Шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудлыг хэн ч үзээд ойлголт авахуйцаар илэрхийлсэн Билл Брайсоны “Шинжлэх ухаан товч түүх” номыг Баабар, Т.Ариунсанаа нар орчуулж Нэпко хэвлэлийн газраас удахгүй хэвлэн гаргана. Энэ удаа уг номын Байгалийн шалгаралын онолыг хэрхэн нээсэн тухай бүлгийн хэсгээс уншигч олондоо сонирхуулж байна.

1859 оны намрын эхээр Британийн нэр хүнд бүхий Улирлын тойм сэтгүүлийн эрхлэгч В.Элвин байгаль судлаач Чарльз Дарвин гэдэг хүнээс шинэ номын эх ноорог хүлээн авчээ. Элвин уг номыг уншаад, уг нь сонирхолтой юм, нэлээд зүтгэл гаргаж бичсэн байна, гэхдээ сэдэв нь дэндүү хязгаарлагдмал хүрээнийх тул уншигч цөөтэй болох байх гэж дүгнэжээ. Тэгээд тэрээр Дарвинд үүнийхээ оронд тагтааны тухай ном бичсэн нь дээр гэсэн зөвлөгөөтэй хариу захидал илгээсэн ба түүндээ “хүн болгон тагтаа сонирхдог” гэж тодотгожээ.

Дарвин зөвлөгөөг үл хэрэгсэн Амьдралын төлөөх тэмцлийн явцад зүйлүүд байгалийн шалгарлаар үүссэн, үлдсэн тухай хэмээх гарчигтай номоо хэвлүүлэн тус бүрийг нь 15 шиллингээр борлуулав. Худалдаанд гарсан эхний өдрөө л ном нь 1250 ширхэг зарагдав. Энэ ном хэзээ ч хэвлэгдэхээ завсарлаагүй. Гэнэт шийд гарган далайгаар дэлхий тойроод ирсэн, чийгийн улаан өт голчлон сонирхдог хүний хувьд энэ нь мундаг том ажлын гараа байсан юм.

Чарльз Дарвин 1809 онд худалдааны жижиг хот болох Шрюсбурид төрсөн. Аав нь нэр хүндтэй эмч, ээж нь Чарльзыг наймтай байхад нь өөд болж. Дарвин хүүхэд ахуйдаа бүхий л бололцоогоор хангагдаж байсан ч хичээлдээ сайнгүй тул бэлэвсэн эцгээ ямагт зовооно. Аав нь хүүдээ “Чи нохой буудаж, харх барихаас өөр юу ч хийхгүй, удмынхаа нэр төрийг гутааж байна” гэж захидалдаа бичсэн нь намтарт нь ямагт ишлэгддэг. Хэдийгээр байгалийн түүх сонирхдог ч аавыгаа бодож эмч мэргэжлээр Эдинбургт суралцлаа. Зовлонд өртсөн нэг хүүхдэд мэс засал хийхэд оролцсоныхоо дараа (тэр үед мэдээж ямар ч мэдээ алдуулалт байгаагүй) цочролд орон энэ мэргэжлээ бүрмөсөн орхихоор шийджээ. Оронд нь хуулиар сурах гэж оролдсон ч уйтгартай гэж үзээд эцэст нь арай гэж Кэмбрижийн Их сургуулиас шашин судлалын чиглэлээр зэрэг авсан байна.

Сургууль төгссөн түүнийг нутгийнх нь зэлүүд хөдөөхи амьдрал хүлээж байлаа. Гэтэл сэтгэл татам нэг санал гэнэт ирдэг байгаа. Дарвиныг тэнгисийн цэргийн Бийгл хөлгийн аялалд хань болж яваач гэсэн ахмад Робэрт Фицрой урьжээ. Өнөөгийн өндөрлөгөөс харах ахул мань хоёр хар нялхаараа байсан юм. Фицрой нь дөнгөж хорин гуравтай, Дарвин ердөө хорин хоёртой.

