Хар мөр
“Юнивижн”-ийхэн сая хэвлэлийн хурал хийлээ л дээ, оюуны өмчийг хамгаалах талаар. “Эх орноо хамгаалах”, “ард”түмнээ хамгаалах” “уурхайгаа хамгаалах”, “намаа хамгаалах”, “шударга ёсыг хамгаалах”-ын хажууд барьцтай, бодитой асуудал л даа. Гэхдээ асуудлыг ойлгохын тулд бидний “оюуны өмч” ердийн хонь хоёрын ялгаатай болоод төсөөтэй талыг тогтоох хэрэгтэй л дээ.
-Байна уу? ...аа ашгүй мөн байна. Таны бүтээлийг бид хэвлээд
-Айн...!.
-Нээлтэнд нь урьж байгаа юм
-Юу...................!
-Таныг ирэх юм бол номноос нэгийг зүгээр өгнө
......................................ггг...ммм(алдах уулга эс олдов)
Хонь ба Оюун
“Юнивижн”-ийхэн сая хэвлэлийн хурал хийлээ л дээ, оюуны өмчийг хамгаалах талаар. “Эх орноо хамгаалах”, “ард”түмнээ хамгаалах” “уурхайгаа хамгаалах”, “намаа хамгаалах”, “шударга ёсыг хамгаалах”-ын хажууд барьцтай, бодитой асуудал л даа. Гэхдээ асуудлыг ойлгохын тулд бидний “оюуны өмч” ердийн хонь хоёрын ялгаатай болоод төсөөтэй талыг тогтоох хэрэгтэй л дээ.
Бид өөрсдийгээ оюунлаг ард түмэн гэдэгт итгэж, оюунлаг монголчууд ирээдүйн баталгаа хэмээн ярьдаг, нээрээ ч тийм санагддаг билээ. Нэгэнт санагдсан учраас улс орон маань оюунлаг болоод арилж өгөх юм бодсон. Тэгсэн чинь тэгж итгэх, үнэмших бол бага хэрэг болоод явчихлаа.
Оюунлаг байхын тулд оюуны баялгийг бүтээдэг байх ёстой болж таарав. Ингээд зогсохгүй хүмүүний бүтээсэн оюуны баялгийг өмч хэмээн үзэж хонь малын адил хулгай зэлгийгээс хамгаалах учиртай болоод явчихав.
Малын хулгайг бол ойлгож байна ( урт гартнуудын мөч хугарвал таарна). Манай зохиолч З.Дорж гуай Мал сүргийг гэмт халдлагаас “нийхэмлэг” байгуулж, цэрэглэн босоод муусайн хулгай нарыг нисдэг тэргээр “баримчлаад” ирэхэд бид хичнээн бахаддагсан билээ.
Гэтэл хүний сэдсэн, сэтгэсэн, бүтээн туурвисан зүйлс хоньтой адилхан гэхээр санаанд буудаггүй. Хонийг бол ойлгож болно. Харин оюуны бүтээл булаагдахдаа яг л хонь шиг хайран, бас гарзтай гэхээр инээд ч хүрэх шиг. Ийм болохоор хонио хулгайд алдчихсан иргэнийг цөмөөрөө өрөвдөж, хулгайчийг барьж хүлэхээр сур шидмэсээ бэлдэн хөдлөхөд бэлхэн. Харин оюуны бүтээл, сэтгэлгээний өмч, уран бүтээлээ хамгаалж байгаа үйлдлийг бид хэнхэгтэй, сэнтэгтэй этгээдийн сүгсэлзэх, өвчигнөхийн хэмжээнд л харна.
Уран бүтээлч хүн хачин гоё сийлбэр хийчихээд түүнээ хулгайд алдвал бид ойлгоно. Муу хулгайчийн гарыг тас цохивол таарна, мөн үү! Харин сийлбэрийг нь яг дуурайлгаж хийгээд зараад сууж байгаа хүнтэй заргалдаж буй уран бүтээлчийг бид эс ойлгоно. “Дууриалгаа л хийчлээ, тэгээд яачихаав! Хоттой хониноос чинь хөтлөөд гараа юу? Байтлаасаа сийлбэр хийх болгондоо чамаас асуух болж байна уу. Сэнтэгтэй шаар вэ” Зад загнуулаад гарна. Хөөрхий амьтан уран бүтээл туурвихын оронд хонь хариулсан бол аштай юу, ядаж хулгайд малаа нэр төртэй эрнэ шүү дээ.
