1952 онд Холивүүд High Noon гэж кино бүтээжээ. Монголоор бол Жин үд гэсэн үг юм болов уу даа. Үйл явдал XIX зууны дундуур Зэрлэг өрнөдөд болно. Иймэрхүү кино бөөн л ковбой, буудалцаан, дээрэмчид гардаг биз дээ. Энэ кинонд ч бас л тэд гарна. Харин буудалцаан нь 85 минутын киноны сүүлчийн 3 минутад л өрнөх аж. Гэхдээ Америкийн соёлын үнэт өвд бүртгэгдсэн, дөрвөн Оскартай бүтээл шүү.
   
За кино руугаа орий. Цын цын… үсэг гараад л. Хар цагаан кино. Зэрлэг өрнөд дахь нэг жижигхэн тосгон. Манайхаар бол Зүүнхараа хавьцаа л юм уу даа. Тэндэхийг бужигнуулдаг нэг дээрэмчин, алуурчин, хавийгаа донсолгосон эрүүгийн хүнд гар байжээ. Тосгон мань эрийн гарт, аль дуртай хүүхнээ хүчиндээд л, хэний ч хамаагүй эд хөрөнгийг булаагаад л, эсэргүүцсэн нэгнийг нь шулуухан буудчихдаг эр. Манайхаар бол жишээ нь Баянголын Эрдэнээ ч юм уу даа. Энхбаяртай жиших гэхээр арай ч зэрэглэл доогуур юмаа. Гэхдээ амьсгаа нь нэг л дээ.

Гэтэл тэр тосгонд төрөөс хүн томилогдож иржээ. Тухайн үеийн америк хэлээрээ түүнийг “маршал” гэх юм. За даа, манайхаар бол төрийн төлөөлөгч, орон нутагт бол цагдаа, их томруулж үзэх юм бол хотын мээр Бат-Үүл л гээд бодчих. Дөч тавиад оны үеийн дэлгэцийн хамгийн том одын нэг Гэрри Күүпэр энэ маршалын дүрд тоглож байгаам. Күүпэр ирэнгүүтээ тосгонд хууль ёс сахиулж, бүхнийг айлгадаг байсан өнөө дээрэмчинг баривчлан орон нутгийн шүүхээр оруулж ял сонсгоод төв рүү шоронд илгээжээ. Шүүх хурал дээр мань дээрэмчин тосгоныг тэр чигээр нь занаж, шүүгч болон мань маршалыг зүхэн эргэж ирж байгаад хонзонгоо заавал авна гэж олны нүдэн дээр тангарагласан аж. Дээрэмчин шорон явсны дараа тосгон эмх журмандаа орж, хууль ёс үйлчлэн, хүмүүс амар тайван амьдрах болжээ. Тэгсэн яасан гээч, өршөөлийн хууль Конгрессоос гарч өнөө зартай дээрэмчинг суллачиж байгаам. Конгресс гэдэг нь манайхаар Улсын их хурал л юм даа.
   
