Бээжинд ховорхон тохиох болсон хурц нартай цэлмэг өдөр Хятадын эртний нийслэл Си Ань хот руу хөдөллөө. Энэ хотыг аль хэдийнээс үзэхийг мөрөөдөж байсан болохоор богцоо үүрээд баяртайяа замд гарсан билээ. Си Ань 3000 жилийн тэртээгээс 13 династийн нүүрийг үзсэний хамгийн сүүлийнх нь 1000 жилийн өмнө тохиожээ.

Эдүгээ 8 сая хүнтэй, аялал жуулчлал, сансарын технологи зэргээрээ алдартай орчин үеийн хот болсон ч төв хэсэгт орших 1300 жилийн өмнөх Хонхот асар, Хэнгэрэгт асар, хожим сэргээн босгосон хотын хэрэм, вааран хавтан дээвэртэй гол хаалга сэлт нь эртний өнгө төрхийг хадгалж, мянга мянган жилийн тэртээх үймээн самуун, хүн ардын арилжаа наймаа, хөл хөдөлгөөн, хөг аялгууг дуудан сэргээх шиг санагдана. Үүгээрээ орчин үеийн нэгэн хэв болсон өндөр барилга бүхий хятадын бусад хотоос ялгарч, хана туурийн хөх саарал туйпуу бүр эртний элдэв адал түүхийг шивнэн хүүрнэх мэт.



Си Аньд нийслэллэж байсан бүх династи дотроос түүхэнд ул мөрөө гүнзгий үлдээсэн дөрвөн династи байжээ. 3000 орчим жилийн өмнөх Жоу улс бол хятадын түүхийн гурав дахь династи, хүрэл эд зүйлсээрээ алдартай, том жижиг данх сав бойпроос эхлээд зэр зэвсэг хүртэл олон эд өлгийн зүйл олдсоныг Шаньси мужийн музейд хадгалдаг.

Жоу улсын дараа, МЭӨ 221 онд хятадын түүхэн дэх анхны нэгдсэн төрт улс Цинь гүрэн бий болж, улс даяар жин хэмжүүр, урт богинын нэгдсэн стандартыг анхлан тогтоож, бичиг үсгийг нэгэн мөр цэгцэлжээ. Үүний төлөөсөнд олон ном судрыг шатааж, хүний амийг үйсэн гэдэг. Хоорондоо үл таарах элдвийн үзэл урсгалуудыг зангидахын тулд ном судрыг тэрэг тэргээр түймэрдэн шатааж байсан ч анагаах ухаан, тоо зурхай гэх мэт үзэл сурталд үл хамаарах номуудыг үлдээснээс харахад соён гэгээрлийг үзэн ядсандаа бус, ард түмнийг цагаан цаас болгох хэрэгцээ шаардлагаа биелүүлж байж. Харгис хэрцгийгээрээ алдаршсан Циньши хуанди хаан ширээнд суусан өдрөөсөө эхлээд өөрийн бунханг бэлдүүлж, таалал төгссөнийх нь дараа түүнтэй хамт шар шавраар хийсэн 10 мянга орчим цэрэг, тэрэг, морьдын хөшөөг бунхалж оршуулсныг 1974 онд худаг ухаж байсан азтай тариачин санамсаргүй олжээ. Эдүгээ дэлхийн 8 дахь гайхамшиг хэмээгддэг энэ эртний бунханаас олдсон морьд, цэргүүдээс тухайн цагийн байлдааны арга тактик, цэргүүдийн зэрэг дэвийг олж тогтооход үнэт эх сурвалж болж буй аж. Эдгээр хөшөөг Чаки Чаны тоглосон “Домог” кинон дээр тод харуулдгийг санаж буй биз ээ. Бунханыг одоо хэр гүйцэд нээж задлаагүй, учир нь хоёр мянга гаруй жил газар дор байсан шар шавран барималууд агаарт гарч ирүүтээ даруй өнгөө алдан гандаж, үйрч бутардаг тул хамгаалан бэхжүүлэх илүү сайн технологи хүлээж байгаа гэв.



