Яг одоо л бид “Сайханбилэгийн Засгийн газар” биш “Сайд нарын зөвлөл” гэж хэлээд хэвшчихвэл яасан юм бэ. Ялгаа юун. Харин ч танил, брэнд үг байгаа биз дээ. 2016 он хүртэлх сонгуулийн мөчлөгийг “зөвшилцлийн өмнөх ба дараах” гэж хувааж үзэж болох юм. Зөвшилцлийн өмнөх он жилүүдэд нь юу болов гэмээр их мөнгөнд хахаж цацтал туйллаа. Их бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан хөрөнгийг энд буруутгах гэсэнгүй. Харин үрэн таран хийсэн болон “дахин хэзээ ч хямрахгүй” мэт хоёр нүүдлийн цаадахыг харж чадаагүй шийдлүүдийг бол зөвтгөх аргагүй. “Аугаа их” Ардчилсан нам маань хүртэл гэр хорооллын иргэдийн хаалгаар нь байтугай зууханд нь нүүрсийг нь хийж өгтлөө халамжиллаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ жигтэйхэн тогтворжиж “өсөхөө байв”. Энэ бүхэн сайхан байсаан. Гэхдээ эдийн засгийн өсөлт 17.3 хувьтай байсан тэр үеийн хөрс суурь, дээр нь олонхийн эрх мэдлээр хэчнээн хэмжээний ч ногоон мөнгө оруулж ирж болдгийг харуулан эзэн хааны нэрээр Засгийн газрын баталгаатай бонд зарж доллараар бороо оруулсан. Гэтэл өнөөдөр үр дүн нь хаачив. Яагаад эрээд ч олдохгүй болж эзнийг нь мэдээд байгаа ч хариуцлага хүлээлгэж чадахгүйд хүрэв. Энэ бол зөвшилцлийн үр дүн бололтой юм.

    Үнэн хэрэгтээ өнгөрсөн хоёр жилд АН-ынхан иргэдээ халамжилъя, МАН-ынхны зориглож чадаагүй саад бүхнийг сэтэлж олон сайн үйлс бүтээе гэж зүтгэлээ. Яг л зүүний үзэлтэй нам ямар байдаг вэ, шалгуурыг нь хангахаар ажил хийсэн. Харин зөвшилцсөний дараа “Бүсээ чангал. Төсвөө хумь. Хүүхэд, эхчүүдэд мөнгө өгмөөргүй л байна. Оюутнуудад “Чаддаг юм бол аваарай” гэсэн мэт болзол тавьж наанаа дургүй ч цаанаа “Ерөнхийлөгчийн санаачилга тул бүрэн эрхийн хугацаагаа дуустал нь тэсэхээс” гэсэн маягаар хандаж байна. Өөрөөр хэлбэл одоо тэд “тэнэгтсэнээ ухаарч” барууны үзэлтэй “жинхэнэ” ардчилсан нам ямар байдаг вэ, тэр зарчмаа дагахаар шийдэж. Цадах нь цадаж, цагдаад танилцтай нь наранд бус бүр парламентийн танхимд үлдсэн тэр буруутнуудтай иргэд хариуцлага тооцох боломжгүй бололтой.

    Харин МАН-ынхан “Эхчүүд, хүүхдийн мөнгийг үлдээчих л дээ. Өрийн тааз гэгчээ нэмэхгүй бай л даа” гэж хаданд хашхирсаар. Тэд зүүний байтугай ямар ч үзэлтэй байсан, тэр ч байтугай иргэний хөдөлгөөнийхөн хэчнээн ч жагссан сан хөмрөг нэгэнт хоосорчээ. Үнэн хэрэгтээ хоосолчихсон хэрэг. Тийм ч учраас зөвшилцөхөөр шийдсэн юм шүү дээ. Ёстой л “Сүнсгүй ноён хүнсгүй цэрэгтэй уулгүй талд цусгүй байлдана” гэгч энэ мөн биз. Нэг талаас “Сан хөмрөг хоосон бол сандал ширээг эзлээд юу хийхийг чинь харъя”, нөгөө талаас “Биднийг авраач” гэсэн сэдлээр зөвшилцлийн урилга илгээсэн. Энэ нь аманд орох шар тос уу, авсанд ойртох урилга уу гэдгийг нэг жил гаруй хугацааны дараа бид харна.

