Оросын оюуны нэг төв болох мэтгэлцээний “Валдай” гэх клуб 2015.06.03-нд Төв Евразийг байгуулах санаачилга дэвшүүлж, түүндээ Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” төслийг Евразийн эдийн засгийн интеграцтай холбох, “Евразийн эдийн засгийн холбоо+ШХАБ+Торгоны зам” хэмээх гурвалжин үүсгэх үзэл бодлоо илэрхийлжээ. Үүнтэй холбоотойгоор Төв Евразиас хэн хэн тэр гурвалжинд хамаарах, хамтран хөгжих хэтийн ирээдүйн эзэд нь хэн хэн болох, ямар ажил өрнүүлэх талаар ихээхэн яриа хөөрөө, хэлэлцүүлэг эрдэмтдийн хүрээнд өрнөжээ.



“Торгоны замын эдийн засгийн бүс” (оросууд бүслүүр хэмээн буулгаж буй) төсөл нь Төв Евразид улс хоорондын ба бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг урагшлуулах бөөн боломж хэмээн үзэж байна. Тээврийн төслөөс авахуулаад хамтын хөгжлийн төслүүд хүртлэх бүх төсөлд ихээхэн хүч нөөц нь энэхүү торгоны зам аж. Төв Евразиа макро бүс нутаг гэж нэрлээд, Хятадын эдийн засгийн эрчтэй хөгжил, Хятадын хөрөнгө оруулах чадавхи; нөгөө талд нь асар их байгалийн баялгийн бааз, энэ бүхнийг нийлүүлээд ЕАЭС, ШХАБ, ОДКБ гэх хүрээнд институци-эрх зүйн ерөнхий төсөл болгон хэрэгжүүлэхийг Москвагаас албан бусаар санал болгоод байна. ЕАЭС гэдэг нь Евразийн эдийн засгийн холбоо, ШХАБ гэдэг нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, ОДКБ гэдэг нь Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага гэдгийн нэрний товчлол нь.

Энд цэрэг-аюулгүй байдлын үүрэг гүйцэтгэх ОДКБ эвслийг хамтатган оруулж нэрлэсэн нь анхаарал татаж байна. Хятад нь түүхэн торгоны замын дагуу бүтээн байгуулалт өрнүүлье гэж байхад Орос нь бүтээн байгуулалтынхаа зэрэгцээ цэргийн эвслийн тухай асуудал ийнхүү тулгаж тавьж буй. Энэ нь ч оргүй хоосноос үүссэн фантаз биш юм. Хил дамнасан, бүс нутгийн гаднаас учрах нийтийн аюулын эсрэг хамтран тэмцэх хүрээ зааг гээчийг тэд тооцжээ. Энэ нь улс төр-эдийн засгийн элдэв санкц, хар тамхины зөөврийн сүлжээ, экологийн миграц, Афганистанд байдал хурцдахаас үүсэх бүх нийтэд учрах аюул, “Лалын улс”-ын хүчин зүйл, радикал исламизмын аюул занал гээд бишгүй нэг байна. Хятад нь Шинжаан-Уйгурын өөрөө засах орондоо лалынхны сепаратист тэмцэлтэй нүүр тулж байгаа ба тэр нь Төв Ази, Орос, Монголтой хил залгаа бүс нутагт сөргөөр нөлөөлөх цаг айсуй. Тэгэхлээр энд Орос, Хятад, Торгоны замын эдийн засгийн бүс дайрч өнгөрөх бүх улс нийтээрээ ОДКБ, ШХАБ гэх механизмыг ашиглах ёстой хэмээн оросууд үзэж байна. Цэрэг-аюулгүй байдлын шугамаар хил дамнасан төсөл хэрэгжүүлэх ёстой аж. ОДКБ гэж 1992 онд байгуулагдаад 1994 оноос үүрэг гүйцэтгэж буй гэх, нэгдсэн штаб нь Москвад байрлах, Орос, Армен, Беларусь, Киргиз, Казахстан, Тажикистан, Узбекистан гэсэн гишүүнчлэлтэй, хэтдээ Ираныг элсүүлэхээр яригдаж буй цэргийн энэ эвсэл байлдааны ажиллагаанд оролцож үзээгүй 2015 оныг хүргэсэн бол лалын экстремизмийн аюулыг одоо л даралцах болох нээ.

