Шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл нь танин мэдэхүйн асар их ач холбогдолтой. Заримдаа ийм хялбаршуулал нь албан ёсоор заалгаснаас илүүг мэдүүлдэг, мэдрүүлдэг. Зохиолч Билл Брайсоны “Шинжлэх ухаан товч түүх” ном энэ талаар тэргүүлж олон шагнал хүртжээ. Физик, хими, биологи, генетик, геологи, менерологи, антропологийн салбарын анхдагч ойлголт, нээлт хэрхэн бүтсэн, ямархуу адал явдал болж байсан, хялбаршуулбал яг юун тухай хэрхэн төсөөлбөл зүгээр талаар тун ч хорхой хүрэм уран гоё хэлбэрээр бичжээ. Шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудлыг хэн ч үзээд ойлголт авахуйцаар илэрхийлсэн энэ номыг Баабар, Т.Ариунсанаа нар орчуулж Нэпко хэвлэлийн газраас удахгүй хэвлэн гаргана. Энэ удаа уг номын Харьцангуй онолыг хэрхэн нээсэн тухай бүлгийн хэсгээс уншигч олондоо сонирхуулж байна.

Аль ч Их сургуульд багшилдаггүй, ямар ч лабораторигүй, Швейцарын Бөрн хот дахь патентын албанд буй жижиг номын сангаас өөр судалгааны эх үүсвэргүй, техникийн гуравдугаар зэрэгтэй шинжээч ажил хийдэг залуу албан хаагчийн цуврал өгүүлэл 1905 онд “Annalen der Physik” хэмээх Германы физикийн сэтгүүлд нийтлэгджээ

Түүний нэрийг Албэрт Эйнштейн гэдэг. Тэрхүү түүхэн 1905 онд мөнөөх сэтгүүлд таван өгүүлэл өгсний гурав нь “физикийн түүхэн дэх хамгийн аугаа бүтээлд тооцогдох учиртай” гэж С.Сноу хожим бичжээ. Тэдгээр өгүүллийн нэгд нь фотоэлектрик эффектийг квантын онолоор авч үзсэн байв. Нөгөө нь бөөмсийн уусмал дахь хэв шинжийг (Брауны хөдөлгөөн гэдэг) хөнджээ. Харин гурав дахь нь Харьцангуйн тусгай онол.

Эхнийх нь зохиогчдоо Нобелийн шагнал авчирсан бөгөөд энэ нь гэрлийн шинж чанарыг тайлбарласан (энэ онол ТВ бүтээх боломж олгосон) бүтээл. Хоёр дахь онол нь атом үнэхээр оршин байдаг гэдгийг баталсан. Атом гэж ер нь бодитоор байдаг эсэх тухай маргаан тэр үед үргэлжилсээр байсан юм. Харин гуравдахь нь ердөө л дэлхийг өөрчилж орхисон доо.

Эйнштейн Германы өмнөд нутгийн Ульмд 1879 онд төрсөн ч Мюнхэнд өссөн. Гурван нас хүртлээ хэлд ороогүй гэсэн цуутай яриа байдаг. 1890-ээд онд аавынх нь цахилгааны бизнес амжилтгүй болоход тэднийх Миланруу нүүсэн ч тэр үед өсвөр настай байсан Эйнштейн боловсрол эзэмшихээр Швейцарь явав. Гэхдээ коллежид орох эхнийхээ шалгалтанд унан бүтэлгүйтсэн. Цэргийн албанаас зайлсхийхийн тулд Германы иргэний харъяаллаа цуцлуулж, дунд сургуулийн багш бэлтгэдэг Цюрихийн Политехникийн институтын дөрвөн жилийн ангид элсэн оржээ.

Албэрт оюутан байхдаа хамт сурж байсан Милева Марич хэмээх унгар оюутанд хайртай болж 1903 онд гэрлэсэн. Үүний хажуугаар 1902 онд Эйнштейн Швейцарийн патентийн албанд ажилд орон тэндээ долоон жил ажиллажээ. Энэ ажил нь мань хүний оюуныг сорьдог байсан болохоор ажилдаа дуртай байв. Гээд хамгийн гол сонирхол физикээ орхисонгүй. Ийм нэгэн залуу 1905 онд Харьцангуйн тусгай онолыг зохиосон юм.

Түүний алдарт E=mc2 гэдэг томъёолол нь хэвлүүлсэн бүтээлд нь бичигдээгүй, хэдэн сарын дараа нийтлэгдсэн товч нэмэлтэнд нь багтсан. Хэрэв чи сургуульд үзсэнээ санаж байгаа бол уг томъёонд гарч байгаа E нь энергийг, m нь массыг, c2 нь гэрлийн хурдыг квадратыг илэрхийлдэг.

