Улаан, цэнхэр намаараа хуваагддаг монголчууд шар /улаан/ орхимж, хар нөмрөгт гэж шашны урсгалаарталцдаг болох нь ээ. Болох нь ээ ч гэж дээ, урьд өмнө Монголд байгаагүй шашны ийм мөргөлдөөн гараад эхэлчихэж. МАХН-ыг улаан, АН-ыг цэнхэр өнгөөр ялгадгийг сайн мэддэг шигээ шар орхимж гэж буддын, хар нөмрөгт гэж христийн, бас католик шашинтныг хэлж байгааг төвөггүйхэн ойлгож байгаа байх аа, уншигчид. Буддын шашны лам нарыг бүлэглэн зодсон, овоо тахилгыг нь сүйтгэсэн, бурхан тахилынх нь оронд христийн загалмай өлгөсөн зарим хэрэг ч гараад амжлаа.

БАРИМТ 1

Нийслэлийн Багануур дүүргийн иргэдийн шүтдэг Гүний овоон дээрх овоог нурааж, голын модыг нүцгэлэн, тасалсан мөчрүүдийнх нь оронд христийн загалмай өлгөжээ.

БАРИМТ 2

Сонгинохайрхан дүүрэгт орших "Толгойт номун хан" дацангийн ойролцоохь айл өрхүүдээр буддын шашны хувцас өмссөн лам нар хааяахан гэнэтийн "айлчлал" хийнэ. Тэд айлуудын бурхан тахилыг шатааж, буддын шашны эсрэг сурталчилна. Түүнчлэн тус дацангийн ханан дээр "ухуулах хуудас" нааж, хоёр гурваараа явсан буддын шашны хувцастай лам нарыг бүлэглэн зоджээ. Ийм зодоон нэг бус удаа гарсан байна.

БАРИМТ 3

Бидний нэрлэдгээр Баянхошууны Баруун салаанд "Есүсийн хайр" нэртэй сүм бий. Энэ сүмийн итгэгчид тус дүүрэгт амьдардаг, хэвтрийн өвчтэй өндөр настан Чулуунхүүгийн гэрт дайран орж бурхан шүтээн, эд зүйлийг нь булаан танхайрчээ. Гэрээс гарахдаа "ингэж хэвтэрт ортлоо өвчинд нэрвэгдсэн чинь буддад хэт итгэснийх" хэмээн доромжилж кайф авсан байна. Сүмийн зохион байгуулагч Пак Кин Сүг гэх солонгос эмэгтэй иргэн Д.Лхагважавын эзэмшлийн хашаанд дур мэдэн айл буулгав. Энэ талаар маргаан хийж очсон хашааны.эзэн сүмийн итгэгчдэд нохой адил хөөгдөж, нүүрэндээ солонгос эмэгтэйн хумсны сорвитой буцжээ.

Эдгээр жишээ бол буддын шашны лам нар, иргэдийн зүгээс цагдаагийн байгууллага, дүүргийн ИТХ-д ирүүлсэн гомдлууд. Илээр мэдэгдэж, хуулийн байгууллагын сонорт хүргүүлсэн гомдлуудын хэсэгхэн нь. Өнгөц харвал үйлдэл нь жижиг ч, агуулга ач холбогдол хэтэрхий том иймэрхүү мөргөлдөөн далдуур хэд гарсан, бас гарах гэж байгааг хэн ч үл мэднэ.

1992 оны Үндсэн хуулиар зөвхөн улс төрийн намыг л олон байж болохыг зөвшөөрөөгүй юм. Шүтэх эрхийг ч олон шашны тогтолцоонд шилжүүлсэн билээ. Гэхдээ шүтэх, эс шүтэх нь хувь хүний эрх гэж хуульчилсан. Гэтэл биднийг дээгүүрээ улстөржиж суух зуур шашиндаа татах, итгүүлэх, ашиглах гаднынхны кампанит ажил хавтгайрав. Шүтэх, эс шүтэх хувь хүний эрхийг "сайн дур"-ын гэх сайхан нэрийн дор хүчээр шүтүүлэх албадлага болгон хувиргалаа. Дараахь цөөхөн тоо баримт, үйл явдал үүнийг гэрчилнэ.

