Засаг  унаснаас  хойш  хүмүүсийн  сэтгэлийг  дараагийн  Ерөнхий  сайд  хэн  байх  юм  вэ? гэдэг  асуулт  маш  ихээр  гижигдээд   байгаа  бололтой.

Тэр болвол дээр, энэ  болвол  доор  гээд  тухайн  “нэр  дэвшүүлэгчээ” үсний үзүүрээс  хөлийн  ул  хүртэл  нь  шинжлэн  задалсан хувь хувийн таамаг, тааврыг харин ч  нэг  дэвшүүлж  байна. Харин  ар, өврөөсөө   аймшигтай “хутгалалцан”  шархдаад, бие, бие рүүгээ  өс  зангидан, өширхөн хялалзан  шаналан  хэвтээ  АН-д хэн Ерөнхий сайд байх вэ гэдгээс илүү хэнтэйгээ  эвсэн  дараагийн  засгийн газрыг байгуулах  вэ?  гэдэг  л  хамгаас  чухал  болоод  байгаа  юм. Үүнийг  л  шийдэж  чадах  аваас  Ерөнхий  сайдын асуудал гялс  манас. Яг  үнэндээ  хэн  ч болсон  өөрт  нь  зориулж  угсарсан  жаазан  дотор  л  жайжигнах  болохоор өмнөх засгийн газраасаа,   Н.Алтанхуягаасаа хол  дээр  байж  чадах уу?  Зиа  даа, бараг л үгүй болов уу. Тэгээд  яах  ёстой  билээ.  Давын  өмнө  АН-ынхан шокноосоо  гарах  хэрэгтэй. Маш  хүнд   цохилт  авсан. Хамгийн гол нь урдаас  харсан  өрсөлдөгчдөө  бус  өвөр, хоорондоо нанчилдаад нармайгаа  нээлцчихсэн болохоор  нэн  хорсолтой  байна. Энэ  хорслоо  дарах  хэрэгтэй.  Одоо  тэгээд  энэ  чигтээ  цус  алдаад  үхэх үү,  сэхэх үү  гэдгээ  шийдэж  дээ.  Шийдэх  гол  суббект  Үндэсний  зөвлөлдөх  хороо  өнгөрсөн  баасан  гарагаас  хойш  хуралдаж  байна. Ингэж  хуралдахаас  ч  аргагүй. Энэ  их  ашиг  сонирхолын  зөрчилтэй   болсон  бүлэглэл,  фракцуудынхаа, хэт  амин  үзэл  эгоизмдээ  идэгдэж  ялзарсан  лидерүүдийнхээ  хэн  хэнийх  нь  дур  хүслийг  хангасан  шийдлийг  гаргах  хэрэгтэй  болоод   байна. Дээр  нь  нэмээд  өөрт  ногдох   хувиа  нэхэж,   сэгэн  дээр  овоорсон цөөвөр  шиг  хөсрий   царайлан таг сахиад  шавааралдаж байгаа МАН, МАХН-Шударга  ёс  эвсэл  хийгээд  элдэв  “тэнэмэл”-үүдтэй хэрхэн  зохицохоос цааш  цаашдын  шийдвэрлэх  асуудлууд,  Засгийн  газрын  хувь заяа шалтгаалах  юм.  


Эхийг нь эцээж, тугалыг нь  тураахгүйгээр...