Хамгийн энгийнээр хэлбэл энэ томъёо нь масс, энерги хоёр хоорондоо шууд хамааралтай гэдгийг илтгэсэн. Тэд бол нэг зүйлийн хоёр өөр хэлбэр, өөрөөр хэлбэл энерги гэдэг бол чөлөөлөгдсөн матер, матер гэдэг бол гарч ирэхээ хүлээн байгаа энерги. c2 (гэрлийн хурдыг өөрөөр нь үржүүлнэ) гэдэг бол тоон утгаараа аймаар том хэмжигдэхүүн, үүнийг аль нэг материалдэ шилжүүлэн тооцвол үнэхээр адын их энерги болно шүү дээ.

Ямар гайхалтай томъёолол гэдгийг мэдрэхгүй байж магадгүй. Гэвч өөрөө дунд зэргийн биетэй насанд хүрсэн хүн бол биенд чинь 7х1018 жоуль энерги хадгалагдаж байгаа бөгөөд хэрвээ үүнийг чөлөөлөх аргыг бид мэддэгсэн бол энэ нь 30 ширхэг устөрөгчийн бөмбөг дэлбэлсэнтэй тэнцэх хэмжээний энерги үүсгэх чадалтай. Хорваагийн бүх юмс дотроо ийм их энерги агуулж байдаг. Бидэнд гагцхүү тэр энергийг гаргаж ирэх чадвар байхгүй. Хүний бүтээсэн хамгийн их энерги ялгаруулагч зүйл болох устөрөгчийн бөмбөг хүртэл гаргаж чадахынхаа нэг хувиас ч бага энерги чөлөөлдөг юм.

Үүнээс гадна Эйнштейний онол цацраг идэвхжил хэрхэн явагддагийг, урaаннь мөс мэт хайлалгүйгээр их хэмжээний энергийг тогтмол гадагш ялгаруулж байдгийг тайлбарласан, мөн одод дотоод түлшээ дуусгалгүйгээр олон тэрбум жил шатаж чаддагийн учрыг хэлж өгсөн. Ганцхан томъёогоороо Эйнштейн геологичид болон астрономичдод олон жилээр элдвийг сэтгэх боломж олгожээ. Тэр бүхний дээр тусгай онол нь гэрлийн хурд тогтмол бөгөөд байж болох хамгийн дээд хурд гэдгийг хэлж өгсөн юм. Энэ онол нь орчлонгийн шинж чанарын гол үндэс нь гэрэлтэй холбоотой болохыг харуулсан.



Физикчид мөнөөх л бахь байдгаараа Швейцарийн патентын албаны залуу ажилтны нээлтийг анзаарсангүй. Ийнхүү ертөнцийн хамгийн гүн нууцын заримыг тайлсныхаа дараа Эйнштейн Их сургуулийн багш болохоор өргөдөл өгсөн ч дахиад л гологдлоо. Дараа нь ахлах сургуульд багшлахаар оролдсон ч хүсэлтийг нь мөн л хүлээж авсангүй. Ингээд мөнөөх л патентын гуравдугаар зэргийн шалгагч хийх ажилдаа буцан очсон ч сэтгэлгээний ажлаа орхиогүй юм. Үнэндээ мань хүн сэтгэлгээний хөдөлмөрөө дуусгах яагаа ч үгүй байв.

Эйнштейний тархинд орж ирсэн нэг бодол нь таталцлын хүчний тухай асуудлыг хэрхэх шийдлийн эхлэл байсан юм. Учир нь түүний харьцангуйн онолд нэг зүйл дутагдаад байсныг мэдэж байсан бөгөөд тэр нь таталцлын хүч юм байна гэдгийг олсон. Харьцангуйн тусгай онолын “тусгай” нь чухам юундаа байгаа юм бэ гэвэл энэ онол ямар ч хүчний нөлөөнд оролгүй хөдөлж буй биетийн тухай байв. Харин ямар нэг зүйл, тухайлбал гэрэл замдаа ямар нэг саадтай таарвал, жишээ нь тэр нь таталцлын хүч байвал юу тохиолдох вэ? Энэ асуудал түүний бодлыг дараагийн арван жилийн турш эзэмдсээр 1917 онд тэрээр “Таталцлын ерөнхий онолд сансрын хүчин зүйлсийг авч үзэх нь” хэмээх бүтээлээ нийтлүүлжээ. 1905 онд Эйнштейний дэвшүүлсэн Харьцангуйн тусгай онол гүн гүнзгий чухал бүтээл байсан. Гэхдээ хэрвээ Эйнштейн үүнийг бодож олоогүй байсан ч өөр хэн нэгэн таван жилийн дотор нээх байсан байж болох. Харин Ерөнхий онол бол огт өөр. Хэрвээ үүнийг Эйнштейн нээгээгүй бол бид одоо ч уг онолыг хүлээж байх байсан байж магадгүй.

Гаанс зуусан, цахилгаанжуулсан мэт үстэй Эйнштейн олонд танигдалгүй тэр чигтээ сураггүй болохуйц хүн биш аж. Дайны дараа 1919 онд хорвоо түүнийг гэнэт нээлээ. Тэр даруйдаа л харьцангуйн онолыг ердийн хүн ойлгохын аргагүй гэсэн цуу түгж эхлэв.

