Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш дараагийн найман жил дотор дахин гар хүрэх эрхийг журмын тухай /2010 оны/ хуулиар хатуу хязгаарлаж өгсөн юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Н.Батбаярын ахалсан ажлын хэсгээс боловсруулан өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэв батлагдах тохиолдолд юутай ч дараагийн парламентад, магадгүй түүний дараагийн парламентад ч хүрд эргүүлэх боломж гарахгүй байх магадлалтай. Тэгэхээр 2016 оны сонгуулийн үр дүнгээр бүрдэх парламентад олонхи, үгүй юм гэхэд олон болох мөчлөгтөө найдаж байгаа МАН-д дээрх төсөлд тусгагдсан өөрчлөлтүүд ашигтай эсэх, 2017 оны сонгуульд нэр дэвших горьдлого тээж яваа Н.Энхбаярт энэ хууль хэрэгтэй эсэх нь өнөөдөр хамгийн чухлаар тавигдах ёстой асуултууд юм.МАН уг төслийн үзэл санаа, өөрчлөлтийг дэмжих /ашигтай гэж үзэх/, МАХН зөвшөөрөх /хэрэгтэй гэж үзэх/ тохиолдолд л спикер З.Энхболдын гар дээр очсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдах боломжтой мэт харагдаж байна.

УИХ-ын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй гэж хэлж болох хоёр хууль бий нь Үндсэн хуулийн өөрчлөлт, нөгөө нь Сонгуулийн тухай хууль байдаг. Гишүүд өөрөө өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн батлах магадлалтай гэсэн үг. Тэгэхээр УИХ-ын даргад өнгөрсөн долоо хоногт өдрийн зайтай өргөн баригдсан Сонгуулийн тухай хууль болон Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл нь тохиолдол биш биз ээ.

МАН-ын бүлгийн өчигдрийн хурал дээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар ширүүхэн маргаан өрнөж, санаачлагчаар оролцон гарын үсэг зурсан гишүүддээ зэм хүртээсэн сураг байна. Яагаад гэхээр МАН энэ удаад Үндсэн хуульд оруулах гээд байгаа өөрчлөлтүүдийг агуулга, ач холбогдлын хувьд төдийлөн буруутгахгүй байгаа ч цаг нь мөн эсэхэд үнэхээр эргэлзэж буйг таамаглахад хэцүү биш. Ойрын хугацаанд тус намын дарга М.Энхболдын хэвлэлд өгсөн ярилцлага, байр сууриудыг хэрэг болгон анзаарвал тэрхүү санаа нь уншигдана. МАН-ын хувьд Үндсэн хуулийг өөрчлөх хүсэл тээж яваа ч эрх баригч Ардчилсан нам ийм эмзэг сул дорой үед үүнийг тэдний санаачилгаар хийхээс цааргалах нь зүй байх. Магадгүй МАН парламентад хүч давамгайлсан хойноо амар тайван нөхцөлд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эрмэлзэлтэй байгаа. Тэгж яривал “Ардчилсан” гэх овогтой Үндсэн хуулийг өөрчлөх авторыг дахиад “ардчилагчдад” алдахгүй байх амбиц ч бий. Ардчилсан Үндсэн хуулийн эхийг түшилцэж явсан Фортуун дараагийн “эцэг” Чимид болохоор ааг, хүсэл тээж явахад МАН-д тэр зэргийн амбиц яагаад байж болохгүй гэж?

МАН ацан шалаанд байна

Гэвч МАН-ын өнөөгийн удирдлагуудад байгаа амбицийг энэ удаад Ардчилсан нам хол алхуулахгүй байх хангалттай “хөзөртэй” байж магадгүй. Үүнийг ч МАН-ынхан харж байх шиг.

Ердөө баасан гаригийн оройхон хэрд өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулгын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногт чуулганаар хэлэлцүүлэхээр З.Энхболд даваа гаригийн өглөө гэхэд жагсаалтад багтаачихсан байх нь тэр. МАН-ын бүлэг “дэмжихгүй” гээд гүрийчих тохиолдолд УИХ-ын гишүүдийн дөрөвний гурвын саналыг авч баймааж хүчин төгөлдөр болох Үндсэн хуулийн өөрчлөлт босгоор давж чадахгүй бүдэрнэ.