Тэгэхээр  дараагийн  засгийн  газрыг  ийм  зарчмаар  буюу  парламентэд  суудалтай  бүх намуудын  төлөөллийг  багтааж  байгуулахаас  өөр  гарцгүй  болоод  байх  шиг  байна. Үүнийгээ  тэгээд  хэрхэн  нэрлэх  нь  хамаагүй.  Хамгийн  гол  нь  өвөл  эхэлж, төсөв  хэлэлцэж  батлах  хугацаа  тулсан,  эдийн  засаг, санхүүгийн  болон  засаглалын  хямрал  гүнзгийрч  байгаа  болохоор  цаашдаа  улс   орныг  элгээр  нь  бүрмөсөн  хэвтүүлчихгүйн  тулд  хэчнээн  хорсолтой  байсан  ч  хамаагүй  шинээр   байгуулагдах  засгийн  газрын  хөнжилд  улстөрийн  хүчнүүд  үхрийн  бөөр  лүгээ  болж  багтахаас  аргагүй  болж  байна. Урьдын  адил  МАНАН  ч  юмуу,  эсвэл  аль  нэг  хүчинтэй  “даабльдсан” засгийн  газар  байгуулаад  явахаасаа  өнгөрсөн. Ийм  тохиолдолд  дахиад  унана.  Дотроос  ч,  гаднаас  ч  дэгээ  тавиад  алхуулна гэж  гонж.  Магадгүй  Н.Алтанхуягийн  Шинэчлэлийн  Засгийн  газрын  үндсэн  суурийг  нэг  их  өөрчлөхгүйгээр  МАН-ын  төлөөллийг  нэмж   оролцуулсан  засвартайгаар  засгийн  газар  байгуулах  нь  хэн  хэндээ,  аль  алиндаа  ашигтай  хувилбар  байж  мэдэх  юм.  Иймийн  тулд  “давхар  дээл”-ний  асуудлыг  хөндөхгүй  байх  хэрэгтэй  болно. Шинэчлэлийн  засгийн  газрын  бүрэлдэхүүнд  байсан  МАХН-Шударга  ёс  эвсэл,  АН  доторх  МоАХ,  МҮДН-ийн  “давхар  дээл”-тэй  төлөөлөл, статусыг  шинээр  байгуулагдах   засгийн  газарт хэвээр  үлдээх  нь  фракцуудын  зөрчлийг  гааруулахгүйгээс  гадна  Үндсэн  хуулийн  заалттай  зөрчилдөхгүй  байх  сайн  талтай.  Яагаад  гэвэл  УИХ-ын  гишүүн  нь  Засгийн  газрын  гишүүн  байж  болно  гэсэн  заалт  хэвээрээ  байгаа  шүү  дээ.    Засгийн  газрын  танхимыг  УИХ-ын  гишүүн  бус  хүнээр  бүрдүүлэх  нь  зөв  хэдий  ч,  дээрх  заалтыг  өөрчлөхгүйгээр  давхар  дээлийг  тайлах  гээд  зүтгэх  нь  өөрөө  зөрчил,  хямралыг  улам  өгдөөх  болно.   Ажиглаваас  өнөөдөр  бодлогын  гол  дөрвөн  яам, тухайлбал  Хүнс, хөдөө  аж  ахуй,  Гадаад  харилцаа,  Батлан  хамгаалах  яам  МоАХ,  Алтангадас, Мүднякт. Эдийн засаг,сангийн  яам МАХН-Шударга  ёс  эвслийн  төлөөлөлд   хуваарьлагдсан  буй. Шинэчлэлийн  Засгийн  газрын  бодлогоос  огт  өөр  цоо  шинэ  бодлогыг  хэрэгжүүлэхгүйгээс  хойш энэ тэнцвэрийг  хадгалаад,  бодлогын  яамдад  хэрэгжүүлээд  эхэлчихсэн  хөгжлийн  төлөөх  үндэсний  хэмжээний  төслүүдийн  үр  дүнг  үзэхээс  өөр  аргагүй. Тэртээ  тэргүй  хоёр  жил  хүрэхгүй  хугацаанд  шинэ  бодлого   гаргаад   хэрэгжүүлнэ  гэдэг  үлгэр.    