Цаг хугацаа бол абсолют зүйл биш, аль алин нь ажиглагчтай уялдаатай харьцангуй эд бөгөөд хэдий чинээ хурдан хөдөлнө нөлөөг нь төдий чинээ тод мэдэрнэ гэснээр хүмүүсийн төсөөллийн эсрэг зүйл дэвшүүлсэн учраас л ойлгоход дэндүү бэрх аж. Бид хэзээ ч гэрлийн хурдтай хөдөлж чадахгүй. Гэрлийн хурд руу хэдий хэр ойртоно хөндлөнгийн ажиглагч төдий чинээ саармагжсан байдлаар ажиглагдана.

Тэр дороо л шинжлэх ухааныг түгээгчид энэ онолыг олон нийтэд ойлгомжтой тайлбарлахаар оролдож эхэллээ. Хамгийн дөнгүүр оролдлого нь математикч, философич Бэртранд Рассэлын бичсэн Харьцангуйн онолын цагаан толгой хэмээх ном. Тэрээр уншигчийг гэрлийн хурдын 60 хувийн хурдтай давхиж яваа 100 метр урттай галт тэргийг санаандаа дүрслэхийг хүсчээ. Галт тэрэгний буудлын тавцан дээр зогсож буй хүний хувьд хажуугаар нь давхиж яваа богоон 100 биш харин 80 метр урттай гэж ажиглагдах болно. Мөн богоон дотор байгаа бүх юм шахагдсан мэт санагдана. Богоон доторх зорчигчдын яриа хэрвээ түүнд сонсогдвол удаашруулсан пянз шиг зууралдсан хүнгэх чимээ байх болно. Богоон дотор байгаа цаг нь хүртэл ердийнхөөсөө 20 хувиар хоцорч явах болно.

Богоон дотор яваа хүмүүсийн хувьд бүх зүйл хэвийн хуучнаараа л байгаа юм шиг байх тул өөрчлөлт ажиглагдахгүй. Харин тавцан дээр байгаа хүмүүс илүү агшсан, хөдөлгөөн нь удааширсан юм шиг санагдах болно. Нэг үгэндээ хөдөлж байгаа зүйлийг хаанаас, аль талаас нь ажиглаж байгаагаас болж ялгаатай харагдана.

Харьцангуйн ерөнхий онолын хамгийн санаанд багтамгүй, төсөөлөгдөмгүй юм нь цаг хугацаа бол орон зайн нэг хэсэг гэсэн ойлголт. Цаг хугацааг бид мөнхийн, абсолют бөгөөд алгуур алхмыг нь хэн ч гүйцэж, ялан дийлж чадахгүй гэж ойлгодог. Харин Эйнштейнийхээр цаг хугацаа хувьсагч бөгөөд байнга өөрчлөгдөж байдаг. Тэр байтугай бүр өөрийн гэсэн хэлбэртэй. Мушгирсан бөгөөд өөр хоорондоо холбоотой хэмээн Стэфэн Хоукинг тодорхойлоод, цаг хугацааны хачирхалтай хэмжээс дотор гурван хэмжээст орчлон байдаг гэж тайлбарлан үүнийгээ “орон цаг” гэж нэрлэсэн.

Орон цагийг тайлбарлахдаа хүмүүсийг ихэвчлэн хавтгай боловч дотогшоо шигдэн орж болдог зүйл, тухайлбал зөөлөн гудас маягаар төсөөлөхийг хүсчээ. Голд нь төмөр бөмбөлөг тавьбал доош шигдэн эргэн тойрондоо хонхойж хотойсон хэлбэр үүсгэдэг. Энэ нь хүнд жинтэй зүйлс, тухайлбал Нар (төмөр бөмбөлөг) бол орон цагт (гудсанд) нөлөө үзүүлж, хэлбэрийг нь өөрчлөн, сунгаж муруйлгаж байгаатай төстэй юм. Хавтгай гудсан дээгүүр хөнгөхөн бөмбөг өнхрүүлбэл Ньютоны хөдөлгөөний хуулийн дагуу зүгээр л өнхөрч одох болно. Харин жин ихтэй хүнд бөмбөг өнхрүүлбэл гудсанд шигдэх бөгөөд үүнээс болж үүссэн хонхорхойд ойрхон зүйлс тийш татагдах болно. Энэ нь таталцлын хүч буюу орон цагийн муруйлт юм.

Шигдүүлэн хонхойх ч гудасны харьцуулалт энэ хүрч үүргээ гүйцэтгээд дуусах болно. Учир нь энэ харьцуулалтанд цаг хугацааны нөлөөллийг гүйцэд тооцоогүй. Гэхдээ бидний тархи манийг энэ хүртэл л хүргэж өгч чадна. Яагаад гэвэл гурван хэмжээст орон зайг нэг хэмжээст цаг хугацаатай нийлүүлэн нэхэж оёсон даавуу мэт нэг зүйл болгон нэгтгэн дүрсэлнэ гэдэг бараг боломжгүй. Ямартай ч үүнийг Швейцарийн нийслэл дэх патентын албаныхаа цонхоор гадагш харан суугаа залуу бодож олсон гэхэд аугаа сэтгэлгээ байсан гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг.