Саяхан нэг таксины жолоочтой хөөрөлдлөө, нэрийг нь Дорж гэх. Дорж тод хөх өнгийн жижиг Япон тэрэг саяхан авчээ, өмнөх тэргээ Хэнтий орох замд мөргөлдүүлсэн гэнэ. Мөргөлдсөн тэрэг дахиж унах аргагүй болсон учир сэлбэгэнд цөөн хэдэн төгрөгөөр заржээ. Уг нь осол гэмтлээс хамгаалж 300 мянган төгрөгөөр даатгуулсан юм байх. Харин даатгалын компани “Осол өөрийнх нь буруутай үйлдлээс шалтгаалсан учир нөхөн төлбөр олгохгүй...” гэж (ер нь өөрийн буруугүй үйлдэл гэж яг юуг хэлж даатгадаг юм болоо??). Даатгалын компани ямар ч хууль зөрчөөгүй. Үнэлгээний ажилчид маш шуурхай, нягт ажилласан бөгөөд үнэхээр ч хөдөөгийн замд 80 км цагаас илүү хурдтай явсаныг нь олж тогтоосон. Мэдээж даатгалын компаний гэрээндээ “Хурд хэтрүүлсэнээс үүдсэн ослыг хариуцахгүй...” гэх маягийн заалт байсан байж таараа.

Дорж даатгалын компанид голдоо ортол гомджээ, дахиж хэзээ ч даатгал хийлгэхгүй гэнэ. Харин лам багшийн хэлж өгсөнөөр тод хөх өнгийн тэрэг авсан, одоо алзахгүй байхаа гэнэ. Өнөөх даатгалын компаний талаар хамаг муу үгээ өөрийнх нь таксинд суусан хүн бүхэнд хэлж явна. Гуйж шалан байж даатгачихаад, өгөхдөө горойж гэдийдэг л гэнэ. “Бусад даатгалууд нь гайгүй байхаа...” гэж дөнгөж өсч бойжиж яваа даатгалын системээ би өмөөрмөөр аядлаа. Гэхдээ миний үг Доржид нөлөөгүй, тэр гомдсон, уурласан. Эмоци хамгийн зөв биш ч хамгийн хүчтэй нь. Магад Доржийн таксинд суусан хүмүүс яриаг нь сонсоод хэзээ ч даатгалын компанид хандахгүй. Харин даатгалын компанид ажилладаг найз маань өөр зүйл ярьлаа. Хүмүүс буруу шаардлага тавьдаг л гэнэ, Монголчуудын сэтгэхүй өөрчлөгдөөгүй цагт даатгалыг зөв хэрэглэх болоогүй л гэнэ, хэрэглээний математикчидыг даатгалын компани актуарчаар ажилд авдаг болсон, шинэ ажлын байраар хангаж байгаа л гэнэ, тухайн хэрэглэгч гэрээгээ сайн уншаагүйгээс болж хэрүүл зарга үүсч цаг бардаг л гэнэ, даатгал бол хөгжиж буй шинэхэн салбар, муулах биш дэмжих ёстой л гэнэ. Хоёулангийнх нь л зөв. Лам багштай өрсөлдөж чадахгүй даатгалын системтэй байгаа нь бидний л муугийнх.

Товчхондоо гэвэл Монголд бүх зүйл тохиолдлын чанартай, аз ёндооноос хамаардаг учир хүмүүс чадах чинээгээрээ өөрсөддөө аз дуудах гэж хичээдэг байх. Лам бөөд итгэж оюуны хоосролд орчихсон ч юм биш. Төрийн албан хаагчийг өдөржин царайчилж суугаад ганц бичиг авах эсэх, машин зам дээр онгорхой траншэйны нүх тааралдах эсэх, бизнесийн түнш нь муриад алга болох эсэх, эмнэлэгт сул ор олдох эсэх гээд ихэнхи асуудал тохиолдолын чанартай, аз ёндоогоор шийдэгдэж байна. Барууны орнуудад бизнесийн эрсдэл гэж байдаг бол Монголд өдөр тутмын амьдрал тэр чигтээ эрсдэл, яах нь тодорхойгүй хаос. Ийм байхад ганц удаа гандан ороод хийморийн сан тавиулчихад алдах юм юу гэж? Ийм эрсдэл дунд хүмүүс аль болох “азтай”, “хийморьтой”, “ажил бүтэмжтэй” байхыг хүсэхгүй яахав дээ. Ийм учраас аз дагуулдаг зүүлт, мөнгө дуудах ёслол, лам бөө хүчээ авч байгаа юм шиг. Сарандаваагийн лекцэнд мөнгө төлж суусан хүмүүс бүгд мунхаг биш, тэдний дунд сайхан амьдралтай ухаалаг хэрсүү хүмүүс өчнөөн бий. Хошин шог үзэж буй хүмүүсийг хоцрогдсон гэж хэлэх аргагүй, тэд зүгээр л өдөр тутмын стресст ядарсан тархиа амрааж байна. Оюутнуудыг залхуу гэж хэлэх арга алга, зүгээр л хичээл биш диплом нь амьдралд илүү хэрэгтэй гэж бодсон байх, бас өөрт тохиолдох ямар нэг “азтай учрал”, “тэнгэрийн умдаг” атгахаа хүлээж байгаа. Тооцоолдог ажил гэж алга, тохиолддог аз л гэж байна.