ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн газрын мэргэжилтэн, металлургийн инженер Ш.Лхагвадорж: Монгол Улс байгалийн шалгарлыг давж үйлдвэржиж чадахгүй бол дэлхийн хөрснөөс арчигдана

ҮХААЯ-ны хүнд үйлдвэрийн газрын мэргэжилтэн, металлургийн инженер Ш.Лхагвадоржтой ярилцлаа. Тэрээр өргөн мэдлэгтэй нэгэн билээ. Тиймээс Монгол Улс байгалийн хуулинд сөхөрч, дэлхий нийтийн хөгжлөөс хоцорч арчигдахгүйн тулд зайлшгүй үйлдвэрлэгч орон болох шаардлагатай. Үүний тулд хэрхэх ёстой тухай болон зориулалт, хэрэглээг нь мэдэхгүйн улмаас ялгаж авч чадахгүй экспортолсоор байгаа рений, фтор зэрэг элементийн тухай ярилцсан юм. Түүний ярилцлага уншигч танд мэдлэг өгч, нэгийг бодогдуулах биз ээ.



-Геологичид Монгол Улсад хэрэгтэй зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалын судалгааг хийж, нилээд хэдэн ордын нөөцийг нь тогтоож өгсөн. Харин бид уг нөөц боломжиндоо тулгуурлан хөгжилд хүрэх, дараагийн шатанд гарахын тулд таны бодлоор хэрхэх ёстой вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?  
-Геологийн бүтээгдэхүүн нь дараагийн шатанд үйлдвэрийн түүхий эд болдог. Геологичид зэс, нүүрс, төмөр гээд шаардлагатай ашигт малтмалын судалгааг хийж, нөөцийг нь тогтоож өгсөн. Гидрогеологийн түвшинд усны нөөц тогтоож байна, социализмын үед ч хийгдсэн ажлууд бий. Үйлдвэрлэл явуулахад шаардлагатай газар, түүхий эд, ус гээд бүх зүйл бидэнд байна. Тэр ч байтугай сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хийсэн геологи хайгуулын судалгаагаар манайд атомын цахилгаан станц, цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд ашигладаг бүх нөөц байдгийг тогтоосон. Манай улс дэлхийн ураны нөөцийн нэг хувийг бүрдүүлдэг гэж ярьдаг шүү дээ. Үүнээс харахад үндсэндээ геологичид хийх ёстой ажлаа хийгээд түүхий эд бэлдээд өгчихлөө. Харин дараагийн шатны ажлаа хийх гэхээр хөрөнгө оруулалт хэрэгтэй болж байна. Гэтэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг нийгмийн зүгээс эсэргүүцээд байна. Ардчилсан нийгэмд бид бүх талын байр суурийг сонсох ёстой ч дараагийн шатанд гарах шаардлагатай юм.

Өнөөдрийн хэрэглээний түвшинд бидэнд хангалттай хэмжээний зэс үйлдвэрлэх нөөц байгаа ч бид зэсийн үйлдвэрлэл гэдэг зүйлээ ойлгохгүй, төсөөлөхгүй байна. Урьд нь бидэнд зэс, молибдений ганцхан Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр байсан бөгөөд Оюутолгой ордын тухай таамагтай л байлаа. Харин өдгөө бид зэстэй боллоо. Байгаа нөөц боломж болон цаг хугацаагаа харсан ч бид үйлдвэржилтэд шилжих ёстой. Үйлдвэржих гэдэг нь зайлшгүй хийх ёстой зүйл хэдий ч уг ажлыг хэрхэн эхэлж, газар нутгийнхаа хаана нь ямар төрлийн үйлдвэр барих вэ гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж бид цахилгааны найдвартай эх үүсвэртэй болохын тулд эрчим хүчний үйлдвэр байгуулах шаардлагатай. Цахилгаан үйлдвэрлэх түүхий эд болох нүүрсний нөөц өвөг дээдсийн минь буян, геологичдийн хөдөлмөрийн үр шимээр өөрсдөө хэрэглээд хөрш орондоо худалдахаар хангалттай хэмжээнд байна. Тиймээс юуны өмнө цахилгаан эрчим хүчний үйлдвэр байгуулах ёстой. Үүний тулд цахилгааны хэрэглээнээс шалтгаалаад уг үйлдвэрийг хаана, ямар хүчин чадалтайгаар, ямар дэс дарааллаар барих асуудал яригдаж байна. Түүнчлэн манайх шиг дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай оронд цахилгаанаас гадна дулаанаар хангадаг үйлдвэр хэрэгтэй болдог. Хэрэв Тавантолгойн уурхайг түшиглэн зөвхөн цахилгаан үйлдвэрлэдэг станц байгууллаа гэхэд эдийн засгийн хувьд хэр зэрэг үр ашигтай байх вэ, уг станцыг бид бүрэн дүүрэн ашиглаж чадах уу гэсэн асуулт урган гарч байгаа юм. Тиймээс шаардлагатай газар нь цахилгаан станцаа байгуулаад түүн рүү нүүрсээ тээвэрлэх үү, эсвэл Тавантолгойн цахилгаан станцаас эрчим хүчээ зөөсөн нь ашигтай юу гэдгийг шийдэх хэрэгтэй л дээ.