Жинхэнэ кино одоо гарна. Дээр өгүүлсэн үйл явдал баатруудын ярианаас л тодорхой болдог. Жин үд кинонд өглөөний 10 цагаас үдийн 12 цаг хүртлэх богино хугацаа л гардаг юм. Яг энэ өдөр маршалын гурван жилийн томилолт дуусч тосгоноос явах гэж байна. Тэрээр явахаасаа өмнө гэрлэлтээ батлуулна. Цагийн зүү өглөөний 10-ыг заах аж. Гэтэл 12 цагт богооноор өнөө өршөөлийн хуулиар суллагдсан дээрэмчин энд ирэх нь тодорхой боллоо. Ирвэл мэдээж бужигнуулж таараа. Хариу хонзонгоо авах гэж тосгоныг бараг сүйрүүлж таараа. Жижигхэн суурин болохоор энэ аймшигт мэдээг бүгдээрээ тэр дор нь сонсчихно шүү дээ.  За ингээд л драм эхлэнэ дээ. Дээрэмчин ирээд маршалаас өшөө авч байгаа нь энэ гээд тосгоныхон замд нь үрэгдэнэ хэмээн хүн болгон айна. Сүнсээ зайлтал айна. Хүн болгон маршалыг эндээс бушуухан зайл хэмээн хөөнө. Зарим нь бүр зайлуулах гэж зодно. Уг нь маршал явсан ч үлдсэн ч дээрэмчин хуучин дарангуйллаа эргэж тогтоон бүгдийг хохирооно сүйтгэнэ гэдэг нь тодорхой л байгаа юм л даа. Гэхдээ хүн болгон л арай гайгүй үлдэх болов уу, зүгээр үлдэх юм ч билүү гэсэн хий горьдлого хадгалан айцгаана. Дээрэмчингээс салгаж амар тайван байдал бэлэглэсэн маршалыг буруутган, дотроо зүхнэ. Их энгийн логик, маршал дээрэмчинг баривчилж шорон руу явуулаагүй бол цаадах нь бөөн хонзон өвөрлөж эргэж ирэхгүй л байсан, ингэж нэг мөсөн алуулж байхаар дээрэмчиндээ дээрэмдүүлээд зодуулаад сууж байх нь дээр байж!?  
   
Томилолтын хугацаа нь дуусч буй маршал дээрэмчинг тосон тосгонд үлдэхээр шийдлээ. Хүмүүсийг аюулд учруулсан хариуцлагаа хүлээж байгаа ухаантай юм болов уу даа. Манайхаар бол… гээд жиших гэхээр жин үдээр дэнлүү барьж гүйгээд ч тийм хүн олсонгүй. Хэдхэн минутын өмнө гэрлэлтээ батлуулсан шинэ эхнэр нь хаяад явчихлаа. Харин манайхаар бол жишчихмээр хүүхэн ч олон олдох байхаа. Дээрэмчинг хоёр жилийн өмнө шүүж ял өгсөн шүүгч шууд л морь унаад мод тохоод зугтаачихдаг байгаа. Цагаандаа гарсан дээрэмчин, бөхчүүд, эрүүгийнхэн болон улаандаа гарсан авилгачин, луйварчингаас айгаад зугтаадаг, амаа үддэг манай цагдаагийнхантай л төстэй юмаа даа. Тосгоны цагдаа мань маршалыг бушуухан далд орж үз гэж гуйгаад болохгүй болохоор нь зодоод, оронд чинь би маршал болъё гэж шулуухан тулгаж буй нь манайхаар бол дундач төрийн албаны ажилтан л гэсэн үг.
   
Цаг явсаар. Богооны буудал дээр атаманыгаа тосохоор хэдэн дээрэмчин хүлээнэ. Атаман ирээд энэ хэдтэйгээ нийлж аваад тосгоныг будаа болгоно. Үүнийг хүн болгон мэдэж байгаа. Тэгсэн мөртөө дээрэмчинг угтан устгах хань эрэн тосгоноор гүйх маршалтай нийлэх ганц ч хүн олддоггүй. Санал болгосон нь нэг жаахан хүүхэд, бас нэг тахир татуу өвгөн, гэвч маршал зөвшөөрсөнгүй.