МАН-д байгаа ганц “мод” нь энэ бөгөөд үүнийг нь “үхүүлэх” хэмжээний мэхийг З.Энхболд хийж байгаа нь Ард нийтийн санал асуулгыг яаравчлан явуулах, ингэхийн тулд эхлээд хуулийг нь даруй батлах явдал. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг батлахдаа тулбал МАН-ын хэрэг огт байхгүй, ердийн олонхоороо л баталж орхино. Дараа нь хар машинаараа санал хураана. Ард нийтийн санал асуулгаар дэмжигдсэн өөрчлөлт шууд УИХ-аас батлагдсанд тооцохоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан байгаа.

Даваа гаригийн өглөө гэхэд хэлэлцэх асуудлын жагсаалтад үсрээд ороод ирсэн Ард нийтийн санал асуулгын тухай хууль энэхүү мэхний л барьц юм.

МАН мэхэнд унах магадлал тавиас илүү хувь байхад шууд эсэргүүцэх, эсвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар засаглалуудын зааг хязгаарыг тодруулах нийгмийн захиалга илт байхад үзэл санааг нь үгүйсгэх нь явуургүй гэдгийг мэдэж байгаа. МАН ацан шалаанд оржээ. Тэрэндээ хүрвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг АН-ын бэлдэж өгсөн томъёоллоор ард нийтийн санал асуулга халхавчин дор батлуулж байснаас өөрсдөө гар бие оролцох нь хавьгүй дээр. “Дордохын долоон өөрчлөлтийг” Н.Энхбаярын үед Үндсэн хуульд оруулж байхад Ардчилсан намын оролцоо тэрхүү өөрчлөлтөд бага байсан. Үүнтэй харьцуулахад МАН-ын байдал тийм ч муугүй. Харин энэ байдлыг нь өөрсдөд нь хэлж өгөх хүн хэрэгтэй. Тэрийг ч АН аль хэдийнэ сонгочихсон нь Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан нар юм. МАН-ын гишүүд хэний үгийг сонсох вэ, хэн юуг аль өнцгөөс тайлбарлаж, яаж зөвшөөрүүлж чадах вэ гэдэг схем зураглал Ардчилсан намд байсан хэрэг.

Ерөнхийлөгч юу хэлчихээд нисэв ээ?

Яагаад Фортууны ажлын хэсэгт МАН-ын ахмад гишүүн Д.Дэмбэрэл багтаж, хуулийн төслийг өргөн мэдүүлсэн гишүүд дунд гарын үсгээ зурсан юм бэ? Улс төрд гэнэтийн шийдэл гэж байдаггүй гээ биз дээ?!

Ховдын хязгаараас өнөөгийн төрийн хоёр ч өндөр албан тушаалд нэгэн зэрэг хоёр хүн томилогдон ажиллаж байгаад /Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг/ нутгийн ах Д.Дэмбэрэл гуай таатай явдаг, үүнийгээ ч илэрхийлдэг гэж улс төрийн хүрээнийхэн ярилцдаг. Нас, хүйс, нутаг ус, яс үндсээр онцлох нь соёлгүй гэлээ ч энэ бол улстөрийг ойлгоход маш чухал хүчин зүйлүүд учраас уучлал хүсье.

Юутай ч өчигдөр өглөө айлчлалаар мордсон Ерөнхийлөгч маань Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг өргөн хүрээтэй, эрдэмтэн мэргэдийн судалгаатай, иргэд нийтийн оролцоотой зөвшилцөл дунд хэлэлцээрэй гэх мессэж үлдээжээ. Улс төрийн хүрээнийхний гадарладагаар бол Н.Батбаяр, Ц.Элбэгдорж нар хоорондоо таагүй харилцаатай. Энэ хүйтэн уур амьсгалыг зөөлрүүлэх, үг дамжуулах холбоос хэрэгтэй байсан, хэргээ ч гүйцэтгэсэн нь Ерөнхийлөгчийн байр суурийг агуулсан Тамгын газрынх нь санал харуулж байна.

Тэгээд ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тодруулбал, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох, өнөөгийн эрх мэдлийг нь хумих өөрчлөлтүүд 2017 оноос хэрэгжиж эхлэхээр ажлын хэсэг дээр ярьжээ. Нэгэн бүрэн эрхийн хугацаанд нь үл хамаарах учраас, тэгээд ч дахин нэр дэвших эрх угаасаа олдохгүй түүнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг улайран эсэргүүцэх шаардлага байхгүй биз. Харин ч нийт ард түмнээсээ сонгогдсон сүүлийн Ерөнхийлөгч гэдгээрээ намтраа тодотгоно. Дараагийн удаад 99 гишүүнтэй УИХ-аас Ерөнхий сайдаар томилогдон танхим тэргүүлэн ажиллахыг ч үгүйсгэх аргагүй.