-Гэхдээ тээвэрлэлтийн зардал, цаг хугацаа хэмнэх байдлаа тооцож үзсэн ч цахилгаан станцыг суурин газар байгуулвал илүү ашигтай биз дээ?
-Дэлхий нийтийн ерөнхий чиг хандлага болоод бидний туулж өнгөрүүлсэн 50, 60 жилийн туршлагыг харахад үйлдвэрийг дагаж хот суурин босдог гэдгийг бид хэдийнэ ойлгож мэдэрсэн. Үүний тод жишээ бол Дархан, Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр зэрэг хотууд юм. Хот сууринд амьдрах иргэдээ дулаанаар хангахын тулд үйлдвэр байгуулах гэж буй газраа дулааны цахилгаан станц байгуулдаг арга бол дэлхий нийтийн сонгодог жишиг. Гэхдээ цахилгаанаа бүрэн хэмжээнд үйлдвэрлээд түүгээрээ усаа халаагаад суурин газрыг дулаанаар хангадаг техникийн шинэ шийдэл байж болно. Тиймээс судалгаа хийх хэрэгтэй ч өнгөрсөн жилүүдийн туршлагаас харахад дулааны цахилгаан станцыг хот дотор барих нь манай орны хувьд хамгийн зөв шийдэл. Цахилгааны хувьд бол ийм арга зам байна.

-Эрчим хүч үйлдвэрлэх гол түүхий эд болох нүүрсний нөөц манайд хангалттай хэмжээнд байна. Нүүрснээс өөр ямар бүтээгдэхүүн гаргаж авах боломж бидэнд бий вэ?
-Шинжлэх ухааны дэвшлийн үрээр нүүрснээс бензин гаргаж авч байгаа. Мөн нүүрсийг эрчим хүчний зориулалтаар шатаахаас гадна хий болгон хувиргадаг. Түүнчлэн нүүрснээс дотоод шаталтын хөдөлгүүрийн түлш гаргах, хий болгон хувиргах явцад бидний өдөр тутмын ахуйн хэрэглээнд ашиглагддаг синтетик материал, гутлын улны резинээс эхлээд нийлэг материалтай хувцас, чиний зүүж буй нүдний шилний рам гээд олон зүйлийг хүн төрөлхтөн химийн аргаар гаргаж авч хэдийнэ сурсан. Тиймээс бидэнд нүүрсийг гүн боловсруулах аргыг сурах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Бид дотоодынхоо хэрэгцээнд тулгуурлан нүүрсийг шингэрүүлэх, хийжүүлэх үйлдвэр барихад эдийн засгийн хувьд ашигтай ажиллах бүрэн боломж бий. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гэж асар том бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байна. Уг аж үйлдвэр ажиллаж эхэлснээр Улаанбаатар хотын шүдний өвчин болж, Эрдэнэт, Дархан хотуудад бага хэмжээгээр нүүрлэж эхлээд байгаа хорт утаа, угаарын асуудлыг нүүрсийг хийжүүлж хортой элементээс нь цэвэрлээд шатдаг хий болгож ашигласнаар шийдэх бүрэн боломжтой юм. Улмаар монголчууд эрүүл амьдрах нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр нүүрсийг шингэрүүлэх, гүн боловсруулах чиглэлийн аж үйлдвэр нь нэгдүгээрт, биднийг эрүүлжүүлэх ач холбогдолтой юм байна. Хоёрдугаарт, бидний эргэн тойронд байдаг химийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн болох хуванцар материалтай эд юмсыг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэх давуу талтай.

-Бид үйлдвэрлэгч улс болохын тулд хамгийн түрүүнд юуны үйлдвэр байгуулах шаардлагатай вэ?
-Орчин үеийн үйлдвэрлэлийн үндсэн материал нь ган. Хувцас үйлдвэрлэсэн ч, хөнгөн цагаан, зэс олборлосон ч, цахилгаан станц барьсан ч ган хэрэгтэй болдог. Бид ганг халбага, сэрээ төдийхнөөр төсөөлдөг ч үнэндээ бидний эргэн тойронд байгаа ахуйн хэрэглээний бүх зүйлийг дүрсээ өөрчилсөн гангаар хийдэг юм. Тухайлбал, суудлын автомашиныг баримжаагаар 800кг жинтэй гэж бодоё. Тэгвэл түүний 100кг нь хаймар, пластм зэрэг материалаас тогтдог бол 700кг нь гангаас бүрддэг. Ширмийг цутгаж мотор болгож, листийг нугалаад ган обуд болгон хувиргадаг юм. Геологичдийн өрмийн машины дугуйнаас бусад эд ангийг гангаар хийдэг. Үүнээс харахад 200 жилийн тэртээгээс хүн төрөлхтөний амьдрал ахуйд асар их нөлөө үзүүлсээр ирсэн гангийн үүрэг өнөөдөр ч гэсэн хэвээрээ байгаа. Тиймээс ган нь өнөөгийн соёл иргэншлийг тодорхойлсоор байна. Орчин үеийн техникийн шийдэл болсон компьютер, техник технологи, харилцаа холбооны хэрэгслийн цаад суурь нь ган байдаг. Орчин үеийн бүх электрон тоног төхөөрөмжийн дотор хагас дамжуулагч байдаг. Уг хагас дамжуулагчийг хийдэг цахиур, германи гэх төрлийн элементүүдийг цэврээр нь гаргаж авах технологи нь металлургийн технологи дээр үндэслэсэн байдаг.