Фицройн албан ёсны томилолт нь далайн эргийн зураг тогтоох байсан ч мань эр дотроо бол Библид бичсэнчлэн Бурхан ертөнцийг бүтээсэн гэх нотолгоо олох зорилго тавьж байжээ. Дарвин шашины боловсрол эзэмшсэн болохоор л Фицрой түүнийг хөлөгтөө авч явахаар шийдсэн болов уу. Дарвин санасныг бодвол хавьгүй либерал үзэлтэй төдийгүй шашины тулгуур үзэлд үнэн сэтгэлээсээ хандахгүй байсан нь яваандаа тэдний хооронд үүссэн зөрчлийн эх болсон.

Дарвин Бийгл хөлгөөр 1831-1836 оны хооронд аялсан нь түүний амьдралын туршлага боловсроход нөлөөлсөн онцгой жилүүд байв.    Дарвин хангалттай адал явдал туулсан төдийгүй, үлдсэн амьдралдаа оролдож өнгөрүүлэх нүсэр ажилтай, өөрт нь нэр хүнд авчрах маш их дээж цуглуулгатай болсон юм. Таван жил хоёр хоног дэлхийгээр аялсныхаа дараа хорин долоо хүрсэн хойноо гэртээ эргэн ирсэн бөгөөд түүнээс хойш Англиас дахин огт холдоогүй.

Буцаж ирээд Томас Мальтусын Хүн ам зүйн зарчмын тухай эсээ зохиолыг (энэ бүтээлдээ Мальтус хүн ам өсч олон болох тусам хүнс тэжээл хомсдох болно гэдгийг математикаар тооцоолсон) уншсаны дараа л амьдрал бол байнгын тэмцэл, байгалийн шалгарал юм байна, энэ нь зарим зүйл мөхөж, зарим нь үлдэж хөгждөг үндсэн арга зам мөн гэсэн бодол залуу Дарвины толгойд төржээ. Түүнчлэн бүх организм нөөцийн төлөө тэмцдэг, дотоод давуу талтай нь үүнийгээ үр удамдаа дамжуулж өгдөг гэдгийг олж харсан. Ийм замаар амьтдын зүйл цаг ямагт сайжирч байдаг.

Энэ нь маш энгийн санаа байсан. Олон юмыг тайлбарлах сурвалж тул Дарвин энэнийхээ төлөө үлдсэн амьдралаа зориулахад бэлдсэн. “Ямар тэнэг юм бэ, би яагаад үүнийг бодсонгүй вэ” гэж Т.Хакслэй “Зүйлийн үүсэл" - ийг уншаад уулга алдаж байсан гэдэг. Энэ бодол түүнээс хойш олон хүнд төрсөн.

Сонирхолтой нь Дарвин өөрийн бүтээлдээ “хүчтэй нь амьд үлдэнэ” гэсэн хэлцийг ганц ч дурдаагүй. Энэ хэлцийг Зүйлийн үүсэл хэвлэгдсэнээс таван жилийн дараа Х. Спэнсэр Биологийн зарчмууд номдоо анх хэрэглэсэн юм. Түүнчлэн Дарвин Зүйлийн үүсэл номынхоо зургаадугаар хэвлэл хүртэл “хувьсал” гэдэг үгийг хэрэглээгүй.

Бийгл
-ийн аяллаас цуглуулсан дээжээ янзлахад таван жил зарцуулсны дараа л Дарвин шинэ онолынхоо үндсийг тодорхойлж эхэлсэн. Хоёр жилийн дараа 230 хуудас бүхий “ноорог” болгон дуусгав. Тэгснээ ёстой хачин аашилж гар бичмэлээ арав гаруй жил цааш тавиад өөр юмаар оролдож эхэлсэн байх юм. Энэ зуур тэр арван хүүхдийн эцэг болж, сахал хөлт амьтны тухай асар их зүйл бичжээ.

Дарвин нээсэн онолоо олон жил зөвхөн өөртөө л хадгалж байсан. Учир нь энэ нь ямар гээч шуурга дэгдээхийг мэдэж байлаа. 1844 онд Ертөнцийг бүтээсэн байгалийн түүхийн эхлэл хэмээх нэгэн ном хэвлэгдсэн нь сэтгэгч нарын дунд томоохон шуугиан бухимдал дэгдээв. Уг номд хүмүүс бурхны туслалцаагүйгээр, арай бүдүүлэг болхи хүн дүрст амьтдаас үүссэн байх гэж таамагласан байв.