Урагшгүй  ноёнд   ухаангүй  албат

Уначихсан  хойно  нь   хэлж  байгаа   юм  биш.  Үнэндээ  Н.Алтанхуягийн  Засгийн  газар  их  зүйлийг  хийсэн.  Харамсалтай  нь  хэт  задгай  цагаандаж  орхилоо. Ганц  жишээ   татахад  л  Улаанбаатар  хот  өнгөтэй  өөдтэй  болсон  нь,  зам  талбай  цэлийсэн  нь  Н.Алтанхуягийн  зүтгэлийн  үр  дүн  байсныг  Шинэчлэлийн  Засгийн  газрын  пиар  хариуцсан  нөхдийн  мулгуугаас  болоод  Э.Бат-Үүл  хажуугаас  нь  завшчихсан  юм.  Урагшгүй  ноёнд  ухаангүй  албат  заяадаг  гэдгийг   гавьяагаа  бусдад  булаалгаад,  эцэст  нь  огцорсон  хойноо  ч  болов  Н.Алтанхуяг  ойлгож  авч байгаа байх аа. Төрийг  түшмэлийн  сайнд  засагладаг  гэдэг  үгийн  хаагуур  нь   “Онч  мэргэн  үгс”-ийг шүтэж,  цуглуулж  ном  гаргаж  хэвлүүлж  явсан  энэ  хүн   зөрчихсөн  юм  бол  бүү  мэд.  Түүний  зөвлөхөөр   томилогдон  ажиллаж  байсан  эрхмүүдийг  нэг  бүрчлэн  санаад  үзээрэй  л  дээ.  Хаан  шалдан  байна  гэдгийг  хэлэх  нь  бүү  хэл  өөрийнхөө  шалдан  яваа эсэхийг  ч  мэдэхгүй  “сайн  эрчүүд” түүнд  зааж,  зөвлөж  байлаа  л  даа. Хамгийн  наад  захын  жишээ  татахад  Н.Алтанхуягийг  Шинэчлэлийн  Засгийн  газрын  Олон нийттэй  харилцах  албаны  дарга  гэж  ойлгодог  болчихсон  байлаа  шүү  дээ.  Энэ  бүхнийг  дурьдахын  учир  засаглаж    чадахгүй  байгаа  АН-ынханд  Н.Алтанхуягаас  үлдээсэн  нэгэн  сургамж   болог    гэснийх.   

 Нэг урвасан бол насан туршдаа урвана

Хүн  үзэл  бодол,  үнэ  цэнэтэй  зүйлээсээ  нэг  удаа  урвасан  бол  насан  туршдаа  урвах  замаа  эхлүүлдэг  гэдэг.  Тэгэхээр  нэг  удаагийн  урвалт  гэж  байдаггүй  гэсэн  үг.  Энэ  үг  үнэн  болохыг  манай  улстөрчдийн  гайхалтай  замналууд  нотлоод  өгдөг  юм  аа.  Хамгийн  харамсалтай  нь  Монголын  улс  төр  дэх  энэ  олон  Түгжил, Брутуудаас  болж   монгол  хүний  бие  биедээ  итгэх  итгэл  баларч  байна.  Урвалтын  гашууныг  Н.Алтанхуягийн  дараа, дараагийнх  ч  амсах  байхаа. АН-ынхандаа,  танхимынхандаа  хэчнээн  найдсан  байсныг,  сүүлчийнхээ  амьсгалыг  татах  хүртлээ  гэдэг  шиг  л  Н.Алтанхуяг  огцорч   буйг  нь  илтгэсэн  УИХ-ын  санал  хураалтын  дэлгэц  дээрх тоо  руу  найдвараа  үл  алдан  ширтэж  байсан  тэр  төрх  хэлээд  өгөх  буй  за. Үндсэндээ  энэ  удаа  түүнийг  сөрөг  хүчнийнхэн  бус  намынх  нь  нөхөд, гурван  сайд  нь  огцруулчихлаа. З.Энхболд түүний Шонхор фракцынхан урваагүй бол, Д.Ганхуяг,  С.Эрдэнэ, Д.Улаан гурав  танхимаа  аваръя  гэж  бодсон  бол  аваад  л  үлдэх  байсан. Гэвч тэд  цагаа тулахад Н.Алтанхуягийнхаа   араас  нь  “хутгалаад”  хаячихлаа.  Тэд  өөрсдийгөө  Ж.Батзандан, Арвин,  Д.Батцогт,  М.Зоригт  нарын  нэг  намаас  нөгөө  намын  хөнжил  дамжсан  улстөрийн  “биеэ  үнэлэгч” нартай  адилхан  стандартынх  гэдгээ  харууллаа.  Тийм  ч  учраас  хээвнэг  “Намаас  хөөвөл  хөөнө  л  биз. Дараагийнх  руу  яваад  өгнө өө. Ингээд  сурчихсан  юм” гэдэг үгийг  урвагч  хүн  хэлж чаддаг  ажээ. Магадгүй  энэ  болж  буй  үйл  явдлыг  ардчиллын  байдаг  л  зарчим  гэж  тайлбарлах аваас   урвагчидтай  огтхон ч  холбоогүй  юм аа. Тэд  цаашдаа ч урвасаар  байх  болно.  