1840-өөд оноос эхэлсэн аж үйлдвэрийн хувьсгал, 1850-аад оноос эхэлсэн шинжлэх ухаан техникийн хувьсгал бүгд гангийн үйлдвэрийн хөгжилтэй уялдаа холбоотой байсан. Тиймээс бид үйлдвэржилтийг бий болгоё гэвэл гангийн үйлдвэр, нүүрснээс эхлэх ёстой гэсэн асуудал зайлшгүй гарч ирж байгаа юм. Харин үүнийг ямар хэлбэрээр байгуулах вэ гэдэг нь дахиад судалгааны субьект болно.

-Ганг хэрхэн гаргаж авдаг вэ?
-Ганг төмрийн хүдрээс гаргаж авдаг. 1840-өөд оноос аж үйлдвэрийн хувьсгал эхэлсэн бөгөөд хүн төрөлхтөн 1950-аад онд кокс ашиглан төмрийн хүдрээс ган гаргаж авчээ. Ийнхүү маш өндөр чанартай ганг их хэмжээгээр гаргаж авах боломжтой болсноор дэлхий нийт ганг ахуй амьдралдаа ашиглан багаж техникээ сайжруулсанаар аж үйлдвэр хөгжсөн юм. Өмнө нь кокс ашиглан ширэм гаргаж авдаг байсан ч тэр нь хагарч бутардаг тул хэрэглээний хувьд таатай байгаагүй. Тиймээс төмрийн хүдрийг кокс ашиглан домен зууханд хайлуулж ширэм болгоод түүнийгээ хүчилтөрөгчийн конверторт ган болгон хувиргадаг. Үүнийг дэлхий нийт коксын металлург гэж нэрлэдэг. Харин нөгөө арга нь төмрийн хүдрийг баяжуулаад байгалийн хий болон нүүрсийг ашиглан шууд ангижруулсан төмөр гаргаж авдаг. Улмаар шууд ангижруулсан төмрөө цахилгаан зууханд хайлуулан ган болгон хувиргадаг. Үүнийг коксгүй металлургийн арга гэж нэрлэдэг. Уг нь хаягдал төмрийг ашиглан ган гаргаж авдаг ч манай орны хувьд одоогоор ач холбогдолгүй болчихоод байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр энэ порцессыг ашиглаж байгаа. Хаягдал төмрийг хэрэглэхгүйгээр төмрийн хүдэр ашиглан гаргаж авч буй гангийн 90 хувийг нь коксын металлургийн арга буюу домен зуух хүчилтөрөгчийн конвертороор гаргаж байна.

Дэлхий нийт кокс ашиглан домен зуухнаас ган гаргаж авдаг аргыг эрт эхэлсэн учраас хоцрогдсон гэж ойлгодог. Коксгүй металлургийн арга нь маш сайн чанарын төмрийн хүдэр ашигладаг байхад домен зуух буюу коксын металлургийн арга нь хамгийн муу чанартай төмрийн хүдрийг ч сайн чанарын ган болгож чаддаг онцлогтой. Мөн техник технологийн шийдлийг бүрэн шийдсэн, өртөг багатай гэдгээрээ илт давуу юм. Тодруулбал, уг арга нь эдийн засгийн хувьд 30 хувь хэмнэлттэй, хямд байдаг. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэр шууд аргаар нэг тонн арматурыг 100 ам.доллараар гаргаж авдаг байлаа гэхэд домен зуух ашиглавал нэг тонн арматурыг 70 ам.долларын зардлаар үйлдвэрлэнэ гэсэн үг юм. Домен зуух нь эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээс гадна өөр олон талын ач холбогдолтой.

-Домен зуухнаас ган гаргаж авах нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй ч гэлээ сул тал гэж байх уу?
-Домен зуухны сул тал нь сайн чанарын коксжих нүүрс хэрэглэдэгт байгаа юм. Гэтэл дэлхийн металлургийн үйлдвэрт коксжих нүүрсний хомсдол нүүрлээд байна. Гэхдээ коксжих нүүрсний хомсдол одоо л хүндрэл болж буй хэрэг биш өмнө нь ч байсан л зүйл. Тиймээс коксжих нүүрсний хэрэглээг багасгахын тулд шинжлэх ухааны судалгаа хийж, техник технологийн шийдэлд хүрсэн зүйлс бий. Харин манай орны хувьд дэлхийн зах зээл дээр гаргах хэмжээний чанартай коксжсон нүүрс болон төмрийн хүдрийн нөөцтэй. Олон нийтэд мэдээлэхгүй байгаа болохоос биш нүүрсний орд бүрт тодорхой хэмжээний коксжих нүүрсний нөөц байдгийг геологичид маш сайн мэдэж байгаа. Тавантолгой, Хөвсгөлийн Овоот, Хотгорын орд гээд манай нүүрсний бүх орд тодорхой хэмжээний коксжих нүүрсний нөөцтэй. Тиймээс бид энэ давуу талаа ашиглан гангийн үйлдвэр байгуулах бүрэн боломжтой юм. Түүнчлэн кокс үйлдвэрлэх явцад түүнээс ялгарсан хийн дотроос өнөөгийн хүн төрөлхтөний ашигладаг 500 төрлийн бодис ялгардаг. Энэ нь хичнээн хэмжээний кокс үйлдвэрлэхэд ямар хэмжээнд ашигтай ажиллах вэ гэсэн асуудал болохоос биш нүүрс хийжүүлэхээс илүү ашигтай үйл явц юм. ЗХУ 1927 онд каучукийг коксын үйлдвэр байгуулснаар гаргаж авсан. Тухайн үед капиталист орнууд каучукийн үйлдвэрлэлийг хяналтандаа авч Оросуудад олддоггүй байж. Харин Оросын эрдэмтэд өөрийн орны каучукийн хэрэгцээг хангахын тулд судалгаа хийснээр коксжих үйлдвэрээс гарсан бодисыг дахин боловсруулж каучук гаргаж авсан байдаг. Мөн гоо сайхны бүтээгдэхүүн, аналгин, аспирин зэрэг эмийг хүртэл коксноос гаргаж авдаг юм. Гэтэл манай бизнес эрхлэгчид энэ талаар ямар ч ойлголт, мэдлэггүй. Харин манай мэргэжилтнүүд бага сага гадарладаг ч хамтарч ажиллаж, зөвлөгөө өгч буй гадны мэргэжилтнүүд бидэнд бүрэн дүүрэн мэдээлэл өгдөггүй.

