“Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэсээр ажлаа хүлээн авсан Ерөнхий  сайд Ч.Сайханбилэгийг ямар гээч реформ хийх бол гэж удтал хүлээлээ. Гэвч төсвийн орлогын гүйцэтгэл цоорхой, тодорхой хэсгийнхний санааг зовоогоод байдаг ам.долларын ханш 2000 төгрөгт ойртсоор байна. Монголбанк хувьдаа “экспортыг урамшуулах, импортыг зохистой болгоход нөлөөлөх ханшийн орчныг бүрдүүлэх “тохиргоо”-г хийнэ үү гэхээс ханшийн тодорхой түвшинг хамгаалах оролдого хэзээ ч хийхгүй” гэдгээ зарлачихсан. Гэхдээ Мөнгөний бодлогын зөвлөл одоо шийдвэр гаргахаар хуралдаж буй. Өнөөг хүртэл эдийн засгийн өсөлтөө онилох уу, инфляциа онилох уу гэдгээрээ онолдсоор мэтгэлцсээр байгаа талууд энэ удаа ямар шийдвэр гаргах нь бас сонирхолтой.

Өнгөрсөн оны жилийн эцэст инфляци 11 хувь болж буурсан ч өнөөх л валютын ханшийн өөрчлөлт, төрийн зохицуулалттай үнийн өсөлтийн нөлөөгөөр суурь инфляци 12.6 хувьтай байсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалт гурав дахь жилдээ дараалан муудсан зэрэг муу сигналуудаас хамааран энэ оны эхээр Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 13 хувиар тогтоосон. Энэ тоо өөрчлөгдөх үү гэтэл “гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх уур амьсгалтай болж ирж байна” гэхээс өөр нааштай нөлөөлөл харагдахгүй байгаа юм. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байх шалтгаанууд нэмж үүссээр буй. Харин энэ бүхнийг “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг”-т анхаарагч Ерөнхий сайд өөрийн эрх мэдлийн хүрээнд хэрхэн зохицуулах бол.

Хамгийн түрүүнд харагдсан харамсалтай дүр зураг гэвэл хамгийн амархан замыг сонгож ОУВС-ийн зөвлөмжийг дагая  гээд бушуухан халаасанд орж аваад эрх мэдлээ шилжүүлчих шинжтэй. Бид олон жил ОУВС-ийн зөвлөмжийг дагасан. Дагах бүртээ дундаж орлоготнуудаа өсгөх боломжийг хааж, эдийн засгийн өсөлтөө боомилж байв. Харин зөвлөмжөөс гажих бүртээ “муу ёр” зөгнөсөн өндөр инфляциар айлгасан прогнозоос нь хавьгүй сайн  гарч байсан.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын itoim.mn сайтад өгсөн ярилцлагаас харахад ч Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах магадлал өндөр байгаа, ингэснээр төсвийн алдагдлыг “барих”-ын тулд ямар ч хатуу болзол тулгаж мэднэ. Ямар ч байсан тэр болзол маш хатуу “шинж чанартай” байх нь тодорхой юм. Харамсалтай нь инфляци ч, “стэнд бай”-ын болзлууд ч хамаг ачаагаа иргэдийн нуруун дээр сэгсэрч хаядаг. Харин ч муу тал нь гэвэл ОУВС-ийн зөвлөмжийг дагаснаар хувийн хэвшлийнхнээ туйлдуулчихдаг. Гэтэл энэ хоёр замыг дэнслээд гурав дахь замыг засаж чадахгүй бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд реформ хийх бус, хатуухан хэлэхэд “өмнөх Засгийн газрын амжилтыг арчигч”  болж хувирна. Гэвч зөвлөл одоогоор хуралдаж байгаа болохоор мууг зөгнөөд яах вэ.

Дараагийн муу мэдээ гэвэл Канадын “Хан ресурс” компани ураны ашиглалтын лицензээ хураалгасан асуудлаар Монголын Засгийн газартай дөрвөн жил заргалдсаны эцэст 100 сая ам.доллар төлүүлэхээр боллоо. Хэдийгээр МАН-ынхан “олуулаа” байх үед үүссэн асуудал ч гэлээ “мэнгэ нь голлосон” мэт энэ цаг үед ийм шийдвэр гарсан нь харамсалтай. Үүний өмнөхөн “Саус гоби сэндс”-ийн татвараас бултсан удирдлагуудад хариуцлага тооцох гэсэн нь шүүхийн шийдсэн асуудал боловч цаад компани нь манай улсад гадаадаас хөрөнгө оруулалт орж ирэх эсэхийн “толь” байснаа ойлгуулж Төрийн тэргүүний уучлал хүлээж эх нутагтаа очмогцоо Монголын хорих байгууллагыг “матарлаж” шоолон аз жаргалтай байгаагаа гайхан ярьж байх жишээтэй.

Энэ мэтчлэн Ерөнхий сайдын эдийн засгийн реформ нэг л явцгүй. Уг нь бүх талаар мэргэшсэн жигтэйхэн туршлагатай зөвлөхтэй, сөрөг хүчний намаас зөвшилцөж авсан аюулын сайн Сангийн сайдтай давшилтад орсонсон. Сураг дуулбал ямар ч жижиг асуудлыг “Би шийднэ” гээд дайраад орчихдог нь түүний алдаа ч байж болох юм. Уг нь том удирдагч байя гэвэл туйлын тэнэг байсан ч хамаагүй мэргэшсэн, туршлагатай хүмүүстээ итгэдэг л байхад болоод явчихмаар санагдана. “Бүхнийг мэддэг нь түүний юу ч мэддэггүйг харуулна” гэж манай салбарынхныг муучилдагийн адил Ерөнхий сайд маань ч бас бидний нэгэн адил болоо юу даа. Гэхдээ эрх мэдэлгүй, ёстой л “гартаа доллар барьж үзээгүй” гэж шоолуулдаг бидний хувьд хавьгүй бага “хөнөөлтэй” байж мэднэ.

Ямар сайндаа л Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн зээлээс Монголбанкны тэнцэлд үлдэх хэсгийг энэ оны эхний хагаст багтаан Засгийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэх вэ. Хэдийгээр УИХ-аас баталсан Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийн дагуу ийм шийдвэр гаргасан ч “Түүгээр явсан гайг үүгээр дуудна” гэгч биш гэж үү. Гэхдээ энэ хөтөлбөр тийм ч аюултай хөтөлбөр биш л дээ. Үнийн дүн өндөртэй учраас асуудал дагуулахад амархан болохоор цагийн механизмтай мина цуглуулах мэт явдал болов уу л гэж санаа зовсных юм. Наад зах нь энэ. Харин ойрын өдрүүдэд гарах мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэр яаж гарах бол, хэрэв бодлогын хүү нэмэгдвэл яах вэ гэхчлэн санаа зовниулах асуудал, түүнээс гарах үр дагавар олон байна.

Тухайлбал, цалин тэтгэврийн зээлийн хүүг бууруулна гээд улстөрчид ярих амархан, гоё боловч арилжааны банкуудтайгаа хэлэлцсэн үү, хэр судалгаа хийсэн бэ гэхээр асуудалтай байх жишээтэй. Тансаг зэрэглэлийн том оврын автомашин унахаа болилоо гээд “олигарх” цөөрч иргэдийн амьжиргаа дээшилнэ гэж хэн хэлсэн юм бэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөө дутуу судалчихаад Монгол Улсын сайдын “аманд багтаж” ажлаа хийж байгаа Ерөнхий сайдыг сайн ажилласан гэх нь үнэнд хэр нийцэх вэ. Ухаалаг Ерөнхий сайдууд “УИХ-аар л шийдүүлчихье” гэдэг ээдрээтэй асуудлыг хүртэл УИХ-аар хэлэлцүүлэлгүй бултуулаад байгаагийнхаа хариуцлагыг хүлээж чадах болов уу гэхчлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг тойрсон асуудал дэндүү олон байх аж.

Ирж яваа цаг гэж хаврын нарыг харж санаашраад ч яах билээ. Засгийн газарт тун бага хугацаа үлдсэн. Магадгүй, айсуй зуныг давах нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хамгийн хүнд даваа байх болов уу. Алдааг хайсан “дайсан” олон, “Алтангадас”-ынхантай хавиралдах фракц арвижиж буй нь бүр ч хэцүү. Илтгэлээр биш “үгээр” ярьж, итгэсэн шиг итгэж ажлыг нь том зургаар харах чадвар л түүнд дутагдаж байна даа.