Хэрвээ түгшүүр төрүүлсэн цохилт ирээгүй бол Дарвины гар бичмэл нас бартал нь шүүгээнд нь түгжээтэй хэвтэх байсан ч байж магадгүй. 1858 оны зуны эхээр Дарвинд нэгэн боодолтой илгээмж Алс дорнод суугаа залуухан байгаль судлаач Алфрэд Воллосоос иржээ. Дажгүй нөхөрсөг захидлын хамт тэнд Зүйлүүд анхныхаа төрхөөс холдох хандлагын тухай хэмээсэн гар ноорог байна. Энэ нь Дарвины бүтээлтэй бараг адилхан үзэлт бүтээл аж. Зарим үг үсэг нь яг л Дарвиныг хуулсан ч юм шиг. “Би амьдралдаа үүнээс илүү адилхан зүйл үзээгүй” хэмээн Дарвин дуу алдсан гэнэ. Воллос онолоо гэнэтийн онгод орсон үедээ ойлгож нээсэн бол Дарвин харин өөрийн онолыг олон жилийн анхааралтай ажиглалт, хөлс хөдөлмөрийн үр дүнд боловсруулсан юм.   

1858 оны 7 сарын 1-нд Дарвин, Воллос нарын шинэ үзэл санааг дэлхий дахинд анхлан танилцууллаа. Харин яг тэр өдөр Дарвин өөрөө уг уулзалтад оролцож чадаагүй, эхнэрийн хамт хүүгээ оршуулж байсан юм. Дарвин-Воллосын танилцуулга тэр үдэш хийгдсэн долоон танилцуулгын нэг байсан бөгөөд оролцогчдын сонирхлыг татсангүй. Тэнд байсан гуч орчим хүн зууны шинжлэх ухааны оргил үйл явдлын гэрч болж байна гэдгээ ухаараагүй. Танилцуулгын талаар Даблины профессор Хьютон хоёр ч нийтлэлдээ дурдсан ба тэгэхдээ “тэдний танилцуулганд байсан шинэ зүйл бүхэн нь худлаа, харин үнэн бүхэн нь хуучирсан байна” гэж дүгнэсэн аж. Алс дорнодод байсан Воллос энэ явдлын талаар бүр сүүлд олж мэдсэн ч өөрийг нь тэнд нэр хавчуулсанд тун ч баярлажээ. Тэрээр уг онолыг ямагт “дарвинизм” гэж ярьдаг байсан юм.

Дарвин нээлтээсээ болж үргэлж шаналж байсан. Өөрийгөө “ороолон санваартан” хэмээн нэрлэдэг байсан төдийгүй “өөрийнхөө онолыг бусдад танилцуулах нь яг л хүн амины хэрэг үйлдсэнээ хүлээж байгаа юм шиг хэцүү байх юм” гэж хүнд ярьсан гэдэг.   

Дарвин номоо Зүйлийн үүсэл гэж нэрлэсэн мөртөө амьтан ургамалын зүйл хэрхэн үүссэн тухай энэ бүтээлд нь огт байхгүй нь хачирхалтай. Дарвины санаа гол нь зүйл хэрхэн илүү хүчтэй, хурдан, сайн болдог механизмын тухай онол юм. Харин зүйл хэрхэн шинээр буй болдог тухай дурдаагүй.     Энэ механизмыг тухайн үед нь Мэндэль хэмээх санваартан нээсэн ч 35 жилийн турш хэрэгсээгүй мартагдсан.

Ийнхүү өөрсдөө ойлголгүйгээр Дарвин, Мэндэль нар хорьдугаар зууны амьдралын шинжлэх ухааны үндсийг тавьжээ. Бүх амьд зүйлс хоорондоо холбоотой, эцсийн бөлөгт тэд нийтлэг нэг эхээс гаралтай гэж Дарвин үзсэн бол, энэ явц хэрхэн явагддаг механизмыг нь Мэндэль тайлбарласан юм. Энэ хоёр хүн бие биедээ тусалж чадах байлаа. Дарвины Зүйлийн үүсэл Мэндэльд герман хэлээр байсан, тэгэхээр уг номыг уншсан байж таараа. Тиймээс Дарвины онолыг өөрийнхтэйгээ уялдуулж болох байсан ч их эрдэмтэнтэй холбоо  барих оролдлого огт хийгээгүй бололтой.