-Дэлхий нийт жилд ямар хэмжээний ган хэрэглэдэг вэ?
-Дэлхий дахинд хамгийн их хэрэглэгддэг зүйл нь цемент бөгөөд нэг жилд гурав гаруй тэрбум тонныг ашигладаг. Харин жилд 1.4 тэрбум тонн хэмжээтэй ашиглагдаж буйгаараа ган хоёрдугаар байранд орно. Гэтэл цемент үйлдвэрлэхэд мөн л ган хэрэгтэй. Баяжуулах үйлдвэрт нэг тонн хүдрийг нунтаглахад ойролцоогоор 1.5-2кг ган хэрэглэдэг. Тэгэхээр 100 сая тонн хүдэр нунтаглахад 1-2 сая тонн ган ашигладаг гэсэн үг юм. Ган нь зөвхөн нүүрстөрөгч, төмөр хоёрын нэгдэл биш. Гангийн шинж чанарыг бүрдүүлэхийн тулд төрөл бүрийн химийн элемент нэмдэг. Тухайлбал, ганг зэвэрдэггүй болгохын тулд найрлаганд нь хром нэмж өгдөг бөгөөд хром нь Монголд байна.

-Харин вольфрамыг ганг ямар шинж чанартай болгохын тулд найрлагад нь нэмдэг вэ?
-Ганг зорж, зүсдэг багаж хийхэд вольфрамыг ашигладаг. Манайд вольфрам байна. Төв аймгийн Баянчандманьд орших Цагаандавааны вольфрамын ордыг социализмын үед Унгаруудтай хамтарч ашиглаж байсан. Мөн Төв аймгийн Баянжаргалан, Ховд аймгийн Булган, Дуут зэрэг сумдаас “нинжа” нар вольфрамыг гар аргаар чулуу хэлбэрээр гаргаж, миний сонссоноор нэг тонныг нь 80 мянган төгрөгөөр худалдаж байгаа гэсэн. Үүнээс харахад бид ямар их үнэ цэнэтэй ашигт малтмалаа хяналтгүй олборлож, алдаж байгаагаа мэдэхгүй байгаа хэрэг. Вольфрамыг боловсруулахаар кобальт, ниоби гардаг юм.

-Харин молибденийг ямар тохиолдолд ганд ашигладаг юм бол?
-Ер нь молибдений оролцоогүй ган тун ховор. Автомашины тахир гол, тэнхлэгт молибденийг хром, никельтэй хамт ашигладаг. Хэрэв гарын хуруу шиг хэмжээтэй гол төмөрт молибден хийхгүй бол хэмжээ нь хоёр дахин том байх байсан. Мөн өрмийн машинаар жишээ авахад газрын гүн рүү өрөмдөх үед 100м тутамд градус 3°С-ээр нэмэгддэг. Тэгэхээр 4000м-ийн гүнд өрөмдөхөд асар халуун температуртай болно биз дээ. Тиймээс тэр их гүн рүү өрөмдөх өрөм болон хий дамжуулах халуун хүйтэнд тэсвэртэй хоолойг молибденгүйгээр хийж болдоггүй юм.

-Бид экспортолж буй ашигт малтмалаа ангилж, агуулагч бодисыг нь ялгаж чаддагүйн улмаас үнэгүйдүүлсээр байгаа тухай та ярьж байсан. Тухайлбал, молибдентэй хамт ямар бодис байж болох вэ?
-Бид Эрдэнэт үйлдвэрийг ашиглаад 36 жил болж байна. Энэ хугацаанд зэс, молибдений концентрац гэдэг зүйлийн тухай л ярьсаар сууна. Гэтэл уг молибдений концентрацид рений гэдэг элемент байнга дагалдаж явдаг гэдгийг ихэнх хүн мэддэггүй. Үнэндээ рений нь молибденд агуулагдаж явдаг зүй тогтолтой байтал бид уг элементийг огт ярьдаггүй шүү дээ. Магадгүй социализмын үед бүх зүйл хатуу чанга хаалттай байсан учраас энэ тухай ярьдаггүй байсан байж болох ч бидэнд энэ талын мэдлэг алга. Хэрэв рений гэдэг элемент байгаагүйсэн бол сансрын уудамд аялдаг хөлөг, тив алгасан нисдэг онгоц, батлан хамгаалах, цэрэг дайны зориулалтаар ашиглаж буй цөмийн зэвсгийг тээвэрлэдэг том пуужин гэж байх боломжгүй байлаа. Ийм үнэ цэнэтэй рений гэх элементийг бид юунд хэрхэн ашигладгийг нь мэдэхгүй өнөө хэр нь молибдентэй хамт гаргасаар байгаа нь харамсалтай.

-Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн молибденд хичнээн хэмжээний рений агуулагддаг юм бол?
-Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрээс жилд 4000 орчим тонн молибдений концентрац гардаг бөгөөд үүнд нэг тонн рений агуулагддаг. Рений бол газрын ховор элемент /ГХЭ/. Манайхан ховор элемент ангилалд багтах бүх элементийг ГХЭ гэж нэрлэдэг. Үнэндээ ховор элементийг хөнгөн, өндөр температурт хайлдаг, сарнимал, ГХЭ, радио идэвхт ховор элемент гэж тав ангилдаг бөгөөд рений нь өндөр температурт хайлдаг ховор элемент болон ГХЭ-д хамаардаг.



-Олон улсын зах зээл дээр нэг тонн рений ямар үнэтэй байдаг вэ?

-2012 онд дэлхий нийт 53тн рений хэрэглэсэн гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр ренийгийн үнэлэгдэх үнэ асар их, бараг олон улсын нууцын зэрэглэлд хамаардаг зүйл. Би рений нь молибденд агуулагддаг зүй тогтолтой гэж хэлсэн дээ. Тэгэхээр Эрдэнэт төдийгүй Оюутолгойн молибденд рений бий. Мөн Сүхбаатар аймагт орших миний сонссоноор ашиглаад хоёр жил болж байгаа, 100 хувь хятадын эзэмшлийн молибдений ордод ч рений байгаа. Мөн Цайрт минералс ордын молибденд ч рений бий. Молибден байгаа газарт рений заавал агуулагддаг.

Сүүлийн 4-5 жилд бид евростандарт гэж ярих дуртай болж. Евростандартын бензин хэрэглээд дөрвөн жил гаруй хугацаа өнгөрч байна. Нефтийг нэрэх, боловсруулах явцад химийн урвал явагдаж байдаг. Уг урвалын хурдыг тохируулахын тулд катализатор хэрэглэдэг. Тиймээс евростандартын бензин гаргаж авахын тулд ренийгээр хийсэн катализатор ашиглах шаардлагатай юм.

-Ренийг өөр юунд ашигладаг вэ?
-Пуужингийн хөдөлгүүрийг ренийгээр хийдэг. Нэг ёсондоо титаны хайлшийг өнгөлж байгаа хэрэг. Пуужингийн түлшинд бидний 40-50 жил олборлож байгаа жонш агуулагддаг юм шүү дээ. Харин онгоцны хөдөлгүүрийг титан никель, хромын хайлшаар хийгээд ренийгээр бүрдэг. Жоншноос пуужингийн түлш хийдэг фторыг ялгаж авдаг. Уг фтороор хийсэн түлшний савыг агуулж, шатаадаг савыг ренийгээр хийдэг. Харамсалтай нь ренийгээс өөр фторыг агуулж, шатаах сав дэлхий дээр алга. Фторыг 80°C-аас доош температурт молибденд хадгалж болно. Пуужингийн түлш шатахдаа 3000°С үүсгэдэг. Энэ өндөр температурт ренийгээс өөр тэсэх бодисоос бүтсэн сав байхгүй. Дэлхий нийт жоншноос гаргаж авсан фторын 70 орчим хувийг метталургийн салбарт, 20 орчим хувийг нь химийн үйлдвэрт, үлдсэн хэсгийг нь пуужингийн түлшинд ашигладаг.

-Гэтэл ийм чухал рений, жоншны хэрэглээг бид мэдэхгүй, экспортолдог нь харамсалтай юм.
-Шүд угаадаг оонд фтор бага хэмжээгээр агуулагддаг. Фтор нь цэврээрээ цайвар шаргал өнгөтэй хий байдаг бөгөөд тасалгааны температурт төмрийг ч шатаадаг, хүчтэй исэлдүүлэгч юм. Үнэртэй ус, хөргөгчинд агуулагддаг фторыг сүүлийн үед ашиглахыг хорьсон. Учир нь азоны давхаргыг цоолдог учраас тэр. 
 
-Манайхан рений хэмээх ховор элементийн судалгааг хийж эхэлсэн үү?
-Тодорхой түвшинд яригдаж байгаа зүйл бий. Уг нь молибденээс ренийг ялгаж авахад хүндрэлтэй зүйл байхгүй, Монголын мэргэжилтнүүд хийж чадна.