АН-ын нүүдэл

Улс төрийн өрөг тун эвгүй тавигдсан ч тэд нүүдэл хийнэ. Б.Батзаяагийн баривчилгаа, Г.Шийлэгдамбын авлигын үйлдэл. Дорхноо улстөржсөн энэ хоёр үйл явдал Засгийн газрыг түнших дам шалтаг болж байна. Тэрчлэн төсвийн орлого тасарсан хүнд үед Тавантолгойг урагшлуулах гээд гүйж явсан С.Баярцогтыг УИХ-ын 40 гаруй гишүүн санал нэгдсэн гэх тогтоолын төслөөр шантаажилчихсан байгаа. Гэвч Ч.Сайханбилэгийн хувьд ч, намын дарга З.Энхболдын хувьд ч Засгийн газраа авч үлдэх эрх ашиг бий. Энэ удаад Засгийн газрыг тараачихвал дахиад танхимдаа хэнийг урих вэ? Хуулиар хоёр бололцоо байсныг /МАН-тай хамтрах, МАХН-ыг урих/ хоёуланг нь ашиглачихсан шүү дээ. Улс төрийг төвөгтэй болгож, эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн Ардчилсан нам хагас жил хүрэхгүй хугацааны дараа үүнийхээ дүнг сонгогчдоор тавиулна. Тэгэхээр АН-ын дарга З.Энхболдод ч, Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгт ч яг одоо сайхан суварга босгоод түүгээрээ “арван хар нүгэл”-ээ далдлах хэрэгцээ, шаардлага байна. Тэрхүү суварга нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг сүр дуулиан дунд батлуулах явдал.

Засгийн газраас хөөж явуулсан МАН-ыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд нэгдээч гэж гуйх нүүргүй, нөгөөдүүл ч өс санасан ийм үед хоёр талаас уулзах цэг үнэндээ харагдахгүй байгаа ч Ардчилсан нам санаагаа зүтгүүлнэ. Санаачлагчаар оролцон гарын үсэг зурсан МАН-ын гишүүд, лобби хийхдээ сүрхий Фортуундаа багахан найдаж байгаа ч ард нийтийн санал асуулгад илүүхэн итгэж байгаа. Ард түмнээс асуучихсан байхад яах юм бэ?!

Арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө амжиж батлах ёстой уг хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн шатнаас шууд санал асуулга явуулж, /санал асуулгыг хоёрдугаар хэлэлцүүлгээс гарсан саналын томьёоллоор явуулахаар хуульчилсан/ санал асуулгаар ард нийтийн дэмжсэн өөрчлөлтөөр хууль шууд батлагдах боломж бий. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байх хугацаанд чуулганаар өөр хууль зэрэгцүүлэн хэлэлцэх хориотой ч дараагийн ээлжинд Сонгуулийн хуулийг яаж ийгээд хэлэлцэж амжина гэж Ардчилсан нам тооцоолж байх шиг. Хамгийн гол нь саяхан л 3000 хүнээ халж, 1.8 тэрбум төгрөг хэмнэх гэж төсвөө тойрон хэрэлдэж суусан Ардчилсан нам сар хүрэхгүй хугацаанд амжаад 5.5 тэрбум төгрөгөөр санал асуулга явуулна, цаашлаад 99 гишүүн бүхий УИХ-тай болох асуудлыг дэвшүүлбэл олон нийт дэмжих үү?

Үндсэн хуулийн өөрчлөлт юу байх вэ?

Үндсэн хуульд өмнө нь оруулсан өөрчлөлтүүдийг “Дордохын долоо” гэж нэрлэдэг ч тийм муу өөрчлөлтүүд байгаагүй юм. Чуулганы ирцийг 66 хувиар бүрдүүлж байж хурал хийдэг байсныг 51 хувь болгож буулгаснаар ирцгүй шалтгаанаар хэлэлцүүлэг гацдаг байсныг өөрчилсөн. Мөн Ерөнхий сайдад нэр дэвшигч дээр Ерөнхийлөгч хориг тавьдаг байсныг болиулснаар “Ардчилсан холбоо” эвслээс Ерөнхий сайдад нэр дэвшигч Да.Ганболдыг Н.Багабанди долоон удаа буцаасан түүх дахиж давтагдаагүй. Нууц санал хураалтыг ил болгосноор санал нэг бүр хариуцлагатай болсон гээд тийм ч муугүй өөрчлөлтүүдийг хийсэн юм.

