Сайдын суудал, албан тушаал хуваах болохоороо ойлголцож  дөнгөдөг  МАХН, АН-ынхан Өршөөлийн хуулийн төсөл дээр зөвшилцөж чадахгүй байна. Хэвлэлийн мэдээ, зарим гишүүдийн тайлбараар бол АН-ынхан долдугаар сарын 1-ний үйл явдлаар ял сонссон бүх хүнийг, МАХН-ынхан энэ үйлдэлд оролцсон зөвхөн хүүхэд эмэгтэйчүүдийг өршөөнө гэж гэдийж  байна. Хоёр намын байр суурийн энэ зөрүү нь Өршөөлийн хуулийн төслийг мухардалд оруулсан юм байх. Үнэндээ бол энэ нь шалтгаан биш, шалтаг. Өршөөлийн хуулийг батлах хүсэлгүйн илэрхийлэл бололтой.  Хэрэв тийм биш бол энд ойлголцохгүй юм, хоёр нам заавал  зөвшилцөх шаардлага алга.  
Хууль бол бүх ард түмэнд адил тэгш үйлчлэх Үндсэн хуулийн зарчимтай. Хэсэг хүнд зориулсан хууль гэж байх учиргүй.  Зөвхөн хууль биш, төрийн бүх шийдвэр нийт ард түмэнд зориулагдах ёстой.  Төрийн өршөөл ч энд багтана. Харин  тухайлсан нэг хэрэгт, хэсэг хүнд зориулсан төрийн хууль, тэр дундаа ард түмнээ ялгаварласан төрийн өршөөл  гэж аль ч улсад байхгүй. Хэрвээ тухайлсан нэг хэрэгт, нэг хүнийг өршөөх гэж байгаа бол ийм хуулийн ийм боломж манай улсад бий. Тэр нь Ерөнхийлөгчийн уучлал. Алдаа гаргасан иргнээ төр хуулиар өршөөх нь сайн хэрэг. Гэхдээ энэ нь нэг хэрэгт, хэсэг хүнд зориулагдсан байж таарахгүй. Хэрвээ зөвхөн долдугаар сарын 1-ний хэрэгт оролцсон хүмүүсийг л өршөөх хууль баталбал  энэ нь цаашид тогтож мэдэх буруу жишгийн эхлэл болно. Жишээ нь, бүлэглэлүүдийн   шахалтаар  Центрпойнт ч юм уу, Хадгаламж банкны хэргээр ял эдэлж байгаа хүмүүсийг өршөөх хуулийн төсөл парламентад  ороод ирвэл яах вэ. Аль нэгэн нам дангаараа, 2000 оных шиг хэт олонхи болсон үедээ өөрийн намаас хэрэгт холбогдсон хүмүүсээ өршөөх хууль баталбал яах вэ. Алдсан иргэдээ өршөөх сайн үйлсийг төсөл санаачлагчид нь буруу жишгийн эхлэх болгон хуульчлуулах гэж байна. Жишээ нь өнөөдөр  хуйвалдаж сурснаараа АН-ынхан мөрдөн байцаалтад шалгуулж байгаа Л.Гүндалайгаа, МАХН-ынхан ял эдэлж байгаа  ОБЕГ-ын дарга асан Дашийгаа өршөөлд хамруулах хуулийн төслийг зөвшилцөөд санаачилбал  яах вэ. Нийгэм эсэргүүцэхэд, өмнө нь долдугаар  сарын 1-ний хэрэгт оролцогчдыг тусгайлан өршөөж байсан туршлага бий гэсэн тайлбар хийгээд л баталчихна. Тийм учраас УИХ төрийн эрх барих дээд байгууллага, ард түмний төлөөлөл болдог нь үнэн, төрийн хууль бүх хүнд адил тэгш үйлчлэх хуультай л юм бол одоо дуншиж буй Өршөөлийн хуулийг зөвхөн долдугаар сарын 1-ний хэргээр хязгаарлах ёсгүй. Хэргийн хүнд хөнгөн, нас хүйс, анх удаа гэмт хэрэгт холбогдсон эсэхийг гол болгох гэж байгаа бол долдугаар сарын 1 байтугай хөнгөн хэрэгтэй, үүнээс ч санамсаргүйгээр алдчихсан хүмүүс зөндөө л байгаа шүү дээ.  Тэд ч бас төрийн өршөөлд хамрагдах эрхтэй.