-Тэгэхээр бид одоо хэрхэх ёстой вэ?
-Ер нь геологийн эрэл хайгуулын ажлыг тодорхой зорилготой болгох шаардлагатай байна. Аливаа шинэ техник гарч ирэхэд шинэ материал заавал шаарддаг. Дэлхийн II дайны дараа АНУ, ОХУ хоёр хэн нь хүчирхэг вэ гэдгээ батлахын тулд өндөр хурдтай сөнөөгч онгоц бүтээхээр ширүүн өрсөлдсөн. Байлдааны онгоц нь асар өндөр хурдтай байдаг бөгөөд уг хурд нь маш бат бөх материалыг шаарддаг. Тиймээс уг тэсвэртэй материалыг бид бурхан биш учраас зохиож чадахгүй нь ойлгомжтой. Харин эх дэлхий, газар шороонд оршин буй эрдэс баялаг, материалаа ашиглахаас өөр аргагүй юм. Ингэж судалсаар титаны хайлшийг нээсэн бөгөөд геологичиддоо титан ол гэдэг даалгавар өгсөн байдаг. Үүнтэй адил бид шинэ зүйл эрэлхийлэхгүй бол нэг талаараа геологичид хайхгүй, хийх ажилгүй болж байна. Нефть, нүүрс, төмөр, зэс, алтыг чинь олоод өгчихлөө, энийгээ ашиглаж чадахгүй байж дахиж өөр юу хайлгах гээд байгаа юм бэ гэнэ шүү дээ. Тиймээс төрөөс геологийн эрэл хайгуулын ажлын зорилгыг маш тодорхой зорилттой болгож өгөх хэрэгтэй байна.

-Компьютерийн эрин зуунд олон төрлийн шинэ ашигт малтмалыг ашигладаг байх. Энэ тухайд мэдээлэл өгнө үү?
-Хүний үйл ажиллагааны цар хүрээ өргөжихийн хэрээр хими, физик, математикийн шинжлэх ухаанд тулгуурласан зүйлс хэрэглээнд нэвтэрч нэр төрөл нь олширч байна. Гэсэн хэдий ч материалын технологи нь металлургийн технологи дээр суурилдаг юм. Тухайлбал, хүн төрөлхтөн хагас дамжуулагчийг хэрэглээд 67 жил болж байна. Уг хагас  дамжуулагчийн үндэс нь цахиур гэдэг элемент байдаг. Цахиур бол дэлхий дээр хамгийн их тархсан нэгдэл. Цахиурын ислээс бүх төрлийн ган хайлахад хэрэглэдэг төмөртэй цахиур гаргаж авдаг. Уг цахиур нь металл биш ч дэлхий нийт металл цахиур гэж нэрлэж хэвшсэн. Төмөр холилгүй гаргаж авсан металл цахиур дээр жоншноос гаргаж авч байгаа фторт устөрөгчийн хүчлээр бусад элементийг нь уусгаж цэвэршүүлэн цахиурыг дахин талстжуулан гаргаж авдаг. Үүнийгээ маш нарийн хайлуулж компьютер, ухаалаг технологид ашиглаж буй хагас дамжуулагчийг гаргаж авдаг юм. Бидний өдөр тутмын хэрэглээндээ ашиглаж буй бүх бүтээгдэхүүн Менделеевийн 108 элементээс бүрддэг. Уг 108 элемент Монголын газар шороонд бүгд байна. Гол нь үүнийг хэрхэн юунд ашиглахаа бид мэдэхгүй байгаад гол асуудал нь байгаа юм.

-Сүүлийн үед ванади нь дэлхий нийтийн сонирхлыг ихээхэн татаж байна. Ванадийг юунд ашигладаг вэ?
-Ванади нь гангийн механик шинж чанарыг нэмэгдүүлдэг бөгөөд үйлчлэлийн хувьд молибдентэй төстэй. Угтаа бол барилгын салбарт 16-ын диаметртэй арматур төмөр ашиглах ёстой байхад ванадийг нэмснээр 8-ын арматур хэрэглэх боломжтой болдог. Ган гэдэг зүйл уян хэрнээ бат бөх чанартай. Молибдентэй ганг амархан хайлуулж болж байхад харин ванадитай ган илүү бат бөх болдог онцлогтой. Гэхдээ зэвэрчих гээд байдаг талтай.

-Дотоод шаталтын хөдөлгүүрээс арай өөр төрлийн хөдөлгүүр бий болсон гэсэн. Тухайлбал, тогоор ажилладаг батерейны шийдлийн тухай танд сонсож судалсан зүйл бий юу?
-Дахин цэнэглэгддэг батерейнууд кадми, лити хоёроос тогтдог. Тиймээс геологичид үүнийг эрж хайх ёстой.