Харин энэ удаад өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэлээн хумиж, жинхэнэ утгаараа бэлгэдлийн болгох юм байна. Шүүгчдийг томилдог, батлан хамгаалах, гадаад харилцааг атгадаг түүнд сүүлийн үед Үндсэн хуулиас гадуур нэгэн том эрх мэдэл төвлөрчихөөд байгаа нь АТГ. Хүний өөрийнгүй түүнээс нь жийрхэх болсон нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих нь зүйтэй юм гэсэн далд совинг өдөөж байхыг үгүйсгэхгүй.

Түүнчлэн УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог болох, Ерөнхий сайд нь танхимаа өөрөө бүрдүүлдэг, хариуцлагаа багаараа хүлээдэг болох, УИХ дээд шүүхийн шүүгчдийг, Ерөнхий сайд Ерөнхий прокурорыг томилоход оролцдог байх зохицуулалт төсөлд тусгагдсан байна. Одоогийн байдлаар бол засаглал хоорондын зааг ялгаа, эрх мэдлийн хязгаар бүдэг, үүнээс болоод зөрчил үүсэх, нэг нэгнээ барьцаалан тээг тавих гэх мэт бэрхшээлүүд үүсэх болсон. Үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шийдвэрлэж, эцсийн дүндээ ардчиллын суурь болох парламентын засаглалыг бэхжүүлнэ гэж ажлын хэсгийн гишүүдийн тайлбарлаж байгаа үзэл санаа уг нь зөв юм. Энэ нь зайлшгүй болохыг, цагаа олсон алхам гэдгийг иргэд, олон нийтэд ятгаж итгүүлэх пиараа Н.Батбаяр удирдах сураг байгаа юм. “Түүний зүтгүүлсэн асуудал бүхэн бүтдэг” гэх домгийг УИХ дахь нөхөд нь зохиосон. Энэ нь “домог” биш үнэн ч байж магадгүй. Тэнгэр үзэлтэй түүний 99 гишүүн гэдэгт учир байж ч мэднэ. Анх Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байх үед парламент 102 гишүүнтэй байх санал ч хэлэлцэгдэж байсан юм билээ. Асуудал тэгэхээр тоондоо ч биш…

47 гишүүний гарын үсэг хаана байна?

Ийнхүү нөхцөл, байдлыг тооцоолж үзвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль биеллээ олох магадлал дөрөвний гурван хувьтай харагдаж байна. Харин энэ магадлал үнэнд ойр болохыг нотлох эхний шинж тэмдэг нь төслийг дэмжихээ илэрхийлсэн гэх 47 гишүүний гарын үсэгтэй бичиг байх учиртай.

Баасан гаригт УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дагалдсан баримт бичгүүдийн эх нь зураг хэлбэрээр www.open.parliament.mn сайтад тавигдсаны зэрэгцээ 47 гишүүний нэрийг хуулийг санаачлагчид хэмээн дурдсан байна. Гэхдээ тэдгээр гишүүний гарын үсэг бүхий бичгийн эх хувийг хавсаргаагүй байгаа нь анхаарал татсан. Ийм бичиг үнэхээр бий юү? Ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр гишүүдийн дөрөвний гурав нь дэмжиж байгаа гэх утгатай зүйл ярьсан ба энэ нь хэрэв үнэн бол нэг талаар ноцтой асуудал юм.

Яагаад гэхээр УИХ бол эрх барих дээд байгууллага бөгөөд хэлэлцүүлгийн зарчмаар ажилладаг институци. Энд хэлэлцүүлэг өрнөж байж, санал хураалтаар байр суурь нэгтгэгдэх байтал сүүлийн үед огт хэлэлцээгүй, тэр байтугай ор тас өргөн бариагүй асуудалд урьдчилаад гишүүдийн саналыг багцалж, түүнийгээ зэвсэг болгон ашиглаж байгаа нь маш ноцтой гажуудал. Саяхан Тавантолгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл санаачлангуутаа үүнийг 40 гишүүн дэмжиж байгаа “май” гээд Засгийн газраа шантаажилсан. Харин одоо Үндсэн хуулийг өөрчлөх саналыг гишүүдийн 60 гаруй хувь нь дэмжсэн “Май” гэв. УИХ-аас гадуур улс төрийн намууд дээр аль эрт шийдэгдсэн асуудлуудыг УИХ-д оруулж ирдэг болоод удсан. Нэг үгээр бол бүр УИХ-ын дэгийн тухай хуулиас гадуур ханцуйн дотроо санал хураачихаад УИХ-д тухайн асуудлаа оруулж тулгадаг жишиг тогтоох гэж байна.