Солонгос профессор пастор Чой Паултай танилцангаа орой зоог барих үед даяаршил, хөгжлийн их хурд, шашны мөргөлдөөн, лалын шашны омогшлын талаар багагүй хуучиллаа. Тэрээр сүнслэг ертөнц, бурхны хаанчлалын талаар Улаанбаатар дахь нэг сүмд ном айлдаад орой нь алжаал тайлангаа олон улсын харилцаа судлаач гээд намайг урьсан юмсанжээ.

Профессор Чой Паулын ярьснаас би дараахи зүйлийг онцлон уншигчиддаа толилуулах гэж байна. Энэ бол хөгжлийн их хурдны тухай сэдэв юм. Энэ бол миний иргэншил хоорондын мөргөлдөөн, даяаршлын тухай лекцүүдэд дурдагддаг сэдэв. Гэхдээ монгол залууст маш сургамжтай хэсгийг нь Чой докторын энгийн жишээгээр дор буулгалаа.

Энэ XXI зуун бол мэдлэг мэдээллийн зуун. Мэдээллийн эрин. Мэдээлэл нь дэлхийн ертөнцийг асар хурдтайгаар нэгдэн нягтрууллаа. Ийм нэгдэл нягтралыг даяаршил хэмэн нэрлэх ба дэлхийд хуримтлуулсан, хуримтлуулж буй мэдлэг мэдээллийг хоёр үе шатаар ангилан авч үзчээ.  Профессор Чой Паулынхаар бол Адамын үеэс дэлхийн II дайн хүртлэх хүн төрөлхтөний хуримтлуулсан олон мянганы тэр мэдлэг мэдээллээс II дайнаас хойшхи 70 орчим жилд хуримтлагдсан мэдлэг мэдээлэл нь илүү их аж.

Хүмүүс хэт завгүй болсон нь эдүгээ хурдтай түгж тархаж буй мэдлэг мэдээллийг гүйцэх, үгүйдээ хол хаягдахгүй байх гэсэнтэй нь холбоотой. Мэдлэгийн цар хүрээний насны богиносолт гэдгийг профессор Чой их өвөрмөцөөр, маш энгийнээс гаргаж ирж тайлбарлав. Жишээ нь 1960 онд ХААИС төгсчээ гэж бодъё, тэр нөхөр тэтгэвэртээ гаран гартлаа санаа амар ажиллаж амьдраад айх аюулгүй өнгөрдөг байж. Өөрийгөө хөгжүүлэх онцын шаардлага тулгарахгүй гэсэн үг. Учир нь мэдлэгийн цар хүрээ урт настай байснаас тэр. 1970 онд техникийн их сургууль төгссөн хүн мөн нэгэн адил өөрийгөө хөгжүүлэх онцын шаардлага гардаггүй байв. Тэтгэвэртээ гартлаа зовлон багатай ажилланаа гэсэн үг. Гэтэл 1980-аад оноос мэдлэгийн нас богиносож эхэлжээ. Амьдралын баталгаа 45 нас хүртэл, цаашаа өөрийгөө хөгжүүлэхгүй бол явахгүй болжээ. Их хурдтай хямрал ойртож буйг 1980-аад он хүмүүст мэдрүүлж өгчээ. 1960 оных 60 хүртлээ, 1970 оных 50 хүртлээ, 1980 оных 45 хүртлээ ажиллаж болдог байсан бол 1990 оны мэргэжилтэн хичнээн онц төгсгөөд 5 жил ажиллав уу үгүй юү, өөрийгөө хөгжүүлэх ацан шалааны өмнө тулж очив оо. Олж авсан мэдлэгийн чинь нас огцом богиносчээ гэсэн үг.     

Эдүгээ хэрэв Та өөрийгөө хөгжүүлэхгүй л бол их сургууль төгсгөөд 10 жил хүрэв үү, үгүй юү ажилдаа гологдож, 7-8 жилийн дараа өөр газар бараадсан нь дээр болдог үе иржээ. Ихээхэн хичээл зүтгэл гарга аа гэсэн үг.

Одоогийн шаардлага юу билээ. Хэрэв Та нэр төртэй ажил олж хийе л гэвэл их сургуулийн дипломоос гадна гүйлгэн ухаантай, пентиумаас өндөр түвшинд хурдтай сэтгэдэг байх шаардлагатай болж байна. Залуу боловсон хүчин гээд нас заагаад байдаг нь цаанаа учиртай. Мэдлэг мэдээлэл хэт хурдтай хөгжиж буй тул шинэ соргог мэдлэгийг хурдан гүйцэж чадах залуу хүнийг нийтээрээ хүсэмжилдэг болсных. Одоо бол 35 нас хүрээ л бол тэтгэвэрт гартлаа яана даа хэмээн зовинодог болсон байна. Хэдий Та бүх чадлаараа сурч хөдөлмөрлөж байгаа ч мэдлэгийн нас дэндүү богино болсон тул гүрийгээд байхаас аргагүй.

Ингээд дэлхий даяараа насан туршийн боловсролын бүтэц тогтолцоо руу орж явчихлаа. Дээр үед бол тогтсон хугацаанд (залуудаа) боловсрол эзэмшсэн бол хангалттай гэж тооцогдож байсан тэр түүх хуучирлаа. Одоо насан туршдаа сурахаас аргагүй болжээ. Сурснаа байнга шинэчлэн, шат ахиулж, байнга шинийг сурч боловсрохоос өөр замгүй.

Мэдлэгийн хувьсгал энэ зууныг нөмөрлөө. Ихээхэн хурдтай идэвхтэйгээр эл хувьсгал өрнөлөө. Эл хувьсгал ашиг тусаас гадна аюул дагууллаа. Маш олон хүн энэ хувьсгалд хөлөө, ухаанаа алдлаа. Эл хувьсгал их хурдаар дэлхий ертөнцийг холбож, маш нарийн холбоосоор хүн төрөлхтөнийг боймлож авчээ. Энэ нь дэлхийн ертөнцийг асар хурдтайгаар нэгдэн нягтруулж, дэлхий аажмаар нэгдэн нэгдсээр нэг тогтолцоотой болох ба хүн ард тэр тогтолцооныхоо эрхшээлд улам бүр орох юм байна. Мэдлэг мэдээлэл нь амьдрал аж төрлийг илүү хялбар дөхөм болгосон боловч илүү түвэгтэй, завгүй, асуудалтай болгожээ. Баригдмал зүйлээс чөлөөтэй болох бус харин ч илүүгээр эрх чөлөөгөө хүлүүлж байна.

Дэлхийн ертөнцийн тогтолцоо даяаршлын дүнд аажмаар бэхжиж, бие даасан хүрээ хязгаар үгүй болж, бүх хүрээ системүүд холбогдож, түүний хараат болжээ. Системийн бүтцэд ороогүй байгалийн цар хүрээ ч хумигдан хумигдсаар алга болно. Дэлхий ертөнц дэх чөлөөт бие даасан байдал огцом буурна. Дэлхийг бүхэлд нь хамарсан ийм тогтолцооны хүрээ улам өргөжсөөр байх хувь тавилан биднийг хүлээж буй хэмээн профессор Чой Паул ярьж байна.

Эндээс уншигчид өөрсдийн дүгнэлтээ хийх хэрэгтэй. Интернэт монголчуудыг төрөл арилжууллаа хэмээн би олонтаа бичсэн дээ. Тэр л нүднээ бууж байна. Та ердөө өөр дээрээ аваад үз. Гэрт чинь тог тасрахад яадаг билээ. Зурагт байхгүй, компьютер таг, цахилгаан шат таг, ус тасраад, ер нь хэцүүддэг дээ. Бүх айл өрх, бүх хүн цэнхэр дэлгэц гэх дөрвөлжин хавтгай өнгөт тэр хайрцгийн өмнө суухгүй л бол болохгүй болчихсон үе шүү дээ. Их дээд сургууль, коллежийн оюутан, ТМС-ийн сурагч, дунд бага сургууль, цэцэрлэгийн ахлах ангийн бүх хүүхэд компьютер, гар утас гэх чөтгөрийн эдэнд ухаан санаагаа бүрэн алдчихаад байгааг бид харсаар байгаа бус уу? Харин энэ утгаар бол Монгол маань мэдээлийн эриний хөлд дайрагдсан дэлхий дээрхи толгой хэдэн жижиг улсын дотор толгой цохиж яваа.  

Баригдмал зүйлээс чөлөөтэй болох бус харин ч илүүгээр эрх чөлөөгөө хүлүүлж байна!