Нэгдсэн Цинь гүрнийг мөхөөж Хань улс өндийжээ. Хань улсыг өнөө хэр түүхэнд дуурсгаж байдаг зүйл нь Торгоны зам. Өрнө дорныг холбосон уг замаар дамжин торго, шаазан сэлтийг Евразийн эх газар руу зөөж, худалдаа арилжаа, улс төр, соёлын хэлхээ холбоо үүсч байж. Эдүгээ Си Зиньпиний Хятад улс торгоны замыг “дахин нээж” баруун тийш нэвтрэх гурван маршрут төлөвлөөд байгаа. Шинжаан, Төв Азиар дайран Балтийн тэнгист хүрэх нэг, Хятад, Пакистаны эдийн засгийн корридороор дамжин Ойрх Дорнод, Хойд Африкт хүрэх нэг, Хятадын баруун өмнөд нутгаас Мьянмар улс хүрэх замыг тус тус төлөвлөөд буй юм. Энэ жил Хятад, Казахстан, Киргиз гурав хамтран “Торгоны зам: Чан Ань-Тэнгэр уулын корридор”-ыг дэлхийн өв санд бүртгүүлж, аялал жуулчлалын маршрут бас нээжээ.

Торгоны замаар алдаршсан Хань улсаас гадна урлаг уран сайхан цэцэглэн хөгжсөн Тан гүрэн Си Аньд нийслэллэж байсан ба тэр Си Ань дахь сүүлчийн династи болжээ. Энэ үед хятадын түүхэнд хамгийн олон яруу найрагч төрсөн гэдэг.

Ганц гvц дарс л Ли Байд єгчих
Гарцаагvй тэгвэл зуун шvлэг бичнэ дээ
Чан Ань хотын зээл дээр харав уу
Цаадах чинь архины мухлагт зvvрмэглэн сууна уу
хэмээх шүлгэн дэх Чан Ань бол эдүгээгийн Си Ань хот билээ.

Хоёр мянган жилийн тэртээд Энэтхэгээс Хятадад түгэн дэлгэрсэн Буддын сургаал Тан улсын үед оргилдоо хүрэн цэцэглэж байжээ. Энэтхэгийн загварыг дууриалгасан таван давхар, 60 м өндөр “Зэрлэг галууны суварга”-ыг 652 онд байгуулсан, 1300 жилийн түүхтэй, эдүгээ ч зуун зууны гэрч болж Си Ань хотод сүндэрлэнэ. “Баруун этгээдэд зорчсон тэмдгэлэл” дээрх Тансан лам 17 жил явж Энэтхэгээс залж авчирсан ном судраа хадгалах зорилгоор энэ суваргыг бариулсан ажээ.



Хятад улс Соёлын хувьсгалын самуун цагаар олон гайхамшигт дурсгалаа устгасан ч гол гол эд өлгий, өв соёлын зүйлээ хамгаалалтад авч үлдэж чадсан байна. Бидэнд хөтчөөр ажилласан Ян гэгч залуу Си Ань хотын ойролцоох тосгоноос гаралтай, хань үндэстэн. Тэрээр нэг эрэгтэй дүүтэй. Уг нь Янг төрөх үед төлөвлөгөөт төрөлтийн бодлого хэдийнээ хэрэгжиж байсан ч тэр дүүтэй болжээ. Мэдээж тариачин эцэг эх нь 2 дахь хүүхдийнхээ төлөө мөнгө төлж ирсэн. Түүний дүү бол хөдөө нутагт уг бодлого хатуу хэрэгжээгүйн гэрч юм. Залуу Ян хэвлэгч мэргэжилтэй боловч эрх чөлөөтэй учраас хөтчийн ажилд дуртай хэмээн бидэнд өгүүлсэн юм.

Хятад улс суурин иргэншлийг бүтээн байгуулж, түүхийн эх сурвалж, баримтуудыг хадгалж үлдсэн учраас, түүхээ өөрсдийнхөөрөө туурвиж, хятадын иргэншлийн өнцгөөс улс орны бадрал, бутралыг тайлбарлах боломж олгожээ. Иргэншлийн төв нь хятад бөгөөд хязгаар нутаг дахь нүүдэлчин аймгууд бол иргэншээгүй юмуу хагас иргэншсэн хятадын соёлын бүрдэл хэсэг гэсэн нүдээр хардаг энэ өнцөг одоо хэр хэвээр байгаа нь Шаньси мужийн музей доторх үзмэрт ч тусгалаа олсон харагдана. Түүхэн баримт байх нь нэг хэрэг, хэрхэн тайлбарлах нь хүмүүний л хэрэг байдаг учраас монголчууд бид олон оюутныг хятадын сургуульд түүхийн мэргэжлээр сурган үе үеийн түүхчдийг бэлтгэж, хятадын эх сурвалжууд дээр ажиллуулбал нэн тустайсан.