Уул нь хамгийн үнэ цэнэтэй өмч нь уран бүтээлчийн оюун санаанд сийлэгдсэн уран бүтээлийн санаа, төрх юм. Улмаар тэр нь модонд сийлбэрт хувилаад уран бүтээл болно. Энэ хоёрын цоглолоос нь оюуны өмч бүрэлдэнэ. Америк энэ тэр улсад гэхэд хоёр төрлийн гэмт хэргийг бусдаас чанга шийтгэдэг аж. Согтуугаар машин жолоодохыг хүн амины хэрэг үйлдэхээр завдсан утгаар зүйлчилж үздэг бол оюуны өмч, бүтээлийн санаа хулгайлах явдлыг эд материал гулгуулснаас илүү хохирол учруулсан байдлаар шийтгэдэг байна. 2011 онд Германы ирээдүйтэй улс төрчдийн нэг, батлан хамгаалахын сайд Карл-Теодор цу Гуттенберг эрдмийн ажилдаа бусдын бүтээлийг хуулсан асуудлаар албан тушаалаа орхиж байлаа. (Тэрээр манайд айлчилж байсан ч монголчууд буруугүй, хэргийн баримт нотолгоо бидний эсрэг биш байсан зэргийг дурьдахад таатай байна. Учир нь тэрээр монголд ирэхээсээ өмнө “юм хуулсан” нь нотлогдсон)
Дурсах, сэргээх хоёр
Бид яагаад ийм байгаа юм бэ, хулгайг дотор нь ангилаад заримыг нь буруушааж, нөгөө хэсгийг зүй зохистой гэж үздэг юм болов уу, гэсэн асуулт гардаг. Хариултыг нь өнгөрсөн ба түүний шууд үргэлжлэл болох өнөөгийн нийгмийнхээ сэтгэл зүйгээс хайх ёстой.
Уул нь, нүүдэлчин малчин монголчуудын биет болон биет бус соёлын өв далай шиг бөгөөд ер бусын сониуч, тааралдсан шинэ зүйл бүрийг өөриймшүүлэн авдаг зантай. Тэрэгний дугуйг суурин иргэд хийсэн байхыг харж тун зүгээр санагдаж, Тататунгаагаас олдсон бичиг үсэг хэрэг болмоор бодогдож гэдгээс эхлээд түмэн зүйлийг өөриймшүүлэн авсан. Буугаад мордсон зочны эмээл хазаарыг, гуталын угалзыг сониучирхан ажиж “Ингээд л хийж болох юм байна, уяа зангилааг тэнд тааруулбал эвтэй аж” гэхчлэн суралцана. Таны гутлын угалзыг би дуурайлган хийвэл болох уу гэж асуух нь илүүц. Харин унтаж байхад нь гутлыг нь авчихвал ёстой нүгэл болно. Нийтлэг сэтгэхүй нь “сайн дууриах нь хөгжих, аж төрөх, амь зуух” үндэс мөн. Муухай ч юм биш, ганцхан бид ч ийм байгаа юм биш, хүн төрөлхтөн ийм л байсан. Харин хүн төрөлхтөн ийм байхаа больсон, бид больж чадахгүйд л шинэ цагийн ичүүр нь байгаа юм.
Нөгөө өнцөг нь гадаад ертөнцтэй холбогдно. Умард хөрш нь газар нутаг харагдвал боломжоороо эзлээд авч нутаг дэвсгэр, нөлөөний бүсээ тэлдэг ЗХУ, өмнөд хөрш нь шинэ санаа, шинэ бүтээл харагдвал мөн л эзлээд хөгжлийн түвшин, технологийн эрэмбээ тэлдэг БНХАУ. Аль алин нь зөвшөөрөл, зохиогчийн эрх энэ тэрээр ёсорхдоггүй байжээ. Энэ дунд завшчихмаар юм харагдвал завшчихаад, муу зан сурсан улсаа бид. Саяхныг болтол нь антивирусын программыг худалдаж авахыг нүгэл гэж боддог байв. Гэвч программ нь сүлжээгээр идэвхждэг болсноос хойш авахаас өөр аргагүй болсон.
Гэвч хятадаас эхлээд биднийг оруулаад хөгжлийн нялх балчир үеэ орхиж байна. Дэлхий нийт ч биднийг “хүүхдэн улс” гэж харахаа болиод, “томоогүй гэнэн” хэмээн цагаатгуулж чадаж байсан үйлдлүүдийг маань насанд хүрэгчдийн зүйл ангид хамуулах болоод байгаа юм.