Хэрэв газар зүйн ойлголтоор авч яривал Торгоны замын дагуухи тивийн бүслүүр үүсэх учиртай. Тэр бүслүүрт худалдаа-эдийн засаг, соёлын харилцан ажиллагаа өрнөнө. Баялаг ба хөгжил цэцэглэл хослоно.

Хамтын ажиллагааг цоо шинээр эхлүүлэх, оргүй зүйл буй болгох гэхгүй. Нэгэнтээ бэлээхэн байгаа институционал хүрээнд хэрэгжүүлье хэмээх Орос үзэж байна. Тэр нь ЕАЭС гэх бүтэц гэнэ. ЕАЭС нь нэгдсэн гаальтай болж байгаа нь том ололт ба түүн дээр суурилахад алзахгүй аж. Дотоодын ба хил орчмын худалдаанд бөөн боломж гаргаад өгнө гэж үзэх учиртай гэнэ. ЕАЭС эвслээ Хятадтай холбох тухайд янз бүрийн санал санаачилгаар Хятадыг булах дөхөж байна. ЕАЭС-ын замын зураг төлөвлөгөөгөөр бол, 2016 онд нэгдсэн жор нь бэлэн болж, 2019 онд эрчим хүчний нэгдсэн зах зээл буй болж, 2022 онд санхүүгийн нэгдсэн мега зохицуулагчтай болж, 2024–2025 онд газрын тос, байгалийн хий, нефтэн бүтээгдэхүүний нэгдсэн зах зээлтэй болно. Ингээд Евразид аварга том кластер ажиллаж эхэлнэ.

Эрчим хүчний нэгдсэн зах зээл гэдэг нь тэргүүлэх салбар байх юм. Ганц Орос бус, Төв Ази ч өвөл зунгүй нэг байтугай нэг хэсэг бүс нутгийг тасралтгүй хангаад байх асар их нөөцтэй. Усны эрчим хүч, атомын эрчим хүч гээд салбарлуулбал бүр ч их ирээдүйтэй. Хятадын баруун мужуудын 22 сая хүн ардын эрчим хүчийг хангаж чадвал “Монгол, Өмнөд Сибирь, Казахстан, Төв Ази” гэсэн эрчим хүчний цагирган систем байгуулах боломжтой аж. Цагирган систем нь эрчим хүчнээс гадна тээвэр-ложистик, улмаар эдийн засгийн олон салбаруудыг хамруулсан төслийн явцад хэрэгжинэ. Ойролцоогоор 10–15 жилийн дараа Төв Ази нь эдийн засгийн хувьд тэгш хөгжсөн байх өөдрөг төсөөлөл бууж байна.

Судлагдаад буй нөөц баялгаараа Төв Еврази (Монгол ч мөн орно) нь асар их ирээдүйтэй. Газрын тос, хий, газрын гүний ба гадаргын өнгөт метал гээд яривал ам хамхилтгүй. Харин түүнийг үр ашигтай зарцуулах, аюулгүй тээвэрлэх маршрут гаргаж, дэлхийн хоёр том эдийн засаг болох Европын; Зүүн/Зүүн өмнөд Азийн эдийн засгийг хооронд нь хуурай газраар холбох асуудал чухал юм. Үүнд голлох үүрэг Орос, Хятад, Казахстанд ногдоно. Төв Еврази бол Европ ба Зүүн/Зүүн өмнөд Азийн хооронд харилцан нөхсөн хамтын ажиллагааны талбар байх ёстой. Үүндээ хүрэх стратегийн зорилт нь өнөөгийн Европын Холбооны орнуудын хооронд тогтсон шиг тийм эрчимтэй, хамтын хөгжлийн бүс болгож Төв Евразийг өөрчлөн байгуулах явдал юм.