    Болоод өнгөрсөн шийдлийг одоо засах аргагүй. Зөв харж чадвал зөвшилцөл бол боломж. Ерөөсөө collaborative governance “Нэг ба хэд хэдэн төрт байгууллага төрийн бодлого боловсруулах, хөрөнгийг удирдан зарцуулах зорилгоор төрийн бус оролцогчидтой албан ёсоор зөвшилцөөд “зөвшилцөлд суурилсан” шийдвэр гаргах үйл явцыг хамтарсан Засгийн газар буюу Collaborative Governance гэнэ” гэсэн байх юм. Жишээ нь Тавантолгойн хувьчлалыг л гэхэд ямар нэг байдлаар хэлэлцээрийн ширээний ард улс төрийн намуудын дарга нар суугаад “яаж удирдан зарцуулах вэ” гэдэг шийдлээ олоод ард түмэнд хамгийн ашигтайгаар шийдэх тэр технологийг хэлээд байгаа бололтой. Үүнээс илүү тодорхой буюу манайхтай арай дөхүү товч тодорхойлолт гэвэл “ Янз бүрийн сонирхлын ялгаатай талууд хамтын шийдвэр гаргах, бодлогын шийдвэрээ хамтдаа тодорхойлох, эсвэл нэгэнт зөвшилцсөн шийдлээ зарчмын өөрчлөлтгүйгээр батлах, эцсийн шийдвэр гаргагч этгээдэд зөвлөмж өгөхөд тулгуурласан засаглалын үйл явц болон хэлбэрийг Collaborative Governance” гэнэ” хэмээн тайлбарлажээ. Тэгэхээр энд Cooperation буюу хамтын ажиллагааны хэлбэр нь өөр болохоос шийдвэр гаргах “эзэн”, түүнтэй зөвшилцөж үр дүнд хүрэх эцсийн үр дүнгийн хувьд ижил байгаа биз. Яг манай улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд өөр санал болгох хувилбар харамсалтай нь алга.

    Зөвшилцөл бол улс төрийн том соёл. Олон нийтэд бол маш хурдан зөвшилцөх, тэгэхдээ тун зөв гаргалгаа, зүй зохистой технологиор байгуулагдсан Засгийн газар улс орноо улс төр эдийн засгийг хямралаас гаргаж, дэлхий дахины “толинд” аятайхан харагдуулж гацаанаас гаргасан жишээ олоход амархан. Харин үр дүнд нь иргэдийн амьжиргаанд мэдэгдэхүйц ахиц авчирсан, нураасан биш бүтээсэн, ухарсан биш урагшилсан байх ёстой. Түүнээс биш иргэн бүр дээрх онолын учир шалтгаан, зөвшилцлийн технологи, тактик гээчийг мэдэхгүй. Яаж яваад буруудчихсныг ч анхаарах сөгөөгүй талхаа олох гэж бухимдаж яваа хүмүүс яаж явбал зөвдөхийг заахыг ч хүсэхгүй. Харин сонголт хийдэг эрхтэйгээрээ тэд дөрвөн жилд нэг “томордог”, “үнэд ордог”, бас тэр эрхээ луйвардуулчихдаг юм.

    Энэ үеэр хонь хурга нийлснийг анзаарч, ижил ижлээ хайж өнөөх “намынхаа нэрийг мартах шахан” төрд зүтгэгчид намдаа эргэж ирнэ. Алдаа, оноогоо гоёор тайлбарлана. Тэгэхэд “эх орон биш эрх мэдэл улстөрчдөд хэрэгтэй”-г дахин мэдрэх тэр муухай мэдрэмжийг  бид хамтдаа амсана. Зөвшилцлийн өмнөх болон дараах өдрүүд юугаараа сайхан, муухай, ижил төстэй хийгээд ялгаатай байсныг илүү тод харна. Сонгууль эхэлж, зөвшилцлийн гэрээт хугацаа дуусч, сайд нар нам, намдаа ороосой. “Байхгүй, боломжгүй” гэх үгээр хахсан зөвшилцлийн дараах тэр мэдрэмж....