-Тэгэхээр бал чулууны асуудал хэрхэх вэ?
-Манайд бал чулуу бий. Компьютерийн схемийг зэсээр хийхэд өртөг ихтэй, төвөгтэй байсан учир 1980-аад оны үед бал чулуугаар орлуулж болох юм гэдэг санааг нээжээ. Энэ нь одоогийн нано технологийн үндсийг тавьсан хэрэг юм. Бал чулууг тодорхой талст түвшинд хүргэхээр атомын ганцхан зузаантай болж илүү хөнгөн болдог. Тэгэхээр нано технологи судалгааны түвшинд явж байгаад одоо амьдралд хэрэгжиж байгаа зүйл. Мөн ухаалаг гар утасны мэдрэгч гэхэд 1970-1980-аад оны үед цэрэг дайны зориулалтаар ашиглаж байсан зүйл шүү дээ. Сонирхуулахад LG-ийн хотойдог гар утсыг металлын эффект нь өөрийнхөө анхны хэлбэрийг санах чадвар гэдэг ойлголтод тулгуурлан бүтээсэн юм. Энэ технологийг 1960-аад оны эхэн үед бүтээсэн байдаг. 1945 оны Орос, Америк хоёрын хүйтэн дайны үед шийдсэн технологиуд өдгөө ахуйн хэрэглээнд нэвтэрч байна. Үүнээс харахад бусад улс орнууд техник технологийн шийдлийг амьдралд нэвтрүүлээд байхад бид ард нь хоцорсоор л байна. Тиймээс маш хурдан хугацаанд үйлдвэржихийн төлөө эрчимтэй ажиллах хэрэгтэй байна. Үүний тулд инженер болон геологийн мэргэжилтэн бэлтгэх сургалтыг үйлдвэржилт рүү хандсан болгож сайжруулах хэрэгтэй. Мөн нүүрсийг гүн боловсруулахтай холбоотойгоор органик химийн чиглэлийн сургалтаа сайжруулах хэрэгтэй болж байна. Магадгүй биотехнологи зэргийг ойрын таван жилдээ түр хугацаанд орхиж үйлдвэржихтэй холбоотой мэргэжилтнээ бэлтгэхэд онцгой ач холбогдол өгөх цаг хэдийнэ болжээ гэдгийг л би хэлээд байгаа юм. Сургалтын чиглэл, зардлыг улам оновчтой болгох талаар ярьж буй энэ цаг үед миний хэлсэн зүйлээс эхлэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Бид хэлэлцэж байж нэг шийдэлд хүрэхгүй бол бурхан өршөөсөн ч цаг хугацаа өршөөхөөргүй дэлхий нийт хурдацтай хөгжиж байна шүү дээ.

-Бид баялгаа бүрэн эхээр нь ашиглахын тулд үйлдвэржих зайлшгүй шаардлагатай юм байна. Харин үйлдвэржилт гэдэг зүйлийг энгийнээр тайлбарлаж өгнө үү?
-Үйлдвэржүүлэлт нь зөвхөн эдийн засгийн экспорт, валютын урсгалын тухай ойлголт биш. Монгол Улс байгалийн шалгарлыг давж үйлдвэржиж чадахгүй бол дэлхий л хөрснөөс арчигдана. Үйлдвэржүүлэлтийг энгийнээр тайлбарлахад тухайн нөхцөлд илүү дасан зохицож, тэмцэж чадсан нь амьд үлддэг шиг бидэнд тулгаж буй байгалийн шалгарал юм. Тиймээс байгалийн хуулийг даван туулахын тулд бид үйлдвэржихгүйгээр оршин тогтнож чадахгүй болно. Энэ бол зүй ёсны асуудал. Бид байгалийн хууль, шалгарлыг зөв таньж, Менделеевийн 108 элементийг зөв ашиглаж сурснаар АНУ, Япон, Европын орнууд шиг дэлхий дээр оршин тогтнох эрхтэй болно. Үүнийг сүүлийн 20 жилийн амьдрал тодорхой харууллаа шүү дээ. Бид өөрсдөө үйлдвэрлэгч орон болж чадахгүй байгаа учраас Хятадууд барилга, зам, уул уурхай гээд бүх салбарыг маань эзэлж байна. Тиймээс бид үйлдвэржихийн тулд юунаас яаж эхлэх үү гэдгээ ярилцаж хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлагатай. Үүний тулд наад зах нь чанартай боловсон хүчин бэлтгэхийн тулд техникийн сургуулиудад хөрөнгө оруулалт хийх ёстой болж байна. Тэгэхгүй бол гадныхан бидэнд чухал мэдээллийг хэлж өгөхгүй байна шүү дээ. Гэтэл өнөөгийн техникийн сургууль төгсөж буй мэргэжилтнийг инженер гэж хэлэхэд хэцүүхэн л байна. Уг нь миний бодлоор МУИС-ийн цөмийн физикийн ангид математик, физикийн хичээлдээ нэлээд мундаг нөхөр элсэн суралцах учиртай баймаар. Гэтэл цөмийн физикийн анги төгссөн нөхөртэй ярих гэхээр хэрэглээний наад захын ойлголтоо мэдэхгүй байх жишээтэй. Тухайлбал, цөмийн физикчийн мэдэх ёсны хамгийн энгийн нэгж нь “барна” юм. Энэ нь цөмийн реактор дотор температур тохируулахад ашигладаг нэгж. Гэтэл үүнийг мэдэхгүй байна шүү дээ.

-Боловсон хүчнээ бэлтгэхээс гадна дотооддоо ган гаргаж авахгүй бол үйлдвэржих боломжгүй гэсэн үг үү?
-Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын гангийн үйлдвэрт түшиглэн 30-40 үйлдвэр босох боломжтой болно. Уг гангийн үйлдвэрт хамгийн анхдагч материалыг нь бэлдэж өгөх юм. Улмаар гангаа хувирган компьютерын гэр, өрөм, экскаватор, нүүрс хийжүүлэх хий хадгалдаг сав, зөөвөрлөх вагон гээд хэрэгцээтэй бүхнээ бид өөрсдөө үйлдвэрлэх боломжтой болно. Саяхан хоёр хөршийн тэргүүнүүд манай улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ жилд 158 сая тонн ачаа тээвэрлэх боломжийг бидэнд олгосон. Уг ачааг хамгийн бага зардлаар хурдан хугацаанд зөөх боломж нь төмөр зам. Тиймээс бидэнд хамгийн багадаа 50 мянган ширхэг вагон хэрэгтэй болж байна. Нэг вагон 22-24тн жинтэй гэж бодоход сая гаруй тн ган хэрэгтэй болох нь ээ. Үүнээс харахад бид идэвхтэй ажиллая гэвэл заавал ган хэрэгтэй болж байгаа биз дээ.