Төв Евразийн анхны хөрөнгө оруулалт нь дэд бүтэц, барилга, уул уурхайн олборлох салбар руу чиглэнэ. Түүнийг санхүүжүүлэх бэлээхэн бүтцүүд гараад ирлээ. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Торгоны зам хөгжүүлэх сан, Евразийн хөгжлийн банк гэхчлэн. Хөрөнгө оруулалтын хоёр дахь шатанд аж үйлдвэрийн боловсруулах болон үйлдвэрлэлийн бусад салбар, өндөр технологийн салбар байх болно.

Дээр бичсэн нь гол төлөв оросын эрдэмтэн мэргэдийн саналын түүвэр. Харин цаг алдахгүйн тулд бүс нутгийн үндсэн түншүүдтэйгээ хэлэлцээ эхлүүлэх ёстой гэж тэд уриалжээ. Үүнд үндсэн түнш нь Казахстан, Хятад, Төв Азийн улсууд, Иран, Монгол болох аж. Цаашлаад хэнийг түнш гэх вэ гэвэл Евразийн орон зайд хамтран хөгжих шинэ стратегиа тунхаглах бүх улс орныг нэрлэнэ гэнэ. Одоогоор тэр шинэ стратеги гэдэг нь дараахи чиглэлтэй байх ёстой хэмээн загварчилжээ. Үүнд 1) Дэд бүтцийн хөрөнгө оруулалт ба хөгжлийн чиглэлээр Евразийн Зөвлөл байгуулах санаачилга гаргаж байгаа бол яг тохирно. Уг зөвлөл нь Төв Евразид эрх зүйн, байнгын, таатай, институционал орчныг буй болгох үүрэгтэй. Ийм орчин бүрдвэл ЕАЭС-Хятад гэсэн түвшинд, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, БРИКС-ийн банк, Торгоны зам хөгжүүлэх сангийн санхүүжилтээр дэд бүтцийн төслүүд хэрэгжих боломж нээгдэнэ. 2) Төв Евразийн яриа хэлэлцээ гэдэг форум ажиллаж байгаа ба түүнийг системчилсэн яриа хэлэлцээ болгох, улс төрийн форматаар байгуулах хэрэгтэй гэжээ. Цаашлаад Евразийн интерацын институцыг үндэсний төрт-улсаас дээгүүр байгуулах, улс хоорондын түвшинд Евразийн дээд зөвлөл байгуулах, ЕАЭС ба Хятад гэсэн хоёр талын харилцан ажиллагааг сулруулахгүй байх, ШХАБ, ОДКБ эвслүүдийг бэхжүүлэхийг чухалчилна. 3) Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг онцгой чухалчилж үзнэ. Энэ бол хэтдээ хөрөнгө оруулалтын хүчирхэг механизм болох учиртай.

“Евразийн тээвэр-ложистикийн карт” гэдгийг яаралтай боловсруулж хэвлэж мөрдөх, орос-казахстан-хятадын хамтарсан “Евразийн эрчим хүчний бүслүүр” хэмээх стратегийн баримт бичиг боловсруулах, эрчим хүчний нөөцийн худалдааны салбарт эл гурван улс тэргүүлэх чиглэлээ тогтоох, “Евразийн босоо тэнхлэг” гэх олон улсын хөгжлийн программ санаачилж, умард-өмнөд худалдаа-эдийн засгийн хэлхээ холбоог бэхжүүлэх, 1999-2001 онд хэрэгжүүлэхээр санаачилсан “Их Алтай” төслийг сэргээх, Хятад, Монгол, Казахстан, Оросын хилийн бүс нутгуудыг нэгтгэн зангидах ажлыг эхлүүлэх, “Умард Казахстан-Өмнөд Сибирь”-ийн хөдөө аж ахуйн кластер байгуулах, Иртыш мөрний сав дагуу олон улсын хамтын ажиллагаа өрнүүлэх төсөл санаачлан Хятад, Казахстан, Оросыг оролцуулан, “Нэг гол мөрөн” зарчмаар Меконг мөрний санаачилгатай төстэй үйлсийг эхлүүлэх, Алмата-Алатаугийн эдийн засгийн өсөлтийн бүслүүрт Оросыг оролцуулах, улмаар Казахстан, Киргиз, Хятадыг энэ цэг дээр төвлөрүүлэн хамтруулах гэхчлэн төлөвлөж буй ажлууд ярайж байна.

