөөвөрийнхөн царай зүс, гоёл засал, нүнжгээрээ илүү юү гэхээс дутуугүй ажээ. Үүнээс хамаг адал явдал үүсэв. Гэвч хамгийн гоё нь сүүлдээ гарна. Мөнгөн эмээл хазаартай сайхан морьд уяа дүүрэн багшрав. Сөнгөө хоёр талаасаа бялхуулж өрсөлдлөө. Элбэг гэж цадиггүй. Хүсэн хүлээсэн найр ч ёсоороо эхлэлээ дээ хөөрхий.

Ганган шаавай хувцасласан олон хүн нэг дор цугларахаараа яасан гоё юм бэ гэж хоёр талынхан хоёулаа дуу сэм алдсан боловч үг алдаж жулдарталгүй нохойтлоо. Хүн бүр царай орчихож. Хээр гадаа нар салхи, бороо шороо, цас шуурганд халтардаж явдаг нөгөө тэр чинь энэ мөн үү гэмээр. Уг нь тэд царайлаг төрсөн улс аж. Гоёчихоор хөөрхөн нь илэрдэг юм байна. Хөдөө хээрийн малчин хүний өнгө үзэмж өдөр бүр даанч горьгүй явах юм даа гэж бэр хүргэн талынхан сэм санаа алдах нь адилхан аж. Бэр хүргэн тал цөм царайлаг хойно бэр хүргэн хоёр хоёулаа хөөрхөн байхаас яахав. Царай алдсаар яваад насыг бардаг хүмүүс хааяа ч болохноо нэг ингэж гоёх сайхан аж. Хөгшин залуу найрчдын бодол нэг иймэрхүү.

Найр эхлүүлэх эрх нь биднийх гэж хүргэн тал томорч цаг нар тааруулна хэмээн шилээ шөргөөж суутал Гашууны голоос ирсэн нэг эр зарлуулалгүй дур мэдэн ерөөл тавиад эхэлдэг байгаа. Тэр бээр найрын сургаар хавар зунжингаа хонины бэлчээрт энэ ерөөлийг цээжилжээ. Тэгээд ерөөлөө цээжээр торохгүй уншиж, олныг алмайруулах ганцхан зорилготой хуриманд морилжээ. Хөөрхийн дур хүслийг шинэхэн хадмууд хорьсонгүй. Од болох хүсэл хоньчинд ч төрдөг байна. Үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян гээд урсгачихлаа.   

Сайхан ерөөл аж. Харамсалтай нь дэндүү урт юм. Ерөөж магталгүй “юм” орхичих вий гэсэн аятай гэрт гадаагүй, бүх эд аж ахуйг магтаад, эцэг эх эмээ өвөө ахан дүүс, таван хушуу малыг тоочин шүлэглэв. Ийм урт ерөөлийг эзгүй хээр хонины бэлчээрт уйдсан хүн л цээжлэх байх. Найрчид эвшээж гарав. Орны нь толгойн авдрыг нээгээд үзвэл, орны нь бамбайг сөхөөд харвал ийм тийм эд хогшил байж байхынмаа гээд салдаггүй ээ. Урт л бол “дийлнэ” гэж ерөөлч итгэжээ.

Тэгтэл ерөөлчийн амжилтыг эвдэх өрсөлдөгч гарч ирлээ. Ерөөлчтэй дөрөө харшуулж ирсэн шинэхэн бэрийн өвөө-насаараа бага ангийн багш хийсэн Луузан өрсөлдөгчөөр тодров. “Гашууныхан дотроо хагаралтай юм” гэхэд “ардчилалтай ч юм билүү” гэж шинэ хадмууд нудралцлаа. Луузан хэдэн жил гэрээс гарч чадаагүй уйдсан буурал. Өвгөн багш бүх найрчдыг “чимээгүй сууцгаа” гэж зандарч, ангийнхаа сурагчид шиг дуугай болгож, анхаарлыг нь өөртөө бүрэн хандуулаад,

-Ерөөл бол хоцрогдсон зан үйл. Би зээ охиныхоо хуриман дээр сургамжийн үг хэлнэ хэмээн босож зогсоод халимагнаасаа үлдсэн цөөвтөр цагаан хялгасыг таван мойног хуруугаараа самнан илтгэж гарлаа. Илтгэл хүмүүжлийн гүнзгий утга агуулсан хэдий ч ерөөл шигээ хэтэрхий урт байсан тул найрлах гэж хавар зунаас хойш хүлээсэн олон дургүйцэв. Сүүлдээ бүгд залхлаа. Чилсэн их бага худ ургийг сөнчид дугараагаар шавдуулснаар бузгай халамцаж хөөрхөн хөгжилдлөө. Өвгөн багшийн илтгэл үнэнхүү инээд хүргэж, найрчдыг хөгжөөх бүдэг дэвсгэр хөгжмийн үүрэг гүйцэтгэв.

Хүргэний төрсөн ах Хөөвөрийн ганц дуучин Пагва үүргээ гүйцэтгэж чадаагүйдээ бухимдаж, урт илтгэлийг тас цохихоор амаа том ангайн уртын дуу хадаах гэтэл Гашуунаас ирсэн нэг залуухан лам сан тавиад эхлэлээ. Энэтхэгт боловсорсон банди учир орон нутгийн дуучны хоншоор дутав. Лам өөрөө ч мэдэхгүй, ер нь хэн ч мэдэхгүй, сөнөсөн хэлээр баахан дүнгэнэж, арц хүж уугиулж, арвай будаа цацаж нэлээд удаан дүвчигнэлээ.

Пагва дуучны тэвчээр барагдаж, “Гашууныхан авъяас эрдмээрээ гайхуулаад унав уу? Яагаад биднийг ам ангайлгахгүй дээрэлхээд байна” хэмээн агсрах гэснээ сан тавьж буй ламыг шавь нарынх нь нүүрэн дээр худлаа ч болохноо хүндэтгэж залбирсан дүр эсгэв. Бас сайн согтоогүй учраас агсаганах онгод дутсан биз. Гэхдээ ламыг сангаа тавьж дуусмагц уртын дуугаа залгуулан хадаана гээд амьсгалаа түгжлээ.

Тэгсэн чинь ламыг сангаа дуусгаагүй байхад Гашууны голоос ирсэн бэрийн нагац өвгөн “Уяхан замба тив”-ийг эхэлчихэв ээ. Өвгөний сөөнгө хоолойг Пагва хүчирхэг хоолойгоороо нам дарах гэснээ ная гарсан өвгөнийг мөн л хүндэтгээд болив. Найрын дэгээр гурван түрлэг дуулах ёстой атал зөнөг өвгөн арван түрлэг бархирч ядраав. Дуулж чадаагүй Пагва бүр ч бачимдлаа. Согтож эхэлсэн хөөвөрийнхөн үдээс хойш тэснэ тэснэ гэхэд үүнээс илүү яаж тэсэх вэ гэсэн уурандаа улам хөлчүүрхэж, “Муусайн гашууныхан дээрэлхэж байна. Ерөөл тавьж чаддаг нь ганц та нар болоо юу. Илтгэдэг нь Элбэгдорж болохоос энэ муусайн биш. Сан тавьж дөнгөдөг нь ганцхан гашууныхан болоо юу. Хөөвөрийхнийг ая барьж чадахгүй гэж гашууныхан басаж байна. Бид авъяасаа хаалгахгүй. Ийм ардчилалгүй найр хийлгэхгүй. Гашууныхан хүний эрхийн түгээмэл тунхаг гэж сонссоно уу? Хөөвөрийн баячуудаа! Гашууны гуйлгачдыг дэглээд өгье” гээд бослого гаргахаар өндөлзөв.              

...Оройхон том цагаан гэрт ганцхан Пагвагийн ая дангүй хахир хоолой хадаад өөр ямар ч авъяас тодрох аргагүй. Тэгээд ч ухаан тасарч буй эрчүүд үе үе нижигнэтэл түрэхээс өөрийг мэдрэхээ больжээ. Пагва дуулж дуулж ядраад унтаад өгөв. Сүүлдээ хоёр гурваараа янз бүрийн дуу буруу зөв хоолойгоор дуулалдлаа. Дур дураараа орилолдсон нь тэдэнд гоё байв. Найрын дарга зохион байгуулах гэж оролдоод дийлсэнгүй, эцэст нь өөрөө үймүүлж гарлаа. Найрын даргаас асуулгүй нөгөө талд гарч суусан хүнийг гурван хул айргаар баалснаас болж маргаан үүсчээ. Дарга сонгоогүй бол будилаан гарахгүй байв. Тэдэнд дэг журмын ч хэрэг алга. Урсгалаараа л урссан нь амар. Хэдэн саахалтаас цугларсан хөвгүүд бие биеэ үзээд хөөрсөндөө барилдана. Гоёж гоодсон бүсгүйчүүд гүүн зэлэн дээр саалийн хувин тохойлдон гунхалзахдаа гүү сааж буйгаа ч сайн мэдрэхгүй унага татах залуусын шалиг үгэнд гижиг нь хүрч аальгүйтна.

Будаг ханхалсан шинэ гэрт дур дурын хөөр хөгжөөн ноёрхов. Найрын баруун зүүн жигүүрт настнууд залрах маягтай агаад тэдэнтэй залгаад малынхаа тоог мэддэггүй Хөөвөр Гашууны хоёр толгой баян баруун зүүн жигүүрийг нэг нэгээрээ бүхэлд нь эзэгнэж, согтуурхан түхэлзэх авай. Зодоон гарвал хоёр баяныг өмөөрөх тус тусын бие хамгаалагчид баруун зүүнээс үг шидэлцэнэ. Эрчүүд цадаж зазгадсандаа том том хул дэмий л тэвэрч, ууснаа шингээхээр өвөр хоорондоо үнэн худал алдсан мал сураглана. Ямааны хулгайч ноолуур Ядам “сайн эр” гэдгээ нотлохоор илэрдэггүй том том хулгайг би хийсэн гэж хичнээн зарлаад тоох хүн нэг ч гарсангүй. Сүүлдээ авгай хүүхнүүдийн нүд дуниаран завхай дуу хадааж, согтуу эрс сохор ухаанаа цэгнэх нь найр хавтгайрч буйн шинж бөлгөө.

Чингэтэл ухаан мэдрэлгүй согтсон Гашууны навсаан Чой бэр тал-зүүнээс хүргэн тал-баруун тийш дэвж, ханцуйгаа сайртай тохойгоо өнгөртөл шамлаад ямар үг хэлж буй нь мэдэгдэхгүй болсон тультраа хэлээ бултгануулан хэн нэгнийг баатарлагаар загнаж эхлэв. Намсаан хэнийг загнаад байна аа гэтэл тэр бээр хэрээ мэдэхгүй Хөөвөрийн голын толгой баян-эмнэг хэмээх Ланжигт агсам тавьж байдаг. “Хүүе Навсаан минь тэгж галзуурч болохгүй. Эмнэгт чи муу алуулна” гэж бэр талынхан хирдхийжээ. Эмнэг Ланжиг гэдэг нь малынхаа тоог мэддэггүй хоёрын нэг. Энэ жил сумын наадамд түрүүлсэн бяр нь дээлэндээ багтахгүй “зүдэрч” яваа Хөөвөрийн ганц бөх. Гэлээ ч навсаан Чойн зориг бадарсаар Эмнэг баяныг эхлээд “гуйлгачин” гэж доромжилсноо зодоонд шууд дуудаж, “хулгайч” гэж гөрдөв. Үнэндээ баян Ланжиг хулгай гэдгийг ерөөсөө мэдэхгүй нэр цэвэр нэгэн. Аавынхаа буянаар хүүдэгнэж яваа азтай, голынхондоо ачтай, гэм нь шинэ үеийн аархуу баячуудыг дуурайна. Яадаг билээ, Эмнэг одоо тэсэхгүй. Хөөвөрийнхөн уушууд галзуу гэсэн. Хаашаа харж үхнэ ээ гээд гашууныхан хулчийсан боловч ашгүй Эмнэг Навсааныг тоосонгүй. Тэр уг нь навсаан Чойг нясалчих эр.

Ланжигийг өөрөөсөө хулчийгаад сууна гэж Чой улам онгирч,

-Чи муу өөрийгөө их баян хүн гэж бодож байна уу муу гуйлгачаан. Бас өөрийгөө чи муу их сүрхий бөх хүн гэж аархаж байна уу. Тэгэхэд Гашууны адгийн би чиний хөөрхөн Өдмааг эзгүйчилж дөнгөснийг чи муу мэдэхгүй ш дээ гэж олон хүний дунд хөөрсөндөө өөрөө мэдэлгүй залж орхилоо. Энэ үгийг сонсоод гашууныхан толгойгоо дарж, хөөвөрийхөн нүүрээ таглав.

Зодоон хоёр талаас цахилгаан богино холбоо мэт дүрсхийн авалцтал навсаан Чой ардаа суусан үл таних хөсрий царайтай эрийг зааж,

-Энэ бол миний цэргийн найз Борис. Хотын цуутай хогийн хулигаан. Шоронгоос оргож яваа юм гэв.

Омог нь дэлбэ буудсан Эмнэг өөрийн мэдэлгүй босон харайж, гуяа хэд сүрхий алгадаад,

-Наад муу хулигаанаа гаргаад ир. Газар тэнгэрийн уужимд би новшийг умстай нь холиод өгье гэж хүрхрэхэд Навсаан,

-Ланжиг чи хонтоорт орохгүй хонзон санахгүй шүү! гэж сануулаад нөгөө танихгүй найздаа хандаж, -Алив хутаг Борис оо, чи наад муу сэвстэй гүзээгээ урт балиусаараа хага татаад өг гэж тушаав.

“Урт балиус” гэх аймшигт үг сонсуут омогтой эрсийн согтуу цочсондоо ор тас гараад эв эрүүл болчихов. Бүгд хутаг Борист ханцуй дотроо арчаагүй залбирч харагдана. Чой ялалтандаа омогшиж,

-Миний Борис дан бус давхар, зүгээргүй хүн. Бөө, зайран, хувилгаан. Итгэхгүй хэн байна, тэр хүн гараа өргө! Одоохон түүнд хараал хийж, гэдсийг нь дүүргээд, харж байхад чинь тонилгоод өгье гэлээ.

Хоёр өдөр найралсан боловч хутаг Борисын цустай балиус найрчдын халамцуу нүдэнд бүрэлзээд хөгжиж цэнгэх нь байтугай согтсон ч үгүй. Шоронгийн оргодол, хогийн хулигаан, бас дээр нь хараал жадгаар хүний гэдэс дүүргэж алдаг бөө, зайран, хувилгааны урт балиус нэг бол сүвээнд нөгөө бол нуруунд чичээстэй санагдаад дуулах нь бүү хэл түрэх ч хоолой гарсангүй. Ийм аймшигтай найр Хөөвөр Гашууны түүхэнд болж байсангүй. Бушуухан тарахын түүс болов. Хоёр голдоо агсам тавьдгаараа цуутай хэд нь ч агсаганасангүй. Баярхуу хэд нь ч баярхсангүй. Бяралхуу хэд нь ч ядмагтаа бяралхсангүй. Гэхдээ арай ч бас огт зүгээр өнгөрөөгүй юм байна. Гашууны голын навсаан Чойг агсам тавьж найр үймүүлээд тал сольж Эмнэг рүү довтолмогц Хөөвөрийн голын хүргэн хүүгийн эмээ тогжгор шар эмгэн босон харайж, навсаан Чойн хамар луу алгадаж орхитол Чойн хамрын цус сад тавив. Эмгэн гол нь хутаг Борист эсэргүүцлээ ингэж илэрхийлсэн хэрэг. Чойг өмөөрөх ёстой хутаг Борис эмгэнийг хашираах гэснээ өтөл чавганцыг голоод болих шиг болов. Чавганцад нармайгаа нээлгэж найрын шившиг болсон Навсаан үдшийн бүрийгээр хамрынхаа цусыг нулимстайгаа дуслуулсаар Гашууныхаа гол руу сэм зайлжээ.

Хөөвөр Гашууны найранд зодоон гардаг ч цагдаа дуудаж новширч байсангүй. Өөрсдөө элбэгхэн зохицуулчихна. Зодоон нь ялимгүй, бараг наргиа зугаа мэт. Хотынхон бол цэнгүүн гэх байх. Найрын цэнгүүн, өөрөөр хэлбэл, найрын ноололдоон хөнгөн дуулиан, зөөлөн паянгийн амтлаг хачир дагуулбал хожимын инээд бас сургамж болдог. Хөөвөр гашууныхан зориуд бус урсгалаараа тэгж найралдаг зуршилтай болчихсон улс. Энэ нь нэг ёсондоо үзвэргүй хөдөө нутгийн урлаг гэлтэй. Хоёр голоороо зөвхөн идэж уугаад өнгөрөх бус хүсэн хүлээдэг найрнаасаа тэд оюунлаг хууч, бүр домог гэлтэй бахархал үлдээж, түүнийгээ өвөл хаваржин амны зугаа болгож, хүнд хүчир ажилд буларсан биеийнхээ алжаалыг тайлдаг амой. Уйдаа гиеүрэл үргэх сайхан. Өөр үзэж сонирхох шоу байх биш.

Навсааны найз Борисын бүх алдар хуурамч байж. Хутаг хоч нь худал, шоронгоос оргож яваа нь худал, бөө, зайран, хувилгаан гэх гоншин цөм худал байв. Ганцхан Чойтой цэрэгт хамт алба хаасан нь харин үнэн гэнэ. “Тэр муу бойтог Борис ирж ганц найрыг минь гутаачихсан юм. Тэр ирээгүй бол бид жинхэнэ дуурсгах байв. Бүхэл бүтэн нэг намрыг домоггүй үдсэн бид одоо юугаа хуучилж өвөл хаврыг барах вэ” гэж хоёр голоороо харамслаа.

Амьдралд хөлөө олоогүй бойтог Борис бизнес хайж яваад цэргийн найз Чойтой таарчээ. Чой Борисыг өрх толгойлсон нэг эмтэй холбож, олон малтай тэр айлд хүргэн оруулаад баяжуулчих гэтэл нөгөө эм Борисыг тоосонгүй. Арга мухардсан мохоо хоёр нөгөө хүүхнийг сүрдүүлэхээр худал цол гоншин тараасан нь энэ юмсанж.

-Тэр муу худалч Борисыг манай нутагт хүргэн орохоор дахин шагайвал анаж байгаад намрын найран дээр болгож өгье гэхэд зарим нь,

-Бөө хувилгаан гэгчид дандаа муу ёрын хүмүүс байдаг. Тэднээс холхон явах нь ононо гэж айл саахалтын ахан дүүс бие биедээ сануулна.

Тэд бие биеийн үгийг итгэхээс төр засаг, хэвлэл мэдээллийн үгийг бол тоохгүй. Намуудын амлалтыг бол бүр ч үзэж чадахгүй. Нулимна. Явдлаа хуулинд яв цав тааруулах гэж ядаргаатсанаас урсгалаараа урсах тэдэнд амар. Алдаа гаргахгүй урсахаа зөнгөөрөө тааруулдаг увидас хүн бүрт бурхан хайралсан гэж үзнэ. Бурхны хишгийг яаж хүртснээс зовлон жаргал үүсдэг гэж залбирна.  

Эмнэг Ланжиг хотын баячууд дуурайж Японд хэд хоносныгоо тэнгэрт татсан утсан хэц дээгүүр циркийн жүжигчин шиг тэнцэж, алхах алхам болгоноо, амнаас унах үг бүрээ зөв үү буруу юу гэж хянаж яваад арай л торгуулалгүй ирлээ гэж цэцэрхэв. Буруу алхам бүр, буруу үг бүр ялтайг сонсоод хөөвөрийнхөн шогшорчээ. Японыг нарийн дэглэмт цэвэрхэн шоронтой зүйрлэж, хүн ам нь зайгүй шигүүнээс түмэн янзын хуулинд хүлүүлээд дураараа хөдлөж чаддаггүй улс байна гэж Эмнэг сурталчлав.

-Хөөрхийсөөс манай Хөөвөр Гашууны голын аль нэгэнд ирээд жаргачих япон байдаггүй л юм байх даа гэж “хөөвөрийхөн” гэх жалгын үзлийг үе дамжуулан сэдрээгч уйланхай эмгэн уярахад насан өндөр буурайдаа урам хайрлахаар ач хүү нь,

-Гашууныхан л хөөхгүй бол манай хөөвөрийнхөн заяа нь хөөхгүй гэж ханхалзав.

Ханхалзах баярхуугийн шинж. Нутаг минь цэлийж байна, мал минь багширч байна, Гашуун Хөөвөр минь урсаж байна гэж хүүдэгнэдэг улс ядуурлаа өлслөө гэх жагсаалыг ойлгохгүй. Жагсаж байж малаа чононд идүүлчихвэл хэн ч төлөхгүй. Жагссанаас дор дороо малаа өсгөвөл хожино гэж егзөртөнө. Агаар, хөрс, усны бохирдол, хортой хүнс гэвэл бас ойлгохгүй.   

Гашуун, Хөөвөр иймэрхүү л хоёр гол доо. “Урсгалаараа урсах амар агаад сайхан” гэж тэд онолдоод байхгүй. Гэхдээ л заяаныхаа урсгалаар ХХI зуунд урссаар явнам. Хэнбугуайн ч хүслээс ангид хорвоогийн урсгал аа гэж. Үүрэндээ буцлах шоргоолж шиг дэлхийн том хотуудын иргэдэд Гашуун Хөөвөрийн амьдрал аймаар санагдах байх даа.

2014-09-09

http://toimsetguul.mn