Хүн мичнээс гаралтай гэсэн үг Дарвины онолд байдаг гэж хүмүүс боддог ч үнэндээ шууд тэгж дурдсан юм байхгүй. Гээд Дарвины онолын үүднээс хүний үүслийг авч үзэх юм бол юу гэх гээд байгаа нь дороо ойлгогдоно. Тийм ч учраас тэр дороо л энэ тухай яриа гарч эхэлсэн юм даа.

Угаасаа л болох ёстой шоу болж 1860 онд Оксфорд дахь Британийн шинжлэх ухааны дэвшлийн нийгэмлэгт томоохон уулзалт - хурал боллоо. Угаасаа иймэрхүү юманд оролцдоггүй Дарвин ирсэнгүй. Мянга гаруй хүн танхимд цугласнаас гадна дахиад цаана нь зуу гаруй хүн багтахгүй гадаа нь зогсож байв. Оксфордын хамба Вилбэрфорс үг хэлэв. Үүний дараа хэрүүл маргаан хэрхэн өрнөсөн талаархи олон дурсамж хоорондоо зөрдөг. Нийтлэг тархсан хувилбараар бол Вилбэрфорс дараа нь Хакслэй руу хуурмаг инээмсэглэснээ өвөг эцэг эх нь сармагчинтай хамаатан байсан эсэхийг нь асуужээ. Энэ бол зориуд өдөөн хатгасан өмхий үг. Хариуд нь Хакслэй “Шинжлэх ухааны нухацтай яриаг зориуд үймүүлэх гэж ирсэн нэр хүнд бүхий өдөөн хатгагчтай садан байснаас сармагчинтай ах дүү байсан нь хавьгүй дээр” гэчихжээ. Вилбэрфорсын ажил албыг давхар доромжилсон утгатай учир энэ ч бас ноцтой хариулт юм. Нэг хатагтай олны дунд ухаан алдаж унав. Хорин таван жилийн өмнө Дарвинтай хамт Бийгл хөлгөөр аялсан Фицрой Библи атган “Судар, судар” хэмээн хашгирч танхимын голоор алхална.

Эцэст нь Дарвин 1871 онд хэвлүүлсэн Хүний гарвал хэмээх номдоо, хүмүүс мичтэй ах дүүгийн холбоотой гэж үзэж байгаагаа ил тод илэрхийлжээ. Ямар ч малтмал олдвор үүнийг нь батлаагүй байхад ийм дүгнэлт хийсэн нь эрс шийдэмгийнх нь илэрхийлэл ажгуу. Тэр үед эртний хүмүүсийн талаархи олдвор нь ердөө л алдарт неандертал хүний яс төдий байлаа. Хүний гарвал  зохиол Зүйлийн үүсэл -ээс хавьгүй илүү зөрчилтэй бүтээл байв.

Дарвинг амьд байхад нь маш олон шагнал урамшуулал олгосон ч Зүйлийн үүсэл, Хүний гарвал бүтээлд нь юу ч өгөөгүй. Вангийн Нийгэмлэг түүнд нэр хүндтэй Коплэйн медаль гардуулахдаа геологи, амьтан судлал, ургамал судлалд оруулсан хувь нэмрийг нь өндөр үнэлсэн мөртөө байгалийн шалгаралын онолынх нь талаар огт дурдаагүй. Түүнийг Хүлэг баатар цолоор шагнаагүй ч Вэстминстэрийн хийдэд Ньютоны хажууд оршуулсан. Түүнээс хоёр жилийн дараа Мэндэль нас баржээ.

ХХ зууны гуч дөчөөд онд Дарвины үзлийг Мэндэлийн удамшлын онолтой уялдулсан Орчин үеийн нийлэгжил хэмээх шинэ онол гарч ирснээс хойш дарвинизм үнэхээр газар авч эхэлсэн. Мэндэлийн бүтээлийг нас барсных нь дараа эрдэмтэд хүлээн зөвшөөрч эхэлсэн.   

Хорьдугаар зууны эхэнд Дэлхийн шинжлэх ухааны магнайлагчид хүүхэд яаж бий болдгийг хэлж мэдэхгүй байсан ч  шинжлэх ухаан бараг төгсгөл рүүгээ ойртож байна гэж үзэж байсныг эргэн харахад гайхмаар.