Монголын улс төр дэх Эбола вирус

Шинэчлэлийн  Засгийн  газрын  унасан  үйл  явдал  чухамдаа  Монголын  улс  төрд Н.Энхбаяр  шиг  хүчирхэг,  нөлөөтэй,    хүссэнээрээ  тонгочиж   чаддаг  улстөрч  нэгээхэн  ч  үгүй  болохыг  яруу  тодоор  дахин  нотоллоо. Агуу  гэхээс  өөрөөр  яахав.  Тэр  бол  үнэхээр  терминатор  лугаа  юм.  Оймсыг  нь  гозолзуулаад  ч,  шоронд  суулгаад  ч  дарагдаггүй  жинхэнэ  “сайн  эр”.  Угтаа  тэрбээр  гэмт  хэрэгтэн  хүн  шүү  дээ.  Ерөнхийлөгчийн  өршөөлөөр  суллагдаад  эдүгээ  харь  улсад  амьдарч  байгаа  атлаа  Монголын  улс  төрийг  “базаж” байна. Түүнд  манай  сул  улстөрчид  ёстой  л  нам  харгалзахгүй  “базуулж” байна.  Н.Энхбаяр  бол  Монголын  улс  төр  дэх  Эбола  вирус  юм  гэнэ.  Нэг  л  өглөө  Буянт-Ухаад  буусан  туранхай  шар  өвгөн   нэг л  өглөө  буцахдаа  Монголын  улс  төрийг  хярамцаг  болгочихоод  нисээд  одддог  байгаа. Н.Алтанхуягийн  амьдралаар  нь  хөнгөхөөн  тоглож,  хүүрнэн  өгүүлээд  буцлаа  шүү  дээ. Түүнд  үнэхээр  агуу  ховсдогч  чанар  байх  шиг  байна.  Хэзээ  ч  эвлэршгүй  “дайсан”-тайгаа, тэр  тусмаа  өөрсдөө  Монголын  гамшиг  гэж  үзэж  яллаж,  шийтгэсэн  хүнтэйгээ   Ерөнхий  сайд  атлаа  Н.Алтанхуяг  тэврэлдэн  нэг  эвсэл  болно гэдгээ  зарлаад  хамтын  ажиллагааны  гэрээ  байгуулаад  зогсож  л  байсан  юм  даа. Тиймээ  зогсож  байсан. Тэгээд  санасандаа  хүрч,  сарвайснаа  буртагласан  хойноо “Баяртай.  Энэ  бол  тийм  ч  чухал  ач  холбогдолтой  гэрээ  биш  юм. Болиулсан  ч  болно. "гэж бахтайгаар  хэлээд  явчихаж  байгаа  юм. Үнэндээ  Алтанхуягаа  чи  ингээд  энэ  гэрээтэйгээ  зууралдаад  үх  гэж  хэлсэн  санааг  нь гэнэн  цагаан  сайд  маань  өнөө л нэг  ухаж  байх  шиг  байна, харамсалтай  хэрэг  шүү. Шинэчлэлийн  Засгийн  газар  унасан  үйл  явдал  бүхэлдээ  инээдтэй  хийгээд  эмгэнэлт  жүжиг байлаа. Жүжиг хамгийн гол нь сургамж үлдээдэг юм.