Хүмүүс аминдаа тулахаар ямар аймаар бэртэгчин, ямар муухай аймхай, ямар өөдгүй амиа бодогч байдаг юм бэ! Маршал гурван жилийн өмнө энд ирснээр дэг журам тогтож тосгоныхон аймшигт дээрэмчний гараас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрч байгаам аа. Гэхдээ л гэж байгаад тус болгондоо өөрийн арчаагүйгээ нуусан нэг шалтгаан заавал олж хэлнэ. Маршал мань дээрэмчинг шорон явсны дараа түүнтэй явдаг байсан хүүхэнтэй нь хэсэг явалдсан бололтой. Олон хүн үүнийг нь хэлж маршал, дээрэмчин хоёрын явдал бол тэдний хувийн тооцоо учир энэ хэрэгт оролцохгүй гэж наадаг байгаа. Яг л Бат-Үүлийг чи Улаанбаатарыг өөд татаж зам харгуй барьсан үнэн ч гэсэн хүүхдээ тэндэрт оруулсан шүү дээ хэмээн шарлааж байгаатай адил. Тэгсэн мөртөө хэдэн жилийн өмнө Нийгмийн даатгалын дарга Эрдэнээс яагаад төрийн мөнгөөр хүүхэддээ орон сууц үнэгүй авч өгөв гэж асуугаад “Битгий солиороод бай, би хүүхэддээ байр өгөхгүй тэгээд хэнд өгөх юм” хэмээсэн зандралт, далайсан нударгыг нь харуут нийтээр нам жим болон намсхийдэг шиг, тээ?
   
Дээрэмчин шорон явсны дараа тосгоныхон хуулийн дор шударгаар бизнис хийж амьдрал нь илтэд өөдлөөд ирсэн юм билээ. Одоо нэр төрөө, баялгаа, хууль дүрмийг, шудрага ёсыг хамгаалцгаая гэхээр яг л манай бизнес эрхлэгчид шиг арчаагүйтэж, хүний араар орж, худлаа шалтаг тоочиж, хулганаж, бэртэгчин зан гаргаж, алийгаа алдаж байгаа нь харахаас бөөлжис цутгамаар. Ийм амьтас ч тэр дээрэмчиндээ дээрэлхүүлээд, зодуулаад, хүчиндүүлээд, булаалгаад байж байхдаа яг таарсан юм гэж эрхгүй бодогдом. Сүмийн хамба нь хүртэл “Дээрэмчинтэй тэмцэх нь зөв боловч хүний аминд хүрэхийг ариун сударт хориглодог тул би оролцохгүй, яахыгаа өөрсдөө мэдэцгээ” гэж наадгийн! Зарим нь ичсэндээ юм болов уу маршалыг дагана гэж байна, гэхдээ бусад нь оролцвол хамтрана, түүнээс ганцаараа зүтгэхгүй гэж болзол тавих аж. Хөөрхий дөө, ийм амьтас эрх чөлөөгөөр ч яах юм билээ дээ. “Үхэр эрх чөлөөгөөр яадгийн, үйл лай нь хүзүүндээ хонхтой, хамартаа дөртэй байхаар заяагдсан” гэж Пушкин бичиж байж билээ. Чухам ийм зайгаар л ямар ч алдах юмгүй нүцгэн хүмүүс сүрхий өмөөрөгч болон тодорч популист болдог номтой л доо. Манай орон ийм төрлийн ашиг завшаан хайгчдаар дүүрсэн боловч харамсалтай нь Жин үд кинонд тэдний дүр алга.
   
Киноны төгсгөл рүү маршал ганцаараа бүлэг дээрэмчинтэй нүүр туллаа. Аа нээрэн тийм, атаманыгаа хүлээж байгаа дээрэмчид гуанзанд архи уухаар орж ирэхэд нь алийгаа алдсан арчаагүй амьтас долигонож сүйд болж байгааг нь ээ! Манийгаа өршөөнө шүү л гээд байгаа бололтой. Монголын хөрсөн дээр бол даанч танил дүр. Хамаг юмыг нь хориглоод, дээрэмдээд, тоноод, доромжлоод байхад чинь л дараагийн удаа арай гайгүй байх болов уу гэж хэдэн төгрөг өвөртлөөд л сонгууль болгоноор улс төрийн дээрэмчдийг царайчлан гүйх монголын бизнис эрхлэгчид, аан?