Монгол хүний хоолны гол хэрэглээ нь мах, гурил байдаг. Харин япон хүнийх будаа, америкчуудынх тахиа, төмс байдаг бол ямар ч үйлдвэрлэл эрхлэхэд Америк, Япон, Монгол гэлтгүй бүгдэд нь хамгийн түрүүнд гантай болох шаардлага тулгардаг юм. 3000 гаруй жилийн өмнө эхэлсэн төмрийн эрин үе дуусаагүй шүү дээ. 40-50 жилийн өмнө тухайн улсын хүчин чадлыг нэг жилд хайлж буй гангийнх нь хэмжээгээр үнэлдэг байсан. Мао Зе Дун бүх улсыг гэртээ ган хайлуул гэж хэлээд баларсаныг та бүхэн санаж байгаа байх. Гэтэл бид энэ алдааг хэдийнэ давтаад эхэлчихсэн байна. Харамсалтай нь яг энэ жишгээр явсан үйлдвэр өнөө маргаашгүй нээлтээ хийх гэж байна. Тиймээс төр засаг мэргэжилтнийхээ үгийг маш сайн сонсдог байх хэрэгтэй юм. Өнөө цагт мэргэжилтний мэдлэг үнэлэгдэхээ больж. Харин геологичдийн мэдлэг тодорхой хэмжээнд үнэлэгдлээ.

-Таны ажиллаж буй ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн газар энэ талын бодлогыг тодорхойлох талаар ямар ажил хийж байгаа вэ?    
-Би ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн газрын мэргэжилтнээр ажиллаад нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Хүнд үйлдвэрийн газрын хийсэн гол ажил нь нүүрс шингэрүүлэх төсөл юм. Мөн Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ерөнхий төлөвлөлтийг өөрчилж байгуулагдах үйлдвэрүүдийг нь хоорондын уялдаа холбоотой болгосон. Өөрөөр хэлбэл, уг аж үйлдвэрийн цогцолборт хичнээн тонн ус, ямар хэмжээний цахилгааныг ямар зорилгоор ашиглахыг тодорхойлоод энэ үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнээр цахилгаан үйлдвэрлэж болох юм. Харин энэ үйлдвэрээс гарсан хаягдал усыг нөгөө үйлдвэрт нь ашиглаж болох юм байна гэх зэрэг шийдлийг шинээр төлөвлөсөн. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт таван сая тонн ган үйлдвэрлэхэд түүнээс гарсан хаягдал шаараар нь нэг жилд хамгийн багадаа нэг сая тонн маш сайн чанарын цемент үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Эрэлийн цементийн үйлдвэрийн олон шат дамжлагад гаргаж буй цементийг ган үйлдвэрлэх явцдаа гаргаж авдаг болно. Харин түүнийг буталж бусад материал нэмэх ажил л үлдэх юм. Сайн чанарын цементийг хямд зардлаар үйлдвэрлээд ирэхээр барилгын үнэ хямдарна. Мөн ган гаргаж авдаг домен зууханд арматур үйлдвэрлэхээр үнэ нь мөн буурна. Түүнчлэн гангийн үйлдвэрийг хөгжүүлснээр шил үйлдвэрлэхэд нэг алхам ойртоно. Дэлхий нийт ГХЭ-ийн нийт олборлолтын 30 хувийг шил үйлдвэрлэхэд зарцуулдаг юм шүү дээ. Мөн ган үйлдвэрлэх явцад гарсан шааранд гоёл чимэглэлийн эрдэнийн чулуу тэр чигээрээ гарч ирдэг тохиолдол байдаг л юм. Үүнээс харахад орчин үеийн соёл иргэншил гангийн үйлдвэрлэл дээр тогтдог.

Социализмын үед манай улс хүнд үйлдвэрийг хөгжүүлэх зорилго тавьж ажиллаж байсныг сайн, муу болсон гэж хэлэх аргагүй. 1990 оноос хойш энэ тухай ярьдаггүй байсан ч 2012 оноос хойш буюу Х.Баттулга сайдын үеэс дахин яригдаж эхэлсэн юм. УИХ-ын дэд дарга До.Ганболд металлургийн мэргэжилтэн бөгөөд өдгөө хүнд үйлдвэрийн бодлого гаргахаар ярьж байна. Ер нь аажимдаа Хүнд үйлдвэрийн яам байгуулах шаардлагатай гэж миний хувьд боддог. Одоогоор бодлогын зөвхөн суурь асуудлууд нь яригдаж эхэлж байгаа учир нэг яамны хажууд явж байгаа. Харин шинэ бүтцээр уул уурхайн яамны харъяанд очно гэж ярьж байгааг миний хувьд зөв шийдэл гэж үздэг. Учир нь уул уурхайн бүтээгдэхүүнийг цааш нь боловсруулдаг газар бол хүнд үйлдвэр юм.

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Та өөрийнхөө мэдлэгийг улс орныхоо хөгжилд зориулаарай.

Д.ОЮУНЖАРГАЛ