Бид өнгөрсөн үе, бага насаа дурсахад хөгтэй, заримдаа хорио цээрийн улаан шугамыг даван алдсан зүйлээ эргэн санаж хөгжилдөж байдаг. Тэрхүү “шугамаас хэтэрсэн” явдлуудыг дурсахад сайхан л болохоос биш сэргээн үргэлжлүүлэхэд осолтой. Жишээлэхэд, дотуур байранд сууж, орон гэр ба дураараа иддэг боов боорцгоо санаж өссөн үеийнхэнд хааяа сургуулийн гуанзны поорчигоор талх “туусан” дурсамж байдаг. Тэрийг дурсалцах зуураа “Ерөөсөө хажуугийн рестораныг ухаж, хүүхэд насны сайхан үеэ эргүүлэн авчиръя” гэх этгээд гардаггүйтэй адил. Улс үндэстэн ч гэсэн хуучирсан хэвшил, нялхсын зовлонгоо гэтлэн дурсамж хэлбэрээр үлдээгээд хөгжлийн шинэ зам гардаг.
Оюуныг тонох нь гэрийг тонох мэт
Монголын нийгэмд оюуны бүтээлийн үнэ цэнийг хамгийн түрүүн ойлгосон хэсэгт хөгжмийн хамтлаг дуучид хамаарах байх. Ур авъяас дуу хоолойг нь хаа хамаагүй этгээд кассетанд хуулаад бэлжиж байхыг хараад сая л дээрэмдүүлж, хулгайлуулж байгаагаа анзаарсан. Оюуны бүтээлийн хулгай яг л гэрийг ухаад, амбаар савыг хувхайлаад арилахтай агаар нэг гэдгийг ухааран тэмцэж эхэлсэн.
Дараа нь сэтгүүлчид цагаас өрсөж, заримдаа амь нас хувь заяагаа өрөн байж олж авдаг мэдээллээ хулгайд алдахын зовлонг амссан. “Хүн хэлээрээ сэтгүүлч хөлөөрөө” гэдэг нь хөөцөлдөж, бэрхийг туулдаг сэтгүүлчдийн хөдөлмөрийг хэлсэн хэрэг. Гэтэл хөлөө байтугаа гараа ч зовоолгүйгүйгээр сурвалжлагыг сурвалжилдаг, мэдээнээс мэдээгээ олдог завшигчдийн эгнээ гарсан. Энэ ажлыг “мөнгө угаах” гэдэгтэй зүйрлүүлэн “мэдээ угаах” гэж хэлдэг болсон юм билээ. Зарим зовлон багатай сайтууд, FМ-ийн мэдээ гэж мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагынхны оюуны бүтээлийг(үйл явдлын мэдээнээс бусад) хүсвэл жаахан өөрчлөөд, хүсэхгүй бол тэр чигээр нь тавиад туучихдаг нөхөдтэй тэмцэлдэж эхэлсэн. Ямарч байсан “тэр тэгж мэдээлсэн байна” гэхчлэнгээр эх сурвалжаа заадаг соёл манайд нэвтрээд байна.
Орчин үед хамгийн том баялаг бол контент хэмээх нийтлэг нэрийн дор агуулагддаг оюуны бүтээлийн цогцлол. Нийслэлийн кинотеатруудад Холливудийн шинэ бүтээлийг америкчуудтай зэрэг үзэж болж байна. Энэ бол контентийн бизнесийн буян. Харин түүнийг сэм хуулаад хорооны улаан буландаа билет тасалж гаргавал хулгайд хэрэгт орж шүүхийн үүдэнд ялаа хүлээн “чулуу нясална” гэдгээ ч мэднэ.
Улмаар Холливудийн бүтээлээс эхлээд кино ба цэнгээнт үзвэрийн дижитал ертөнцийн контентын бизнес байна. Кабелийн телевизийн бизнес эрхлэгчид тэдгээрийг зохиогчийн эрхийн төлбөр, роялти зэргийг төлөн худалдаж аваад, нийтэд түгээж эхэлнэ. Гэтэл тэдгээр үнэ цэнэтэй контентуудыг нь “монгол боксоосоо үнэгүй киногоо үзээрэй” гээд интернэтээр түгээгээд эхэлнэ. Яг талхчин хүн арай гэж бүтээгдэхүүнээ хийгээд гараад иртэл нэг этгээд хүнсний дэлгүүр ухчихаад “үнэгүй” боорцог тарааж суувал ямар харагдах билээ. Гэтэл ашиг харахын оронд олсон зөөснөө олон түмэнтэйгээ зүгээр хувааж байгаа мэт тэр үзэгдлийн цаана том бизнес байдаг. Үнэгүй кино татахын өмнө дарахаас өөр аргагүй болдог сурталчилгаа бол цаад эзэндээ чамгүй унац өгдөг ажгуу. Хүн сонин шүү, хэрвээ “Таныг энд дарахын тоолон надад орлого ордог юм” гэсэн бичигтэй товч энд тэнд таарвал барагтай хүн гар хүрэхгүй дээ.