Өнөөдрийн байдлаар нийслэлд шашны 248 байгууллага ажиллаж байна. Тэдгээрийг урсгалаар нь үзвэл 69 нь буддынх, түүнээс хоёр дахин их буюу 170 нь христийн шашных. Харин лалын шашны урсгалтай гурван сүм байдаг байна. Хуулиар бол орон нутгийн ИТХ-аас зөвшөөрөл авч байж шашны байгууллага үйл ажиллагаа явуулах учиртай. Гэтэл дээрх 248 сүм хийдийн 87 нь огт зөвшөөрөлгүй, 20 нь зөвшөөрлийнх нь хугацаа дуусчээ. Аливаа шашны байгууллагын санхүүжилт нь гишүүдийн хандиваас бүрддэг. Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийнх гэхэд л сүсэгтнүүдийн хандиваар санхүүжилтээ бүрдүүлдэг. Харин манай улсад байгаа христийн шашны сүм хийдүүдийн ихэнх нь гадаадын ямар нэгэн байгууллагаас санхүүжилттэйг хуулийнхан тогтоожээ. Хамгийн гол нь шашиндаа татсан, итгүүлсэн хүнийх нь тоогоор авах санхүүжилтийнх нь хэмжээ нэмэгддэг байна. Чухам тийм учраас л христийн шашинд итгэгч монголчуудын тоог нэмэгдүүлэхийн тулд өрсөлдөөн бий болгож ийм урсгалтай шашны байгууллага Монголд 170 хүртлээ тоо нь өсчээ. Санхүүжүүлэгч байгууллагууд нь

ихэнхдээ АНУ, Өмнөд Солонгосынх. Шашин бол хэний ч өмнө нээлттэй. Гэтэл монголчуудад хаалттай, тэнд юу ярьдаг нь тодорхойгүй шашны байгууллагууд ч байна. Ямар хүн ямар зорилгоор шашны байгууллагын зөвшөөрөл өгч байгаа Монголын төр огт шалгадаггүй ажээ. Бүр дэлхийд данстай алан хядагч байгууллагын гишүүн хүртэл Монголд шашны байгууллага ажиллуулж байсан байх юм. Зарим нь өөр зорилгоор үйл ажиллагааны зөвшөөрөл авчихаад үнэн хэрэгтээ шашны сурталчилгаа хийж байв.

ЖИШЭЭ 1

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд "Таблинг рид жамагад" нэртэй исламын шашны нэгэн сүм байх. 2007 онд байгуулагдсан гэх атлаа, зөвшөөрөлгүй тус сүмийг үүсгэн байгуулсан Пакистан улсын иргэн Сажид нь "Тамилын барс" нэртэй олон улсын террорист байгууллагын гишүүн болох нь тогтоогджээ. Иймд түүнийг манай тагнуул, хилийнхэн Монгол Улсаас албадан гаргасан байна.

ЖИШЭЭ 2

Баянзүрх дүүрэгт байрлах "Еховагийн гэрчүүд" гэх шашны сүм монголчуудыг оруулдаггүй. Долоо хоногт нэг удаа цуглаан хийдэг тус сүмд зөвхөн японууд, тэр дундаа Монгол дахь Японы Элчин сайдын яамны ажилтнууд цуглардаг гэсэн мэдээлэл бий. Зөвхөн солонгос иргэд цуглардаг ийм сүм Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бас бий. "Мэргэн үгс" компанийн байранд байрлах "Ханин" сүмийн номлогч нь Солонгосын иргэн.

Тэрээр сүмийнхээ цуглаанд Монголд амьдарч байгаа солонгос иргэдийг л оруулдаг.

ЖИШЭЭ 3

Сүмд нийтээрээ цугладаггүй, номлогч нь итгэгчдийнхээ гэрээр явж цуглаан хийдэг шашны байгууллага бас байх юм. "Монголын бахайчуудын үндэсний оюун санааны чуулга" нэртэй сүмийн үүсгэн байгуулагчид долоон мянга гаруй гишүүдийнхээ орон гэрээр явж, хэсэг бүлгээр нь цуглаан хийдэг.

ЖИШЭЭ 4

Гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажйллагаа явуулах зөвшөөрөл авсан "Хайрын бэлэг" компанийнхан христийн шашны том сурах бичиг тараадаг, худалддаг байна.

Эдгээр нь шүтэх, эс шүтэх эрх нь чөлөөтэй хувь хүмүүсийн өмнө хаалттай, тусгай зөвшөөрлөөр ордог хүмүүс нь цуглахаараа юу ярьдаг нь мэдэгдэхгүй, шашны гэх нэрээс цаашхи үйл ажиллагаа нь тодорхойгүй байгууллагууд юм. Харин ярьдаг сургаал нь шашны, хүмүүнлэгийн шинжээ алдсан, хүүхэд залуусыг буруу үйлдэлд уруу татсан, олон түмнийг хагалан бутаргах айдас номлодог сүм хийдүүд ч байна.