Холивүүдийн ковбой кинонуудад үзүүлдэг шиг мань маршал мэргэн буудаад л каратэ ушу хийгээд байдаг Шварцнэггэр маягийн гар ерөөсөө биш. Арав буудаад хоёр онодог, зодолдоод өөрөөсөө жижиг гарт тавиулчихна. Харин зориг гэж байнаа байна, зүрх гэж чулуу л гэсэн үг. За ингээд яг 12 цаг гозойход богоон ч ирлээ, атаман ч буулаа. Сонирхолтой нь өнөө цуутай дээрэмчин алуурчныг чинь шалихгүй бууддаг маршал гурван минутын дотор бүх дагалдагч нартай нь хамт цааш нь харуулчихдаг байгаа. Сүржигнээд л байсан чинь өнөө дээрэмчин ч, түүний бүлгийнхэн ч шалихгүй амьтас байж дээ, чааваас. Бүх зүйл болоод өнгөрсний дараа гэртээ бүгээд цонхны завсар, хаалганы цоожны нүхээр сэм ажиглаж байсан бэртэгчид ичих нүүрээ илгэндээ наасаар гарч ирэн гудамж дүүргэв. 
   
Ёо ёо, бүтэн кино яриад өгчихдөг байнашдээ. Өөрийнх нь эрх ашиг дотор нь багтсан нийтийн эрх ашгийг нулиман амиа хоохойлсон ийм арчаагүй, иргэншээгүй авир яахаараа эрх чөлөөг шүтэгч америкчуудаас гарав? XIX зууны Зэрлэг өрнөд шүү дээ. Эзгүй газар нүүж очсон нүүдэлчид, тэд чинь. Үүгээр нь зөвтгож болох л байх. Гэхдээ л яг тулаад ирэхээрээ хүн хэмээгч нь хар амиа бодсон өөдгүй бодгал. Хүн уул нь сүргийн амьтан, нийгэм дотор байж л биеэ хамгаалж чадна. Харин аюул тулгарахаар хүний чанар нь нисэн одож загас шавьжны доод төрөлд очно, мэдээж тэгснээр амиа аварч чаддаггүй. Хар амиа аврах гэж оролдсоноор бүр ч дорддог гэдгийг чухамдаа иргэншил л хүмүүст ойлгуулжээ.
   
Үүнээс гадна харгис дарангуйлал бас хувь хүнийг ийм арчаагүй байдал руу түлхдэг. Тавиад оны үед Америкт макартизм хэмээх эрх чөлөөнд халдсан өвчин гаарч ялангуяа холивүүдийнхнийг ихэд хэлмэгдүүлсэн юм. Үүний эсрэг хамтарч тэмцээч гэж энэ кино тэдэнд сануулжээ. Хожим Польшид коммунист ертөнц дахь хамгийн анхны чөлөөт сонгууль болоход олон жилийн дарангуйллаас болоод хүмүүс ил задгай санал өгөхөөсөө айж байлаа. Коммунизмыг анхлан түлхэн унагасан “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн сонгуулийн зурагт хуудас нь гар буу барьсан Гэрри Күүпэрийн алхаж яваа фото зураг байсан. Дор нь “Иргэд ээ, саналаа өгөхөөсөө бүү ай, тэгж байж бид өөрсдийгөө хамгаална! Солидарношч үйлдвэрчний эвлэл” гэж бичсэн байв. Эв санааны нэгдэл парламентийн 100 суудлын 99-ийг нь авсан юм даа. Хожим Украины улбар хувьсгалын үед ч Гэрри Күүпэр Киевийн байшин болгоны ханан дээр зогсон хамтарч тэмцэж байж өөрсдийгөө авардаг юм шүү гэдгийг хүмүүст сануулж байв.
   
Жич: Энэ кино Юнивишн зурагтын сувгийн кино прокатанд монгол хэлээр бий. Үзэцгээ, өөрсдийнхээ арчаагүй дүрээ харцгаа л даа. Жин үдийн 12 цаг ойртсоор!!?

2015.10.30