Дөрөвдүгээр ангийн хүүхдүүд хоорондоо дурлалцаж догдолдог, шаналдаг, хичээл номондоо муудах нь ч бий. Дурлал гэдэг ер нь бүүр цэцэрлэгээс эхэлж ч магад. Харин томчууд “Наадах чинь жинхэнэ хайр биш” гэж өхөөрдөнгүй цэцэрхэнэ. Томчууд ч гэлтгүй үе тэнгийнхэн ч хоорондоо “Болдоо чамтай унтах гээд байна уу? Тэгвэл жинхэнэ хайр биш...” гэж ирээд л тодорхойлно. Ер нь ихэнхи хүн жинхэнэ хайрын тухай ямар нэг зарчим, тодорхойлолт бодож олчихоод түүгээрээ ангилан дүгнэлт хийчихдэг, түүндээ баригдаж өөрийгөө зовоодог. Дурлал бол хайрын өмнөх үе шат гэнэ, зарим нь бүр математикаар хэмжинэ, хэт романтик тодорхойлсон зарим нь “хорвоод хайр гэж байхгүй” гэсэн лут дүгнэлтэнд хүрнэ. Соёл гэсэн үгийн талаар албан ёсны 400 гаруй тодорхойлолт байдаг гэж их сургуульд үзэж билээ. Магад “Хайр дурлал” гэж сэдвийг шинжлэх ухааны үүднээс судалдагсан бол 4000 тодорхойлолт хэлэх байсан биз. “Love Actually” (2003) гээд хөөрхөн кино бий. “Агнистын гэгээ” –д “Хайрыг тодорхойлох хэрэггүй, зүгээр л мэдэр. Хүмүүс хайр гэж юу вэ гэдгийг эргэцүүлж бодсоор хайрлах хамаг цагаа бардаг..” гэсэн утга бүхий ишлэл гардагсан.

Хайр яг л харь гаригийнхан шиг. Киноноос л ихэнхидээ хардаг, зарим хүн итгэдэг, зарим нь итгэдэггүй. Кинонд байдаг тэр гоё романс амьдралд оршдог юм уу үгүй юм уу бүү мэд, яг л харь гаригийнхан шиг. Гэтэл эргэн тойронд өдөр бүр тохиох, бид анзаардаггүй дурлалын явдалууд тийм сэтгэл хөдөлгөм биш гэж үү? Заавал нэгнээ буудаж, хайрын төлөө 1000 жил тулалдаж, Атлантын далайн хүйтэн усанд хөлдөх нь л үзэгчдийн сэтгэлийг татах гэж үү? Найруулагч Н.Наранбаатарын “Сүүлчийн шөнө” кинонд энэ асуултын хариуг өгөх гэж хичээсэн мэт. Гэнэн залуу, дунд үеийн, ахимаг хижээл гэсэн гурван насны дурлалын тухай кинонд гарна. Гурван үеийн хайр дурлалын гол ялгаа нь секс ч юм шиг. Жишээ нь гэнэн залуу насны хайр үнсэлт, цэцэг төдийгөөр ханачихаж байх шиг, секс одоохондоо хэрэггүй. Ахимаг насны хувьд бүх нялуурал дурсамж болсон, одоо хууч хөөрч суух, гарын дулааныг мэдрэх төдий хангалттай. Харин дунд насныхны хувьд секс, нялуурал хамгийн хүчтэй нь. Сексгүй хайр бол махгүй хоолтой ижилхэн. 

Үзэгчийн зүгээс харахад найруулагч өөрөө дунд насны хүн, тэгээд ч дунд насны хайрын тухай мэдрэмжийг илүү хүчтэй амилуулсан байх шиг. Гэнэн насны дурлалыг жаахан хүчгүй харуулчихав уу даа гэмээр. Баян царайлаг залуу ядуувтар залуугаас хайртай охиныг нь булаадаг. Энд хайр дурлалыг өмөөрөх сэтгэл биш, харин ч “Энэ баян залуутайгаа суусан нь бараг дээр..” гэсэн бодол төрсөн. Хүчээр суулгах гээд байгаа эцэг эхийнх нь зөв ч юм шиг санагдана. Магад бидний үеийнхэн илүү прагматик болсоны шинж ч юмуу даа. Дунд насны хайр дурлал сексээр эхэлдэг бол залуу үеийн хайр дурлал сексээр төгсөж буй тухай, анхны шөнө нь сүүлчийн шөнө болж хувирсан тухай гунигтай романс гардаг. Анхны шөнийн романс магад 18 –тай залууст илүү сэтгэл хөдөлгөм, илүү ойр санагдах биз. Магад 18 –тай залууст дунд насны нууц амрагийн дурлал “ёс зүйгүй”, “жинхэнэ дурлал биш”, “жирийн садарлал”, “хөнгөн эмоци” мэт санагдаж ч болох юм. Учир нь дунд насны хоёр нууц амраг нэг нь эхнэрээсээ, нөгөө нь нөхрөөсөө салдаг. Гэвч тэд үнэхээр хамтын амьдрал зохиож чадах уу гэдэг нь бас эргэлзээтэй. Харангын “Сүүлчийн шөнө” дууг олонтаа сонсоход найруулагчид нэг мэдрэмж төрсөн гэдэг. Тэгээд бодсоор яваад энэхүү киног бүтээх сэдэл төрсөн тухайгаа ярьсан. Сүүлчийн шөнө өөрөө гунигтай дуу, харин “Сүүлчийн шөнө” кинонд хамгийн гунигтай дурлал нь ахимаг насныхан. Учир нь тэдэнд үнсэлт, нялуурал, шөнийн жаргал үлдээгүй. Дээрээс нь энэ бүх сайхан мэдрэмжийг нэгэндээ өгч ч чадахгүй явсаар залуу нас нь өнгөрсөн. “Хөгширсөн ч гэсэн үхэх болоогүй шүү...” гэж хөөрсөн сэтгэлээр нэг нь хэлдэг, харин нөгөө нь энэ үгийг сонсоод инээмсэглэж толгой дохих... Дөч орчим жилийн дараа эргэн уулзах шалтгаан юу байв? Сонирхолтой нь ахимаг насны дурлалын түүхийг бүтээсэн Ц.Төмөрбаатар, Н.Батцэцэг нарын томчууд “Суварган цэнхэр уулс” киноноос хойш мөн л дөч орчим жилийн дараа анх удаа “Сүүлчийн шөнө” кинонд хамтдаа тоглож буй юм билээ.

Прагматик хүмүүсийн хувьд кино хамгийн “зөв” төгсгөлтэй санагдах байх. Бүр гурван үеийнхний дурлалын түүх 3 – 0 оор “зөв” төгсөнө. Харин зарим идеалист, романтик хүнд бүр 0 – 3 аар гунигтай төгсгөл шиг санагдах байх. Хайр дурлал амттай, хүчтэй, амьдралын утга учир. Аан гэхдээ амьдрал гэдэг өөрөө хайр дурлалаас илүү эмх журамтай, төгс төгөлдөр байх ёстой юу? Хайр дурлал нурж болно, харин амьдрал нурж болохгүй гээд хуучинтайгаа үлдэх үү? Эсвэл бүр эсрэгээрээ хайр дурлалгүй амьдралыг өөрчлөх хэрэгтэй юу? Хайргүй хүнтэй гэрлэж болохгүй, хайрынхаа төлөө үхэн хатан тэмцэх хэрэгтэй юу? Танд ямархуу санагдах бол?

Киноны агуулгын хувьд нэг зүйлийг буруу ойлгосон байв. Гурван үеийн хайрыг харуулсан болохоос гурван хэсэгтэй кино биш ажээ. Театрын жүжиглэлт ерөөс ажиглагдаагүй, гурван үеийнхний хайр дурлал хоорондоо маш аятайхан холбогдоно. Бас “Love actually” шиг хэтэрхий хөнгөн биш, бас хэтэрхий эмгэнэлт сэнтименталь биш, яг л амьдрал гарна. Энд ямар ч солонгос сериалын өшөө авалт байхгүй, энд ямар ч хошин шог байхгүй, хурдалж буй задгай машины суудал дээр гараа алдалж зогсоод орилдог хийсвэр төрх байхгүй, хайрынхаа төлөө судсаа ханадаг триллер байхгүй, энэ зүгээр хайрын тухай, амьдралын тухай. Бид бүгдийн эргэн тойронд байнга тааралддаг ч анзаардаггүй юмны тухай. Жинхэнэ хайр гэхээсээ бодит хайрын тухай гэмээр ч юм уу. Өнөө цагт бүгдийг мөнгөөр үнэлдэг болж, жинхэнэ хайр гэж байхаа больж дээ гэж зарим нь халагладаг. Би үүнтэй санал нийлдэггүй юм. Хайр дурлал хаа сайгүй л бий, магадгүй зүгээр л хүний нас ахих тусам дурлал хамгийн хүчтэй нь байхаа больдог байх. Магадгүй зүгээр л илүү чухал хайруудын өмнө хүчгүй, хэврэг, бас эрсдэлтэй нь болж хувирдаг байх. Хайрын тухай Монгол кино үзээгүй их удсан байж шүү.