АЙДАС 1

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд "Эв нэгдлийн төлөө Монгол сүм" нэртэй байгууллага байдаг. Мүү-ний шашныг сурталчилдаг тус сүмийнхэн "сайн сайханд хүрэх зам нь нөгөө ертөнцөд очих явдал мөн" гэж номлодог байна. Ер нь Баянзүрх дүүрэг бол гаднын шашны сүм хийдийг шинээр байгуулахад нээлттэй, хамгийн таатай орчин бололтой. Одоогоор нийслэлд үйл ажиллагаа явуулж буй христийн шашны 170 байгууллагын 53 нь энэ дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай. Тус дүүргийн нутаг дэвсгэр дэх шашны байгууллагын тоо 2005 онд 44 байснаа 2006 онд 58, 2008 оны байдлаар 76-д хүрчээ.

АЙДАС 2

Мөн л Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр "Алтан жолоо" компанийн байранд "Бурхны сүм, дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг" гэж сүм байх. Энэ сүмийн номлогч нь Өмнөд Солонгосын иргэн бөгөөд тэрээр "удахгүй дэлхий сөнөнө, тийм учраас муу муухайг үзэхгүйн тулд үүнээс урьтаж амиа егүүтгэх хэрэгтэй" гэж сургадаг байна. Аль ч улсад иймэрхүү номлолтой сүм хийдэд үйл ажиллагааны зөвшөөрөл олгодоггүй. Дэлхийд хамгийн их шашинлаг, хамгийн олон шашны урсгалыг хүлээн зөвшөөрдөг, олон сүм хийдтэй улс бол Энэтхэг. Гэтэл ийм нээлттэй улсад хуулиар хориглож татан буулгасан шашны зарим байгууллага Монголд ирээд ажиллаж байсан тухай зарим эх сурвалж хэлж байв.

АЙДАС З

Монголын хууль, уламжлалаар төр шашин хоёр тусдаа. Сургууль бол төрийн мэдлийнх. Хүүхэд залуусыг эрдэмд сургах ёстой төрийн мэдлийн сургуулиудад шашны сургалт, цугларалт зохион байгуулахыг Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар хоригложээ. Гэтэл Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт орших "Оюуны төв" дунд сургуулийн хичээлийн нэг танхимд "Христэд итгэгчдийн нөхөрлөл" нэртэй сүм түрээсээр ажиллаж, цуглаан хийдэг байна. Төрийг төлөөлж байгаа БСШУЯ, нийслэл, дүүргийн удирдлагууд энэ үйл явдалд яагаад дуугүй суудаг нь тодорхойгүй. Хэдхэн жилийн өмнө ОХУ-д ийм тохиолдол гарсныг уншсанаа санаж байна. Ерөнхий эрдэм заах учиртай Туркийн сургуульд гардан тулаан, шашны урсгал бүхий цуглааны тухай зааж байсныг илрүүлж ОХУ-ын төрөөс тус сургуулийг хааж байсан билээ.

Христийн шашны сүм хийдүүд ихэнхдээ англи хэл үнэ төлбөргүй зааж, хувцас, гурил будаа тараадаг. Үнэгүй юманд нугасгүй монголчуудын ядуу сэтгэлгээн дээр дөрөөлж эдгээр сүм хийдүүд үйл ажиллагааны зөвшөөрлөө "ногоон гэрэл"-ээр авдаг. Үнэндээ бол гаднын шашинд итгэгчдийн олонхи нь тухайн урсгалд чин сэтгэлээсээ итгэж, сүсэглэж биш, харин үнэгүй тарааж буй эм тариа, гурил будаанд нь татагддаг. Миний сонссоноор манай төр засаг шашны байгууллагын шугамаар ирж байгаа тусламжийн бараа, хүнсний бүтээгдэхүүн, эм тарианд "бэлгийн морины шүдийг үздэггүй" гэсэн уламжлалаа хуулиас илүүд үзэж хэрэглэдэг гэсэн. Өөрөөр хэлбэл, шашны гэх шошго, хаягтай бүхнийг гааль, мэргэжлийн хяналтын ямар ч шалгалтгүйгээр хил нэвтрүүлдэг байна. Гэтэл тарааж буй үнэгүй хувцас, эм тариа нь ихэнхдээ гадаадын комиссын, тухайн орныхоо улсын болон цэргийн нөөцөд байж байгаад хугацаа нь дууссан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй болчихсон тусламжууд байдаг. Аргагүйн эрхэнд, ядуугийн зовлонгоор харийн шашинд дагаар орж буй хүмүүс үүний нарийн учрыг мэдэхгүй л.дээ. Тэд дурандаа үнэгүй юманд нугасгүй болоогүй. Харин Монгол төр өөрөө энд буруутай. Иргэдээ ядуу амьдруулж, харийн шашинд хүчээр итгүүлж, жижиг боловч шашны мөргөлдөөн гаргаж байгаад Монголын төр, түүнийг төлөөлж шашны байгуллагуудад зөвшөөрөл олгодог орон нутгийн ИТХ-ууд, хууль хяналтынхан буруутай. Монголын төр өөрийн иргэнд үйлчлэхдээ хүнд суртлын яруу тод жишээг үзүүлдэг. Тэгвэл тэрхүү хүнд суртлаа гадаадын шашны байгууллагад зөвшөөрөл олгохдоо үзүүлмээр юм. Гэтэл энд цензур гэж алга. Магадгүй зөвшөөрөл хүсээд очсон хар нөмрөгтэй номлогчоос манай зарим төрийн албан хаагч "та нар үнэгүй юу тараах вэ" гэж асуудаг бололтой юм.