Харин Монголыг маань тойрч даялсан маршрут голлоод байх нь тэр. Манай талын замыг дурддаггүй шүү. Жишээ нь умард маршрут Хятадаас Европын Холбоо хүртэл Казахстан, Оросоор дайрна: Урумчи – Достык – Омск – Москва – Европ. Урумчиэс Оросын баруун хил хүртэл засмал зам тавихад 6900 км, төмөр зам тавихад 7500. Баруун Хятадаас Баруун Европ хүртэл тээврийн коридор: Ляньюнган, Жэнжоу, Ланьжоу, Урумчи, Хоргос, Алматы, Кызылорд, Актобе, Оренбург, Казань, Доод Новгород, Москва, Санкт-Петербург-Балтийн тэнгисийн боомт гэхчлэн. Бүр 2007 онд гарын үсэг зурчихсан зам хөгжүүлэх меморандум байна: Санкт-Петербург – Казань – Оренбург – Алматы. Тэгтэл хуурай газар-тэнгисийн хосолсон маршрутыг оросууд санал болгож байна: Урумчи – Актау – Махачкала – Новороссийск – Констанца, эсвэл Урумчи – Актау – Махачкала – Тбилиси гэхчлэн.

Евразийн хамтын хөгжлийн төсөлд Орос, Хятад, Төв Азийн улс орнууд, Монгол багтах ба хэтдээ Энэтхэг, Турк, Иран, Өмнөд Солонгос оролцох аж. Энэ их ажлыг нугалах хоёр тулгуур гүрэн нь Орос, Хятад хоёр байх болно гээд оросууд холбоотны харилцааг хүсэмжлэх, хятадууд түүнээс нь зайлсхийх нь бас сонин. Хятадын эрдэмтэн Ян Чэн гэдэг хүний зовинолын тайлбарыг сайтаас оллоо. Оросын эсрэг авсан санкц түүнийг цочроосонгүй, харин “холбоотон” гэх үгсийг сэтгүүлчдээс олж сонсонгуутаа дэрхийжээ. Холбоотны тухай ямар ч яриа хөөрөө байхгүй, Хятад ба Орос нь харилцан ажиллагааны найрсаг форматаар яваа хөршүүд, холбоо холбоотны тухай ойрын үед ярилтгүй, хэн нь ах нь, хэн нь дүү нь гэдэг статусаа хоёул хуваалцаж чадахгүй, Хятадын хувьд Орос нь “охин дүү” байхыг хүсэхгүй, Хятад нь Оросын “дүү хөвгүүн” байхыг хүсэхгүй хэмээн тэрээр шууд хэлсэн байв.

Ийнхүү оросуудын санал болгож, түүндээ адгаж цухалдан байгааг ажваас ОХУ гэх энэ гүрэн Европоос үүрд явах нь уу гэмээр төсөөлөл бууж байна. Гомдоно гомдоно, доромжлуулна доромжлуулна гэхэд үүнээс цааш тэсэхгүй гэсэн адгуу байр суурь нь харагдах мэт. G7-гоос хөөгдөж, G20-д ганцаардан шившиглүүлж байхыг Орос цааш тэвчихгүй. Еврази гэх том масштаб дээр ярьж байхаар өрнийнхөн нэвтрэн орж ирээгүй байгаа дээр нь Төв Евразийг тасдан авч нөлөөний хүрээгээ болгоё гэх их гүрнийх нь төрөлхийн араншин Оросыг ийнхүү хөдөлгөжээ гэдгийг геополитик судалдагийн хувьд би ойлгож байнаа!

 “Засгийн газрын мэдээ” сонины 2015.06.25-ны дугаараас