Сэхээтний эсрэг гэмт хэрэг
ХХ зууныг бид хонь, хомоол хоёроо орхин хотшин суурьшиж өнгөрөөсөн. Хүн амын 15 орчим хувь нь мал маллан амьдарч байгаа боловч бараг айл болгон хүүхдүүдээ хот суурин газар амьдрахад хэрэгтэй мэргэжил боловсрол эзэмшүүлж байна. Сонирхолтой нь, хөдөө нутаг хичнээн сайхан, хөдөө л хүн жаргадаг, малчны амьдрал нь жинхэнэ монгол болохыг нотлон ухуулдаг хэсэг нь суурин амьдардаг 85 хувьдаа багтдаг. Өөрөө хөдөө амьдрахгүй мөртлөө, бусдыгаа тийш явуулах, үгүйдээ л одоо байгаа хэсгийг нь тэндээ үлдээх санаатай, айн! Зун очиж айраг цагааг нь уунгаа, жаал магтаж хөөргөчихөөд ирэх айл амьтангүй болчихоос айдаг юм болов уу?
Харин “оюун ухаан эрин” хэмээгдэх XXI зуунд бид хүн төрөлхтний хөгжлийн жишигт хүрэх, тэдэнтэй зэрэгцэн амьдрах зорилготой. Оюун ухааны эринд оюун ухааны өмчийг бүтээдэг. (бэлчээрийн монгол мал л хэвээрээ байгаагаас бус бусад нь хүний оюуны өмчийн үр шим болсон. Жишээлэхэд, дэлэнтэй үнээг хувиргаж хөгжүүлээд үнээтэй дэлэн болгосон шүү) Оюуны бүтээлийг баялаг, өмч гэж үзэхгүйгээр оюунлаг нийгмийг бүтээхгүй. Хамгаалахгүй, хулгайтай нь тэмцэхгүй бол оюуны өмч үнэ цэнэгүй болно. Үнэ цэнэгүй болбол түүнийг бүтээх хэрэгцээ алга гэсэн үг. Яг л хонь хулгайлахыг хэн ч тоохгүй, шийтгэхгүй болчихвол мал өсгөж яах билээ! Тэрний оронд малын хулгайч болсон нь дээр гэж үзнэ. Нийгмийн хандлага шал өөр болоод явчихаж байгаа биз? Хулгай хар мөртэй гэж энийг л хэлдэг, тэрнээс биш баригдах, гэрчээр дуудагдаж түвэг учрах зэргийг хэлээгүй юм.
Яг түүнчлэн оюуны бүтээлийн үнэ цэнийг тунхаглаж, түүнийг өмчийнх нь хувьд хамгаалахгүйгээр оюунлаг нийгэм байгуулах аргагүй. Оюуны хулгай нүүрлэсэн нийгэмд сэхээтэн байх нь утгагүй болно. Оюуны өмчийг бүтээх хэрэгцээгүй газар оюуны баялаг бүрдэхгүй. За оюунлаг нийгэм энэ тэрийг яриад ч яахав, ийм л юм. Оюуны өмчийн хулгай бол оюунлаг нийгмийн эсрэг гэмт хэрэг.
(Тог тог....диннн динннн!)
-хэн бэ
-Уучлаарай юм асуух гээд
-юу......
-Аа сайн байна уу? Цагаан сарын бэлэн бууз авах уу гээ л...та хардаа...ёстой сайхан бууз
-Үгүй үгүй. Манайд бууз хэрэггүй.
-Авчих л даа. Ярина шүү. Сайн ярина.
-Үгүй үгүй...манайх буузтай
-Та жигнээд амсаад үз...би гадаа хүлээж байя
-Үгүй үгүй... та явж үз
(Хаалга тархийн хаагдаж, хөлийн чимээ холдов)
-Хачин нөхөр вэ? Ийм хямдхан өгч байгааг бодоход хулгайн л юм байгаа л даа
-Чухмаа чухам. Хулгайн бузар шингэсэн юм гай болно....Ерөөсөө наад үүд хаалга ариул!
-Хөөе... Гандангийн арц аваад ирээрэй. Нээрээ хулгай хар мөртэй гэдэг юм.