Хэрэв одоо өөр юм асууж, та хүнд суртал гаргахгүй бол "2010 он гэхэд Монголын хүн амын 10 хувийг христийн шашинтан болгоно" гэсэн христийн сүмүүдийн хананд байдаг бичээс биеллээ олох нь. Энэ нь ердөө хоёрхон жилийн дараа шүү дээ. Монгол Улсын төрийн тэргүүн жил бүр сар шинийн босгон дээр шашны байгууллагуудын тэргүүн нарыг хүлээж авч уулздаг. Магадгүй энэ уулзалтад зөвхөн шар улаан дээл, орхимжтнууд биш, хар нөмрөгтнүүд, загалмай зүүсэн христийнхэн оролцож, Төрийн ордноор алхах цаг ойрхон байна. Цагаан сарын шинийн нэгний өглөө төр засгийн өндөрлөгүүд шашнаа хүндэтгэж Ганданд мөргөдөг. Тэгвэл цаашдаа шинийн нэгний өглөө төрийн өндөрлөгүүд христийн загалмайд давхар адислахгүй бол хүн амын зарим хэсэг нь гомдож улмаар талцан хуваагдаж мэдэх нь ээ.

Монголчууд уламжлалт буддагаа, эсвэл гаднаас орж ирж байгаа христийг шүтэх, эс шүтэх нь хувь хүний эрх. Энд төрийн зохицуулалт хэрэгтүй. Хэдий тийм боловч монголчуудын ядуу амьдралаар далимдуулж шашиндаа татах, шашиндаа итгүүлээд зөвхөн арабын ертөнцөд л байдаг гэж боддог амиа золиослогч, алан хядагчдыг бэлтгэл, эхлэл Монголд тавигдаж болзошгүйд төр анхаарах цаг болжээ. Түүнчлэн буяны, тусламжийн нэртэй хугацаа нь дууссан эм тариа, эрүүл ахуйн шаардлага хангахгүи хүнсний бүтээгдэхүүнээр монгол иргэдийг хордуулж байгааг хянахад төр оролцмоор байна. Алийн болгон "шүдгүй бэлгийн морь"-иор иргэдээ хордуулж суух вэ гэдэгт төр хариулт өгмөөр байна. Шашны болон буяны байгууллагын зааг ялгааг зохицуулахгүй бол сүсэг бишрэлээ дагаж бус тараадаг үнэгүй тусламжийг нь булаацалдсан шашны мөргөлдөөн гарах хөрс бэлтгэгдэж байна, Монголд.

Эцэст нь өгүүлэхэд шашны урсгал, номлолдоо таарсан үйлчилгээтэй, зохих зөвшөөрөлтэй, хувь хүний шүтэх эрхийг комиссын бараа, хугацаа нь дууссан эм тариагаар худалдаж авдаггүй христийн сүм хийдүүд Монголд бас байгааг үгүйсгэхгүй.

Энд зөвхөн нэг хэсэг үхрийн эврээр мянган үхрийн эврийг доргиох гэж л энэхүү өгүүллийг бичив. Тэрхүү мянган үхрийн эвэр гэдэгт нь Монголын төр, засгийн удирдлагууд, төрийн түшээд, түшмэд, ер нь л Монголоо гэсэн хүн бүрийг багтаж доргивол энэхүү өгүүлэл зорилгодоо хүрэх юм.